Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Ц.А-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: П.Э-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Зээлдэгч П.Э нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж бэлнээр авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойгоор барьцааны гэрээ байгуулсан. Үүнд: П.Эын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 26.1 м2 2 өрөө орон сууцны зориулалттай 000 гэрчилгээтэй Ү-22 улсын дугаартай ул хөдлөх эд хөрөнгө, Г.Э-ын эзэмшлийн 000 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1,435 м2, 18 нэгж талбарын дугаартай газар зэргийг барьцаалан зээл авсан болно. Зээл барьцааны гэрээний гол нөхцөл буюу зээлийн гэрээний 4-т заасны дагуу Уг мөнгийг хугацаанд нь ямар ч маргаангүй төлж дуусгана гэсэн боловч хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч энэ хугацаанд П.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэг ч төгрөг зээлэндээ төлөөгүй. Мөн гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардсан боловч арга хэмжээ авахгүй байсан нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, түүний хүү 1,500,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөгийг нийт дүнгээр нь нэхэмжлэх үндэслэл болж байна. Иймд Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч намайг бүрэн хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч П.Э, түүний төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Аын нэхэмжилсэн 46,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 15,000,000 төгрөг л хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул 31,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний 30,000,000 төгрөгийг хэдийгээр П.Э бэлнээр авсан хэдий ч уг мөнгийг Г.Э-ын хамт 15,000,000 төгрөгөөр хувааж авсан. Тиймээс 15,000,000 төгрөгт оногдох хүү, алдангийг хүлээн зөвшөөрдөг. Зээлийн зүйлийг П.Эт шилжүүлж өгсөнөөрөө, П.Энь дангаараа зээлийг хариуцана гэсэн үг биш. Зээлийн болон барьцааны гэрээнд Г.Э, П.Э нарын гарын үсэг байдаг. Хоёулаа зээлдэгчид. Хэрвээ Г.Э гэдэг хүн энэ зээлийн гэрээний 15,000,000 төгрөгийг аваагүй юм бол яагаад гарын үсэг зурсан юм. Г.Эын эрх ашиг яалтчгүй хөндөгдөж байна. Хэрвээ зээлийн зүйлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөс хангагдах асуудал яригдана. Тиймээс Г.Эыг зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч П.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч талаас ...хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийн хамт тооцож шаардана, хариуцагч талаас ...гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрнө, харин 15,000,000 төгрөг, түүний хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг тус тус гарган маргадаг. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зээл болон барьцааны гэрээг /хх 4-5/ хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан, гарын үсэг зурцгаасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хийсэн гэж үзнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба энэ талаар талууд маргадаггүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлиийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу зээлийн харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй. Дээрх зээлийн гэрээний үүрэг болох хүү, алдангийн талаар талууд гэрээндээ тусгасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын /алданги, торгууль/ гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгчээр П.Э, Г.Э нар гарын үсэг зурж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, зээл 30,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч тал зээлийн үүргийг П.Эаас шаардаж байгаа нь түүнд хуулиар олгогдсон сонгох эрх байх ба энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.А нь П.Эаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нь хуульд нийцнэ. Хариуцагч П.Эбуюу зээлдэгч нь зээлийн төлөлт огт хийгээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй ба энэ талаар маргаагүй. Зээлдэгч нь шилжүүлэн авсан 30,000,000 төгрөгийг, зээл ашигласан хугацааны төлбөр болох хүү 1,500,000 төгрөгийн хамт гэрээнд заасан хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талаас хугацаа хэтэрсэн хоногт тооцогдох алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул үндсэн зээлийн 50 хувиар тооцон 15,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн гэх тайлбар хуулийн үндэслэлтэй, энэ талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан болно. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч нь хамтран зээлдэгчтэй холбон тайлбарладаг ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хамтран зээлдэгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хариуцагч П.Эын шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Эаас зээлийн гэрээний үүрэгт 46,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аод олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 390,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,450 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |