Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2018/02728/и |
Дугаар | 182/ШШ2019/00176 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2019/00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, , тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 31,132,300 төгрөг, алданги 4,669,845 төгрөг нийт 35,802,145 төгрөг гаргуулах, хариуцагч Т ХХК-ийн 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Д.Ө хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Б, Д.Ө нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй төслийн 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 8-11 давхрын барилгын дотор, гадна өрлөг мөн шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг захиалагч тал буюу Т ХХК-д хүлээлгэж өгсөн. Захиалагч тал төлбөл зохих 63,966,120 төгрөгөөс 31,733,129 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөл зохих хөлснөөс ажил гүйцэтгэлийн баталгаа 1,010,691 төгрөг, багажны 90,000 төгрөгийг хасч тооцоход 31,132,300 төлөөгүй байна. Иймд ажлын хөлс 31,132,300 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар алданги 4,669,845 төгрөг нийт 35,802,145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК, төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Х ХХК-тай өөрийн барьж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх төслийн 2 дугаар ээлжийн барилгад ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дотор, гадна өрлөг, шаврын ажил хийлгэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу Х ХХК нь БНАСАУ-ын иргэдээр ажил гүйцэтгүүлж байсан боловч гэрээ байгуулснаас хойш 7 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн нэр дээр ажиллаж байсан гадаад иргэдийн визийг сунгах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотойгоор гадаад иргэд нь ажлаа бүрэн гүйцэтгэхгүй, манай компанийн графикт төлөвлөгөө бүхий ажлыг удаашруулсан. Гэрээний 5.1.F-д заасны дагуу гүйцэтгэгч тал 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэгтэй. Гүйцэтгэсэн гэх ажил нь нийт 13,333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэсэн гэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн ажил байна. Х ХХК-ийн гадаад ажилтнууд манай барилгын талбайд 6 дугаар сарын 23-ны өдөр байрлаж 25-ны өдрөөс ажлаа эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 05-ны өдөр явсан байдаг. Энэ хугацаанд нийт 41 өдөр ажилласан гэх боловч үнэндээ 29 өдөр л гүйцэтгэл хийсэн, үлдсэн 12 өдөрт нь виз сунгах эсэхтэй холбоотойгоор сул зогссон байдаг. Манай компани гэрээний 6.3-т зааснаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар, 12 хоногийн алданги тооцож 3,837,967 төгрөгийг Х ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч Х ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т ХХК-ийн 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нийт 13,333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд хүн цагаар тооцно гэж тохироогүй бөгөөд 35 ажилтан ажиллаж байсан. Талууд дээрх ажлыг улсын комисс хүлээн авах үед дуусгахаар тохиролцсон бөгөөд одоо ч улсын комисс хүлээн аваагүй байна. Бид гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөөд нэмэлт ажил хийж өгсөн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Т ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 31,132,300 төгрөг, алданги 4,669,845 төгрөг нийт 35,802,145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч алданги 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.
Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Барс захын ард баригдаж буй “ төслийн II ээлж” орон сууцны барилгад захиалагчийн өгсөн техникийн нөхцөл, ажлын зургийн дагуу 8-11 давхрын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид гэрээний хугацаанд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөр тооцоог барагдуулахаар харилцан тохиролцож Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Тус гэрээний 4.1.Энэхүү гэрээнд ажлын хөлсийг дараах үнэлгээгээр тооцно. 120 мм тоосгон ханын өрлөгийн ажил м.кв-10,000 төгрөг, 200 мм тоосгон ханын өрлөгийн ажил м.кв-30,000 төгрөг, 300 мм тоосгон ханын өрлөгийн ажил м.кв-30,000 төгрөг, 100 мм тоосгон ханын өрлөгийн ажил м.кв-8,000 төгрөг, 150 мм тоосгон ханын өрлөгийн ажил м.кв-8,500 төгрөг, шаврын ажил-9,000 төгрөг, дам нурууны шаврын ажил-9,000 төгрөг, мөн гэрээний 4.2.гэрээт ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд ажлын гүйцэтгэлийг 1 давхар дууссаны дараа захиалагчийн инженерт шалгуулж, эрх бүхий ажилтнуудын баталгаажуулсан актыг үндэслэн санхүүгийн албанаас сар бүрийн 15-20-ны өдрүүд болон 01-05-ны өдрүүдэд ажлын хөлсийг тооцож олгоно” гэж тохирсон болох нь зохигчдын тайлбар, Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 3-7 тал/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.
Хариуцагч Т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 31,132,300 төгрөгийн тооцооллын талаар болон гүйцэтгэсэн ажлын чанар, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн эсэх тухайд маргахгүй байна.
Талууд гэрээний 5.1.f.Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэх ажилтнууд, машин техник, тоног төхөөрөмжийг өөрийн арга барилын дагуу зохион байгуулах эрхтэй бөгөөд ажилтнуудын цалин хөлс, хоол, унаа, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л асуудлыг гүйцэтгэгч дангаараа хариуцна. Ингэхдээ гэрээт ажлыг хийж гүйцэтгэх ажилтнуудыг хамгийн багадаа 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч Т ХХК нь 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүргээ зөрчсөн, гүйцэтгэсэн гэх ажил нь нийт 13,333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн гэж маргаж байгаа боловч 30-35 ажилтан ажиллуулаагүй гэх баримт ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х ХХК нь захиалагчид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болох нь “Ажлын гүйцэтгэл”-ийн баримтаар /хх-ийн 10-12 тал/ тогтоогдож байх тул хариуцагч Т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 31,132,300 төгрөг, гэрээний 6.2.Захиалагч тал энэхүү гэрээний 4 дэх зүйлийг баримталж, төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж зааснаар алданги 4,669,845 төгрөг нийт 35,802,145 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Т ХХК нь Х ХХК-д холбогдуулан алданги 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Х ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын зургийн дагуу 8-11 давхрын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохирч, ажлаа хугацаандаа хүлээлгэн өгч нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн гэж маргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний 5.1.f.“...30-35 ажилтан тогтмол ажиллуулах” үүрэгтэй бөгөөд гүйцэтгэсэн гэх ажил нь нийт 13,333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн байх тул гэрээний 6.3.Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөхөөр тохирсон учраас алданги 3,837,967 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Гүйцэтгэгч Х ХХК нь дээрх гэрээний ажлын гүйцэтгэлийг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн /хх-ийн 28 тал/ өгсөн. Захиалагч Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ц.Цоггэрэлтэй дотор блок, тоосгон өрлөгийн ажил, гадна блок, тоосгон өрлөгийн ажил гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь “Ажлын гүйцэтгэл”-ийг 31-47 тал/-ийг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд хариуцагч нь 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн гэж алданги 3,837,967 төгрөг нэхэмжилж цагаар тооцсон үндэслэлээ нотолж чадахгүй байна. Иймд хариуцагч Т ХХК-ийн 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 35,802,145 /гучин таван сая найман зуун хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, хариуцагч Т ХХК-ийн 3,837,967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 336,961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, хариуцагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ