Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2018/00389/И |
Дугаар | 594 |
Огноо | 2019-03-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, Нью хоризон байр,******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 836 466 547 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, түүний өмгөөлөгч Б.С-Э, гэрч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...******* ХХК нь ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1707/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээл олгосон. Уг зээлийг өдөрт нь бэлнээр өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч нэг ч төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна. Зээлийн 1707/01 тоот дугаартай гэрээний 5 дугаар зүйлд зааснаар үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр заасан. Иймээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429.91 төгрөг, торгууль нь 6 534 298,96 төгрөг болж байна. Мөн манай компани ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1705/02 дугаартай зээлийн гэрээгээр 269 749,34 ам.долларыг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлсэн. Уг зээлийг тухайн өдөрт нь зээлдэгчийн хүссэн данс буюу гаалийн татварт нь зориулж шилжүүлэн өгсөн. Өнөөдрийг хүртэл зээлдэгч нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-ийн торгуулийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан байсан. Энэ зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгууль нь 45 991,91 ам.доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн 1707/01 дугаартай гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429,91 төгрөг, торгуулийн хүү нь 6 534 298,96 төгрөг, нийт 57 517 729 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1705/02 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгуулийн хүү нь 45 991,91 ам.доллар, нийт 320 365 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ам.долларын ханш /1 ам.долларыг 2 431,51 төгрөг/-аар тооцоход 778 948 818 төгрөг, нийт 836 466 547 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээнд тухайн үеийн нягтлан бодогч Ч.Н буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан, арынх нь гарын үсэг Ж.С-ынх гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас зээлийн гэрээг ХХК-д хамааруулж болохгүй. Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг гүйцэтгэх захирал төлөөлдөг, төлөөлөх эрх бүхий эдгээдэд энэ талаар мэдэгдээгүй тул зээлийн гэрээ байгуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан тул хуулийн шаардлага хангахгүй хэлцэл гэж үзнэ. Зээлийн гэрээг иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйлийг өгснөөр тооцдог. Гэвч бичгээр байгуулагдсан хэрнээ бодитоор олгоогүй, хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч гэрчээр нотолсон боловч, гэрч би зөвхөн баримтанд гарын үсэг зурсан бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа нь компани зээлийг авсан гэдгийг нотлохгүй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ нь хэлбэрийн шаардлага болон бодитоор олгосон гэдгийг нотлохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч Улаанбаатар хотын гаалиас ирсэн мэдэгдэлд ХХК-иас гаалийн төлбөр төлж барагдуулахыг шаардсан байдаг нь зээлийн гэрээний зорилго болох гаалийн татвар төлөгдсөн эсэх, компанийн өмнөөс төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн зорилго гээд тоот нэхэмжлэлүүдийг заасан баримтыг Гааль болон инд хүсэлт явуулж шалгуулахад төлөгдсөн гэх хариу ирдэг боловч компанийн гаалийн татвар, бараанд төлөгдсөн үнийн дүн мөн эсэх нь эргэлзээтэй. Тэгсэн хэрнээ гаалиас татвараа төл гэсэн албан тоот ирсэн нь компанийн гааль дахь татвар төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Гэрээний 4 дүгээр зүйлд 0.01 хувь гэж заасан, торгуулийн хүү болох 45 000 орчим ам.доллар нэхэмжилж байгаа нь хүүгээс хүү бодох, хэтрүүлсэн хугацаанд хүү бодсон байна. Аж ахуйн нэгж, байгууллагын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа хэтэрсэн хүү тооцох боломжгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хүснэгтэнд торгуулийн хүү гэдгийг мэргэшлийн хувьд үзвэл алданги гэж тооцох боломжгүй. Гэрээний утга, тайлбарыг тайлбарлахдаа иргэний хуульд зааснаар үндсэн, шууд утгыг харгалзана гэж заасан. Торгуулийн хүү гэх хууль зүйн ойлголт байхгүй, нэхэмжлэгчийн хувьд хугацаа хэтэрснээс хойш мөнгөн дүнд хүү тооцсон гэх зүйл байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний сүүлийн хуудсанд зээлдэгчийн мэдээлэл буюу дансны дугаар байгаа. Энэ дансыг зааж бичсэн нь зээлийг энэ дансруу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлсэн үйлдэл байхгүй, зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүнд 983 429,91 төгрөг, торгуулийн хүү нь 6 534 298,96 төгрөг, нийт 57 517 729 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүүнд 6 244,68 ам.доллар, торгуулийн хүү нь 45 991,91 ам.доллар, нийт 320 365 ам.доллар буюу 778 948 818 төгрөг, нийт 836 466 547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1707/01 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэхээр, үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр,
2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1705/02 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 269 749,34 ам.долларыг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэхээр, үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр тус тус талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 269 749,34 ам.долларын зээлийг зээлдэгчийн хүссэн данс буюу гаалийн татварт нь зориулж шилжүүлэн өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, хүлээн авсан тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээнд тухайн үеийн нягтлан бодогч Ч.Н буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан тул шаардлага хангахгүй хэлцэл гэж үзнэ. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч Улаанбаатар хотын гаалиас мэдэгдэлд ХХК гээд тодорхой хугацаа зааж, гаалийн төлбөр төлж барагдуулахыг шаардсан байдаг тул зээлийн гэрээний зорилго болох гаалийн татвар төлөгдсөн эсэх, компанийн өмнөөс төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдэгч талаас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан Кассын зарлагын ордероор нотлогдож байхаас гадна нь хариуцагч нь “...дээрх гэрээ бичгээр байгуулагдсан хэрнээ зээл нь бодитоор олгогдоогүй, гэрч Ч.Н зөвхөн баримтанд гарын үсэг зурсан бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа нь компани зээлийг авсан гэдгийг нотлохгүй” гэж маргасан боловч түүний энэхүү тайлбар мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг няцааж чадахгүй байх тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилсан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч М.Ч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...******* ХХК болон манай компани аливаа асуудлаа эвийн журмаар шийдвэрлэх санал тавьж байна” гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар хариуцагчийг маргаагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. /хх33/
Зохигчдын хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч ХХК-ийн Улаанбаатар дахь Гаалийн газарт 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0220170531/00001 тоот, 0220170531/00002 тоот нэхэмжлэхүүдийн дагуу гаалийн төлбөр төлөх зорилгоор 269 749,34 ам.долларыг зээлдүүлсэн байх бөгөөд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-ийн өмнөөс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 352 813,24 төгрөг болон 295 219,069 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримтууд болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/333 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх21, 109/
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талууд гэрээгээр “...0.1 хувийн торгуулийн хүү” төлөхөөр тохиролцсоныг алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно” гэж зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Талуудын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээлдүүлэхээр, үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр тохиролцсоноос үзвэл хариуцагч нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 61 хоногийн хүү 3 050 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 138 хоногийн алданги 7 320 900 төгрөг нийт 60 370 900 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр 269 749,34 ам.долларыг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлдүүлэхээр, үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр тохиролцсоноос үзвэл хариуцагч нь үндсэн зээл 267 749,34 ам.доллар, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 61 хоногийн хүү 16 322,71 ам.доллар, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс гүйцэтгээгүй үүрэг 284 082 ам.доллараас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 172 хоногийн алданги тооцоход 48 862 ам.доллар, нийт 332 944 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2431.51 төгрөгөөр тооцоход 809 556 665 төгрөг, нэгтгэн дүгнэвэл 869 927 565 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн үүрэг тодорхойлогдож байх боловч нэхэмжлэгч 836 466 547 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 340 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-иас 836 466 547 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 340 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.