Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 965

 

 

 

 

 

  2019           09            26                                            2019/ДШМ/965      

                                        

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Н.Булганчимэг,

            шүүгдэгч Б.Г,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Х.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Гд холбогдох 1811002270252 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн Г, Улаанбаатар хотод 1974 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Асгатын хөх пад” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 179а тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн. /регистрийн дугаар: 000000000/

Б.Г нь “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж Н.Хг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,460,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 2,960,000 төгрөг шилжүүлэн авсан,

“Чех улсын визний цаг авч өгнө” гэж И.Сг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1,970,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

“Испани улсын виз гаргаж өгнө” гэж Л.Чийг хуурч 2017 оны 2 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд нийт 3,182,010 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,

“Шенгений орнуудын виз гаргаж өгнө” гэж З.Еийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 260,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 330,000 төгрөг, нийт 610,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

“Европын орны виз гаргаж өгнө” гэж Ц.М, Б.Хүслэн нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж, 2017 оны 8 дугаар сард тус бүрээс 400,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон нийт 17 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 2,576,000 төгрөгийг гаргуулан хохирогч И.С /ЦГ68101105/-д 985,000 төгрөг, Л.Ч /УР63020701/-т 1,591,000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Хд 2,960,000 төгрөг, И.Сд 985,000 төгрөг, Л.Чт 1,591,000 төгрөг, З.Еөд 610,000 төгрөг, Ц.Мд 400,000 төгрөг, Б.Хд 400,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр гаргахдаа 2017 оны 6-10 сард хохирогч Н.Х, Л.Ч, Ц.М, Хүслэнхүү нарт хохирол учруулсан хэргийг нэгтгэн шийдээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ талаар надаас асууж байсан атлаа яагаад эрх зүйн байдлыг дордуулж өмнөх 1 жил хорих ял дээр, 2 жилийн хорих ялыг нэмж, 3 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Ар гэрт маань бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нялх биетэй үлдсэн учир ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Ийм үед гэмт хэрэг үйлдэн ял авсандаа туйлын их харамсаж байна. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага ял болох 6 сар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

            Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. 4 хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан, 2 хохирогчийн хохирлын 50 хувийг төлж, үлдсэнийг төлөхөө илэрхийлж, эвлэрсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

            Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г нь бусдад учруулсан хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү.

            Өөрт нь залилан мэхлэх санаа, зорилго байгаагүй. Чин санаанаасаа визийг гаргаж өгөхөөр зүтгэсэн боловч янз бүрийн шалтгааны улмаас бүтээгүй. Урьд нь эдгээр хүмүүсийн ах, дүү нарт виз гаргаж өгсөн учраас тэднээр дамжуулж холбогдсон байдаг. Виз гарахгүй удсан, хүмүүсийг хохироосондоо гэмшиж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй гэж амалсан. Ар гэрт нь 70 гарсан эцэг, эх хоёр нь зүрхний шигдээс, даралт, сахарын өвчин хүндэрсэн, эхнэр нь төрөөд удаагүй нялх биетэй, хүүхэд нь тархины даралттай, эдгээр хүмүүсийг харж хандах хүнгүй байгааг харгалзан үзнэ үү ...” гэв.

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд хохирол төлбөр болох 13.519.538 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 12, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрүүдэд шинээр “виз гаргаж өгнө” гэж бусдыг залилсан гэмт хэрэг дахин үйлдсэн. мөн 2017 оны 2 дугаар сар, 8-11 сардуудад үйлдсэн гэмт хэргийн талаар хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үед дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял нэмж нэгтгэхээр хуульчилсан тул Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд Б.Г-ийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын хуралдаан болохоос өмнө хохирол төлбөр төлөхтэй холбогдуулж 5 хоногийн завсарлага авсны дараа хохирогч нарт хохирол төлбөр төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэх баримтыг гаргаж өгч байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь тухайн үед Б.Гд тэнсэх албадлын арга хэмжээ хэрэглэхдээ хохирол төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэсэн байсан. Гэтэл анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх үед өмнөх шийтгэх тогтоол биелэгдээгүй буюу төлбөр барагдуулаагүй байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэх баримтад хохирол төлбөр дуусгавар болсон эсэх, эсхүл тэнсэх албадлагын арга хэмжээ дуусгавар болж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн Б.Г нь дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Г нь “Солонгос, Чех, Испани зэрэг улсууд болон Европын холбоо, Шенгений гэрээт орнуудад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч хохирогч Л.Чээс 2017 оны 2 дугаар сараас 8 дугаар сарын хооронд нийт 3,182,010 төгрөг, хохирогч Ц.М, Б.Х нараас 2017 оны 8 дугаар сард тус бүр 400,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөг, хохирогч Н.Хгээс 2017 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийт 2,960,000 төгрөг, хохирогч З.Еөөс 2018 оны 6 дугаар сарын 12, 30-ны өдрүүдэд нийт 610,000 төгрөг, хохирогч И.Сгаас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1,970,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Хгийн “... Б.Г “виз гаргаж байгаа, эхлээд 1,000 ам.доллар өгчих гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Г-ийн 5023056575 дугаарын данс руу 2,460,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш ... “Солонгос улсын элчингийн хүн мөнгө хараад байна, 500,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд таг болчихсон, залгахаар утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй. Сүүлдээ мөнгөө авахаар гуйж үзлээ. Ерөөсөө тоохгүй байхаар нь цагдаад хандсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 15-16, 144/,

шүүгдэгч Б.Г-ийн эзэмшдэг Хаан банкны 5023056575 тоот дансанд “Хосхүү-с визний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатай гүйлгээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,460,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /1-р хх 49/,

хохирогч И.Сгийн “... Би танил Б.Г гэх хүнд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Туул рестораны 1 дүгээр давхарт байрладаг кафед хамт сууж байгаад Чех улсын элчингийн цаг авахуулах зорилгоор өөрийн дүү нарынхаа Чех улсад ажиллах гэрээний хуулбар, гадаад паспортын хуулбар болон 1,970,000 төгрөгийг өгсөн боловч тухайн өдрөөс хойш утсаа салгаад холбогдохгүй алга болсон учир цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 91-93/,

хохирогч И.Сгийн эзэмшдэг Хаан банкны 5018586215 тоот данснаас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Г-ийн эзэмшдэг Хаан банкны 5023056575 тоот дансанд 1,970,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /1-р хх 91-92/,

хохирогч Л.Чийн “... Манай охин Эрдэнзаяа “Ган-Эрдэнэ гэдэг залуу Швед улс руу нилээн хэдэн хүн гаргаж байсан гэнэ, та уулзаад визээ гаргуул” гэж хэлсэн... Ган-Эрдэнэ над руу хоёр ч удаа залгасан ... эхэлж надаас 500 евро, ... 140,000 төгрөг бэлнээр авсан, “Банкны баталгаа гаргана” гэж 60 еврог монгол мөнгөөр 364,000 төгрөгөөр бодож Ган-Эрдэнийн Хаан банкны 5023056475 дугаартай дансанд шилжүүлсэн, ... “Орос улс руу явж визэнд оруулахаар боллоо, зардал” гэж 200,000 төгрөг шилжүүлэн авсан ... “онгоцны билетийн мөнгө” гэхээр нь “эгчид нь тийм их мөнгө байхгүй, 1,000,000 төгрөг байна” гэхэд “наадахаа шилжүүлчих” гээд авсан... Дараа нь миний утас руу “та 10 дугаар сарын 12-нд визэнд орохоор болсон” гэсэн зурвас ирүүлээд, түүнээс хойш утсаа авахгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх 169-170/,

шүүгдэгч Б.Г-ийн эзэмшдэг Хаан банкны 5023056575 тоот дансанд  хохирогч Л.Чээс шилжүүлсэн бэлэн мөнгөний баримтууд /1-р хх 165/,

хохирогч З.Еийн “... Фейсбүүкээс “Шенгений орны виз гаргана” гэсэн зарын дагуу 88947773 гэсэн дугаартай утсаар Ганаа гэдэг хүнтэй холбогдож Швед улсын виз гаргуулахаар болсон ... “Бээжин хотод очиж ярилцлаганд оруулах замын зардал 610,000 төгрөг  шилжүүл” гэхээр нь би 280,000 төгрөг, 330,000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн. Тэгээд Ган-Эрдэнийн дүү гэх залуу залгаад манай эхнэр бид хоёрын гадаад паспорт, дансны хуулга зэргийг аваад явсан юм. Тэр үеэс хойш удаа дараа худлаа хэлж, залилаад байгаа ...” гэх мэдүүлэг /2-р хх 11-12/,

шүүгдэгч Б.Г-ийн эзэмшдэг Хаан банкны 5023056575 тоот дансанд “Ерөөлт-с” гэсэн утгатай гүйлгээгээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 260,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 330,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2-р хх 42-43/,

хохирогч Ц.Мын “... 2018 оны 8 дугаар сард Европын орны виз гаргаж өгдөг гэж таньдаг хүнээрээ дамжуулан Ган-Эрдэнэтэй уулзсан. Тэгээд 2-3 удаа уулзаж бичиг баримт, мөнгө өгсөн. “Эхний ээлжинд 400,000 төгрөг визэнд ороход даатгал хийгддэг” гээд авсан. Түүнээс хойш ойр ойрхон ярьсан, 9 дүгээр сард “виз чинь өнөө маргаашгүй гарна, мөнгөө бэлдээд байж бай” гэсэн. 10 дугаар сард Баянхонгор аймагт ажилтай явж байхад “виз чинь 5 дахь өдөр гарна, хотод хүрээд ир” гэсэн боловч уулзаагүй. Түүнээс хойш утсаа  авахгүй алга болсон ...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/,

хохирогч Б.Хгийн “... 2017 оны 8 дугаар сард гадаад явах зорилгоор Европын орны виз гаргаж өгдөг гэх Ган-Эрдэнийн утсыг таньдаг хүнээсээ олж авч уулзаж 400,000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа утсаар ярихад “хүлээж бай” гэсэн. Түүнээс хойш гар утсаа авахаа байсан ...” гэх мэдүүлэг /2-р хх 100/,

Шүүгдэгч Б.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх 34-35, 105-106, 179-180, 2-р хх 27-28, 108-109/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь гадаад улс орнуудын виз олголттой холбоотой ажил, хөдөлмөр эрхэлдэггүй атлаа “Виз гаргана”, “Элчингийн ярилцлагын цаг авч өгнө” гэх зэргээр удаа дараагийн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Тэрээр өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсний дараа 2018 оны 6 дугаар сард хохирогч З.Еийг, 2018 оны 8 дугаар сард хохирогч И.Сг залилан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Г 2017 оны 8 сард хохирогч Л.Ч, Ц.М, Б.Х нарыг, 2017 оны 11 дүгээр сард хохирогч Н.Хг залилсан гэмт хэргүүд үйлдсэн нь өмнөх шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн учраас 2018 оны 6, 8 дугаар сард шинээр үйлдсэн гэмт хэргүүдтэй нь нэгтгэн шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөөгүй байна.   

Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтуудыг хорих ял оногдуулахгүйгээр хэрэглэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч албадлагын арга хэмжээгээр хүлээсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах асуудлыг дахин хэлэлцэхээр журамласан байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гд хорих ял оногдуулж, улмаар хорих ялыг тэнсэж хуулийг буруу хэрэглэсэн хэдий ч энэхүү шийтгэх тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсноос шалтгаалж шүүхийн алдааг зөвтгөх, залруулах боломжгүй болжээ. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нийт 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна. Тэрээр өмнө нь “Виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч 15,240,538 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс тэнссэн хугацаанд дахин энэ аргаар бусдыг залилан эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... Хэргийг нэгтгэн шийдээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгатай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                                              Д.ОЮУНЧУЛУУН

 

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН