Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00904

 

 “ДЦС-3” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/0453 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “М” ХХК-тай харилцан тохиролцож компанийн хөрөнгөнд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг актаар хүлээлгэн өгсөн. Гэрээнд түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон. Энэ тухайгаа М ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй. ДЦС нь 50 мг хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 200 мг хүчин чадалтай үйл ажиллагаа явуулахаар шийдвэр гарсны дагуу ДЦС нь өргөтгөл хийж станцаа нэмэгдүүлэх учраас газраа өргөжүүлэх болсон тул зайлшгүй газар чөлөөлүүлэх шаардлагатай болсон. Иймд түрээсийн гэрээний 3.3-т зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэж заасны дагуу бусдын эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл эд хөрөнгө чөлөөлж өгөөгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 6 988 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч хариу тайлбар болон төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2 жилийн хугацаатай, цаашид сунгах нөхцөлтэйгээр ДЦС-3 ТӨХК-ийн эзэмшлийн 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон 8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж, модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, зөвхөн түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 9 000 000 төгрөг нийт 30 000 000 орчим төгрөгийн төлбөрийг төлсөн. Хариуцагч компани нь дулааны цахилгаан станцын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор түрээслүүлэх зөвшөөрөл олгосны дагуу 2 жилийн хугацаатай шилэн хүлэмж болон дулаан цахилгаан станцын хүлэмж модон байшинг түрээсэлсэн гэх гэрээ байгуулсан. Гэвч тухайн эд хөрөнгө нь ашиглалтын шаардлага хангахгүй, их хэмжээгээр эвдэрч гэмтсэн байсан тул түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлах ашиглах нөхцөлтэй түрээслэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснийг үндэслэн 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шилэн хүлэмж болон модон байшинг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 3 988 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч компаниас тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин оруулсан хөрөнгө болон мөнгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түрээслүүлэгч тал нэг талын санаачлагаар гэрээг цуцлаад, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “М” ХХК нь зориулалтын дагуу ашиглаагүй тул түрээсийн төлбөр гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 288.2.5-д түрээсэлж авсан эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн бол гэрээ дууссан дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр оруулсан хөрөнгө оруулалт болох 68 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “М” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба жил бүрийн эцэст хоёр тал гэрээг дүгнэж цаашид сунгах эсэх асуудлыг протокол үйлдэж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолоор өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээсийн төлбөрийн доод үнэ буюу хамгийн бага төлбөртэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн ба сэргээн засварласан төлбөрийг нөхөн гаргуулахаар тохиролцоогүй тул хөрөнгө оруулсан гэх төлбөрийг олгох боломжгүй юм. Мөн түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийх талаар зөвшөөрөл хүссэн, зардал төсвийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүлэмжийн сантехникийн бүх шугамыг шинээр угсарч суурилуулах ажлыг манай компанийн засвар механик цехийн сантехникийн бригадын ажилчид компанийн хөрөнгөөр засварлаж гүйцэтгэсэн учраас “М” ХХК нь нэхэмжлэх эрхгүй. Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн доод үнэ үлгэрчилсэн загварыг баримтлан гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д гэрээнд өөрөөр заагаагүй бол гэсэн, харин бид гэрээнд өөрөөр заасан. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.3-т зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан тул хөрөнгө оруулсан үнийг буцаан авах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “ДЦС-3” ТӨХК-ийн хашаанд байрлах 100 м.кв талбайтай, 5 172 336 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбайтай, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө модон байшин зэрэг эд хөрөнгийг хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, түрээсийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг “М “ХХК-иас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгчээс 68 950 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 196 970.8 төгрөг, хариуцагчийн төлсөн 502 700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 502 700 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн түрээсийн гэрээ нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нөхөн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэж түрээсийн төлбөр болох 6 988 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй бөгөөд өөр ямар нэгэн шаардлагыг хангуулах зорилгоор гэрээ дуусгавар болсны дараа тухайн эд хөрөнгийг саатуулан барьж болохгүй байхаар Иргэний хуульд заасан. Мөн гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байхаар заасан тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Шүүх ТУЗ-ийн 26 дугаар тогтоолоор түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгосон гэж үзэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 68 950 000 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам батлагдсан ба энэхүү журмын 13-т “төр өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн хорооноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно” гэж заасны дагуу ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолоор батлагдсан “түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг үндэслэн түрээсийн гэрээ байгуулахыг үүрэг болгосон байдаг. ТУЗ-ийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэг нь хэрэгт ач холбогдолтой, 2 дахь хэсэг нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй юм. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх гэрээний үлгэрчилсэн загварыг гэрээ байгуулах санал гэж үзнэ. Хариуцагч “М” ХХК-д төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.10-т дулаан хангамжийн зардал төлөхгүй гэж нэмснийг гэрээ байгуулах шинэ санал гэж үзнэ. Хариуцагч “М” ХХК нь шинэ санал гаргахдаа түрээсийн гэрээний 3.3 дахь хэсгийн талаар хүсэлт гаргаагүй тул “түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.3,  288 дугаар зүйлийн 288.2.4 дэх хэсэгт тус тус  заасан атал засвар хийсэн гэх 68 950 000 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу. Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1542 дугаар тогтоолоор “шинээр барьсан тоосгон байшинг түрээсийн гэрээний зүйл гэж үзэх эсэх, гэрээний зүйл байсан модон байшин үгүй болсон тохиолдолд тухайн байшингийн үнийг гаргуулах эсэх, хуучин байшинг нурааж шинэ байшин барьсныг эд хөрөнгөнд орсон засан сайжруулалт гэж үзэх эсэх” талаар нэмж тодруулахаар буцаасан боловч шүүх байхгүй болсон модон байшинг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тус компани нь ашиглахгүй байгаа модон байшин, шилэн хүлэмжээ түрээслэгчийн хүсэлтээр ашиг олох зорилготойгоор түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлснээс биш тухайн эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, засан сайжруулах тухай гэрээ байгуулаагүй юм. Шүүх ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор засвар хийхийг зөвшөөрсөн гэж үзэж байгаа бол зөвхөн шилэн хүлэмжийг сэргээн засварлахыг зөвшөөрсөн ба түрээсэлсэн эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгоогүй гэдийг анхаарах ёстой байсан. Сантехникийн засварыг хийж гүйцэтгэсэн Б.Ганхөлөг болон тухайн үед модон байшинд амьдарч байсан Б.Мөнхгэрэл нарыг гэрчээр асуусан. Гэрч Б.Ганхөлөг нь 2014 онд сантехникийн бүх засварыг хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлдэг ба энэ нь сантехник, эргэх механизмын бригадын 2014 оны ажлын тайлан, засвар механик цехийн механик хэсгийн сантехник, эргэх механизмын бригадын засварчин П.Төрболдын ажлын тайлан, сантехник хийгдсэн гэрэл зураг зэргээр, гэрч Б.Мөнхгэрэл нь тухайн үед модон байшинд амьдарч байсан ба шилэн хүлэмж, модон байшинг харж ханддаг байсан талаар мэдүүлдэг энэ нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын баримт, гэрэл зураг, гэрээ дүгнэсэн акт зэргээр нотлогддог. Гэтэл шүүх хэрэгт хамааралгүй Д.Аюурзаныг гэрчээр шүүх хуралдаан орсон мэтээр шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрт тохируулж бичсэн, хэлээгүй зүйлийн хэлсэн мэтээр, шүүх хуралдаанд хэлсэн үгийг хэлээгүй мэтээр орхигдуулж бичсэн байна. Мөн хариуцагч талаас гэрч Ц.Батбаярыг гэрчээр оролцуулсан ба гэрч “2016 онд сар гаруй хугацаанд засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Модон байшингийн дээвэр нь цоорч нурж унасан ашиглах боломжгүй байсан, сантехникийн засвар нь хийгдээгүй байсан, бид ч хийгээгүй гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд бичээгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээ болон гэрч Ц.Батбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд байгуулагдаж 2 сарын хугацаанд ажил гүйцэтгэсэн гэх боловч төр өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн 1-2-121/15 тоот гэрээ дүгнэсэн акт “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эрхийн доголдолгүй ашиглаж түрээсийн төлбөрт нийт 6 406 400 төгрөгийг төлж барагдуулсан”, 2015 онд түрээсийн төлбөр төлсөн баримт, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогын баримт /шинээр гаргаж өгсөн/-аар үгүйсгэгддэг. Учир нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө засвар хийгдсэн байсан ба эрхийн доголдолгүй ашиглаж байсан нь дээр нотлох баримтуудаар нотлогддог. Шүүх гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, энэ талаарх үндэслэлээ тайлбарлаагүй, хэргийн үйл баримттай илт зөрүүтэй, эргэлзээтэй ажил гүйцэтгэх гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түрээсийн гэрээнд түрээслэгчийг төлөөлж гэрээ байгуулсан Т.Баатар тухайн үед тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан ба өөрийн хамаарал бүхий этгээд болох охин Б.Алтантуяагийн компанитай /М ХХК/ 24 м.кв модон байшингийн талбайг өөрчилж 12 м.кв талбайгаар тооцсон, дулааны төлбөр авахгүй байх гэх мэт өөрт ашигтай түрээсийн гэрээ байгуулж шилэн хүлэмж, модон байшинг түрээслэхдээ зөвшөөрөлгүй засвар хийж хэргийн үйл баримттай илт зөрүүтэй ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт ирүүлэн улсад 68 950 000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байхад шүүх үнэлж илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи түрээсийн төлбөрийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий байшинг албадан чөлөөлүүлэх /хх1/ нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг /хх160/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн хөрөнгөд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 м.кв талбайтай, 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбайтай, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн хүсэлтээр түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгээр сарын 582 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон боловч хариуцагч тал түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол биднээс зөвшөөрөл авах ёстой атал уг үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлнэ, мөн эд хөрөнгийг түрээслүүлэгчийн шаардлагаар хүлээлгэж өгөөгүй тул түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг гаргуулна гэж, харин хариуцагч тал эд хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзахгүй, түрээслүүлэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй тул түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж марган, нэхэмжлэгч талын зөвшөөрлийг үндэслэн уг эд хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалт болох 68 950 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх26-27/

“ДЦС-3” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 26 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3-136/16 дугаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК-ийн эзэмшлийн 100 м.кв шилэн хүлэмж, 12 м.кв 1 өрөө модон байшинг хариуцагч “М” ХХК хүнсний ногоо тарьж, ургуулах зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх11-14/, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг цуцалсан түрээслүүлэгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын эзэмшлээс шаардах эрхтэй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин түрээсийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр цуцалсан боловч түрээсийн эд хөрөнгийг хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, 100 м.кв талбайтай шилэн хүлэмж, 12 м.кв талбайтай модон байшин нь “М” ХХК-ийн эзэмшилд байсан байх тул түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Иймд 6 988 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрт түрээсийн төлбөрийг гаргуулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээдийн зөвшөөрснийг үндэслэн түрээсийн обьектыг засан сайжруулж 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, энэ талаар баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч тал түрээсийн эд хөрөнгийг засварлахад 68 950 000 төгрөгийн зардал гарахгүй гэх тайлбараа нотлоогүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй тул хариуцагч нь дээрх зардлаа Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Б.Мөнхгэрэлийг гэрчээр асуулгах нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаж /хх204/, гэрчид эрх үүрэг тайлбарлан, /2хх27/ гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд шийдвэрийн удиртгал хэсэгт гэрч Д.Аюурзана гэж өөрөөр бичсэн алдаатай /2хх10/ боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/0453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 988 800 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “6 988 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 502 700 төгрөг” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 375 930 төгрөг” гэж тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 629 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ