Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 189

 

“Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0177 дугаар магадлалтай, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Баян эрдэнэ хүрд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн “Баян эрдэнэ хүрд” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0177 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар тоот шийдвэрийн манай компанийн Ашигт малмтмалын ашиглалтын 7045А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0177 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахааар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Улаанбаатар хотын Налайх дүүргийн Хуучин 8-р уурхай нэртэй 25 гектар талбайд М\/-7045 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Бул бул” ХХК-д 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдөр олгож, Ашигт малтмалын газрын Кадастрын даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-нд шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар Баян-Эрдэнэ хүрд ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу М\/-7045 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан. Гэтэл тус компаниас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байна.

Ашигт малтмалын газраас амшигт малтмалын ашиглалтын М\/-7045 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-нд кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1688 тоотоор, Кадастын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2529 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

... Давж заалдах шатны шүүх:

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж “...хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хэлбэрийн төдий хүргүүлэх бус зайлшгүй гардуулсан байхыг шаарджээ” гэж буруу дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2010 оны АМТХ-ийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6-д “... “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тодорхой заасны дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй хаягаар дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн байдаг.

Харин нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу өөрийн хаягийн өөрчлөлтөө төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Хоёр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг энэ талаарх мэдэгдлийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал мэдэгдсэний дараа гаргаж байхаар зохицуулсан...” гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэж байгаа нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас үүргээ биелүүлээгүй гэх шалтгааныг үндэслэн төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0177 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК –ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн эзэмшлийн MV-7045 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцласан, нэхэмжлэгч “... манай компанид урьдчилан мэдэгдээгүй, ... тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан ... нь хууль бус” гэж, хариуцагч “... цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг /нэхэмжлэгчийн/ ... кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн, ... хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тул ... тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Налайх дүүргийн “хуучин 8 дугаар уурхай” нэртэй 25 гектар талбайд 7045А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Бул Бул” ХХК-нд олгосон, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уг тусгай зөвшөөрлийг “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”-өөр, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр тус тус заасан байх тул MV-7045 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг түүнийг эзэмшигч хуулийн этгээд жил бүр, түүнийг анх олгогдсон 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч  “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр MV-7045 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн захирал Д.Сашагаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж, “... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ... хуульд заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч” нотолгоо гаргасан боловч тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг ... хугацаанд нь бүрэн төлөөгүй /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл мөн болно.  

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх…”-өөр заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1688 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө /төлөх/, ... /төлөөгүй/ тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах” талаарх үндэслэлийг тодорхой зааж, уг албан тоотыг мөн өдрөө “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн “Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастай, “Эх хөгжил” компанийн байр” гэсэн хаягаар (99793550 дугаар утас), шуудангаар хүргүүлсэн боловч  “заасан хаяг байхгүй” шалтгаанаар буцан ирсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийн санд байгаа “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг хаяг, утасны дугаар бүртгэлтэй байхаас гадна тус компанийн захирал Д.Сашагаас Ашигт малтмалын газрын Кадастрыг хэлтсийн мэдээллийн санд уг хаягийг “албан ёсны харилцах хаяг”-аар өөрөө тодорхойлолт гарган өгч бүртгүүлсэн, компанийн хаяг, байршил өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх”-ээр заасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг, байршил өөрчлөгдсөн талаар хуульд заасан үүргийн хүрээнд төрийн захиргааны байгууллагад зохих ёсоор мэдэгдээгүй бол түүнээс үүсэх үр дагаварыг өөрөө хариуцна.

Өөрөөр хэлбэл, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь өөрийн “Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастай, “Эх хөгжил” компанийн байр” гэх хаяг өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн “мэдэгдэл”-ийг “Баян-Эрдэнэ хүрд” ХХК хүлээн аваагүй явдалд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд төлөөгүй тул “Баян-Эрдэнэ хүрд” ХХК –ийн эзэмшлийн MV-7045 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “...төлбөр төлөх боломжийг хариуцагч олгоогүй”, “...мэдэгдэл хүргүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх зэргээр маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тайлбарлан хэрэглээгүй,  “... мэдэгдэл хүргүүлсэн боловч ... нэхэмжлэгч хүлээн аваагүй байхад ... шууд цуцлах шийдвэр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй”, “... нэхэмжлэгчид хүргэгдэлгүйгээр буцаж ирсэн ... мэдэгдлийг хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэхгүй”,  “... тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хэлбэрийн төдий хүргүүлэх бус зайлшгүй гардуулсан байхыг шаардсан” гэх зэргээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд хариуцагчийн “... шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0177 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн “Баян эрдэнэ хүрд” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА