Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0567

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00567                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.С холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,953,210 /есөн сая есөн зуун тавин гурван мянга хоёр зуун арав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа /ШТҮД-0201/, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус ББСБ-аас 2016 оны 7 сарын 28-ны өдөр 162748 тоот 10,050,000 төгрөгийн үнийн бүхий зээлийн гэрээний дагуу Г.Гийн Хаан банкны 5107042819 тоот дансанд холбогдох шимтгэлийн суутгаад 9,953,210 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Бид Г.Гтэй холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч ямар ч зээл аваагүй, танай ББСБ-аас нөхрийнхөө нэр дээр зээл авах гээд материалаа өгч байсан боловч бүтээгүй, миний дансанд мөнгө шилждэг өдөр танай байгууллагаас нэг эмэгтэй яриад андуураад зээл шилжүүлчихлээ, та энэ данс руу хийгээд өгөөч гээд нэг данс хэлэхээр нь хэлсэн данс руу нь шилжүүлсэн, би тэр мөнгөөс нэг ч төгрөг аваагүй” гэж тайлбарласан. Г.Г бидэнд өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн ба уг дансны хуулгаас үзэхэд 2016 оны 7 сарын 28-ны өдрийн 10 цаг 31 минутад “Д” ББСБ-ын Хаан банкны 5086013480 тоот данснаас Гийн 5107042819 тоот дансанд 9,953,210 төгрөг шилжигдэж орсон байсан ба Г.Гийн дансаас 2016 оны 7 сарын 29-ний өдрийн 05 цаг 47 минутад 9,953,210 төгрөг 5076135172 тоот дансанд шилжигдсэн байсан. Энэ дансны эзэмшигч нь О.С байсан ба манай байгууллагын Улаанбаатар дахь салбарт салбарын эрхлэгч, эдийн засагчаар ажиллаж байсан А.Бийн нөхөр нь байсан. А.Бтэй уулзаж, энэ талаар асуухад Э нь “манай гэр бүлд өглөгтэй байсан ба үүнийгээ өгөхдөө Г.Гийн нэр дээр хуурамч зээлийн материал бүрдүүлж төлсөн байх” гэж тайлбарласан. Г.Гт 2016 оны 7 сарын 28-ны өдөр 162748 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг үзүүлэхэд “Би ямар ч зээлийн, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, Ү-2204039782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг мэдэхгүй,  миний нэр дээр ямар ч орон сууц байдаггүй, нотариатч дээр очиж ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар өгсөн. Барьцааны гэрээн дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэгчийн тамга дарагдсан байсан тул бид барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авахаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө өөр хүний өмчлөлийн гэсэн тайлбарыг амаар өгсөн ба өмчлөгч биш учраас дэлгэрэнгүй лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн ТҮЦ машинаас Г.Гийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй гэсэн лавлагаа гарсан. Мөн зээлийн хувийн хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн зураг нь Г.Гийнх биш байсан. Дээрхээс үзэхэд “Д” ББСБ нь Г.Гээс зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байгаа ба харин С нь “Д” ББСБ-ын 9,953,210 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 492.1.1-д заасныг үндэслэн 9,953,210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015.08.13-нд Б.Эд 50,0 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Э нь тендерт орох гээд мөнгөний хэрэг гарлаа гээд авсан. Хүүгээ сар бүр миний данс руу хийж байгаад сүүлийн 2-3 сарын хүү өгөөгүй, үлдсэн зээлээ цувуулаад өгөхөөр тохирсон. 2016.07.28-нд миний 5076135172 тоот дансанд орлого орсон бөгөөд тухайн үед Э залгаад нөгөө зээлээсээ төллөө гэж хэлсэн тул би энэ мөнгийг Эг шилжүүлсэн гэж бодсон. Хаанаас ирснийг мэдээгүй, Эгаас гэсэн агуулгатай байсан, Гийг танихгүй. Миний бие урьд өмнө хэзээ ч хувь хүн албан байгууллагаас залилан хийж бусдад хохирол учруулж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д ББСБ” ХХК нь О.Саас үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,953,210 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хуурамч зээлийн гэрээний дагуу Г.Гийн дансанд шилжүүлсэн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Г.Гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг үндэслэн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба талууд хуулга баримт дээрх өөрсдийн эзэмшлийн дансны хувьд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г.Гтэй 162748 тоот зээлийн гэрээг байгуулж, Хаан банкны 5107042819 тоот дансанд 9,953,210 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Д ББСБ” ХХК нь ХААН банк дахь Г.Гийн эзэмшлийн 5107042819 тоот дансны хуулга баримтыг үндэслэн шаардлага гаргаж, хариуцагч нь Эгаас авлагатай байсан тул түүний нэрээр мөнгө шилжиж ирсэн тул төлөх үндэслэлгүй гэж энэхүү баримтыг үндэслэн хариуцагч маргаж байна.

 

Дээрх хуулга баримтаар 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 31 минутад “Д ББСБ” ХХК-ийн Хаан банкны 5086013480 тоот данснаас 9,953,210 төгрөг шилжиж орсон байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05 цаг 47 минутад 9,953,210 төгрөг 5076135172 тоот дансанд шилжсэн байна.

 

Тухайн тохиолдолд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байгаа боловч нэхэмжлэгчийг бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр шилжүүлсэн гэж үзэхгүй юм. Учир нь зээлийн гэрээний дагуу “Д ББСБ” ХХК нь Г.Гийн дансанд зээлийг шилжүүлсэн ба “Д ББСБ” ХХК-иас О.Сын дансанд мөнгийг шилжүүлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Г.Г нь нэхэмжлэгч байгууллагын ажилтны хүсэлтээр О.Сын данс руу “Эгаас” гэж шилжүүлснийг “Д ББСБ” ХХК-иас шилжүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175,000 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан , О.Саас үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,953,210 /есөн сая есөн зуун тавин гурван мянга хоёр зуун арав/ төгрөг гаргуулах тухай “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175,000 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ