Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01000

 

 

 

                                                       О.П-ийн нэхэмжлэлтэй                                            

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаар магадлалтай,

О.П-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч О.П-ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.Төрийн банк ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 93 тоот, 000362264 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай бөгөөд хотын дахин төлөвлөлтөөр үйлчилгээ, оффис, орон сууц бүхий орчин үеийн барилга, байгууламж барихаар идэвхтэй яригдаж байгаа өөрийн өртөг нь байнга өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн орон сууцны байршил, ирээдүйн үнэ цэнийг тооцож нэг м.кв талбайн үнийг 3,000 ам.доллараар тооцож саналаа өгсөн боловч хариуцагч байгууллага нь Баянмодот XXK-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь хөрөнгийн өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж орон сууцыг 48,306,100 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Аливаа бизнес, орон сууц, үл хөдлөхийн үнэ цэнийг тогтоох хамгийн гол шалгуур бол чанар, стандартаас гадна байршил байдаг гэдэгт хэн ч маргахгүй. Гэтэл шинжээч нараас эдгээр хүчин зүйлс орон сууцны ирээдүйн үнэ цэнийг өсгөх эсэхэд шууд эерэг нөлөөтэй болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй зэрэг нь иргэн миний хувийн өмчтэй байх, түүнийгээ чөлөөтэй захиран зарцуулах эрхэнд ноцтой халдаж байна.

Шинжээч нь орлогын хандлагаар үнэлгээний тооцоонд үнийн өсөлтөөс олох орлогыг хамааруулна гэж тооцсон атлаа үнийн өсөлт хэдэн төгрөг байх талаар тусгаагүй, орон сууцыг 7 жил ашиглаад цаашид бүрэн ашиглахгүй байхаар тооцсон байгаа нь миний өмчийг хэт үнэгүйдүүлсэн, мөн байршлыг хотын төвд, бүх үйлчилгээндээ ойрхон, нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон гэж орчны шинжилгээнд тусгасан нөхцөл байдлыг хэрхэн харгалзсан зэрэг нь тодорхойгүй байна. Мөн шинээр бий болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ ямар байх талаар дүгнэлт өгөхгүй орхигдуулсан, орон сууц бүр мөсөн устах мэтээр үнэлгээний тайланд тусгасан нь илт нэг талыг баримталсан шинжтэй байна. Зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоонд харьцуулалтыг яг тухайн орон сууцны ижил хэмжээтэй орон сууцны зах зээлийн үнэлгээтэй харьцуулаагүй. Иймд 2020.03.30-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон “Баянмодот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Yнэлгээний мэдэгдлийг 2020.04.13-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2 удаа хүлээн авахаас татгалзсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн дахин гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дугаар шийдвэрээр О.П-ээс 53,718,033 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 496,740 төгрөгийг rаргуулж Төрийн банк ХXК-д олгохоор шийдвэрлэсэн. О.П нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байр, 93 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007981 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Ажиллагааны талуудад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 4/10342, 4/10343 дугаар мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч О.П нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчиж гомдол гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007981 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байр, 93 тоот, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч О.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...миний өмчлөлийн эрх бүхий улсын дугаартай Ү-2203007981 бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байр, 93 тоот хаягт байршдаг 18 м.кв 1 өрөө орон сууцны хөрөнгийн үнэлгээг “Баянмодот” ХХК-ийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр томилсон. “Баянмодот” ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийг ашиглалт, цаашид ашиглах байдал гэсэн хоёрхон шалгуураар миний өмчлөлийн үнэ цэнийг үнэгүйдүүлж үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Аливаа бизнес, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтоох хамгийн гол шалгуур чанар, стандартаас гадна өнөөгийн нийгэмд тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил хамгийн чухал байдаг гэдэгт хэн ч маргахгүй. Миний өмчлөлийн орон сууц нь 3 дугаар давхарт байршдаг бөгөөд одоогоор үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй байхад үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж дүгнэсэн нь Нийслэлийн дахин төлөвлөлт хийгдсэн орон сууцны жагсаалтанд хамрагдсан учир барилга байгууламж шинэчлэгдэж сайжирсан үед үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой ба /ашиг орлого олох, нэмэгдүүлэх/ боломж гэж ойлгогдохоор дүгнэлт гаргасан байдаг. “Баянмодот” ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой, мөн хотын А бүсэд байрших Нийслэлийн дахин төлөвлөлтөнд орсон үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг өсөх эсэхэд шууд эерэг нөлөөтэй болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй ба ирээдүйн өсөлтийн талаар гол үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаагүй нь миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг үнэн зөвөөр үнэлж дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн гол үнэлгээ болох байршил ба Нийслэлийн дахин төлөвлөлт хийх орон сууцны жагсаалтанд орсон зэрэг дээр дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

О.П Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд О.П-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дугаар шийдвэрээр О.Пэс зээлийн гэрээний үүрэгт 53,718,033 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,942,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан О.П-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007981 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 байр, 93 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

О.П орон сууцны нэг м.кв-ыг 3,000 ам.доллараар, төлбөр авагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбадорж 57,342,858 төгрөгийн үнийн саналыг тус тус гаргаж, харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.03.30-ны өдрийн 1/166 дугаар тогтоолоор “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020.03.31-ний өдөр шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.04.06-ны өдрийн ОС20/06 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг 48,306,100 төгрөгөөр тогтоожээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөвөөр үнэлж дүгнэлт гаргаагүй болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, О.П-ийн гомдлыг хангахгүй орхив.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2020.03.30-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон “Баянмодот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” гэсэн хэдий ч “Баянмодот” ХХК-ийн 2020.04.06-ны өдрийн 2020.04.06-ны өдрийн OC20/06 тоот эд хөрөнгө үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай байхад анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг бүрэн тусгаагүй тул шийдвэр, магадлалд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 байр, 93 тоот орон сууцыг үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн 2020.04.06-ны өдрийн OC20/06 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.П-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан О.П-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                 Г.ЦАГААНЦООЖ

                 Х.ЭРДЭНЭСУВД