Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 598

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байрлах, ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 109 дүгээр байрны 12 тоот оршин суух, 1978 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Ё.Х-д холбогдох,

 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 335 104 283,53 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ё.Х нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №ЗГ/RCC170210026-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 290 000 000 төгрөгийг сарын 1,65 %-ийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 192 сарын хугацаатай зээлж авсан.  Иргэн Ё.Х нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206027466 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 103 дүгээр байрны 12 тоотын 200 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.  Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 286 951 844,97 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 37 049 351,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 23 608,83 төгрөг байсан. Үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 1 848 324 төгрөгийн хамт нийт 324 034 805,29 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчаас шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү болох 11 069 478,24 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал нийт 335 104 283,53 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 903 672 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээл зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №ЗГ/RCC170210026-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 290 000 000 төгрөгийг сарын 1,65%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 192 сарын хугацаатай зээлж авсан. Зээл болон зээлийн хүүг төлж байгаад зах зээлийн хямралаас болж орлого муудсанаас болж төлөлт хийхэд хүндрэл гарсан. Одоогийн байдлаар орон сууцаа зарах талаар REMAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагатай гэрээ хийсэн бөгөөд Үнэгүй.мн сайтад 2018 оны 01 дүгээр сараас эхлэн тавьсан. Зарын дагуу зарж борлуулан зээлээ төлөх бодолтой байна. Мөн урьдчилж төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн дүнтэй санал нийлэхгүй байна. Цаашид хүүгийн зөрчилөө арилгаад зээлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Ё.Х-д холбогдуулан анх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 324 034 805,29 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11 069 478,24 төгрөгөөр ихэсгэж, үндсэн зээлийн үлдэгдэл 286 951 844,97 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 48 118 829,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 23 608,83 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 10 000 төгрөг, нийт 335 104 283,53 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Зээл болон зээлийн хүүг төлж байгаад зах зээлийн хямралаас болж орлого муудсанаас болж төлөлт хийхэд хүндрэл гарсан. Урьдчилж төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн дүнтэй санал нийлэхгүй байна. Цаашид хүүгийн зөрчилөө арилгаад зээлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж маргасан.  

Хэргийн баримтаас үзэхэд ХХБ ХХК болон Ё.Х нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/RCC170210026-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр 290 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19.80 хувь, сарын 1,65 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 192 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/RCC170210026-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний зүйл болсон 290 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2033 оны 3 дугаар  сарын 10-ны өдөр дуусах боловч хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийг зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 286 951 844,97 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 48 118 829,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 23 608,83 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 10 000 төгрөг, нийт 335 104 283,53 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдөр №ЗБ/RCC170210026-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр Ё.Х-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206027466 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамжны 109 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Иймд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09, 02 дугаар сарын 18, 3 дугаар сарын 11-ний өдрүүдийн шүүх хуралдааныг тус тус хариуцагчийн хүсэлтээр хойшлуулсан бөгөөд энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 903 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 833 471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ё.Х-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 335 104 283,53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай. 

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Ё.Х-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамжны 109 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 903 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 833 471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.