Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2018/00840/И |
Дугаар | 130/ШШ2019/00103 |
Огноо | 2019-02-14 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2019/00103
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, РД:****** “А” ХХК (захирал А.К, утас *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х газар (дарга Б.С, утас ******)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” ХХК-ний захирал А.К, хариуцагч Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гэрч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 1486600 төгрөг, алданги 743300 төгрөг бүгд 2229900 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч “А” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, миний хувийн өмч болох “С” төвөөс 270 кв.м талбайтай байрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сарын хөлс 2900000 төгрөгөөр түрээсэлж, гэрээ байгуулсан юм. Гэвч түрээсийн төлбөрийг сар болгон төлж байсан ба 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 1486600 төгрөгийг дутуу төлж, 2018 онд барагдуулж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Мөн гэрээнд түрээсийн төлбөрийг хожимдуулсан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн өдөр бүрийн төлбөрөөс 20% алданги төлөхөөр заасан. Хэрэв 20%-ийн алданги төлбөл 2018 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 12-ны хүртэл 341 хоногт өдөр бүрийн 20%-ийн хөлсний төлбөрт 9910 төгрөг болох юм байна. Тэгэхээр 341 хоногийг 9910 төгрөгөөр үржүүлэхэд зөвхөн алдангид 3379310 төгрөг төлөх ёстой болж байна. Гэвч хуульд алданги нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх заалттай тул 1486600 төгрөгийн 50% нь болох алданги 743300 төгрөг, байрны дутуу төлсөн 1486600 төгрөг нийт 2229900 төгрөгийг Х газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х газрын дарга Б.С шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Тус газар нь “А” ХХК-ны захирал А.Ктай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Байр түрээслэх 18 дугаартай гэрээ байгуулсан юм. Түрээсний байрны хөлс нэг сард 2900000 төгрөгөөр тохиролцсон юм. Тэгээд тус газар нь гэрээ ёсоор 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал сар бүр 2900000 төгрөгийг бүрэн төлж байсан юм. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1703 дугаартай албан бичгээр 2017 оны 12 сард тус газрын байрны түрээсийн зардлыг 110154 мянган төгрөгөөр бууруулан тогтоосон юм. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 11 сард өөрчлөлт орсон төсвийн хуваарилалтаар батлагдаж байна. Тус байгууллага нь босоо удирдлагатай байгууллага ба манай байгууллагын үйл ажиллагааны төсвийн зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас баталж өгсөн учраас манай байгууллагаас үл хамаарах шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан юм. Иймд “А” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ
Нэхэмжлэгч “А” ХХК-ний захирал А.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би А компанийн өмнөөс 2016 оны 10 дугаар сараас эхэлнэ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт байраа түрээсэлсэн байсан. 2017 оны жилийн эцсээр 12 дугаар сарын түрээсийн төлбөрөө дутуу төлсөн байгаа. Дутуу төлөхдөө 2900000 төгрөгөөс 1015400 төгрөгийг жилийн эцэст шилжиж үлдсэн мөнгийг төсөв хүрээгүй учраас дараа нь өгнө гэж байсан. 2018 оны 6 дугаар сард манай байрнаас гарахдаа 400000 төгрөг өгч дутуу үлдсэн 1484600 төгрөгийг удаа дараа шаардаж байхад авч хэлэлцээгүй учраас шүүхэд хандсан. Ийм миний бие алданги нэхэмжлэхгүй зөвхөн үлдсэн мөнгө нь 1484600 төгрөгийг л нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 2016 оны 8 сард шинээр байгуулагдсан. Хөдөлмөр, халамжийн хэлтэс гэж хоёр өөр байгууллагад үйл ажиллагаа явуулж байгаад Б.С дарга томилогдохоор 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С төвд очиж байр түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тэнд 20 сар гаруй байсан. Гэрээгээр түрээсийн байрны нэр сарын түрээс 2900000 төгрөгөөр тохирсон байсан. Түрээслэгч түрээсийн байрны хөлснөөс гадна цахилгааны төлбөрийн түрээсийг түрээслүүлэгч тал төлөхөөр гэрээ байгуулсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллага өөрөө төсөвт байгууллага өнгөрсөн жилийн тооцоогоор 48900000 төгрөг төлсөн байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 1/1703 дугаартай албан бичгээр 12 дугаар сард тус газрын түрээсийн зардлыг 1115400 төгрөгөөр бууруулан тогтоосон байгаа. Ерөнхий газраас 2017 оны 12 сард өөрчлөлт орсон төсвийн хуваариар батлагдаж байгаа. Х газрын бүх төсөв дээрээс ирдэг. Баталж өгсөн төсвийн дагуу зардлыг тусгаарлаж явах ёстой. 2017 оны 12 дугаар сард дутуу төлөлт гарсан байгаа. Тухайн үед үйл ажиллагааны ня-бо К захиралд мэдэгдэж байсан. Тийм учраас өнөөдөр нөхөн төлөх санхүүгийн боломж байхгүй. Гэрээнд биелэгдэхгүй байгаа шалтгаан асуудал гарвал түрээслүүлэгч талд мэдэгдэхээр заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Х газарт холбогдуулж анх 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 1486600 төгрөг, алданги 743300 төгрөг бүгд 2229900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөвхөн 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 1486600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч “А” ХХК-нийг төлөөлж тус компанийн захирал А.К, хариуцагч Х газрыг төлөөлж тус газрын дарга Б.С нар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 дугаартай “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ” байгуулсан байна. Энэхүү гэрээний 1.1.-д “түрээслүүлэгч С төвийн 270 кв.м талбайтай байрыг түрээслэгч шилжүүлэн”, 2.1-д “түрээсний байрны байрны хөлс нэг сард 2900000 төгрөг байна” гэж тохиролцсон байна.
Хариуцагч Х газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төсвийн байгууллага, өөрийн гэсэн албаны байргүй тул тухайн байрыг ашгийн төлөө ашиглаагүй төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор албаны байрны зориулалтаар ашигласан гэдэгт талууд маргахгүй байна.
Иймд зохигчид энэхүү гэрээгээ “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын өгсөн тайлбараар уг гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан “эд хөрөнгө хөлслөх гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.
Хариуцагч Х газар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байрны хөлс нэг сард 2900000 төгрөгийг гэрээний дагуу төлж байсан гэдэгт талууд маргаагүй болно.
Хариуцагч талаас гаргаж өгсөн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2017 оны 11 дүгээр сарын 1/1703 дугаартай “Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтэст” гэж хаягласан албан бичигт: 2017 оны 11 сард төсөвт тодотгол хийгдсэн мөн төсвийн сар улирлын хуваарьт зардал хооронд шилжүүлэн өөрчлөлт орсон тул төсвийн хуваарийг баталгаажуулан хүргүүлэв гэсэн байна.
Энэхүү 2017 оны 11 сард орсон төсвийн хуваарилалтад: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрны түрээсийн төлбөр нь 01-11 саруудад сар болгон 2900000 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сард 1015400 төгрөгөөр батлагдсан байна.
Энэ талаар хариуцагч байгууллагын ня-бо шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.М нэхэмжлэгч талд амаар мэдэгдсэн гэх боловч хэрхэн тохиролцсон тухай нотлох баримт байхгүй байна. Мөн дээрх 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 дугаартай “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-ний 9.1-д заасны дагуу талууд зөвшилцөж гэрээний хавсралт үйлдээгүй байна.
Гэрч Ж.М-ын мэдүүлгээр 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр гэж төсөвт тусгасан 1015400 төгрөг болон нэмж 400000 төгрөг бүгд 1415400 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн ба үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.
Энэхүү гэрээний дагуу төлөх ёстой 2017 оны 12 сарын түрээсийн мөнгө 2900000 төгрөгөөс урьдчилан бэлэн төлсөн 1415400 төгрөгийг хасаж тооцоход дутуу 1484600 төлөөгүй болох нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №16 дугаартай “Нэхэмжлэх”-тэй болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай тус тус тохирч байна.
Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байрны дутуу төлсөн мөнгө 1484600 төгрөг гэснийг 1486600 төгрөг гэж техникийн алдаатай бичигдсэн гэж үзлээ.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Хгазар байрны хөлсний мөнгөний үлдэгдэл 1484600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээс алданги 743300 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул алдангитай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50650 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38704 төгрөгийг хариуцагч Хгазар гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Х газар байрны хөлсний мөнгөний үлдэгдэл 1484600 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс алданги 743300 /долоон зуун дөчин гурван мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50650 (тавин мянга зургаан зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38704 (гучин найман мянга долоон зуун дөрвөн) төгрөгийг хариуцагч Хгазар гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК