Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00025

 

“Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалтай,

“Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

О.Ст холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,953,210 төгрөг гаргуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монголбанк дахь муу зээлдэгчийн ангиллаас хасуулахыг “Д ББСБ” ХХК-д даалгахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч О.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК нь хариуцагч О.Ст холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,953,210 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч О.С “2015.08.13-ны өдөр иргэн Б.Энхмаад 50,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалант 11-р гудамж, 313 тоотод байрлах, 305 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлсэн. 9,953,210 төгрөгийг Б.Энхмаа зээлийн төлбөртөө  шилжүүлсэн гэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

Гуравдагч этгээд Г.Ганчимэг  нь Г.Ганчимэг болон “Д ББСБ” ХХК-ийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас муу зээлдэгчийн ангиллаас хасч бүртгүүлэхийг “Д ББСБ” ХХК-д даалгах бие даасан шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.Ст холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,953,210 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоож, Монголбанк дахь зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн ангиллаас иргэн Г.Ганчимэгийн нэрийг хасахыг мэдээлэл нийлүүлэгч нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 175,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ганчимэгт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Анчин овогт Орсоогийн Сүхбаатараас 9,953,210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч О.Саас 175,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч О.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч О.С би дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.Үүнд:

4.1 Хариуцагч О.С би 2015.08.13-ны өдөр иргэн Б.Энхмаатай 50,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар Чингэлтэй дүүргийн 15 хороо, Жаргалант 11 гудамж, 313 тоотод байрлах, 305 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосон ба Энхмаа нь зээл, зээлийн хүүгээ миний өөрийн данс руу шилжүүлдэг байсан. 2016.07.28-нд миний Хаан банкны данс руу Энхмаагаас гэсэн гүйлгээний утгатай орлого орсон ба Энхмаа нь над руу залгаж, нөгөө зээлээ төллөө шүү гэсэн. Өөрөөр хэлбэл Б.Энхмаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгөн хөрөнгийг миний данс руу шилжүүлсэн болохоос нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-аас ямар нэгэн мөнгөн хөрөнгө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй болно. Зээлийн гэрээ болон дансны хуулгаа хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.

4.2 Б.Энхмаа нь нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д зээлийн мэргэжилтнээр 2013 оноос 2016 оны 11 сар хүртэл Улаанбаатар салбарт нь ажилладаг байсан бөгөөд ийнхүү ажиллах хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, нотариатын тамга тэмдэг, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэрэг аливаа зээлийг авахад шаардагддаг бүхий л бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, маш олон зээл авч, байгууллагадаа 3,000,000,000 орчим төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэ олон хуурамч зээлийн гэрээний нэг нь 2016.07.28-ны өдрийн 00162748 дугаарын иргэн Г.Ганчимэг “Д ББСБ” ХХК-ын хооронд байгуулагдсан гэрээ юм. Нэхэмжлэгч ч зээлийн гэрээ нь хуурамч болохыг хүлээн зөвшөөрдөг.

4.3 Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2016 оны 12 сард Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 201626023111 Б.Энхмаад холбогдох эрүүгийн хэрэг үүсэж, өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа /хх139,140/, “Д ББСБ” ХХК нь 3,000,000,000 орчим төгрөгийн хохирол гаргуулахаар хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно. Тухайн хэрэгт аудитын дүгнэлт хийгдэж, “Д ББСБ” ХХК-д Б.Энхмаагийн учруулсан хохирлын тооцоог гарган шалгасаар байгаа баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч ч шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбар өгдөг. Иймд Б.Энхмаад холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх байтал хуулийг буруу хэрэглэн, зөвхөн нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянагдаж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Д ББСБ” ХХК, О.Ст холбогдуулан 9,953,210 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...ажилтан Б.Энхмаа нь Г.Ганчимэгийн нэрээр 10,050,000 төгрөгийн хуурамч зээлийн болон барьцааны гэрээ үйлдэн зээл олгож, түүний дансанд 9,953,210 төгрөг шилжүүлсэн, улмаар эндүүрэл гарсан гэж Г.Ганчимэгт ойлгуулсны дагуу тэрээр мөнгийг О.Сын дансанд шилжүүлсэн тул хариуцагч уг мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэснийг, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Б.Энхмаа 2015.08.13-ны өдөр 50 сая төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, миний дансанд 9,953,210 төгрөг орж ирсэн бөгөөд Б.Энхмаа яриад зээлийн мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн” гэж маргажээ.

Энэ хэрэгт Г.Ганчимэг гуравдагч этгээдээр оролцож ““Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монголбанк дахь муу зээлдэгчийн ангиллаас өөрийн нэрийг хасуулахыг нэхэмжлэгчид даалгах” бие даасан шаардлагыг гаргахдаа “...2016 оны 06 сард зээл хүсч материал бүрдүүлж өгсөн боловч бүтээгүй, гэтэл 2016.07.28-ны өдөр “Д ББСБ” ХХК-ийн ажилтан гээд нэг эмэгтэй яриад таны данс руу өөр зээлдэгчийн мөнгийг андуурч шилжүүлсэн байна гээд данс өгсний дагуу маргааш нь мөнгийг АТМ-с шилжүүлсэн. 2018 онд гар утас зээлээр авах гэтэл “Д ББСБ” ХХК нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд намайг “муу зээлдэгчийн ангилал”-д оруулсан байсан” гэжээ.

Энэхүү шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй “...Г.Ганчимэг нь мөнгийг манай данс руу шилжүүлж болох байсан, түүнээс мөнгийг нэхэх байсан боловч зээлийн баримтуудыг үзээд Иргэний хуулийн 494.1-д зааснаар О.Саас шаардсан” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Г.Ганчимэгийн “ХААН банк” ХХК дахь харилцах дансанд 2016.07.28-ны өдөр 9,953,210 төгрөгийг “зээл олгов УБ Д” гэсэн утгатай  шилжүүлсэн, уг мөнгийг маргааш өдөр нь Г.Ганчимэг нь “Б.Энхмаагаас” гэсэн утгаар О.Сын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчийг уг мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах нөхцөл нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдол хамаардаг ба хэргийн баримтаар “Дэвжих нэхий ББСБ” ХХК болон Г.Ганчимэг нарын хооронд бодитоор хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч байгууллагын ажилтан Б.Энхмаа хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас зээлийн мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

Дээрхээс үзвэл, Г.Ганчимэг нь өөрийн дансанд шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д буцаан төлөх үүрэгтэй.

Харин Г.Ганчимэг нь Б.Энхмаагийн заасны дагуу О.Сын дансанд мөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д “үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар мөнгийг шаардсан нь хууль зөрчихгүй байна.

Хэдийгээр О.Сын хувьд Б.Энхмаад мөнгө зээлдүүлсэн байсан, уг үүргээ гүйцэтгэж мөнгө шилжүүлсэн гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь мөнгийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй байна.

Эдгээр байдлыг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Гуравдагч этгээд Г.Ганчимэг нь “Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монгол банк дахь муу зээлдэгчийн ангиллаас хасуулахыг “Д ББСБ” ХХК-д даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх ““Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” гэснийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөж засаагүй нь учир дутагдалтай байна.

Тухайлбал, нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал, харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг болно.

Дээр дурдсанаар Г.Ганчимэг нь ““Д ББСБ” ХХК-аас зээл аваагүй нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байх тул “Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” нь Монгол банк дахь муу зээлдэгчийн ангиллаас хасуулахыг “Д ББСБ” ХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцнэ.

3. Нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК нь Г.Ганчимэгийг ...муу зээлдэгчийн ангилалд оруулсан нь хуурамч зээлийн болон барьцааны гэрээг үндэслэсэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т заасан “зээлийн мэдээллийг ...алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах арга хэмжээг нэн даруй авах”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

4. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичигт “Д ББСБ” ХХК-ийн гомдлоор Б.Энхмаад холбогдох эрүүгийн хэрэг шалгаж байгаа нь тогтоогдсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, харин ““Д ББСБ” ХХК, Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэснийг болон мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад үсгийн фонд буруу бичигдсэнийг тус тус засч шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Саас 9,953,210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ганчимэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоож,” гэснийг хасч, 3 дахь заалтад “...56 äóãààð ç¿éëèéí 56.1-д...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1-д...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч О.Сын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.22-ны өдөр төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                          Х.ЭРДЭНЭСУВД