Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 333

 

Д.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02515 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

 

99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, “Ц” ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А-а нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүү М.Өсөхбаярын хүсэлтээр тухайн өдрөө “Ц” ХХК-тай 15/50 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 99113319 мобикомын дугаарыг барьцаа болгон 6 000 000 төгрөгийг авч дүүдээ өгсөн. “Ц” ХХК-ийн зүгээс дугаараа барьцаа болгосон тохиолдолд манай компанийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай, учир нь хуульд заасан байдаг юм гэж хэлээд, эзэмшлийн 99113319 дугаарыг “Ц” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл үүрэн телефоны дугаар барьцаалсан тохиолдолд барьцаалагч талын нэр дээр шилжүүлнэ гэсэн зүйл байдаггүй ба гэрээнд ч энэ талаар тусгагдаагүй байхад намайг хууран мэхлэж, эзэмшлийн дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд одоо 99113319 дугаарыг зарах гэж байна. Иймд мобикомын 99113319 дугаарыг Д.А-ы нэр дээр шилжүүлэхийг “Ц” ХХК-д даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. “Ц” ХХК нь Ц.Б-аас 6 000 000 төгрөг авч, Ц.Б-ын нэр дээр 99113319 дугаарыг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг бүрдүүлж байх тул Ц.Б, “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 99113319 дугаарыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагч тал фидуцын гэрээ байгуулагдсан гэж үздэг. Гэвч талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 4-т барьцаа гэсэн зохицуулалт байгаа. Үүнд 9911-тэй дугаарыг барьцаална гэсэн зохицуулалт байдаг боловч нэр дээр нь шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д фидуцын гэрээг бичгээр байгуулна гэсэн заалт байдаг. Мөн “Ц” ХХК-ийн үйл ажиллагааны журмын 1.3-т зааснаар дараах төлбөрт дугаар барьцаа болгож байгаа тохиолдолд “Ц” ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ гэсэн зохицуулалттай. Энэ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл биш, Г.А- өөрөө “Ц” ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ гэж шилжүүлсэн зохицуулалт биш. Журамд заасны дагуу шилжүүлсэн гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэлээ татан авсан асуудлын хувьд зээлийн үлдэгдэл тооцоо нийлж байж дараа нь нэхэмжлэлээ гаргахаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ татан авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй байдаг. Шүүгч энэ захирамж дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэдгийг шүүх хуралдааны үед тайлбарлаж байсан. Өмнөх хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байгаа. Дугаарыг өөр хүнд шилжүүлэхдээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар Г.А-д огт мэдэгдсэн зүйл байхгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүү М.Өсөхбаярын хүсэлтээр “Ц” ХХК-тай 15/50 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан, өөрөө огт хамааралгүй, эргэн төлөх үүргийг М.Өсөхбаяр гэгч этгээд хүлээх мэтээр бичсэн байна. Гэтэл талуудын байгуулсан гэрээний оролцогч талууд нь зээлдүүлэгч талаас “Ц” ХХК, зээлдэгч талаас Г.А нар байгаа бөгөөд Иргэний хуульд заасан үндэслэлээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээл хэлбэрээр шилжүүлэх үүргээ гүйцэтгэсний дараа зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг хэрхэн яаж, өөрийн үзэмжээр зарцуулах нь огт хамааралгүй болох юм. Г.А нь “Ц” ХХК-аас авсан зээлээ цааш нь өөрийнхөө дүүд үл хамааран зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “Ц” ХХК-ийн өмнө өөрөө л төлөх нь хуульд нийцнэ. М.А нь өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг түүний шилжүүлсэн “Мобиком” ХХК-ийн 99113319 дугаарыг худалдан борлуулах замаар хангахаас өөр арга зам “Ц” ХХК-д үлдээгүй. Г.А- өөрөө ямар нэг буруугүй мэт тайлбар хэлдэг. Зээл авч М.Өсөхбаярт өгсөн М.Ө зээлийг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, “Ц” ХХК, М.Ө хоёрын зээлийн асуудал надад хамаагүй. Харин “Ц” ХХК миний дугаарыг авсан гэдэг. Гэтэл барьцаалан зээлдүүлэх гэрээнээс үзэхэд Г.А- өөрөө “Ц” ХХК-д зээл хүссэн хүсэлт гаргаж үүний улмаас зээлийн асуудал шийдэгдсэн. Өөрсдийнх нь хоорондын дугаар шилжүүлэх асуудал яригдах явцыг харвал талуудын хүсэг зоригийн илэрхийллийн агуулгыг үзвэл фидуцын гэрээ байгуулагдсан шинжтэй Өөрөөр хэлбэл, хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар нэр дээр нь өмчлөлд нь шилжүүлэх асуудал яригдана. Барьцаат зээлийн гэрээний хоёр талын хоёулангийнх нь хүсэл зоригийг харах юм бол фидуцын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Фидуцын гэрээ байгуулагдсан гэж үзвэл Г.А- нэхэмжлэл гаргах эрхгүй. “Ц” ХХК-аас авсан зээлийн асуудлаа шийдвэрлэж дууссаны асуудал шийдвэрлэгдэхээр байна. “Ц” ХХК-аас авсан зээлээ төлж дуусгаагүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэл нь үндэслэлгүй болж байна.

Мөн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өмнө нь гаргаж, гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр татан авч татан авснаас хойш шийдэгдсэн. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэгдэж нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх шүүгчийн захирамжаас харахад шүүх хуралдаанаар энэ хэрэг бүтэн хэлэлцэгдэж, шүүх хуралдаан завсарлахаас өмнөх шатны тайлбар хэлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ татан авсан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад даргалагчийн зүгээс гар утасны дугаарыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ гэсэн асуултанд 6 000 000 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн хариу өгсөн байдаг. Тухайн дугаарын зах зээлийн үнэ 6 000 000 төгрөг байдаг бол зээл авсан асуудал нь 2015 оны 10 дугаар сард болсон боловч өнөөдөр 2017 он болсон байна. Энэ хугацаанд “Ц” ХХК тодорхой хэмжээнд хохирсон учраас хохирлоо барагдуулах үүднээс цааш нь 6 000 000 төгрөгөөр зарж зээлдүүлсэн 6 000 000 төгрөгөө олж авсан. Зарсан асуудалтай холбоотой дугаар нэхэмжлэх эрх гэхээс илүү нэхэмжлэгч тал өөртөө учирсан хохирлоо нэхэх нь зүйтэй байх. Түүнээс дугаарыг дахин нэхэмжлэх эрх хаагдсан. Хохирол гэсэн байдлаар энэ асуудал шийдэгдэх боломжтой гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн дугаарыг би “Ц” ХХК-д 6 000 000 төгрөг шилжүүлж худалдаж авсан. Иймд тус дугаарыг нэхэмжлэгчид өгөх үндэслэл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар “Ц” ХХК-д холбогдох, 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалган, “Ц” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн Д.А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02515 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Хэргийн материал болон хуулиас үзэхэд

1. Д.А-а болон “Ц” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15/50 тоот зээлийн гэрээнд 9911-тэй дараа төлбөрт дугаар шилжүүлнэ гэсэн зохицуулалт байдаггүй харин барьцаална гэсэн байна. Мөн хүсэл зоригийн тухайд “Ц” ХХК-ийн байгууллагын дотоод журмын 1.2-т “дараа төлбөрт дугаар барьцаалсан тохиолдолд байгууллагын нэр дээр шилжүүлнэ” гэснээс үзэхэд Д.А-а өөрийн эзэмшлийн дугаарыг хүсэл зоригоо илэрхийлсэн биш харин “Ц” ХХК-ийн хүсэл зоригийн үндсэнд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

2. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж, мөн хуулийн 265 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж...” гэж тус тус зохицуулсан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйл нь хоёрдугаар дэд бүлэг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох”-т хамаарч байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ” гээд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн, хуулийн этгээд /цаашид “хадгалуулагч” гэх/-ийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “хадгалагч” гэх/-д хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж /цаашид “мөнгөн хадгаламж” гэх/ гэнэ” гэж зааснаар “Ц” ХХК нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш болох нь тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02515 тоот шийдвэрийг бүхэлд нь өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Д.А-а 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ц” ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/50 дугаартай Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 6 000 000 төгрөгийг, бизнесийн үйл ажиллагаанд зориулалтаар хариуцагчаас зээлж авсан ба зээлийн гэрээнд заасан графикийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зээл хүүгийн хамт, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мобикомын дараах төлбөрт 99113319 дугаарыг барьцаалахаар тохиролцжээ. /хэргийн 3-4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “барьцаалан зээлдүүлэх гэрээнд 9911-тэй дараа төлбөрт дугаарыг барьцаална гэсэн зохицуулалт байдаг боловч нэр дээр нь шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй, фидуцын гэрээг бичгээр байгуулна гэж хуульд заасан” гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “маргаан бүхий дугаар нь “Мобиком корпораци” ХХК-ийн өмч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул дугаарыг үл маргах журмаар худалдан борлуулсан ” гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн 99113319 дугаарыг эзэмших эрхээ хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах хэрэгсэл болгосон талаар талууд маргаагүй боловч тэдгээрийн хооронд барьцаа эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан эсэх талаар маргажээ. Энэ тохиолдолд шүүх тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ямар гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

 

Түүнчлэн талуудын хооронд байгууллагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчид хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн, уг үүргээ биелүүлэхийг шаардаж байсан эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч маргаан бүхий дугаарын эзэмших эрхийг бусдад шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн эсэх, хариуцагч бусдад хэдэн төгрөгөөр худалдаж, зээлийн гэрээний үүрэгт хэрхэн тооцсон зэрэг үйл баримтууд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, үндсэн гэрээний үүргийн харилцаа тодорхой бус тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор байгуулагдсан гэрээний талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч “Ц” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж бичигдсэн байгаа хэдий ч уг үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 16 дугаар тал/ Хариуцагч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь Иргэний хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэх болон зээлийн гэрээний үүргийн хэмжээг тооцоход ач холбогдолтой болно.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Үүнийг давж заалдах шатны шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                            С.ЭНХТӨР