Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01007

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэр,

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2020.04.13-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар, хашааг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр миний бие “Капитал” банкинд зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас биелүүлэх нэрийдлээр Ж.Б миний эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 840 м.кв газрын үнэлгээг зах зээлийн үнээс багаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б би газар дээрээ 4 тал хашаатай, бусад хашааны газартай харьцуулахад хэмжээ томтой, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байхад 5,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Манай хашаатай зэргэлдээ жижиг газартай хашаанууд хамгийн багадаа 12,000,000 төгрөгөөр зарагдаж байхад миний хашаа 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Ж.Б миний Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох гомдлыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 метр квадрат газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч Ж.Б-аас 12,530,270 төгрөг гаргуулж “Капитал” банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 2017.05.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Саран би төлбөр төлөгчийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоот 840 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020.02.27-ны өдрийн 17210363/03 дугаартай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, үл хөдлөх хөрөнгө хураах ажиллагааг төлбөр төлөгчийг байлцуулан 2020.02.27-ны өдрийн 14:29 цагаас 14:57 цагийн хооронд явуулж, төлбөр төлөх хугацаа тогтоон мэдэгдэл гардуулсан. Мэдэгдлийн хугацаа дуусахад төлбөр төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас хураагдсан хөрөнгийн үнэлгээ гаргуулахад үнэлгээний тухай харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020.04.14-ний өдөр төлбөр төлөгч Ж.Б-т хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу танилцуулж, үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргах, мөн хөрөнгийн үнэлгээний талаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус танилцуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Дээрх хугацаанд хөрөнгийн үнэлгээн дээр төлбөр төлөгчөөс санал, гомдол гаргаагүй. Иймд төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч талын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө явуулсан талаараа шүүхэд мэдэгдсэн баримтгүй” гэжээ. Би шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2020.10.27-ны өдрийн өглөө 08 цаг 07 минутад Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим хаягаар хүргүүлсэн. Үүнийг нотлох шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хүсэлтийг хүргүүлсэн баримтыг шүүхэд гарган өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан 2020.10.27-ны өдрийн өглөө 09 цагаас товлогдсон байсан ба би 2020.10.26, 27, 29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Нямтуул, Р.Ариунаа, Ш.Арстан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Арстаны өмгөөлөгчөөр оролцож байсан болно. Энэ талаарх баримтыг ч гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн шүүх хуралдаан оролцож, мэтгэлцэх эрхийг зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-т “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргах хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгааг нотлох боломжийг хязгаарлаж, зөвхөн хариуцагч талыг оролцуулж, хариуцагч талаас гаргасан нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцэх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ч иргэний газар өмчлөх эрх зөрчигддөг. Уг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүхэд гомдол гаргалгүй хугацаа хожимдсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг сэргээж болдог байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх заалтыг хэрэглэсэнгүй.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Б Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2020.04.13-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар, хашааг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Б зээл 12,423,407.59 төгрөгийг “Капитал банк” ХХК-д төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Ж.Б-ын эзэмшлийн Увс аймаг Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газрыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоно.

Хариуцагч хураагдсан эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон бөгөөд Ж.Б 2020.03.11-ний өдөр 25,000,000 төгрөгөөр, төлбөр авагч “Капитал банк” ХХК 4,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасныг үндэслэж шийдвэр гүйцэтгэгч  2020.03.11-ний өдрийн 3/03 дугаар тогтоолоор “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2020.03.11-ний өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

 Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.04.13-ны өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах газар, 4 талт банзан хашааны хамт 5,050,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газарт баригдсан хашааны хийц, бүтээц /4 тал/, ерөнхий байдал,  газрын төлөв байдал, байршилтай ойролцоо газрын үнэтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр газрын үнэлгээг зах зээлийн үнээс багаар тогтоосон болохыг бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрх, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс анхан шатны шүүх өмгөөлөгч Б.Мөнхбатад 2020.10.16-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан, улмаар түүний хүсэлтээр 2020.10.20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшуулж, 2020.10.27-ны өдрийн 09:00 цагт болох шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаан 2020.10.27-ны өдрийн 09:10 цагт эхлэсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 34 дүгээр зүйлийн 34.4.5-д заасан шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, шүүх хурал давхцсан талаар урьдчилан мэдэгдээгүй, хойшлуулах хүсэлт, түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан, оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.

Харин хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй “...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, түүнд дурдсан зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт нийцэхгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн тусгаагүй, ерөнхий байдлаар бичсэн, хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2020.04.13-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар, хашааг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Б.УНДРАХ 

                                                                             Д.ЦОЛМОН