Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/40

 

 

2019 оны 05 сарын 24 өдөр                          

2019/ДШМ/40                                                        Зуунмод

 

 

Р.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолтой Р.Т-д холбогдох _____ дугаартай 1 хавтас, 183 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1982 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, “Элсэн ам” гэх газар оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, НА____  регистртэй, Баян овгийн Р.Т-д

Шүүгдэгч Р.Т нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М-г байнга буюу

1. 2017 оны 06 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон,

2. 2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон,

3. 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

4. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт хэл амаар доромжилж,  нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

5. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ны бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Баян овгийн Р.Т-д холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргээс шүүгдэгч Р.Т-ын 2017 оны 06, 2018 оны 04 саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх гэмт хэргүүдийг /үйлдлүүдийг/ тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Баян овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилж,

Шүүгдэгч Баян овгийн Р.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Баян овгийн Р.Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Шүүгдэгч Баян овгийн Р.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баян овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэснийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр тус тусад эдлүүлж,

Шүүхээс шүүгдэгч Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Баян овгийн Р.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Маахүү  нь гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,  

 Хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Баян овгийн Р.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Баян овгийн Р.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Хяналтын прокурор Г.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “..Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 64 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир: Шүүгдэгч Р.Т нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М-г 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон, мөн 2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг "Элсэн ам" гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон болох нь хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

"..2017 оны 06 дугаар сарын үед Р.Т машинаа үзлэгт оруулна гээд 160.000 төгрөгөөр нэг эр хонь зараад би 100.000 төгрөгийг өгөөд 60.000 төгрөгийг нь авч үлдсэн юм. Тэгээд хоёр өдөр архи уугаад машинаа үзлэгт оруулж чадалгүй ирээд намайг үхэр сааж байхад зэлэн дээр ирээд л нүүр нүдгүй гараараа балбачихаар нь хоёулаа сумын төв орьё гээд наашаа явж байтал жижиг тэрэг таарахаар нь тэрэнд суугаад аавын ахын хүүхдийн гэрт очиж орой нь сумын төв дээр ирэхэд дотор муухайраад байхаар нь сумынхаа эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эмч Алтанхуяг сумын цагдаа Анхбаяр Соронзон хоёрыг дуудаад тэгээд энэ хоёрыг Т барьж ирээд хадам эмээ, өвөө, нөхрийн эгч Оюуннэмэмэх, ах Тэгшдүүрэн нар манай том эгч Ундармаа, дүү Отгон-Өлзий нар уулзаад болсон хэргийн талаар ярьсан. ...2018 оны 04 дүгээр сард Алтанбулаг сумын нутаг "Элсэн ам" гэх газарт байхад Түвшинтулга архи ууж ирээд элдэв хоёроор хэлж доромжлоод үсдэж байгаад хөл гараараа цохиж зодохоор нь цагдаад хэлж баривчилгаанд явуулсан юм." гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Эрдэнийн: "Миний мэдэхээр буюу сонсож байснаар бол 2017 оны 06 дугаар сарын үед Т ах М эгчийг зодсон. Тэгээд Улаанбаатар хотоор эмнэлгээр баахан явж эмчлүүлсэн байсан." гэх мэдүүлэг, гэрч Ө.Сүнжидмаагийн: "..2017 оны 06 дугаар сард байсан бас нэг удаа зодож Улаанбаатар хотоор мориноос ойчсон гэж эмнэлэгт үзүүлж харуулж явсан гэсэн. Бас энэ зун хавар бас намар нэг, нэг удаа зодож цагдаа сэргийлэх болж байгааг мэдэж байна." гэх мэдүүлэг, гэрч Л.Алтанхуягийн: "Миний санаж байгаагаар бол 2017 оны 06 сард байсан байх толгой тархи өвдөөд зодуулсан гэж ирсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Тухайн үедээ ямар нэгэн бүртгэл хийгээгүй. Харин энэ жил 2 удаа ирсэн байгаа Надад ирж үзүүлэхдээ ил харагдахаас үзэхэд зөөлөн эдийн няцралт, зулгаралт. цус хуралттай байдаг байсан." гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэн дээрх 2 хэргийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль үндэслэл буюу ямар зүйл заалтаар Р.Т-ын 2017 оны 06 дугаар cap, 2018 оны 04 дүгээр саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх гэмт хэргүүдийг /үйлдлүүдийг/ тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцаасан нь шийтгэх тогтоолд тодорхойгүй байна.

 

 Шүүгдэгч Р.Т нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М-г байнга буюу 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруун тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт "гичий хоол унд хийхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжилж", галд хийдэг нарийн бургасаар зүүн гарын булчин хэсэг рүү нь гурваас дөрвөн удаа цохиж, өшиглөн, цулбуураар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж. эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодсон үйлдэл нь харгис хэрцгий харьцаж. догшин авирлан, тарчлаасан шинжийг агуулсан өөрөөр хэлбэл дараа дараагийн үйлдлүүд нь сав, бидон, бургас, цулбуур гэх мэт эд зүйлүүдээр буюу гартаа тааралдсан болгоноор зодож, өвдөлт шаналал үүсгэж, гэмтэл учруулснаар тодорхойлогдож байгаа болно.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Р.Т удаа дараагийн үйлдлийн шинжүүдэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, прокуророос Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүнэлт үйлдэж .ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахъ хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт шүүгдэгч хэн гэж хүнд ял шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан " шүүхийн шийдвэр нь тодорхой байна" гэх заалтыг хангаагүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Р.Т-д холбогдох эрүүгийн _____ угаартай хэргийг анхан  шатны  шүүхэд дахин хэлэлцүүлэхээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Т нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.М-г байнга буюу 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь  цохиж зодсон,  2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон, 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,  2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт хэл амаар доромжилж, нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11,110 хуудас/, хохирогч Д.М-ийн өргөдөл /хх-ийн 17 хуудас/, Алтанбулаг сумын эмчийн тодорхойлолт /хх-ийн 69 хуудас/, яаралтай тусламжийн хуудас, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 74-76 хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ  /хх-ийн 80-90 хуудас/, хохирогч Д.М-гийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны №539, 402 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд  /хх-ийн 15, 47 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны №710 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 112-114 хуудас/, хохирогч Д.М-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд  /хх-ийн 20-21, 23-24, 25-26, 27-28, 107-108 хуудас/, гэрч А.Б /хх-ийн 32 хуудас/, гэрч Ө.Оюуннэмэх /хх-ийн 33 хуудас/, гэрч О.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 34-35 хуудас/, гэрч Ө.Сүнжидмаа /хх-ийн 36-37 хуудас/, гэрч Л.Алтанхуяг /хх-ийн 38-39  хуудас/, гэрч Ө.Оюуннэмэх /хх-ийн 40-41 хуудас/, гэрч Ө.Оюунчимэг /хх-ийн 42-43 хуудас/, гэрч Ж.Чулуун /хх-ийн 44-45 хуудас/, шүүгдэгч Р.Түвшинтулга /хх-ийн 52-54, 57-59, 104-106  хуудас/ нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Р.Т-ын үйлдсэн гэмт хэргээс 2017 оны 06 дугаар сар, 2018 оны 04 дүгээр сард хохирогчийг зодсон хоёр үйлдлийг “хохирогчийн мэдүүлэг цаг хугацааны хувьд эргэлзээтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй, түүний мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлож чадаагүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: 2018 оны 04 дүгээр сард  Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон талаар хохирогч Д.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

- "..энэ зун хавар бас намар нэг, нэг удаа зодож цагдаа сэргийлэх болж байгааг мэдэж байна." гэсэн Ө.Сүнжидмаа, Д.Мөнх-Эрдэнэ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37,35 хуудас/,

-  2017 оны 06 дугаар сард хохирогч Д.Маахүү Р.Т-д зодуулсан, сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн, эмч болон сумын цагдаа, хадам талынхандаа хэлсэн, хувийн эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, гэмтсэн шалтгаанаа  Р.Түвшинтулга болон хадмуудын гуйлтаар мориноос унасан гэж  худал хэлж эмчлүүлсэн талаар 2018 оны 07 дугаар сарын 06, 08 дугаар сарын 28, 10 дугаар сарын 01,16, 11 дүгээр сарын 21-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт /хх-ийн 20-21, 23-24, 25-26, 27-28,108 хуудас/ өгсөн мэдүүлэг,

- дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрсөн Р.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-29-31 хуудас/, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-104-106 хуудас/,

- 2017 оны 06 сард М нь Р.Т-д зодуулсан гэж ирсэн, шууд гэмтлийн эмнэлэгт шилжүүлсэн талаар мэдүүлсэн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Алтанхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 - 2017 оны 06 дугаар сарын үед Р.Т ах Маахүү эгчийг зодсон. Тэгээд Улаанбаатар хотод эмнэлгээр баахан явж эмчлүүлсэн гэсэн Д.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 - .2017 оны 06 дугаар сард бас нэг удаа зодож Улаанбаатар хотоор мориноос ойчсон гэж эмнэлэгт үзүүлж явсан гэсэн Ө.Сүнжидмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

- “Д.Маахүүгийн биед 2017.06.05-06.14 хооронд хийгдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, компьютер томограф, эхоны хариуг үндэслэн зөвлөгөө авах бичгээр дахин 2017.06.10, 12-ны 2 ширхэг СД-г уншуулан хариуг үндэслэв. Д.Маахүүгийн биед хүйсний дээр, баруун гуя, зүүн өвдөгний дотор цус хуралт, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны №710 дугаартай /хх-ийн 112-114 хуудас/ шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тухайн үйл баримт тогтоогдсон байна. Иймд яллах дүгнэлтэнд дурьдагдсан хохирогч  Д.Маахүүг байнга зодсон шүүгдэгчийн 5 удаагийн үйлдэл  нотлогдсон гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнтэй байнга харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан” гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь зөв байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Р.Т үргэлжилсэн үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэрэгт гэм буруутай  талаарх хууль зүйн дүгнэлт нь  хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн нэрийг бичилгүй орхигдуулсан алдаа гаргасныг зөвтгөн  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэжээ. Шүүх шийтгэх тогтоолыг прокурор, өмгөөлөгч, хохирогч нарт 2019 оны 03 дугаар сарын 22,27-ны өдрүүдэд гардуулж, прокурорын эсэргүүцлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч, хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг  хэтрүүлсэн байна. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогчдод  хэдийд танилцуулсан нь тодорхойгүй, баримтанд огноог бичээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.”, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогчдод  хэдийд танилцуулсан нь тодорхойгүй, баримтанд огноо бичигдээгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулах, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг тус тус баримталж ажиллах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 1 дэх заалтыг хүчингүй болгож,

- 2 дахь заалтын “Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Баян овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилсүгэй.” гэснийг “Төв аймгийн прокурорын газраас Баян овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон  өөрчлөн зүйлчилсүгэй” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Баян овгийн Р.Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж...”  гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баян овгийн Рэнцэнхандын Түвшинтулгад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж...”  гэж тус тус  өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан  шатны  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцаах” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧИД                                Т.ЭНХМАА

 

                                                                                            Г.БОЛОРМАА