Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 01

 

 “******* хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцагдах “25.795.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийн захирал Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийн захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Манай компани нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ “ТГ /ӨМ2015/44”-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 4-т заасны дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи 10.448 метр2 талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг олон улсын стандартад нийцсэн 5-8 төрлийн холимог дээд сортын үрээр Швед технологиор техникийн нөхцөлд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэн гэрээний зүйл буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болно. Дээрх гэрээний зүйл болон ажлын үр дүн, гүйцэтгэл, төсөвлөгдсөн ажлын хөлсний талаар талууд маргаангүй болно. Харин 2015.7.22-ны өдөр комисс хуралдаад баяр наадмын дараагаар зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл зардал мөнгийг нь шийдээд нөхөн тарилт хийлгэж хүлээж авъя гэж гэж гэрээг сунгасан. Ингээд аймгийн баяр наадам “Говь шанх” хурдан морины уралдааны арга хэмжээ зохион байгуулсны дараа зүлэгжүүлэлтийн 50 гаруй хувь халцарч талхлагдсан байсныг тохиролцсоноороо манай компани нөхөн тарилт хийгээд хугацаандаа хүлээлгэн өгсөн юм. Өгснөөр бидний маргаан үүсэж байгаа болно. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ “ТГ /ӨМ2015/44”-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 44/1-ээр гэрээ сунгалт хийх болсон үндэслэлийг гэрээний сунгалтын хэсэгт...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам “Говь Шанх-5” хурдан морины уралдаан ёслолын арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулсан тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи 10448 метр2 талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгав гэдгийг хооронд тохиролцсон болно гэж тодорхойлсон байгаа. Мөн сунгалтын гэрээний 2-т дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэж тохиролцсон бөгөөд үндсэн гэрээний 4-т гүйцэтгэгчийн хийвэл зохих ажил буюу гэрээний зүйлийг байхад тодорхойлсон бөгөөд Үндсэн гэрээний 4-т заасан манай тал зохих ёсоор бүрэн биелүүлсэн байхад захиалагч талын хүсэл зоригоор, мэдээж баяр наадмаа тав тухтай иргэдийн таашаалд нийцүүлэхийн үүднээс ургац гүйцээгүй хийсэн нь гэрээний сунгалтын 1-р заалтад тусгагдсан болно. Гэрээний сунгалтын дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал ЗДТГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ө/118 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд, мөн энэ ажлын хэсэг хуралдан ажлын явцын талаар ярилцан гэрээг 8 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байгаа. 44/1 гэрээний дагуу нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх ажлын төвийн талаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай талаас захиалагч талд 41 тоот илгээсэн бөгөөд захиалагчийн хүсэлтээр ажлын төсвийг бууруулж 25.795.000 төгрөг болгосон. Нөхөн сэргээлтийн хийж гүйцэтгэсэн ажлыг буюу нэмэлт гэрээний зүйл буюу ажлын үр дүнг хүлээн авсан талаар ажлын хэсэг гэрээний 10-т зааснаар ажлын гүйцэтгэлийн хяналтыг аймгийн БОАЖ газар, БТС газрууд тус тус хийн, 2015 оны 08 дугаар сарын 18, 20-ны өдөр хуралдан уг ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаар шийдвэрлэн, нөхөн тарилт хийсэн зардлыг шийдвэрлэж олгох актыг мөн өдөр үйлдсэн болно.

Иймд гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгэгч тал зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээний 14-т зааснаар захиалагч нь гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул ажлын хөлс 25.795.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч “******* хаус” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан. Уг ажлаа тогтсон хугацаандаа норм нормативын дагуу маш чанартай хийж гүйцэтгэсэн. Энэ компани нь Швед технологийг Монголд нутагшуулах зорилготой, Монгол улсын ногоон байгууламжид их хувь нэмэр оруулах гэж зүтгэж байгаа компани байгаа юм. Ингээд ажлаа хийж гүйцэтгэсэн боловч Өмнөговь аймгийн баяр наадмын үйл ажиллагаа бий болох нөхцөл байдал болж үүний дараа асар их хэмжээгээр сүйдвэл үүсэх үр дагавар болон нөхөн тарилт хийх нэмэлт ажлыг тухайн захиалагчаас санал болгосон. Тухайн үед энэ талаар харилцан тохиролцоод удаа дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 22, 28-ны, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон комисс зардал мөнгөгүй шийдвэрлүүлнэ гэсэн ажил хэргийн хүрээнд аман хэлбэрээр хийгдсэн байдаг. Уг нэмэлт ажлын төсөв 40.000.000 гаруй төгрөгөөр хийгдсэн ба захиалгачийн зүгээс тухайн төсвийг танаж болох бүх хэлбэрээр хэмнэж танаж өгөөч гэж хүссэний дагуу тухайн компаний ажилчдын цалин, НӨАТатвар гэх зэрэг хасаж болох бүх хэлбэрээр хасаад 25.000.000 төгрөг болгож бууруулсан нь ийм шалтгаантай байгаа юм. ...шударга ёс буюу бодит байдалд нийцүүлж шийдвэл зохимжтой юм болов уу ...ямар нэгэн байдлаар аль нэг этгээдээр ажил хийлгэсэн бол цалин хөлсийг өгөх нь зах зээлийн болон үйл ажиллагааны зарчим шүү дээ. Нэг талдаа захиргаа гэдэг байгууллага байдаг. Захиргаа буюу тухайн үйл ажиллагаанд томилогдсон гишүүд нь уг ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсийг шийднэ гэж хэлчихээд учир шалтгаангүйгээр энэ үүргээсээ зайлсхийгээд байгаа юм. “******* хаус” ХХК-д маш их хохирол учруулаад байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байдаг. Захиалагч талын зүгээс үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нэхэмжлэгч тал 25.795.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг Өмнөговь аймгийн Тамгын газраас “******* хаус” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэсэн ба энэ талаар талууд маргадаггүй. 7 сарын 22-ны өдрийн А/118 тоот шийдвэрээр тус ажлыг хүлээж авах, түүнтэй холбоотой шийдвэр гаргах эрхтэй комиссыг байгуулсан байдаг. Тухайн комисс байгуулагдсан өдрөө ажлыг хүлээж авахдаа “Говь шанх” наадам болох гэж байгаа учраас зүлэг халцарна. Тиймээс нөхөн тарилт хийлгэхээр бол нэмэлт санхүүжилтын асуудлыг шийднэ. Ийм учраас гэрээний хугацааг сунгая гэсэн асуудлыг дэвшүүлдэг. Тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу ******* байсан учраас уг асуудлыг хүлээн авч ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байдаг. Уг гэрээг сунгах хугацаанд наадам болж нийт 5428 м2 талбайд зүлэгжүүлэлт хийсэн. 5422 м2 талбай нь наадмын үйл ажиллагаатай холбогдуулан бөх барилдсан, майхан баригдсан, морины тууриа зэргээр талхлагдсан байна. Бид нарын зүгээс нэмэлт санхүүжилт хийнэ, харин та нар нөхөн зүлэгжүүлэлт хий гэсний дагуу “Све бау хаус” ХХК нь нөхөн тарилтыг хийж гүйцэтгээд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөн тус комисс маань уг ажлыг хүлээн аваад акт гаргасан байдаг. Энэ актад “Уг ажлыг хүлээж авлаа, үндсэн гэрээний дагуу нийт үнэ болох 150.000.000 төгрөгийг, мөн нэмэлт санхүүжилт буюу нөхөн тарилт хийлгэсэн 25.795.000 төгрөгийг гаргаж өгөх нь зүйтэй юм байна.” гэсэн байдаг. Үүнээс хойш тус мөнгөө өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* хаус” ХХК-тай Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 150.000.000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/118 дугаартай тушаалаар томилогдсон ажил хүлээн авах комисс нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи 10488 м2 талбайн шинээр зүлэгжүүлсэн ажилтай танилцан тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байна. Гүйцэтгэгч компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2015 оны 07.27-ны өдөр талууд тохиролцож гэрээг сунгасан ба зөвхөн ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2015.7.20 гэснийг өөрчлөн 2015.8.20-ны өдөр болгожээ. Энэхүү гэрээнд нөхөн тариалалт хийсэнтэй холбогдуулж ямар нэгэн санхүүжилт олгох талаар заагаагүй ба гэрээний 2 дахь заалтад “Дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэжээ. Гүйцэтгэгч тал ажлыг гэрээний хугацаандаа эхэлж, гэрээний хугацаанд дуусгах боломжгүй болсон тул аймгийн төлөвлөгөөт ажил, арга хэмжээ болох “Говь шанх 5” хурдан морины уралдааны ёслолын ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл: Энэхүү ажиллагаа нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа буюу 2015.7.25-ны өдөр зохион байгуулагдсан юм. Үүний дараа ажил хүлээж авах комисс тэмдэглэл үйлдэж бага хэмжээний халцралт үүссэн тул гүйцэтгэгч компаниар зардлыг гаргуулан нөхөн тариалалт хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч компанийн зардал хүссэн албан бичигт 2015.7.30-ны өдрийн 2-1503 дугаартай албан бичгээр зардлыг гаргах боломжгүй, мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах зөвлөмжийг гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. 2015.8.20-ны өдрийн ажил хүлээлцсэн актад гэрээний дагуу 133.886.035 төгрөгийг гүйцэтгэгч талд төлснөөс үлдэгдэл 16.113.935 төгрөгийг төлөх, нөхөн тариалалтыг зардал 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж Тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч албан ёсны шийдвэр биш юм. Захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар тул шийдвэрийг Тамгын газрын дарга гарган, гарын үсэг зурж баталгаажуулдаг юм. Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үр дагаврыг захиалагч хариуцах боломжгүй юм. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25.795.000 төгрөг гаргуулах “******* хаус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тухайн комисс төлөөлөх эрхтэй, уг эрхээ тухайн комисст шилжүүлсэн гэж яриад байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.22-ны өдөр комисс томилох тухай А/118 тоот тушаал гарч, тушаалд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх тайлбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай гэсэн байна. Үүнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг төлөөлж ямар нэгэн хэлцэл болон гэрээг хийх эрхийг олгоогүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийг хүлээн авах зорилготой комиссыг байгуулж тушаал гарсан. Уг комисс нь гүйцэтгэлийг хүлээж авахдаа хэлсэн үгийг нэмэлт гэрээ хийхийг хүлээн зөвшөөрсөн буюу гэрээ хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болж хугацааг хожимдуулсан гэж байна. Тухайн үед 2015.7.20-ны өдөр буюу ажил хүлээлгэн өгөхдөө гүйцэтгэгч тал ажлаа хүлээлгэн өгсөн бол тэр өдрөө ажил хүлээлцэх комисс томилогдох боломжтой байсан. Нэхэмжлэгч тал нар, хур, цаг агаарын байдлаас болж ажлаа аажуу эхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гүйцэтгэгч тал эдгээр хүндрэлтэй байдлаа урьдчилан хэлж гэрээ байгуулахаасаа тусгаж өгсөн бол боломжтой байсан ба гэрээ хэлцэл гэдэг бол хоёр талын ашиг сонирхолд тулгуурлан хийгддэг учир анхнаасаа эдгээр байдлуудаа гэрээндээ тусгаж өгсөн бол өнөөдрийн маргаантай байдал үүсэхгүй байх байсан. Гэтэл гэрээ байгуулсаныхаа дараа болохгүй бүтэхгүй байгаа талаараа ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Түвшинбаяр дарга зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хурлын тэмдэглэлүүд болон дүгнэлтэд гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад гүйцэтгэгч тал тайлбарлах болов уу. Ийм нөхцөлүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан 2015.6.10-ны өдрийн 2015/44 тоот гэрээний нөхцөлд “Гэрээнд үнийн тохируулга хийхгүй” гэсэн тохиролцоо болон 2015.7.27-ны өдрийн 2015/44/1 тоот нэмэлт гэрээнд үнийн тохируулга хийгээгүй, зөвхөн гэрээний хугацааг 2015.8.20-ны өдөр болгож сунгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2015.7.22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарсан гэж байна. Гэтэл уг гэрээнд ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөх хугацаа 2015.7.20-ны өдөр дуусах байсан гэж хэлж байгаа. 2015.6.10-ны өдөр байгуулсан гэрээний 15.9 дүгээр хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг дуусгаагүй тохиолдолд 2015.7.23-ны өдрөөс эхлэн алданги тооцно гэж заасан байдаг ба үүнийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.7.22-ны өдөр гэж байхад 2015.7.20-ны өдөр биш байгаа нь тухайн гэрээний 15.9 дэх заалтыг хангаж байгаа нь үндэслэлтэй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэрээр “******* хаус” ХХК 25.795.000 төгрөг

гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.925 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “******* хаус” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ-тай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын ТГ/ӨМ2015/44 дугаартай гэрээг байгуулан ажиллаж 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажил хүлээлцэхэд ЗДТГ-аас томилогдсон комисс нь хуралдаж наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл зардал мөнгийг нь шийдүүлээд нөхөн тарилт хийлгүүлнэ гээд гэрээний хугацааг сунгадаг. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу наадмын үйл ажиллагаа дууссаны дараа комиссоороо дахин хуралдаж 5450 м2 талбайд нөхөн тарилт хийлгүүлж нэмэлт санхүүжүүлтийн тооцоог гаргахаар тохиролцдог бөгөөд комиссын хуралдааны энэхүү шийдвэрүүд нь гүйцэтгэгч компанид буюу нэхэмжлэгчид тус комисс ЗДТГ-ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлж, гүйцэтгэгч компани ч комиссын саналыг хүлээн авч нөхөн тарилт хийхийг зөвшөөрөн ажлаа гүйцэтгэдэг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулсанд тооцохоор заасан бөгөөд тус комисс захиалагч талыг төлөөлж нөхөн тарилт хийлгүүлэх санал тавьж гүйцэтгэгч тал түүнийг хулээн зөвшөөрч нөхөн тарилтын ажлаа хийсэн нь нэмэлт гэрээ байгуулагдсан болохыг илэрхийлж байна. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус комисс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн комиссын шийдвэрт тусгагдсаны дагуу нөхөн сэргээлтийн нэмэгдэл санхүүжилтыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэв” гэсэн дүгнэлт гаргасан нь комиссын гишүүд ч өөрсдийгөө захиалагчийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголттой байсныг харуулж байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан бөгөөд одоо хариуцагч талаас ийнхүү төлөөлөх эрхгүй гэснийг нь ашиглаж үүргээс чөлөөлөгдөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ийнхүү 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зүлэгжүүлэлтийн ажлыг хүлээн авч акт гаргадаг бөгөөд тус актанд “Нөхөн тарилт хийх ажилд зарцуулсан зардалд 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж үзэв" гээд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээ байгуулах эрхтэй гэж маргадаг субьект болох Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр хянаад гарын үсэг зурсан нь нөхөн тарилтын нэмэлт гэрээг ЗДТГ-н дарга нь анхнаасаа мэдэж хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Мөн хариуцагч талаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа “...Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна” гэсэн нь нөхөн тарилтын нэмэлт гэрээ болон санхүүжилтын талаар мэдэж байсан учраас огт маргаагүйг давхар нотлон харуулж байна. Өөрөөр хэлбэл нөхөн тарилтын хугацаанд нэг ч удаа захиалагчаас гүйцэтгэгч компанид хандан санхүүжилт шийдэх боломжгүй, танайх өөрсдийн зардлаар нөхөн тарилтын ажлаа хийж гүйцэтгээрэй, нэмэлт гэрээг ЗДТГ-ыг төлөөлөх бүрэн эрхгүй комисс байгуулсан байна гэх мэт зүйлийг ярьж хэлж байгаагүй бөгөөд харин ч гүйцэтгэгч компаниас ажлаа хийж дуусгачихаад Өмнөговь аймгийн Засаг даргад нөхөн тарилтын нэмэлт санхүүжилтээ гаргуулахыг хүссэн албан тоотуудыг хүргүүлэхэд Хөгжлийн бодлогын хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар руугаа цохож шийд гэж байсан нь дээрх гэрээг аль ч шатанд нь хүлээн зөвшөөрсөн байсныг харуулж байна.

Гэтэл шүүх комиссын гишүүд нь захиалагч талыг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээд биш байна, амаар гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит үндэслэлд нийцэхгүй байгаа учраас Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн тайлбарт: “...2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас захиалагч буюу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, нөгөө талаас гүйцэтгэгч буюу “******* хаус” ХХК нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10488 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх” ажлыг 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн төсөвт өртгөөр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын дугаар ТГ/ӨМ2015/44 гэрээг байгуулсан. Гэтэл гүйцэтгэгч тал болох “******* хаус” ХХК нь гэрээгээр заасан хугацаанд ажлаа дуусгаж хүлээлгэн өгч чадаагүйн улмаас талууд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дугаар ТГ/ӨМ2015/44-1 нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр зөвхөн хугацааг 1 /нэг/ сараар буюу ажил хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болгон сунгаж өөрчлөлт оруулсан бөгөөд дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байна гэж харилцан тохиролцсоноос бус нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн гомдолд дурьдсан “наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг нь шийдүүлээд нөхөн тарилт хийлгүүнэ” гэдгийг нэмэлт гэрээгээр огт тохиролцож тусгаагүй. Тухайн үед уг гэрээт ажлыг хүлээн авах зорилгоор Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар а/118 тушаалаар байгуулагдсан ажил хүлээн авах комиссын гишүүн зүлэгний ургалтын ажилтай танилцаж байх үеэр хэлсэн байдаг нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Энэ байдлыг нэхэмжлэгч талаас гэрээ байгуулах саналыг нөгөө тал гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10488 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх” гэрээг захиалагч буюу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж тухайн үеийн Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах эрх гагцхүү Тамгын газрын даргад хадгалагдах бөгөөд ажил хүлээн авах комиссын гишүүний хувийн үзэл бодлыг “гэрээ байгуулахаар гаргасан санал" гэж үзэх боломжгүй юм. Засаг даргын Тамгын газраас уг комисст зөвхөн дээрх гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээн авах ажлыг даалгасан болохоос Засаг даргын Тамгын газрыг ямар нэгэн нэмэлт гэрээ байгуулах эрхийг олгоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо "2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зүлэгжүүлэлтийн ажлыг хулээн авч акт гаргадаг бөгөөд тус актанд нөхөн тарилт хийх ажилд зарцуулсан зардалд 25795000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж үзэв гээд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээ байгуулах эрхтэй гэж маргадаг субьект болох Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр хянаад гарын усэг зурсан нь нөхөн тарилтын нэмэлт гэрээг ЗДТГ-ын дарга нь анхнаасаа мэдэж хулээн зөвшөөрснийг илтгэж байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэв Засаг даргын Тамгын газраас “******* хаус” ХХК-иар нөхөн тарилт хийлгүүлэх саналтай байсан бол энэ тухайгаа нэмэлт гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож баталгаажуулах боломжтой байсан байтал зөвхөн ажил гүйцэтгэх хугацааг сунгаад бусад заалт хэвээр байна гэж тусгасан нь тухайн асуудлаар талууд харилцан тохиролцоогүйг нотолж байна. Мөн нэхэмжлэгч “******* хаус” ХХК нь зүлэгний нөхөн тарилтын төлбөрт 25795000 /хорин таван сая долоон зуун ерэн таван мянган/ төгрөг нэхэмжилдэг боловч нэхэмжилж буй зардлын баримтууд хэрэгт нотлох баримтаар байдаггүй бөгөөд зөвхөн нөхөн сэргээлтийн ажлын задаргаа гэх бичгээр гаргаж өгсөн жагсаалтыг нотлох баримтын шаардлага хангасан бодит гарсан зардал гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс хэрэгт тал бүрээс нь бүрэн бодитоор дүгнэлт хийж хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж хариуцагч талаас үзэж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2017/00437 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ны захирал Б.*******ийн давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан  тайлбарт: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлыг хүлээж авах байсан баяр наадмын үйл ажиллагаанаас болоод нөхөн тарилтын үйл ажиллагааг технологийн компани хийх ёстой гээд санал тавьсны дагуу манай компани зөвшөөрч хугацааг хойшлуулаад тохиролцсон ёсоор дүгнэлт болон актад тусгасны дагуу нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд мэргэжлийн хүмүүстэй комисс байгуулагдаж байнга хяналт тавьж байсан. Тухайн үед ******* даргаар ахлуулсан комисс хуралдаад талбайн 50 хувьд халцралт үүссэн учраас нөхөн сэргээлтийн ажлыг хийгээд санхүүжилтийн ажлыг гаргахаар тохиролцсон.

******* дарга дээд шатны дарга нартаа танилцуулаад мөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс тухайн ажлыг тогтоосон талбайд технологийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компанийн буруугаас болж нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй. Захиалагч тал баяр наадмын үйл ажиллагаатай холбоотой зүлэгжилт 50 хувиас илүү халцралт үүссэн учраас санал тавьсны дагуу хийсэн. Захиалагч талаас мөнгийг гаргуулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийг төлөөлж захирал Б.*******  нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцуулан “ажил гүйцэтгэх гэрээний хөлс 25.795.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагын гомдолд “...Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт: “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулсанд тооцохоор заасан... гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит үндэслэлд нийцэхгүй байгаа учраас 437 шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтад дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуульд /хх-123/ зааснаар нэхэмжлэгч “******* хаус” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай харилцан тохиролцож  2015 оны 6 сарын 10-ны өдөр “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажил гүйцэтгэх тухай”  ТГ/ӨМ2015/44 тоот гэрээг байгуулж, гэрээнд захиалагч талыг  төлөөлж аймгийн Засаг дарга /Б.Бадраа/,  түүний Тамгын газрын дарга /Б.Түвшинбаяр/, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Т.*******/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Б.Дэндэвсамба/, Биеийн тамир спортын газрын дарга /С.Түвшинбаяр/, Хууль зүйн хэлтсийн дарга/Ц.Амартөгс/ нар, гүйцэтгэгч “******* хаус” ХХК-ийг төлөөлж захирал Б.******* гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч тал өөрийн зардлаар 2015.06.15-наас /захиалагчийн санхүүжилт гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа ирсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар/ эхэлсэн, 2015.07.22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.22-ны өдрийн а/118 тоот тушаалаар томилогдсон  комисс хүлээн авахаар томилогдсон. /хх-3/

Захиалагч талын “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд 10488 м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үе буюу 2015.7.22-ны өдрийн хуралдааны явцад дараах нөхцөл байдлууд тогтоогдоно.

Тухайлбал, Н.Мөнхгэрэл /БОАЖГ-ын ойн мэргэжилтэн/ “...тарилт хийснээс хойш  бороо ихтэй, халалт бага байсан учир  удаан ургаж байна. ...хөрс боловсруулалт болон тарилт хэвийн явагдсан боловч  хугацаа хожигдсон, уг ажлыг аажуу эхэлсэн гэж Ойн албанаас дүгнэж байгаа” гэж,

Гүйцэтгэгчийг төлөөлж Б.******* “ хөрс боловсруулалтын ажлыг 6 сарын 15-наас эхэлсэн. ...тарилт 06 дугаар сарын 27-нд дууссан байгаа. Байгалийн тодорхой хүчин зүйлээс болж ургалт удаашралтай  байна. Бороо их орж, нар бага халж байна”, “гэрээнд нөхөн  тарина гэж тусгаагүй хэдий ч манайх  тодорхой хэмжээгээр  нөхөн сэргээлтэд оролцоно” гэж,

Ц.*******/ БОАЖГ-ын ойн албаны дарга/ “Бүрэн ургасны дараа  нөхөн тарих ажил хийгдэнэ” гэж,

Т.******* “...Танай компанитай  байгуулсан гэрээний  хугацаа дуусч  байгаа. Тэгэхээр 8 сарын 15 хүртэл сунгаж, наадмын үйл ажиллагаатай холбоотой  бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна” гэж/хх-104/

Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний  газрын  2017.8.1-ний 157 тоот албан бичигт “Даланзадгад суманд  ...6 дугаар сард 48 мм, 7 дугаар сард 34.3 мм хур тунадас орсон нь  олон жилийн дунджаас их байна. 2015 оны 6 дугаар сарын 1, 13, 14, 26, 27, 7 дугаар 6, 9, 10, 13, 15-ны өдрүүдэд 8-10 балл үүлтэй, тэнгэр бүрхэг байсан болохыг тодорхойлов” гэх мэт нотлох баримтуудаар 2017.6.10-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж, түүний гүйцэтгэл, ажлын үр дүнг хэлэлцэж, наадмын дараах нөхцөл байдлаас нөхөн тарилтын асуудлыг шийдвэрлэхээр тохирсон байдаг.

2015.07.22-ны хуралдааны тэмдэглэлд зүлэгний ургалт удааширалтыг дээр дурдснаар хүлээн зөвшөөрч, 2015.7.24-26-ны өдрүүдэд болох  баяр наадмын дараах зүлэгний нөхөн тарилтын ажлыг хэрхэх асуудлыг хэлэлцсэн. Энэ нөхцөл байдлыг нотлох баримт нь  комиссын 2015.7.22,28, 2015.8.18,20-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл, зураг/хх- 6-11, 28,101-106/ болно.

2015.7.27-ны өдрийн комиссын хуралдаанаар “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг зүлэгжүүлэх ажлын баяр наадмын дараах төлөв байдлыг үнэлэх тухай” хэлэлцээд комиссын гишүүд Ц.******* “Усалгааг VII/22-ноос хойш 6 хоног татсанаас зүлэгний өнгө шарлаж, ургалт зогсох хандлагатай болсон ... Нөхөн таривал үр их орно. 250 орчим кг үр дахин цацах нь” гэж, Н.Мөнхгэрэл “хэмжихэд цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний зүүн хэсэгт 1250 м2 газар гүн халзарч, талхлагдсан. Төв хэсгээрээ 4200 м2 нийт 5450 м2 талбайн ургаж байсан зүлэг халзарч, шарлаж, хүний үйл ажиллагааны нөлөөнөөс  дарагдаж, өнгө зүй муудсан, ургалт удааширч, зүлэгний дундаж өндөр 5-2 см болсон. Жигд ургуулъя гэвэл нөхөн тарих шаардлагатай” гэж, дүгнэлтийн хэсэгт “нөхөн тарилтыг 5450 м2 талбайд хийж, зүлэгний ургалтыг жигдрүүлэх” гэжээ.

Дээр дурдсанаар талуудын хооронд хийгдсэн 2015.6.10-ны гэрээний гүйцэтгэлийг хүлээн авах үед захиалагч талаас оролцсон мэргэжилтнүүдийн тайлбар /хх-101,103-104/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийгээ дэмжсэн тайлбар, гэрч Ц.*******ийн “******* хаус” ХХК-ний зүлэгжүүлэлтийн ажилд  технологийн ажлын хяналт тавьдаг байсан. Ургалтын хувьд  тааруухан ургасан. Хамгийн гол  зүйл нар халахгүй байсан. ...50% талбай...” гэсэн /хх-117 ар талд/мэдүүлэг, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний  газрын  2017.8.1-ний 157 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар хур тунадас ихтэй, тэнгэр бүрхэг, халалт бага байсан зэрэг нь зүлэгний ургалт удаашрахад объектив бэрхшээл нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хариуцагч тал тухайн үедээ гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийн талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар захиалагч талаас гүйцэтгэгч “******* хаус” ХХК-нийг гэрээний нөхцөл зөрчсөн буюу уг гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байсан гэж үзэн гомдлын шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 348 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа тохироогүй, хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д заасан ажил гүйцэтгэгчийн үүргийн талаар, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ажлын гүйцэтгэлийн доголдол арилгуулах зэрэг үндэслэлээр  тухайн үедээ шаардлага гаргаагүй /хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар энэхүү эрхээ ч захиалагч талд алдсан/ гэх  зэрэг нь талуудын тайлбарт дурдагдаагүй, энэ талаарх нотлох баримт  хэрэгт авагдаагүй байх тул захиалагч  буюу хариуцагчийг  2015.6.10-ны өдрийн гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарт: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015.6.10-ны өдөр байгуулсан бөгөөд  2015.7.27-ны өдөр 44/1 гэрээний заалтын талаар “...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй  байхад ...баяр наадмын ... арга хэмжээ зохион байгуулсан ...2015.8.20-ныг хүртэл сунгав гэдгийг , ... гэрээний 2-т дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэж тохиролцсон” гэсэн/хх-1, 120 ар тал, 121/, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт “...2015.7.27-ны өдөр талууд тохиролцон гэрээг сунгасан. ...2015.7.20 гэснийг өөрчлөн  2015.8.20-ны өдөр...гэрээний 2 дахь заалтад дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэсэн /хх-23/ тайлбар гаргасан.

Захиалагч талыг төлөөлж /хх-13/ гэрээг байгуулж байсан, ажлын гүйцэтгэлийн хүлээн авах комиссын даргаар ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.*******ын комиссын хуралдаанд  “...Танай компанитай  байгуулсан гэрээний  хугацаа дуусч  байгаа. Тэгэхээр 8 сарын 15 хүртэл сунгаж, наадмын үйл ажиллагаатай холбоотой  бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна” гэсэн/хх-104/,

Гүйцэтгэгч “******* хаус” ХХК-ныг  төлөөлж оролцсон захирал Б.*******ийн комиссын хуралдаанд “Гэрээнд нөхөн  тарина гэж тусгаагүй хэдий ч манайх  тодорхой хэмжээгээр  нөхөн сэргээлтэд оролцоно, нөхөн тарих үрийг үлдээж байна” гэсэн/хх-104/,

2015.08.18-ны өдрийн комиисын хуралдааны дүгнэлтэд  “Гүйцэтгэгч “******* хаус” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр 20 хоногийн хугацаанд  халцарч сийрэгжсэн газарт нөхөн сэргээлтийг ...зүлэгний өнгө сэргэж, ургалт болон нягтрал эрс сайжирсан. Нөхөн сэргээлтийн ажилд 140 кг зүлэгний үр, 400 кг азотын бордоо, гуманы  бордоо, нийлмэл бордоо зэрэг 4 төрлийн бордоог ашиглан усалгааны насосны хүчин чадлыг нэмэгдүүлж ажилласан байна.

Аймгийн баяр наадмын  дараагаар зүлэгжүүлэлтийн өнгө шарласан, халзарч сийрэгжсэн хэсгийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж, 4 төрлийн бордоо ашиглаж ажилласнаар нийт зүлэгжүүлэлтийн өнгө сэргэсэн, халзарч  муудсан газар шинээр нөхөн тарилт хийж ургуулсан, ургалт өтгөрч сайжирсан тул 201.7.7.22-ны өдрийн комиссын шийдвэрт тусгагдсаны дагуу нөхөн сэргээлтийн  нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Зүлэгжүүлэлтийн ажлын фото зургийг хавсаргав” гэсэн/хх-8/ дүгнэлтийг  захиалагчийг төлөөлж гэрээ байгуулж/хх-13/ байсан  комиссын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дэндэвсамба болон тушаалаар томилогдсон комиссын гишүүд гаргажээ.

2015.8.20-ны өдрийн “Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын актын эхний хэсгийн 2-т “Тарилтын ажлыг 2015.6.13-28-ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам, Говь шанх-5 хурдан морины уралдааны ёслолын арга хэмжээг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж 5450 м2 талбайн хөрсийг эвдэж сүйтгэсэн тул ажлын хэсгийн дүгнэлт гарч нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна” гэж,

Тогтоох хэсгийн 3-т “...Орон нутгийн төсвийн  хөрөнгийн эх үүсвэрээс ... эцсийн санхүүжилт 16.113.965 төгрөгийг ..., 4-т нөхөн тарилт хийх ажилд зарцуулсан зардал 25.795.000 төгрөгийг ... олгох нь зүйтэй” гэж, актад: ...нөхөн тарих дүгнэлт, тарилт, нөхөн тарилт, хяналтын ажлын зургийг хавсаргав” /хх6-7/ гэсэн актыг мөн захиалагчийг төлөөлж гэрээ байгуулж байсан/хх-13/  комиссын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дэндэвсамба болон тушаалаар томилогдсон комиссын гишүүд /зарим нь/ гаргаж, уг актыг зөвшөөрч гүйцэтгэгч талыг төлөөлж “******* хаус” ХХК-ний захирал Б.*******, хянасан гэсэн хэсэгт гэрээ байгуулж байсан/хх-12/ Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Дээр дурдсан  үндэслэл, цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн, хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-т “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар  гэрээ шууд байгуулах аргаар буюу 34 дүгээр зүйлийн 34.1.4-т гэснээр талуудын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 5450 м2 талбайд талуудын тайлбараар 2015.7.27-ны өдрийн 44/1 тоот зүлэгжүүлэлтыг нөхөн тарих ажлын гэрээг эдгээр хуулийн зохицуулалт нийцүүлэн байгуулсанд тооцно гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Талуудын тайлбарт дурдснаар  2015.7.27-ны өдрийн 44/1 гэрээний 2 дахь заалтыг гэрээ тайлбарлах тухай Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэснийг үндэслэн талуудын хооронд 2015.6.10-ны өдрийн ТГ/ӨМ2015/44 тоот гэрээний бусад заалт 44/1 тоот гэрээнд хэвээр байхаар тохиролцож байгаа нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн байна.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгч “******* хаус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзана.

Хариуцагчийн татгалзал, тайлбарт “Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015.7.20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч  гүйцэтгэгч тал хугацаандаа өгөөгүй. ...Гүйцэтгэгч  компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа  буюу 2015.7.27-ны өдөр талууд тохиролцож гэрээг сунгасан ба ...2015.7.27-ны өдөр талууд тохиролцон гэрээг сунгасан. ...2015.7.20 гэснийг өөрчлөн  2015.8.20-ны өдөр болгожээ. ...нөхөн тариалалтын зардал 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж Тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч ...шийдвэр гараагүй. ...Захиалагч нь Засаг даргын Тамгын газар тул ...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаварыг захиалагч  хариуцах боломжгүй” гэсэн үндэслэл нь дээр дурдсан нөхцөл байдал нотлох баримтаар нотлож чадаагүй төдийгүй дээр дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэнэ.

Хариуцагч тал буюу захиалагч нь гүйцэтгэгч “Свебуа хаус” ХХК-ныг гэрээний хугацаанд /2015.7.20/ ажлыг хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар гаргадаг боловч захиалагч тал  2015.7.22-ны өдөр ажил хүлээн авах комисс томилсон ба ажлын хүлээн авах үеийн нөхцөл байдал /техникийн нөхцлийн  болон бусад хамаарал бүхий баримт хэрэгт авагдаагүй/ хэрэгт тогтоогдсон ба “Гүйцэтгэгч  компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа  буюу 2015.7.27-ны өдөр” гэж тайлбарладаг  ч  талууд энэ хугацаа тохиролцсон нотлох баримтгүй, 2015.7.24-26-ны өдрүүдэд баяр наадмын арга хэмжээ явагдсан баримтаар нотлогдсон тул тайлбарын үндэслэл үгүйсгэгдэнэ.

2015.8.20-ны өдөр “Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын актын эхний хэсгийн 2-т “Тарилтын ажлыг 2015.6.13-28-ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам, Говь шанх-5 хурдан морины уралдааны ёслолын арга хэмжээг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж 5450 м2 талбайн хөрсийг эвдэж сүйтгэсэн тул ажлын хэсгийн дүгнэлт гарч нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна” гэсэн /хх-6/ баримтаар хариуцагч талын тайлбар, татгалзалд дурдсан “нэмэлт гэрээ, гэрээний сунгалт” гэж үзсэн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарт дурдсан нөхцөл байдал, үндэслэлийг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой өөр бусад нотлох баримтаар няцаагаагүй, шүүхэд ч эдгээр баримтыг ирүүлээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар, дээр дурдсан нөхцөл байдал үндэслэлд дурдснаар Өмнөговь аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5450 м2 талбайн хөрсний нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “******* хаус” ХХК нь гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон  гэж үзэж байх ба  хариуцагч тал Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, үүрэг гүйцэтгэх зарчим буюу хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэсэн зарчмаар гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлэх үндэстэй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлээр нэхэмжлэгч “Свебуа хаус” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас  нөхөн тарилтыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 25.795.000 төгрөгийг хариуцуулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.925 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 25.795.000 төгрөг гаргуулж “******* хаус” ХХК-д олгосуай” гэж өөрчлөн,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 286925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэсний дараа хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 286.925 төгрийг гаргуулж нэхэмжлэгч “******* хаус” ХХК-д олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

                   ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                   П.ДОЛГОРМАА