Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2019/00033/И |
Дугаар | 00549 |
Огноо | 2019-03-04 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 00549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 9 хаягт байрлах Ц ХХК-д холбогдох
Татварын өр 47,110,861.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Туяасайхан, хариуцагчийн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ХХК нь 2006 оны 10 сарын 1-ний өдөр улсын бүртгэлд 2543273 регистрийн дугаартай, барилгын захиалагчийн ажлыг гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн. Тус компанийн өр төлбөр нь: 2016 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 20,958,144.5 төгрөгийг, 2017 оны 4-р улирлын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 20,076,588 төгрөгийг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварын тайлангаар 40,576,129.2 төгрөгийг нийтдээ 81,610,861.7 төгрөгийн албан татварыг төлүүлэхээр тогтоосноос 34,500,000 /2017,2018 онд/ төгрөгийн татварыг төлж барагдуулан, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 47,110,861.7 төгрөгийн татварын өртэй байсан. Татварын баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн Голомт, Хас, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь харилцах дансыг 2018 оны 6 сарын 15-ны өдөр 315/000125 тоот мэдэгдэх хуудас хүргүүлэн хаасан боловч татварын өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд “Цаст импекс” компанийн захирал болон ажилтнууд нь татварын албан дээр удаа дараалан дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, утсаа огт авахгүй байх зэрэг хүндрэлүүд гарч байгаа тул барагдуулах боломжгүй байна. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн заалт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу Ц ХХК-д холбогдуулан нийт 47,110,861.7 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварт 2,557,444.9 төгрөг, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5,000,000 төгрөг, 2019 оны 2 сарын 1-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварт 10,000,000 төгрөг, нийт 17,557,444.9 төгрөгийг төлж татварын өрийн үлдэгдэл 29,553,416.8 төгрөг болсон тул Ц ХХК-аас татварын өр 29,553,416.8 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн татварын газрын тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцан хариу тайлбар гаргаж байна. Тус компани нь улс орны эдийн засгийн байдал, валютын ханшийн өсөлтөөс хамааран 2015-2016 онуудаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж, татварын өр хуримтлагдан хугацаандаа төлөх боломжгүй болсон байдаг юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан тус компани нь 2016 оноос хойш үйл ажиллагаа ийнхүү явуулахгүй байгаа хэдий ч нийт төлбөл зохих үүссэн өр төлбөрөөс 2017, 2018 онуудад 35,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан байгаа нь төлөхийг хичээн эрмэлзэж буйг илэрхийлэх болно. Нэгэнт үйл ажиллагаа явуулахгүй болсон, өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр зогссон нь санхүүгийн хямралын шалтгаан болж, улмаар үүнд хамаарах хууль шүүхийн маргааны зэрэг үйл байдлуудаас үйл ажиллагаа зогсон, өнөөг хүртэл татварын өрийг төлөөгүй, төлж чадахгүй нөхцөл болсон тухайд татварын байгууллагад тайлбар мэдээллээ тухайн үед нь өгч байсан билээ. Энэ дагуу Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан зарим тодорхой ажиллагаа хийгдсэн, компани үйл ажиллагаа байхгүйгээс банкаар орлого орохгүйгээс татварын төлөлт хийгдээгүй бөгөөд бусад байдлаар өр төлбөрийг барагдуулахаар хамтран ажиллах эрмэлзэл байсаар ирсэн, тус байгууллагаас өөр ажиллагаа хийгдээгүй, хамтран ажиллаагүй ба бид зайлсхийж зугтаасан зүйлгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т заасанчлан шүүхэд хандах нөхцөл байдал үүсээгүй, үүсэх үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс 2018 оны 11 сарын 30-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэгч тал нэхэмжилсэн дүнгээс хасаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаанууд хийгдээгүй, хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилоогүй, 66 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан татварын өр 47,110,861.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Ц ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын өрнөөс 17,557,444.9 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29,553,416.8 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа нэхэмжилж буй татварын мөнгөн дүнгийн хэмжээнд маргаагүй боловч нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэсэн тайлбарыг гаргасан бол хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээ нь ойлгомжгүй байхын зэрэгцээ, 2018 оны 11 сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжилж буй дүнгээс хасаагүй, мөн Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дахь заалтад “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу хариуцагч Ц ХХК-аас хугацаанд нь төлөөгүй татварын өрийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ц ХХК нь 2018 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын 6,791,556.5 төгрөгийн, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 12,243,176 төгрөгийн, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварын 28,076,129.2 төгрөгийн, нийт 47,110,861.7 төгрөгийн татварын өртэй байсан болох нь нэхэмжлэгч байгууллагын татварын улсын байцаагчийн гаргасан тооцоолол /хх-10 тал/, Ц ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирал, 2018 оны 3 дугаар улирлын “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” /хх-12-17 тал/, 2017 оны “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан” /хх-18,19 тал/, 2016 оны 12 сар, 2018 оны 10 сарын тайлант хугацаанд хамаарах “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан” /хх-20-27 тал/-гаар тус тус тогтоогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Ц ХХК нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварт 2,557,444.9 төгрөг /хх-55 тал/, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5,000,000 төгрөг /хх-57 тал/, 2019 оны 2 сарын 1-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварт 10,000,000 төгрөг /хх-56 тал/, нийт 17,557,444.9 төгрөгийг төлж татварын өрийн үлдэгдэл нь 29,553,416.8 төгрөг болсон байна.
Хариуцагч нь 2018 оны 11 сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжилсэн дүнгээс хасагдах ёстой гэсэн тайлбарыг гаргаж байх боловч уг 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахдаа хийсэн тооцоолол буюу 2018 оны 12 сарын 4-ний өдрийн татварын өрийн тооцоолол хийгдэхээс өмнө төлсөн байх тул 2018 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар тооцоолон нэхэмжилж буй дүнгээс уг 1,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дахь заалтад “Татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-аас татварын өрийн үлдэгдэл 29,553,416.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн татварын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна..
Хариуцагч нь татварын байгууллагын зүгээс Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаанууд хийгдээгүй, мөн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилоогүй, 66 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Ц ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл /хх-28 тал/, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-29 тал/, татварын албанаас банкны байгууллагуудад хүргүүлсэн мэдэгдэх хуудас /хх-30-33 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан ажиллагааны хувьд хариуцагчийн эд хөрөнгийн лавлагаа /хх-8,9 тал/-г гаргуулах ажиллагаа хийгдсэн байх ба Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь заалтад зааснаар эд хөрөнгөнөөс татварын өрийг гаргуулах ажиллагааг хийхэд барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг төсвийн орлогод оруулах ажиллагаа хийгдэх бөгөөд хариуцагчийн зүгээс энэ тал дээр татварын байгууллагатай тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн зүгээс энэ тал дээр татварын байгууллагатай тохиролцоогүй тохиолдолд дээрх ажиллагааг хийх боломжгүй тул хариуцагчийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилоогүй, 66 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ц ХХК-аас хугацаанд нь төлөөгүй татварын өрийн үлдэгдэл 29,553,416.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн татварын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305,717 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР