Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0724

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МЭИ” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар;

 

Нэхэмжлэгч: “МЭИ” ХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “МХТ” ХХК

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0650 дугаар шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2021/0876/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МЭИ” ХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх, эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “МЭИ” ХК-ийн ашиглаж эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, “МЭИ” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/45* дугаар захирамжийн хавсралтад дурдсан “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0650 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн

1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МЭИ” ХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын газар ашиглах, эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “МЭИ” ХК-ийн ашиглаж, эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “МЭИ” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 32 дугаар зүйл, 33 дугар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/45Х дугаар захирамжийн хавсралтад дурдсан “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/45Х дугаар захирамжийн хавсралтад дурдсан “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нараас давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүх “МЭИ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн Нийслэлийн засаг даргын газар эзэмших, ашиглах эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “МЭИ” ХК-ийн ашиглаж, эзэмшиж байсан одоо байгаа 22820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авхаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн засаг даргын 1997 оны 07 сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-13* дугаар захирамжийн хавсралтаар 27340 м.кв талбай бүхий газрыг “МЭИ” ХК-д ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай шийдвэр гарсан. “МЭИ” ХК-д Нийслэлийн засаг даргын 1997 оны 07 сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-13* дугаар захирамжийн “МХ” ХК-д 27340 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэр цуцлагдаагүй байхад 1999 оны 10 сарын 07-ны өдрийн Нийслэлийн засаг даргын Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай А-21* дугаар захирамжаар тус компанийн 27340 м.кв талбай бүхий газрыг Ц.А-д шилжүүлсэн мэтээр газрыг давхцуулан олгосон байдаг юм.

3.2. 1999 оны 10 сарын 07-ны өдрийн Нийслэлийн засаг даргын “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-21* дугаар захирамжаар тус компанийн 27340 м.кв талбай бүхий газрыг Ц.А-д шилжүүлсэн байгаа юм. Нийслэлийн засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай шийдвэртэй газарт Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2002 оны 04 сарын 08-ны өдрийн Б/3* тоот газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах тухай захирамжийн гуравдугаар хавсралтаар Ц.А-ы газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийн хугацааг 4 жилийн хугацаагаар сунгаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2002 оны 06 сарын 03-ны өдрийн Б/5* тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 2* дугаар хороонд байрлах 27340 м.кв талбай бүхий газрыг иргэн Т.Ц-д ашиглуулах, эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Т.Ц-д газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байгаа юм.

3.2.1. Нэгдүгээрт 1997 оны 07 сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-13* дугаар захирамжийн хавсралтаар “МЭИ” ХК-д 27340 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр Нийслэлийн засаг даргын захирамжтай газарт Сонгинохайрхан дүүргийн засаг дарга газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан, Ц.А-д газар эзэмшүүлэх ашиглуулах эрх олгосон хууль ёсны шийдвэр гаргаагүй байж гэрчилгээ олгосон /хэргийн баримтууд дунд Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2002 оны 06 сарын 03-ны өдрийн Б/5* тоот захирамжид Т.Ц-ийн нэр байхгүй/ Ц.А нь “МЭИ” ХК-ийн ашиглаж, эзэмшиж байсан газрыг хууль бусаар газар ашиглах, эзэмших эрхийг шилжүүлж авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2006 оны 09 сарын 07-ны едрийн 43* дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 12 сарын 23-ны өдрийн 361 дугаар магадлалаар хэвээр үлдээж байсан. Энэ шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.

3.2.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дараах баримтуудад дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал: Нийслэлийн засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай шийдвэртэй газарт Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2002 оны 04 сарын 08-ны өдрийн Б/3* тоот газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах тухай захирамжийн гуравдугаар хавсралтаар Ц.А-ы газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийн хугацааг 4 жилийн хугацаагаар сунгаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2002 оны 06 сарын 03-ны өдрийн Б/5* тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 2* дугаар хороонд байрлах 27340 м.кв талбай бүхий газрыг иргэн Т.Ц-д ашиглуулах, эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Т.Ц-д газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байдаг ба “МХ” ХХК-д газар ашиглах, эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын болон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын ямарч захирамж байхгүй бегеед газар ашиглуулах, эзэмшүүлэх захирамж гараагүй захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Нийслэлийн Засаг дарга “МХ” ХХК-д газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгосон захирамж гараагүй байхад Нийслэлйн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар “МХ” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгасныг Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 сарын 06-ны өдрийн А/44* дугаар захирамжаар “МХ” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 67* дугаар захирамжийн “МХ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон.

3.2.3. Шүүхийн 2008 оны 10 сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг өнөөдөр хүртэл биелүүлэхгүй байхад “МХ” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа 22820 м.кв талбай бүхий газрыг “МЭИ” ХХК эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 0650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “МХ” ХХК-ийн одоо хууль бусаар эзэмшиж байгаа 22820 м.кв талбай бүхий газрыг “МЭИ” ХК эзэмших эрхтэй болохыг тогтоохоор өөрчлөлт оруулж өгнө үү.

3.2.4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8-р сарын 28-ны 0650 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн хоёрдугаар заалтыг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч: “МЭИ” ХК Нийслэлийн засаг даргад гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг тодруулвал: 2018 оны 11 дүгээр сарын 29-ний анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр магадлал, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолын шийдвэрүүд огт биелээгүй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр тус компанийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/646 дугаар тоотоор гүйцэтгэх хуудсыг хаасан. Гуравдагч этгээд нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газрыг одоо хүртэл ашиглаж байна. Хариуцагчаас хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж газрын тухай хуулийн 21.2, 31.1, 33.1, 60.1 тус заасан үүргээ санаатайгаар татгалзсан нь шударга бус үйлдэл болсон. Нийслэлийн засаг дарга нь хууль ёсоор эзэмшиж байсан уг газрыг олон удаа бусдад хууль бусаар шилжүүлж “МЭИ” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгааг таслан зогсоож нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-р заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч “МЭИ” ХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан анх “МЭИ” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх, эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “МЭИ” ХК-ийн ашиглаж эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/45* дугаар захирамжийн хавсралтад дурдсан “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн байна. /4-р хх-ийн 106, 107 дахь талд/

3. Хэргийн үйл баримтын тухайд товч дурдвал,

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “МЭИ” ХК нь анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А/13* дугаар захирамжаар 27.3 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар мөн Засаг даргын 1999 оны А-21* дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс компаниас Ц.А-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны Б/5* дүгээр захирамжаар Ц.А-аас Т.Ц-д, мөн нийслэлийн Засаг даргын 2006 оны 43* дүгээр захирамжаар Т.Ц-ээс “МХТ” ХХК-д газар эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн үеэс газрын маргаан үүссэн байна.

3.2. Үүний дараа нийслэлийн Засаг дарга 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 67*, 2013 оны А/44* дугаар захирамжаар болон мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/45Х дугаар захирамжаар гуравдагч этгээд “МХТ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатай сунгаж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000187109 дугаар гэрчилгээ олгожээ.

5. Хууль зүйн үндэслэлийн талаар,

5.1. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх, эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “МЭИ” ХК-ийн ашиглаж эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.2. “МЭИ” ХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдох “...“МЭИ” ХК-д 22,820 м.кв газрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 2* дугаар хороо, Толгойт **/А хаягт байрлах үлдэгдэл 22,820 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт гуравдагч этгээд “МХТ” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/6* тоот захирамжийг хүчингүй болгуулах, “МХТ” ХХК-ийг 27,340 м.кв газрыг хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27,340 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” тухай бие даасан шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.3 Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “МЭИ” ХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын газар ашиглах, эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “МЭИ” ХК-ийн ашиглаж, эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцжээ.

5.4. Тодруулбал, нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй “Нийслэлийн Засаг даргын газар ашиглуулах, эзэмшүүлэх, эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “МЭИ” ХК-ийн ашиглаж эзэмшиж байсан одоо байгаа 22,820 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт ... дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй.

6. Нэхэмжлэгчийн ““МЭИ” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасны дагуу хариуцагч нийслэлийн Засаг дарга нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2018 оны А/6* дугаар захирамжаар “МЭИ” ХК-д аж ахуйн зориулалтаар 3820 м.кв, конторын зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ талуудын маргаж буй 27,340 м.кв газраас 4520 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

6.2. Гэтэл үүний дараа нэхэмжлэгч “МЭИ” ХК-иас Нийслэлийн Засаг даргад хандаж 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “...одоо хэний ч нэр дээр газар эзэмших эрх олгоогүй байгаа 22,820 м.кв газрыг ... хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг судлан шийдвэрлэж “МХТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө баригдсан талбай бүхий газрыг тус аж ахуй нэгжид эзэмшүүлж, харин манай компанид үлдсэн газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргаж энэхүү газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж... өгнө үү” гэх агуулга бүхий гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаар албан бичгээр “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай шүүхийн магадлалд үлдэж буй 22820 м.кв газрын эрхийг аль компанид хэрхэн эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагыг судалж шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Тус асуудлыг судалж үзээд танай компаниас Сонгинохайрхан дүүргийн 2* дугаар хороонд байрлах 2.7 га газар болон конторын барилга, агуулах, 238 ширхэг бетонон хашаа зэргийг худалдан авсан гэж худал бичиг баримт бүрдүүлсэн хэмээн маргадаг тул дээрх газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн хариу өгчээ.

6.3. Дээрх албан бичгээс үзэхэд, Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлд заасан газрыг эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг болохын хувьд, хариуцагчаас маргаан бүхий 22,820 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлыг тухайн газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх талаар мэдэгдсэн албан бичгийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэжээ.

7. Нэхэмжлэгчийн “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/45* дугаар захирамжийн хавсралтад дурдсан “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг үндэслэн “МХТ” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 2* дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 22,820 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.

7.2. Нэхэмжлэгчээс дээрх нийслэлийн Засаг даргын 2023 оны А/45Х дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлээ “…шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар маргаан бүхий газрыг олгохоор шийдвэрлээгүй байхад “МХТ” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах захирамжийн хавсралтаар тус компанид газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн нь хууль бус” гэжээ.

7.3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Шүүхийн шийдвэр ямар нэгэн байдлаар “МЭИ” ХХК, “МХТ” ХХК-уудад газрыг хэд, хэдэн м.кв-аар эзэмшүүл гэсэн шийдвэр гараагүй. Захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. ...2008 оны шүүхийн шийдвэр нь 2023 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар биелэгдэж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа... “МХТ” ХХК-д холбогдох А/45* гэсэн захирамж байхгүй. Техникийн алдаа гарсан...” гэж, гуравдагч этгээдээс “...2006-2024 оныг хүртэл манай компани тухайн газрын төлбөрийг тасралтгүй бүтэн төлж ирсэн. Энэ нь газрын эзэмшигч болохыг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Тухайн газар дээр “МХТ” ХХК буюу “МС” дэлгүүрийн агуулах буюу нийт 8500 м.кв үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа. Анх 27,340 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хүнээс худалдан авч үүний дагуу гэрээ контрактаа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн...” гэж тус тус маргажээ.

7.4 Дээрхээс үзвэл, 2008 оноос хойш 2023 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийн талаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган, 16 жилийн турш маргаж байгаа, хариуцагчаас уг маргаан бүхий газрыг эзэмших эрхийн талаарх маргааныг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “МХТ” ХХК-д 22,820 м.кв газрыг эзэмших эрх баталгаажуулах асуудлыг “Газар эзэмших, ашиглах эрхийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, тус зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг 100%-ийн саналаар зөвшөөрч, “МХТ” ХХК-ийн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар актаар дүгнэсэн байна. /4хх-ийн 198-213 дахь талд/

7.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээр дурдсан удаа, дараагийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулж маргааны бүхий 27 340 м.кв газраас  нэхэмжлэгч “МЭИ” ХК-д аж ахуйн зориулалтаар 3820 м.кв, конторын зориулалтаар 700 м.кв газрыг нийт 4520 м.кв газрыг эзэмшүүлж, харин “МХТ” ХХК-д 22,820 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, нэхэмжлэгч болон гуравдагч нарын хэн алиных нь газрын маргааныг захиргааны журмаар шийдвэрлэжээ.

7.6. Анхан шатны шүүх “...хариуцагчийн газар эзэмшүүлэхтэй холбоотой эрх, хэмжээнд нь шүүхээс шууд зааварлаж халдах боломжгүй тул энэ талаарх шийдвэрийг гаргахдаа ... хуульд нийцүүлэн дахин гаргах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/45Х дугаар захирамжийн “МХТ” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

7.7. Учир нь дээрх актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хэсэгт хэргийн оролцогчдын хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“МХТ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд захирамжийн дугаар техникийн алдаатай гарсан тул үүнийг засах боломжтой” гэх тайлбар, үүнийг гуравдагч этгээдээс няцаалт өгч мэтгэлцээгүй зэргээс үзвэл, захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:”, 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;” 95.7-д “Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно.” 98 дугаар зүйлд “Гомдлыг хянан үзээд гаргах захиргааны акт”, 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:” гэж тус тус заасан эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудлаа хянах эрхтэй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал байна.

7.8. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА