| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/ |
| Дугаар | 2022/ШЦТ/1542 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Оюунбат,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Хохирогч, шүүгдэгч А.Х ,
Хохирогч, шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х , Г.Х нарт холбогдох эрүүгийн 2206 03366 2709 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х , Г.Х нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод А.Х нь Г.Х ыг “хүүхэдгүй байж, амьдрал заалаа” гэх шалтгаанаар, Г.Х нь А.Х г “хүүхдээ буруу хүмүүжүүлж байна” гэх шалтгаанаар маргалдаж, зодолдон:
А.Х нь Г.Х ын биед “зүүн дээд, доод зовхи, баруун шанаа, эрүү, хоёр бугалга, баруун өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт” гэмтэл,
Г.Х нь А.Х гийн биед “зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулд, зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Х , Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03366 2709 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
Шүүгдэгч А.Х , Г.Х нар нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод хувийн таарамжгүй байдал үүсгэн маргалдаж, харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...тухайн өдөр манай гэрт нөхөр, мөн Х болон Х нар байсан. Тэгээд бид 4 хамтдаа пиво уусан. Би том хүүгээ өрөөнд орж ирээд байхаар нь “битгий энэ өрөөнд орж ирээд бай, унтаж амар” гээд явуулсан. Гэтэл Г.Х нь надад хүүхдээ хатуу гараар өсгөж байна гээд заагаад байхаар нь би “чи хүүхэдгүй болохоор мэдэхгүй" гэж хэлтэл уурлаад босож ирээд намайг хүүхэдгүй гэж доромжиллоо гээд намайг үсдэж аваад толгой руу пивоны шилээр цохисон. Олон удаа гараараа толгой руу цохиж зодсон. Бид хоёр 2013 оноос хойш найзлаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8807 дугаартай:
“...А.Х гийн биед зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулд, зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
Хохирогч Г.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Х гийн гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод очсон. Би очихдоо нэг том пиво бариад очсон бөгөөд удалгүй гаднаас найз Х нь 10 гаруй лааз пиво бариад ороод ирсэн. Тэгээд уусан. Тухайн үед манай найз А.Х бид хоёр их хэмжээний согтолттой байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар А.Х намайг нүүр нүдгүй цохиж байсан. Миний уур хүрээд А.Х гийн үснээс нь зулгаагаад ууж байсан пивоо шидсэн. А.Х бид хоёр яг ямар шалтгааны улмаас зодолдсоноо мэдэхгүй байна, ямар ч байсан зодооныг А.Х эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8789 дугаартай:
“...Г.Х ын биед зүүн дээд, доод зовхи. баруун шанаа, эрүү, хоёр бугалга, баруун өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,
-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/
Шүүгдэгч Г.Х ын мөрдөн байцаалтад өгсөн:
Эрүүгийн хуулийн зүйл анги болон өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 06 сарын 17-ны өдөр найз Х гийнхаа гэрт нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ биед гэмтэл учруулсан. Өөрийнхөө хийсэн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Шүүгдэгч А.Х гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Х найз маань хувцаснаасаа өгөөчээ. Бас танайд хэд хоног амьдрах гэсэн юм” гэхээр би “Байр сав олдтол манайд бай” гэж хэлсэн. Оройхон би Х ын хуучин найз залуу Х г гэртээ дуудсан бөгөөд бид гурав пиво хувааж уусан. Хүүхдийн маань асрагч охин гарж яваад удаагүй байтал Х согтууруулах ундааны төрлийн зүйл хэт их хэрэглэснээсээ болоод Х д “Чиний охин чинь зочид буудалд банди нарт шаалгуулаад хэвтэж байгаа. Нэг нэгээрээ чиний охиныг цуварч шааж байгаа гээд боддоо” гээд хэл амаар гутаан доромжлоод байхаар нь би Х г өмөөрөөд “Чи хүний хүүхдийг яасан муухай хэлдэг юм бэ? гэж хэлэхэд надад хандаж “Чи ч гэсэн подволын янхан байсан биздээ? Хүүгээрээ хэдэн хүнийг ааваа гэж дуудуулах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Хүү маань нөгөө өрөөнд сонсож байхаар нь “Чи ингэж болохгүй. Найз нь ор засаад өгье” гэхэд намайг А ы бутач гичий” гээд доромжилж эхэлсэн. Би Х ыг гэрээс гаргах гээд гарнаас нь татахад миний үснээс зулгааж чирж нүүр маажиж, хөлнөөс хазсан. Би зөрүүлэн Х ын үснээс нь зулгааж ноцолдоод шалан дээр хамт унахад манай нөхөр гарж ирээд салгасан. Х ширээн дээр байсан 0,33л хэмжээтэй шилийг авч модон ширээн дээр цохиж хагалсан. Х бид 2 салаад 2 газар сууж байтал пивоны шил аваад миний толгойг цохиж хагалсан. Г.Х ын биед учирсан гэмтэл нь биднийг үсдэлцэж ноцолдоход үүссэн байх гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Шүүгдэгч А.Х гийн “... миний бие найз Х тай зодолдож хөнгөн бэртэл учруулсан гэм буруу дээрээ маргахгүй. Төлбөр нэхэмжлэл байхгүй. Хохирлын хувьд маргаангүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,
Шүүгдэгч Г.Х ын “... найз Х тай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж харилцан зодоон болсон. Иймд өөрийнхөө хийсэн алдаагаа ойлгоод гэмшиж байна. Цаашдаа өөрийгөө хянаж, биеэ барьж, зөв байхыг хичээж байна. Иймээс миний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар энэхүү хэргийг шийдэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-23/, Г.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 24-30, 57-73/, А.Х гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Х , Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч А.Х , Г.Х нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тэдний шүүгдэгчээр өгсөн холбогдсон хэргийн талаараа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрсөддөө холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс ханган шийдвэрлэж, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулснаар А.Х , Г.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Х , Г.Х нарын харилцан хэн хэнийхээ бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч болохын хувьд хэн хэнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, маргаантай зүйл байхгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүх хуралдааны явцад прокуророос шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар шүүгдэгч нар уг саналыг нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Х , Г.Х нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Х , А.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Г.Х нарыг тус бүрийг нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Г.Х нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х , Г.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ