Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0709

 

 

 

 

 

 

 

 

      “Т о ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “Т о ж” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0639 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Т, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/1027

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т о ж ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-23220000027 дугаар актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 639 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 14.5-д заасныг тус тус баримтлан Т о ж ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан гаргасан Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 алданги бүгд 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий асуудалд харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримт буюу нотлох баримтыг тооцохгүй, үнэлэлгүйгээр орлого олохтой шууд холбоо хамааралтай хасагдах зардлыг эс тооцож татвар ногдуулсан актад гомдол гаргасан.

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно" мөн зүйлийн 13.5. "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно." Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх" гэж тус тус хуульчилсан.

3.2. Анхан шатны шүүх хариуцагч нарын акт болон тайлбарын үндэслэлдээ дурддаг ерөнхий харилцааг зохицуулсан хууль буюу Татварын ерөнхий хуулийн цахим буюу Е баримт байх шаардлагад нийцүүлж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний талаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээхээр орлого олохтой холбоотой гарсан зардлаа тооцуулахаар нэхэж байгаад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. Т о ж компани тээвэр илгээмжийн (карго) компанид төлсөн төлбөрт гаалийн 5%, НӨАТ-ын 10%, тээврийн зардал, үйлчилгээний зардал ашиг шингэсэн төлбөрийг нэгтгэж нийлүүлж төлсөн.

3.3. Анхан шатны шүүх дээрх хуулийн шаардлагад нийцсэн баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцохгүй нөхөн татвар ногдуулж улмаар хариуцлага тооцож алданги торгууль оноож хуулийн этгээдийн эрх ашгийг хохироосон захиргааны актыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож зөвтгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байсаар атал (хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн бичгийн цаасны хайрцагт хийсэн санхүүгийн анхан шатны баримтууд, карго гэрээ, журнал, тайлан, дансны хуулга) байхгүй мэт дурдаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.4. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч татварын алба сүүлд өөрчлөлт орсон ерөнхий зохицуулалтаар зөвхөн е баримтыг тооцож бусад баримт зардлыг үл тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх хариуцагч нарын дахин давтагдашгүй дугаар бүхий цахим баримтаар л зардал тооцно гэх тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагч нар нь албан өрөөнөөсөө цахимаар е баримт хуулж шалгалт явуулж нөхөн татвар ногдуулсан байдаг. Хариуцагч нар нь хуулийн этгээдийн гаргаж өгсөн хуулийн болон олон улсын санхүүгийн стандарт шаарлагад нийцсэн баримтуудыг хүлээн авсан атлаа үнэлж тооцоогүй анхан шатны шүүх ч мөн адил шинжлэн судлаагүй.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6 болон 6.1-д Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн болон Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг иш зааж маргаан бүхий аж ахуйн нэгжийн орлогыг тайлагнаагүй гэж тааж үзээд, буруу дүгнэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Мэдээж нэхэмжлэгч хуулийн этгээд орлого олохтой холбоотой бодит гарсан зардлаа тайлагнаад тэрнээс нь татварын байцаагч нар цахим биш байна гээд акт тавьсан шүү дээ. Нэхэмжлэгч алданги торгуулиас чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй бодиттой гарсан зардлыг тооцоогүй үндэслэлгүй нөхөн татвар ногдуулсанд гомдож нэхэмжлэл гаргасан.

Иймд хууль буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж, алданги торгуулийн хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0639 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөр ногдуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Т о ж ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-23220000027 дугаар актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 6-д 2020 онд 191,401,045.70 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

3.1. Учир нь тус 128/2022/1027/З индекстэй захиргааны хэргийг өмнө шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0054 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгчээс гаргаж өгсөн маргаан бүхий зардлын баримтууд нь тус компанийн дээрх орлогыг олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг шалгаж тогтоох, ...нэхэмжлэгч нь БНХАУ-аас импортоор бараа оруулж ирсэн байх бөгөөд энэ тохиолдолд зардал нотолсон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг шаардах боломжгүй, харин гаалийн татвар төлснийг нотлох баримтыг шаардах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх, ...нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт гаалийн бүрдүүлэлтийн хураамж, холбогдох татвар багтсан эсэх, ачаа тээвэрлэлтийг хариуцсан компани нь гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг төлсөн эсэхийг (ялангуяа цар тахлын хязгаарлалтын үед) тодруулж шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой” хэмээн үзэж тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

3.2. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх тогтоолд заасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр...нэхэмжлэгч компани нь гадаад улсаас импортоор ирж байгаа бараа, техник хэрэгслээ тээвэр илгээмжийн компаниар дамжуулан хүлээн авахаар тохирч төлбөрийг дансаар компани болон захирлын хувь дансаар төлсөн, байгуулсан гэрээ байхгүй, ямар нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн болохыг мэдэхгүй, өөрийн компаний нэрээр гаалийн мэдүүлэг гаргаж, гаалийн татвар төлөөгүй гэж тайлбарлаж байх тул гаалийн байгууллагаас нэхэмжлэгч компаний гаалийн мэдүүлэг гаргасан эсэхийг тодруулах шаардлагагүй, …хэрэгт хавсаргасан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компаний зарлагын болон Эрээн хотын хөдөлгүүр машины бүрэн дэлгүүрээс бараа татав гэх орлогын баримтууд байх боловч нэхэмжлэгч компани нь анхан шатны баримт бүрдүүлэн журналд бичиж, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд анхан шатны шүүхээс “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлээгүй алдааг дахин гаргасан, шүүхийн тогтоолд заасан нотлох баримтыг дутуу цуглуулсан, уг тогтоолд заасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...  2020 онд Ковид-19 цар тахлын улмаас бүх бараа бүтээгдэхүүнийг каргогоор авч байсан, гэтэл гаалийн татвар төлсөн баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, карго компани манай компанийн өмнөөс тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлтийг хийж, гаалийн татвар 5%, нэмэгдсэн өртгийн албан татвар 10%-ийг биднээс шаардсан, мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт гаалийн бүрдүүлэлтийн хураамж, холбогдох татвар багтсан эсэх, ачаа тээвэрлэлтийг хариуцсан компани нь гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг төлсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

5. Тухайлбал, нэхэмжлэгчээс татвар шингэсэн үнээр каргоны төлбөрөө төлж байсан гэж тайлбарлаж байх бөгөөд каргоны захирал н.Н гэх хүний дансанд гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч, тус каргоны компани нь нэхэмжлэгчийн гаалийн бүрдүүлэлтийг хийж, холбогдох татварыг төлсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, гэрчээс мэдүүлэг авах, холбогдох тайлбар, баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж, маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулж, холбогдох дүгнэлтийг өгөх нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

6. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудаас 2018, 2019 онуудад хамаарах баримтуудыг үнэлж, хасагдах зардалд тооцсон гэж тайлбарлаж байх атлаа 2020, 2021 онуудад хамаарах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй буюу Е баримт дахин давтагдашгүй дугаараар баталгаажаагүй тул хасагдах зардалд тооцохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй эсэх, мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн маргаан бүхий зардлын баримтууд нь тус компанийн орлого олохтой холбоотой гарсан зардал мөн эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай.

6.1. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журмыг зохицуулсан ба 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан.

Нэхэмжлэгчээс “...Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч татварын алба сүүлд өөрчлөлт орсон ерөнхий зохицуулалтаар зөвхөн Е баримтыг тооцож бусад баримт зардлыг үл тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй, хариуцагч нар нь хуулийн этгээдийн гаргаж өгсөн хуулийн болон олон улсын санхүүгийн стандарт шаарлагад нийцсэн баримтуудыг хүлээн авсан атлаа үнэлж тооцоогүй” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны зардлын баримтууд нь маргаан бүхий актад дурдсан орлогыг олохтой холбогдож гарсан зардалд тооцогдох эсэхийг шалган тогтоох нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой.

7. Анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0054 дүгээр тогтоол болон тус магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилган “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлсний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

           ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН