Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0546

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: З ХХК.

Хариуцагч: СБДЗД,

Гуравдагч этгээд: Б СӨХ,

Гуравдагч этгээд: С СӨХ.

Нэхэмжлэлийн шаардлага: “СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Манай компани шүүхэд нэхэмжлэл анх гаргахдаа шийдвэр гаргах эрхгүй этгээдээс, эрх зүйн үндэслэлгүйгээр захирамж гаргаж, манай компанийн барилга барихаар гэрээ байгуулж, барилгын хашаа бариулж байсныг хүчээр зогсоож хохиролтой байдалд оруулсан гэж үзэж шаардлагаа тодорхойлсон. Шүүхээс шаардсан баримтаар Ц.Ш-т эрх олгосон баримт хавтаст хэрэгт ирсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хэвээр. Мөн Ц.Ш-ээс гаргасан 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг болон түүний үндэслэлийг хянуулахаар СБДЗД Х.Б-д өөрт нь хандаж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй, түүнчлэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан ******* дугаар захирамжийг хянуулж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авахыг хүсч гомдол гаргасан. НЗДТГ-аас хянаж байгаа гэж байснаа, НГЗБА-нд шилжүүлж хянуулахаар шийдвэрлэлээ, хариуг тэндээс өгнө гэсний дагуу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 07/4839 дугаар албан бичгийн дагуу НГЗБА-наас өргөдлийг хянаж байсан Ингээд НГЗБА-наас танай өргөдлийг шийдвэрлэсэн, ирж танилцаарай гэж дуудсаны дагуу очоод танилцахад "танай эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн газар болгож байгаа учир цуцалж шийдвэрлэлээ" гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний хариуг өдрийн бичгээр өгсөн учир 2020 оны 10 дугаар сарын 14-нд шүүхэд анх хандсан билээ.

Тус шүүх дээр манай газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийг хууль бус үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянагдаж байгаа. А/1140 захирамжаар газрын эрхийг сонгуулийн цаг үед иргэд оршин суугчдын санал итгэлийг авах зорилгоор хууль бусаар цуцалж шийдвэрлэсэн бөгөөд манай газрын эрх хүчинтэй байх үед буюу Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг биелүүлж, барилга барих эрхийг сэргэсний дагуу барилгын үйл ажиллагаа эхлүүлэх, хашаа барих даалгавар зөвшөөрлийн дагуу хийгдэж байсан ажиллагааг зогсоосон. Ийнхүү шүүхээр тогтоогдсон эрх болон зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажил, барилга барихтай холбогдох гэрээний харилцаагаар эрх үүрэг хүлээсэн байсан нөхцөл байдалд төрийн нэр барьж, улс төрийн ашиг сонирхлоор хандан хууль бусаар саад учруулж, манай компанид маш их хэмжээний хохирол учруулсан. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр болон хуулиар хамгаалагдсан эрх мөн холбогдох гэрээний болон, төлөвлөсөн ажлын ашиг сонирхол зэрэгт сөргөөр нөлөөлж хохирол учруулсанд гомдолтой байгаа. Ийнхүү захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг шүүхээр хянуулж, захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр нь манай эрхийг зөрчиж, хохироож байгаа байдалд шүүхээр хяналт дүгнэлт хийлгэн, зөрчигдсөн эрхээ тогтоолгон сэргээлгэх хүсэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зөвшөөрөл олгогдоогүй байсан, хууль зөрчсөн гэж ярьж байна. Бид дураараа хашаа барих эрх байхгүй. Түр хашаа барих эрхийг бид Хот байгуулалт, хөгжлийн газраас албан ёсоор авсан. Хэрэгт авагдсан байгаа. Дураараа аашилсан зүйл огт байхгүй. Иргэдэд таниулж мэдүүлээгүй гэж байна. Өмнө маш олон удаагийн шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Үүнд иргэд болон сууц өмчлөгчдийн холбооноос оролцож байсан. Бид ямар барилга барих талаар мэдээллийн самбарт тавьсан. Үүнийг ховлоод аваад хаясан байсан. Галын аюул гэж ярьдаг. 42 дугаар байрны 4 давхарт гал гарсан байдаг. Галын машин орох гэтэл оршин суугчид машинаа зам дагуу тавьчихсан байсан учраас галын машин ороогүй. Иймд төв зам талаас галыг унтраасан байдаг. Үүнд баригдаагүй барилгын төлөө манайхыг буруутай, хууль зөрчсөн, арын хаалгатай, хахуульдчихлаа гэдэг. Ковид-19 өвчин гарсантай холбогдуулан олон хүн цуглуулж болохгүй байсан учраас бид чадах байдлаар мэдээллийг хийсэн. Үүнийг авч хэлэлцэлгүйгээр харанхуйгаар эсэргүүцэж байсан. Хариуцагч хууль зөрчиж барилга барих гэж байна гэж ямар байгууллагаас хэлснийг тодорхой хэлээрэй. Орон нутгийн сонгууль болоход Х.Б нь оролцох гээд албан үүргээ албан ёсоор өгчихсөн байсан. Дараагийн сонгуульд орох гэж л чөлөөлөгдсөн байгаа. Асуудлыг мэдсээр байж газар дээр нь ирэхдээ мэдэхгүй гэж ярьж байсан. Бид нэг цонхны үйлчилгээгээр холбогдох зөвшөөрөл, баримтуудаа өгсөн. Энэ баримттай танилцаагүй юм уу. Бид үүнд сонгуулийн үйл ажиллагаа явуулчихлаа гэж харж байна. Г.Н нь оршин суугчдаас Б СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгогдсон юу уу гэдгийг харахад Г.Н-ийн нэр байхгүй байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлд Н.С, Н.Н гэсэн хүмүүс сонгогдоогүй байна. Г.Н нь ашиг сонирхол,  мөнгө төгрөгийн асуудалтай явдаг. Албан ёсоор сонгогдоогүй, тамгаа булаагаад авсан. Иймд дээрх төлөөлөх эрхтэй хүн мөн юм уу гэсэн хүсэлтийг тавьсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 нөхцөл байдлаар тайлбарлагдана. 1 дүгээрт нэхэмжлэгчийн эрх зүйн нөхцөл байдал, 2 дугаарт захиргааны актын тухайд, 3 дугаарт нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж байгаа нөхцөл байдал болон гуравдагч этгээдийн оролцоо гэсэн 3 нөхцөл байдлаар тайлбарлагдана.

Нэхэмжлэгч компани нь 2004 оноос эхлэн барилга барих зориулалтаар газар эзэмшиж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Энхтайваны өргөн чөлөө 220 гэсэн хэсэгчилсэн төлөвлөлтөөс эхэлж нэхэмжлэгчийн эрхийн асуудал яригдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх үүсэж байгаа нөхцөл байдал юм. Энэ үед хүсэлт гаргаад Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдсон. Уг газар эзэмших эрх нь 44, 45 дугаар байрны завсраар 2 хэсэгчилсэн байдалтайгаар 2 газар олгогдсон байгаа. Нэг захирамжаар 2 тусдаа нэгж талбартай, 2 байрлалд үйлчилгээний барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон. Ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын захирамжтай иргэд болон сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд хандан маргаж байсан. 2002 оноос хойш маргаж явсаар шүүхэд олон хэрэг шийдвэрлэгдсэн. Тус бүрийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжийг хууль ёсны байна гэж Улсын дээд шүүхээс дүгнэсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн юм уу гэдэг нөхцөл байдалд шинжээчийн дүгнэлт гаргаж түүндээ үндэслэн Улсын дээд шүүхийн тогтоол гарч байсан. Барилга барих зориулалтаар газар олгогдож байгаа нөхцөл байдал нь хууль болон норм, стандартыг зөрчөөгүй, иргэдийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзсэн. Үүний дараа зөвшөөрөлгүй барилгыг буулгах ажиллагаа явуулсан. “С*******” СӨХ-оос мэргэжлийн хяналт, онцгой байдал гэх мэт бүхий л байгууллагад гомдол гаргаж байсан боловч тухай бүрд хариу өгч шийдвэрлэсэн байдаг. Гомдлыг тухай бүрд шийдвэрлэсэн ба тухайн шийдвэрүүдэд гомдол гаргаж байгаагүй. Б СӨХ-ны хувьд нөхцөл байдлыг мэдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй.

Барилга барих зөвшөөрлийг олгохгүй байсан захиргааны байгууллагын эс үйлдэлтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд хариуцагч иргэд оршин суугчид гомдолтой байсан учраас үндэслэлийг тайлбарлаж маргасан. Энэ нь шүүхэд хянагдаад З ХХК-ийн газрыг зориулалтын дагуу ашиглах эрхийг олгохгүй байгаа хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус байна гэж шүүх дүгнээд барилга барих зөвшөөрлийг олгох, холбогдох үйл ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж барилга барих зөвшөөрөл олгогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн барилга барих эрх нь хууль ёсны бөгөөд шүүхээр хянагдсан нөхцөл байдал юм. Холбогдох бүх байгууллагад баримт материал, зөвшөөрөл, шүүхийн шийдвэрээ хавсарган барилгаа барих гэж байна шүү гэж хандсан. Барилга барих ажил эхэлж түр хашаа баригдаж эхэлсэн. СБДЗД-аас ******* дүгээр захирамжийг гаргасан. Хариуцагчаас захирамжийн үндэслэл болсон бүх баримт бичиг, хууль зүйн үндэслэлээ ирүүлэх ёстой. Гэтэл хариуцагчаа зөвхөн хариу тайлбараа ирүүлсэн. Хариуцагч захирамжийн үндэслэлээ шүүхэд нотолдоггүй.

Захирамжийг “газар албадан чөлөөлөх тухай” гэж гарсан. Хууль зүйн үндэслэлээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрхтэй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар З ХХК нь газар эзэмших эрхгүй этгээд гэж тайлбарладаг. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримталдаг. Бид З ХХК-ийн хууль ёсны эрхтэй газар дээр хууль бусаар барьсан барилгыг буулгаж өгөөч. Бид газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна гэж шүүхэд удаа дараа хандсаны эцэст шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд З ХХК нь хөрөнгө гарган буулгасан. Энэ нөхцөл байдалд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт хэрэглэгдэх ёстой. Хариуцагч өөрсдөө хууль бус барилгыг буулгаагүй. 3, 4 жилийн дараа шүүхээр шийдвэрлэгдсэний дараа буулгадаг. Гэтэл хууль ёсны газар мэдэгдэл өгөөгүй байж мэдэгдэл өгсөн мэтээр уг хуулийн заалтыг хэрэглээд албадан чөлөөлөх арга хэмжээг хууль зөрчиж авсан.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5-д зааснаар хэрэв хууль бус, хуулийн зөрчсөн бол түүнийг тогтоож, мэдэгдэж, буулгах арга хэмжээ авах боломжийг олгох ёстой. Хэрэв мэдэгдээд буулгахгүй бол төр өөрөө буулгана. Энэ тохиолдолд хуулийн дээрх заалтуудыг хэрэглэдэг. Гэтэл бодит байдал дээр ямар ч мэдэгдэл өгөхгүй, шалгаж тогтоолгүйгээр шууд буулгасан. Захирамжид хэрэглэсэн хуулийн заалтууд нь бодит нөхцөл байдалд нийцдэггүй юм.

Нэхэмжлэгчийг нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хашаа барилаа гэж үзээд байдаг. Хавтаст хэрэгт тийм баримт байхгүй. Ямар зөвшөөрөл авах ёстой байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч захиргааны байгууллага энэ компани ийм журам, дүрэмд заасны дагуу ийм зөвшөөрлийг авах байсан гэсэн баримтаа өгөх ёстой. Гэтэл ямар ч баримт, тайлбарыг өгөөгүй. Тэгэхээр зөвшөөрөлгүй хашаа барьсан гэж үзээд байгаа нь тогтоогдоогүй. Барилгын түр хашааг барьж эхэлсэн үнэн. Албадан буулгах ажиллагааг хуульд заасны дагуу дэс дараатай хийх ёстой. Гэтэл нөхцөл байдлыг тогтоолгүйгээр албадан буулгах төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн газрын эрх хүчинтэй байгааг СБДГЗБА сайн мэднэ. Тус албаны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг маш их хэмжээний хохиролд оруулсан. Захирамжид “Барилгын түр хашааг албадан буулгаж, тухайн байршилд үүссэн хог хаягдлыг зөөвөрлөж, ухсан нүхийг шороогоор дүүргэж тэгшлэх ажлыг зохион байгуулах” гэсэн байдаг. Гэтэл захирамж гарсантай холбогдуулан ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй. Захирамжийг тэр өдөртөө хэрэгжүүлсэн. Захирамж 07 дугаар сарын 18-ны өдөр гарсныг хүлээн аваад  08 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргад “...Хот байгуулалт, хөгжлийн газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж зөвшөөрөл олгосоор байтал зөвшөөрөл олгоогүй гэж эрхээ хууль бусаар хэрэгжүүлэн манай эрхэд халдлаа. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож өгөөч” гэж хандсан. Нийслэлийн Засаг дарга 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдлийг чиг үүргийн хувьд шилжүүлсэн. Энэ нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан гэж үзнэ. Бидэнд өргөдөл гомдлыг шилжүүлсэн картыг хувилж өгч байсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай асуудлыг яаж шийдвэрлэж байна гэж сураглаж явсан. Гэтэл энэ цаг үед орон нутгийн сонгуулийн үе давхацсан. СБДЗД-ын ******* дүгээр захирамжид гаргасан гомдлын хариуг өгөхдөө газрын эрхийг цуцална гэж шийдвэрлэсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр шийдвэрлэсэн. Үүнийг үндэслээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа.

Засаг даргын захирамжийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Ш гаргасан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б нь эрх нь баталгаажаагүй нөхцөл байдалтай байх үедээ маргаан бүхий газар дээр очиж иргэдтэй уулзаж ажиллагаа хийсэн. Үүнтэй холбогдуулан илт хууль бус болох үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Гэвч хүчингүй болох хууль бус акт гэж маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн ******* дүгээр захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдал нь өнөөдөр шүүхэд маргаантай байгаа. Ямар ч ажиллагаа хийхгүйгээр сонгуулийн нөхцөл байдалд иргэдийн саналыг авах зорилгоор энэ захирамж гарсан. Нэхэмжлэгч компани олон жилийн турш шүүхэд марган олон удаагийн шүүхийн шийдвэрээр хууль ёсны газар эзэмшигч гэдгээ тогтоолгосон. Үүнтэй холбогдуулан маш их хэмжээний зардал, хохирол гарсан. Олон компани аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, төлбөр мөнгөө төлөөд, барилгын үйл ажиллагаа хийгдээд эхэлсэн байсан. Барилгын ажил төлөвлөгөөтэйгөөр маш хурдан хийгдэх байсан. Хууль бус ажиллагааны улмаас энэ үйл ажиллагаа зогссон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээт компаниудад хохирлын асуудал үүсэн.

С СӨХ нь шүүхийн маргаануудад оролцож байсан. Гарсан нөхцөл байдалд үгүйсгэж эсэргүүцсэн асуудал гаргаж байгаагүй. Энэ нь хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байгаа. Өнөөдөр үгүйсгэж байгаа нөхцөл байдал бүгд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрүүдтэй байгаа учраас эрх нь зөрчигдөж байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

Б СӨХ-ны хувьд оршин суугчдын эрх ашгийн төлөөл ажиллах ёстой. Иргэдийн эрх ашиг үнэхээр бодитой байх ёстой. Гэтэл хэдхэн хүний төлөөлөн энэ нөхцөл байдлыг эсэргүүцдэг. Зөвхөн З ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгох вэ гэдэг хэдхэн хүний үйл ажиллагаа, ашиг сонирхол байдаг. Иймд Б СӨХ-ны эрх зүйн байдлыг бид асуудал болгон тавьдаг. Б СӨХ-ноос үүнтэй холбоотой баримтыг өгдөггүй. Учир нь хууль ёсны эрхгүй этгээдүүд оролцож, өөрсдийгөө эрхтэй гэж тайлбарладаг.

Засаг даргын ******* дүгээр захирамж гарах болсон нөхцөл байдал нь СӨХ-ны ямар эрх, ашиг хөндөгдсөнийг тодорхой хэлэлцэх шаардлагатай. Тус захирамж хэрэгжсэн. Тухайн үедээ газрыг хууль бусаар чөлөөлсөн. Манай газрын эрх цуцлагдсан боловч шүүхэд маргаантай байгаа. Энэ нь маргаанд хамааралгүй учраас тайлбарлах шаардлагагүй байх” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг компани нь 2008 оноос хойш оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар тус компанийн 2004 оны А/164 дүгээр захирамжаар эзэмшсэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тус компани нь зөвшөөрөлгүй хашаа барьсан тул уг хашааг дүүргийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн хуульд заасан эрх бүхий субъект газрын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч хуулиар олгогдсон эрхээ хууль бусаар ашигласан гэж тайлбарлаж байна. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуульд заасан заалтуудыг үндэслэн захирамжийг гаргасан. Зөвшөөрөлтэй хэмжээнээс хэтрүүлэн тухайн газрыг тэр чигт нь хашаалсан, орц гарцыг хаасан байсан. Дүүргийн газар зохион байгуулалтын алба нь орц гарцын асуудлыг шийдвэрлэх, газрыг чөлөөлөх чиг үүрэгтэй байдаг. Дүүргийн Засаг дарга хэмжээнээсээ хэтэрсэн хашаа, орц гарцыг хаасан тохиолдолд газрыг чөлөөлөх эрхтэй.

Захирамжийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ш гаргасан, Дүүргийн Засаг дарга Х.Б эрх, үүрэг нь үүсээгүй байхад өөрөө газар дээр нь очсон гэж ярьж байна. Энэ нь иргэдээс санал авахын тулд хийсэн ажил гэж буруу улс төржүүлсэн мэдээлэл хийж байна. Дүүргийн Засаг дарга Х.Б нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн дүүргийн Засаг даргаа томилогдсон. Энэ жил ялалт байгуулан Засаг даргаар улиран томилогдсон. Тухайн үед Засаг дарга ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байх хугацаандаа өөрийн үүрэг гүйцэтгэгчээр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Ш-ийг томилсон байгаа. Төрийн алба тасралтгүй явж, эрх үүрэг шилжиж байдаг. Чиг үүргүүд нь тухайн үүрэг гүйцэтгэгчид шилжсэн. Үүнийг сонгуультай холбох, аж ахуйн нэгжийн эрхэд ноцтой халдаад байгаа мэтээр ойлгож болохгүй. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагч нар юм. Бид нийтийн ашиг, сонирхлын төлөө ажиллаж байна. Үүнд нэхэмжлэгч компани ч орно. Бид оршин суугчид болон аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх зориулалттай байдаг. Тухайн газарт орох боломжгүй, явган хүний гарцыг хаасан байсан. Эрхээ эдлэх хүсэлтэй бол үүргээ хүлээх ёстой. Манай зүгээс орц, гарц хаасан учраас хашааг буулгасан асуудал байгаа. Хашаа кадастрын зургаар биш байсан. Манайх хуулиар эрх нь олгогдсон субъект бөгөөд хууль заасан эрх, үүрэгтээ нийцсэн арга хэмжээг авсан. Барилгын компаниуд байшин хороололд барилга барьж байгаа бол оршин суугчидтай зөвшилцөх ёстой. Оршин суугчид болон тухайн орчны сууц өмчлөгчдийн холбооны зүгээс бүгд эсэргүүцдэг. Хуульд заасан чиг үүргээ нэхэмжлэгч компани баримталсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Улсын төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор нотлох баримтгүйгээр хардаж, сэрдэхгүй байхыг хүсье. Манай захирамж хууль ёсны дагуу гарсан, хууль зөрчсөн зүйл байхгүй.

            Гуравдагч этгээд С СӨХ, Б СӨХ-оос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Г Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгат, Улсын их дэлгүүрийн урд талд нийтийн зориулалттай орон сууцны хоёр тусдаа 44, 45, 65, 66 дугаар байруудын дундах инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн зориулалтын газар болон автомашины зам талбай, ногоон байгууламж, иргэдийн гэр орондоо ордог орц гарц явган хүний зорчих хэсэг дээр З ХХК-д зориулж 6 давхар үйлчилгээтэй, 2 тусдаа амины орон сууц барих барилгын ажилтай холбогдуулан Б.Ц*******ийн гудамжнаас нийтийн зориулалттай орон сууцны 44, 45, 65, 66 дугаар байруудын дундуур орон сууцны хороолол руу орох туслах замыг түр хаах нэрийдлээр зөвшөөрөл олгосон.

СБДЗД, 4 дүгээр хорооны Засаг даргаас хорооны иргэд, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 800 гаруй өрхийн 2800 иргэд, оршин суугчдаас барилга барих зөвшөөрөл, гарын үсгийг авсны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхийг З ХХК-д тавьж байсан удаа дараа шаардлагууд, гаргаж байсан захирамжийг үл тоомсорлож, биелүүлээгүйгээс 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гаригт буюу амралтын өдөр М ХХК, З ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж улмаар тэмцэл, маргаан, зөрчилдөөн үүссэн.

 СБДЗД болон 4 дүгээр хорооны Засаг дарга нараас хорооны иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 247 өрхийн 1280 иргэд, оршин суугчдаас барилга барих зөвшөөрөл, гарын үсгийг авсны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхийг З ХХК-д тавьж байсан удаа дараагийн шаардлагууд, тэдний гаргаж байсан захирамжуудыг үл тоомсорлож, биелүүлээгүйгээс 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гаригт буюу амралтын өдөр М ХХК, З ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж улмаар тэмцэл, маргаан, зөрчилдөөн үүссэн.

 Энэхүү нэвтрэх гарцууд дээр 6 давхар үйлчилгээтэй, 2 тусдаа амины орон сууцны барилга баривал Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 1-40 мянгатын нийтийн зориулалттай орон сууцны байруудын нийт иргэд, оршин суугчдын 90 гаруй хувь нь амьдардаг байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 14 орон сууцны байр, 4 дүгээр хороо, хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсэг, мөн 44, 45 дугаар байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 16 орон сууцны байр, сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, тэдгээрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэлийн төв болон иргэд оршин суугчдын гэр, орон лугаа нэвтрэх, орох гарах орц гарц нийтийн эзэмшлийн зам талбай, автомашины болон явган хүний замууд бүрмөсөн хаагдах ноцтой нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн Засаг даргын 2004 оны А/164 дүгээр захирамжаар З ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр, 1-40 мянгатын нутаг дэвсгэрт нийтийн зориулалттай орон сууцны 44, 45 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2004 оноос хойш өнөөдрийг хүртэлх 17 жилийн хугацаанд тухайн компаниуд нь тус хорооны иргэд, оршин суугчидтай нэг ч удаа уулзаж байгаагүй, барих гэж байгаа барилгын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж мэдээлэх үүрэгтэй байтал ямар ч танилцуулга хийгээгүй, иргэдийн байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлаж гэрийнх нь цонх хаагдаж, таглагдаж байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс санал зөвшөөрөл авах үүрэгтэй байтал аваагүй зэрэг хууль, журам, барилгын норм, дүрэм, стандартын дагуу зайлшгүй хийгдэх ёстой ажлуудыг хийгээгүй нь иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдийн “Монгол Улсын Үндсэн хууль”-иар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй гэсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн юм. Нөгөө талаар З ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны 44, 45 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газар болон ногоон байгууламж, автомашины зам талбай, иргэдийн гэр орондоо ордог орц гарц, явган хүний зорчих хэсэг дээр олгогдсон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлснөөс гадна иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн Монгол Улсын “Иргэний хууль”, “Барилгын тухай”, “Газрын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Орон сууцны тухай”, “Орон сууц хувьчлах тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, "Галын аюулгүй байдлын тухай”, “Гамшгаас хамгаалах тухай” хууль, тогтоомж болон Тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, норм дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн шийдвэр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас болон салбарын яам, тусгай газруудаас З ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны 44, 45 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, цуцлах талаар удаа дараа маш олон албан бичиг, тоотууд, дүгнэлт, шаардлага зэргийг хүргүүлж байсан боловч Нийслэлийн Төр захиргааны байгууллагуудаас дээрх хууль ёсны шаардлага, нийтийн эрх ашигт нөлөөлсөн нөхцөл байдлыг үл тоомсорлон, албан бичгүүдийг нуун дарагдуулах зэрэг хууль зөрчсөн зохисгүй үйлдлүүдийг гаргаж байсан. 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бямба гариг, амралтын өдөр З ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд болсон тэмцэл, маргаан, зөрчилдөөний талаар Монгол УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Д.Ц, УИХ-ын гишүүн Ц.М, УИХ-ын гишүүн Ц.М, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Х, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, одоо Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Б, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б нарт иргэд, оршин суугчид, Б СӨХ, С СӨХ, Г СӨХ, “СБ-2", "21Б " СӨХ, А СӨХ, Ж СӨХ зэрэг Сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, оршин суугчид, сууц өмчлөгчдөөс удаа дараа гомдол гаргаж байсан.

Мөн түүнчлэн " Газрын тухай ” Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/532 тоотоор тухайн байршил бүхий газар дээр барилга байгууламж барих нь бусад орон сууцуудын галын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх тухай дүгнэлт ирүүлсэн байдаг тул СБДЗД нэн даруй арга хэмжээ авч, хуулийн дагуу хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон нь бидний зүгээс зөв шийдвэр гэж үзэж байна. Иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдөөс гаргасан удаа дараагийн гомдлыг үндэслэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “Зан-Интернешнл” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 480 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 Иймд Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, 1-40 мянгатын 44, 45 дугаар байруудын нийтийн зориулалттай орон сууцны иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдийн “ Монгол Улсын Үндсэн хууль ” -иар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ... баталгаатай эдэлнэ” гэсэн заалт ноцтой зөрчигдсөн, Монгол Улсын “Иргэний хууль”, “Барилгын тухай”, “Газрын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Орон сууцны тухай”, “Орон сууц хувьчлах тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай”, “Гамшгаас хамгаалах тухай” хууль, тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, норм дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн, “Захиргааны Ерөнхий хууль”-ийн барилга барих үйл ажиллагааны талаар иргэд, оршин суугчид, сууц өмчлөгчид, хуулийн этгээдүүдэд урьдчилан мэдэгдэх, тэдгээрийн оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй атал явуулаагүй, санал хүсэлтийг авч ажиллаагүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хөндсөн, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн холбогдох олон хуулиудын заалтыг ноцтой зөрчсөн З ХХК-ийн гаргасан хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож “Газар албадан чөлөөлөх тухай" СБДЗД-ын  2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өдөр дүүргийн Засаг даргын захирамж гарч хашааг буулгаагүй байсан бол өнөөдөр бид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд суух байсан болов уу гэж тухайн үед газар дээр нь байсан хүний хувьд бодож байна. Нөхцөл байдал хүнд байсан. Дүүргийн Засаг дарга олгогдсон эрх хэмжээний хүрээнд маш яаралтай газар дээр нь асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэв яаралтай шийдвэрлээгүй бол бид эрүүгийн хэрэг үүсэж ял өгөх эсэх асуудлыг хэлэлцэх байсан болов уу. Дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль ёсны захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол учирсан гэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад бодитоор ямар хохирол учирсан бэ гэсэн баримт алга. Гэрээнүүд байдаг боловч ямар хэмжээний хохирол учирсан, ямар төлбөр гарчхаад байгаа нь харагддаггүй.

С СӨХ-той холбоотой асуудал шийдвэрлэгдсэн гэж байна. Энэ нь тусдаа захиргааны акттай холбоотой маргаан. Үүнийг энэ хэрэгтэй холимооргүй байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1 захирамжтай холбогдуулан маргаж байгаа. Тэгэхээр уг захирамжтай холбоотой маргаанаа хэлэлцье.

Б СӨХ нь нэхэмжлэл, гомдол гаргаж яваагүй гэж байна. Тус СӨХ нь гомдол, санал гаргаж явдаг. Үүний хүчинд өнөөдрийн маргаан бүхий акт гарсан. Үүнтэй холбоотой захиргааны хэрэг Б СӨХ-ны зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан. Энэ нь эрхээ хэрэгжүүлээд явж байгаа гэсэн ойлголтыг өгнө. Б СӨХ-ны эрх зүйн чадамжтай эсэх талаарх баримт шүүхэд ирсэн байх. Энэ баримттай би танилцаагүй байна. Надад ирсэн нотлох баримтаар Г.Н нь Б СӨХ-ны гүйцэтгэх захирал мөн. Миний бие сууц өмчлөгчийн хувьд Г.Н-ийг гүйцэтгэх захирал гэдгийг мэднэ. Тэгэхээр Г.Н-ийн эрх зүйн байдалтай холбоотой асуудал яригдахгүй гэж үзэж байна.

Иргэдийн эрх, ашиг маш их хөндөгдөж байгаа. Орц, гарцыг хаасан. Тухайн газарт барилга барих эрх олгосон үйлдэл нь иргэдийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн байсан гэдгийг Нийслэлийн Засаг дарга өөрөө ухаараад алдаагаа засаж тухайн байгууллагад олгосон газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Энэ хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан. Талуудыг хооронд маргуулсан алдааг засаад газар эзэмших эрхийг цуцалсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү гэж байгаа. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сэргэх гээд байгаа нь ойлгомжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК-иас анх тус шүүхэд хандан “СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч З ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 44, 45 дугаар байрнуудыг холбон 240 м.кв газарт арктай 6 давхар орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх баталгаажиж, газрын гэрээ байгуулж, гэрчилгээг авсан. ...Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 46 дугаар шийдвэрээр “барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж шийдвэрлэсэн дагуу барилгын ажлаа эхлүүлэхээр Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Х/СБД******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар” батлуулан барилгын ажлаа эхлүүлсэн боловч хариуцагчаас 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ******* дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” хууль бус захирамж гаргаж газрыг албадан чөлөөлсөн” хэмээн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Засаг даргаас хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг цаг алдалгүй зогсоосон. Захирамж хуулийн үндэслэлтэй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2.  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ

28 дугаар зүйлийн 28.1-т “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:

28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” хэмээн,

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид,  Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” хэмээн заасан бөгөөд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т  “Түр хашааг дараах зориулалтаар барина.

2.3.1. барилга болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барих үед хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах” хэмээн, 5 дугаар зүйлийн 5.2-т “Дор дурдсан тохиолдолд хашаа, хайс, түр хашааг барихыг хориглоно, 5.2.2. эдэлбэр газрын хил заагаас хэтрүүлэн барьсан хашаа, хайс, түр хашаа” хэмээн, 5.3-т “Журмын 5.2-т заасан газарт хашаа, хайс барьсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага, нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага  ажлын 10 хоногийн хугацаанд буулгах шаардлага хүргүүлж, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэнэ” хэмээн, 5.5-д “ Журмын 5.3, 5.4-т заасан зөрчлийг арилгах талаар хүргүүлсэн шаардлагыг холбогдох хууль, журамд заасны дагуу биелүүлээгүй тохиолдолд газар чөлөөлөх арга, хэмжээг нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн болон цагдаагийн байгууллага хамтран албадан буулгах арга хэмжээг авч, гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, нөхөн сэргээлтийг хийлгэнэ” хэмээн тус тус заасан бөгөөд

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар нэхэмжлэгч З ХХК-нд Сүхбаатар дүүргийн 4-р хороонд 480 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 0003296 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0046 дугаар шийдвэрээр “...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09/2859 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж” шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч З ХХК-иас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан “барилга барих түр хашаа”-ны даалгавар батлуулах хүсэлтийг гаргасан.

Улмаар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр З ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, Х/СБД******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-ыг баталсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамж, 2004 оны 0003296 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0046 дугаар шийдвэр, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны Х/СБД******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-аар зэргээр,

Маргаан бүхий акт болох СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” ******* дүгээр захирамжийг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан,

СБДЗД-ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар “Дүүргийн Засаг даргыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг Засаг даргын орлогч Ц.Ш түр орлон гүйцэтгүүлэхээр” шийдвэрлэсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан СБДЗД-ын 2020 оны “Газар албадан чөлөөлөх тухай” ******* дүгээр захирамж болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” Б/16 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.

4. Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч З ХХК нь хууль бусаар, зөвшөөрөлгүй илүү газар хашаалсан, иргэдээс ихээхэн хэмжээний гомдол санал ирж, газар дээр цагдаагийн байгууллагаас хэв журмыг сахиулах ажиллагааг хийхэд хүрсэн тул Засаг даргын зүгээс хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд газрыг албадан чөлөөлөх захирамжийг гаргасан” хэмээн тайлбарлаж байх боловч хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч компани нь тухайн бодит байдалд Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Х/СБД******* дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-т заасан “61.6 м урт”-тай барилга барих түр хашааг “эдэлбэр газраас 0.5-1 м дотогш байрлалтай” барьсан болохыг нотолсон эсхүл үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч болон хариуцагч аль аль талаас шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоох боломжгүй гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүхийн журмаар залруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас захиргааны шийдвэр ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу дахин явуулж, шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол СБДЗД-ын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

                 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М