Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 834

 

                                  “ХХБ” ХХК--ийн

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00598 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.Х-эд холбогдох

 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 335 104 283,53 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК--ийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ё.Х- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №ЗГ/RCC170210026-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 290 000 000 төгрөгийг сарын 1,65 %-ийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар 192 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн Ё.Х- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206027466 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 103 дүгээр байрны 12 тоотын 200 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.  Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 286 951 844,97 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 37 049 351,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 23 608,83 төгрөг байсан. Үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 1 848 324 төгрөгийн хамт нийт 324 034 805,29 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчаас шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү болох 11 069 478,24 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал нийт 335 104 283,53 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 903 672 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээл зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ё.Х- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай №ЗГ/RCC170210026-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №ЗГ/RCC170210026-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 290 000 000 төгрөгийг сарын 1,65%-ийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 192 сарын хугацаатай зээлж авсан. Зээл болон зээлийн хүүг төлж байгаад зах зээлийн хямрал, орлого муудсанаас болж төлөлт хийхэд хүндрэл гарсан. Одоогийн байдлаар орон сууцаа зарах талаар “REMAX” үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагатай гэрээ хийсэн бөгөөд “Үнэгүй.мн” сайтад 2018 оны 1 дүгээр сараас эхлэн тавьсан. Зарын дагуу зарж борлуулан зээлээ төлөх бодолтой байна. Мөн урьдчилж төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн дүнтэй санал нийлэхгүй байна. Цаашид хүүгийн зөрчлөө арилгаад зээлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ё.Х-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 335 104 283,53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК--д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Ё.Х-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамжны 109 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 903 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 833 471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00598 дугаарт шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ/КСС 170210026-1 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлдэгчээр иргэн Ё.Х- хамтран зээлдэгчээр Ж.Ганбаатар нар тус зээлийн гэрээнд оролцжээ. /хх-ийн 9, 14 дүгээр тал/

Анхан шатны шүүх нь "нэхэмжлэгч гэрээний үүргийг яагаад зөвхөн Е.Х ээс шаардсаныг тодруулаагүй"-ээс гадна гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай хүсэлт гаргах боломж олгоогүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй гуравдагч этгээдээр хамтран зээлдэгчээр Ж.Ганбаатар заавал татан оролцуулах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэдийгээр хариуцагчийг тодорхойлох эрхтэй ч шүүх тус нэхэмжлэлээр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг анхаарч түүнд хяналт тавих үүрэг хүлээдэг ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тухайн хэргийн оролцогч бус бусад этгээдийн эрхийг хөндөж буй эсэх талаар сайтар нягталж шаардлагатай. Иргэний хуулийн 242 зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд дан ганц Ё.Х-ээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь мөн тэр хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас олгохоор заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд /энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй/ байхад шүүх банк гэж таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч нь тайлбар татгалзлын үндэслэлээ урьдчилж төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс суутгаж тооцоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнтэй санал нийлэхгүй хэмээн тайлбарладаг байна.

Мөн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар тодорхой баримт харагдахгүй энэ талаар нотолхуйц баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн бөгөөд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "тэмдэгтийн хураамж" гэх/ гэнэ хэмээн тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь 7 дугаар зүйлийн 7.1.1-г зөрчин Улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагч Е.Х гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөд зогсохгүй, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00598 дугаарт шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 11 069 418,24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК- нь хариуцагч Ё.Х- холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж зээлийн гэрээний үүрэгт 335 104 283.53 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ХХБ” ХХК--тай хариуцагч Ё.Х- 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж уг гэрээгээр 290 000 000 төгрөгийг нэг сарын 1,65%-ийн, жилийн 19,20%-ийн хүүтэйгээр 192 сарын хугацаатайгаар зээлсэн байна. Мөн өдрөө зохигчид үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 109 байр 12 тоот 4 өрөө 200 м.кв байрыг барьцаалжээ. /хх-ийн 9-12 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зээлдэгч Ё.Х- 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн, “ХХБ” ХХК--ийн зүгээс хариуцагчид зээлээ төлж барагдуулахыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэнээс хойш гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр үргэлжилсэн, мөн гэрээний талууд зээл төлүүлэх талаар уулзалт хийж байсан байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг тул нэхэмжлэгч “ХХБ” ХХК- нь хариуцагч Ё.Х-ээс шаардах эрхтэй гэж үзэх бөгөөд энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 061 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО