| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2020/00633/И |
| Дугаар | 001/ХТ2021/01053 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01053
С.Э, У.С нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1918 дугаар магадлалтай,
С.Э, У.С нарын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Сэдэд, Д.Цэцэгмаа,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор У.Сэлэнгэ, С.Э нараас 176,400,000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү- 2203018239 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м.кв талбай бүхий гараашийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, орон сууцыг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 91,800,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.05-ны өдрийн 4/28022 дугаар албан бичгийг 2019.12.09-ний өдөр танилцан хүлээн авсан. Хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 105/Ш дугаар бүхий үнэлгээний тайланд 2 өрөө орон сууцын зах зээлийн үнийг 91,800,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд уг үнэлгээг гаргахдаа уг орон сууцыг байршил, өрөөний хувьд ойролцоо, одоогоор зарагдахаар зарлагдаж байгаа 3 орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн гэсэн тайлбарыг дурджээ. Дээрх харьцуулсан гэх 3 орон сууцны нэгж талбайн 1 м.кв-ын үнэ нь дунджаар 1,800,000 төгрөгөөр тооцсон. Уг тооцоо өнөөгийн бодит нөхцөл байдалд огт нийцэхгүй тооцоолол бөгөөд, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд оршин буй орон сууц бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, зах зээлийн бодит үнээс даруй хэд дахин бага үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сонгон авсан захиалга өгсөн гэх үнэлгээний компани нь тухайн нутаг дэвсгэрт ойролцоо байгаа 3 байрыг сонгож харьцуулсан гэх боловч хамгийн бага үнэтэй 3 байрыг сонгоод харьцуулалтын арга хэргэлэсэн гэсэн байна.
Гэтэл уг аргыг хэрэглэхдээ тухайн байрлалд буй орон сууцнуудаас тодорхой буюу хөрөнгө зуучлалын компани болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг байгууллага, худалдан борлуулах зар гаргадаг сонин, бусад мэдээллийн хэрэгсэлүүдэд тавигдсан байрны үнэнд дүн шилжилгээ огт хийгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн байрны өмчлөгч болох У.С миний зүгээс үнийн санал огт авалгүй үнэлгээ хийлгэсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж төлбөр төлөгчийн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор У.Сэлэнгэ, С.Э нараас 177,439,949 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 48 м.кв талбай бүхий орон сууц, 39.2 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч У.Сэлэнгэ, С.Э нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч У.Сэлэнгэ, С.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автозогсоолыг 2019.09.16-ны өдөр 19290438/01 тоот тогтоолоор, орон сууцыг 2019.10.24-ний өдрийн 19290438/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.11.05-ны өдрийн 19290438/03, 19290438/04 тоот тогтоолуудаар орон сууц, гараашийг хурааж, үнийн санал ирүүлэх мэдэгдлийг У.Сэлэнгэ, С.Э нарын гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирээгүй тул дахин 2019.11.18-ны өдөр баталгаат шуудангаар болон мөн өдөр С.Э-т өөрт нь биечлэн өгсөн.
Төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2019.11.20-ны өдрийн 400 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Мөнх-Оргил трейд” ХХК нь 12 тоот хаягт байрлах орон сууцыг 91,800,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг 2019.12.05-ны өдрийн 4/28022 тоот албан бичгээр төлбөр төлөгч У.Сэлэнгэ, С.Э нарт тус өдөр мэдэгдсэн, төлбөр төлөгч нар нь гараашийн түлхүүр байхгүй гэсэн тул мөн хаягт байрлах автозогсоолын үнэлгээг хийж чадаагүй болно. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 64,260,000 төгрөгөөр тооцон 2020.01.24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 50 хувь буюу 45,900,000 төгрөгөөр тооцон нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч У.Сэлэнгэ, С.Э нар “үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс 2020.02.20-ны өдрийн 183/Ш32020/02857 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор У.Сэлэнгэ, С.Э нараас 176,400,000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн. У.Сэлэнгэ, С.Э нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан нь Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын эрх, ашигт муугаар нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлөөгүй. Гараашийг үнэлээгүй гэж үнэлгээний тайланд тодорхой бичсэн байгаа, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, цаг хожиж байна. У.Сэлэнгэ, С.Э нар хямд үнэлсэн гэх тайлбараа тодорхой бичээгүй, нотлоогүй. Орон сууц жижиг, мөн гадаад орчин нөхцөлөөс нь үзэхэд шинжээчийн үнэлгээ бодит байдалтай тохирч байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өдий болтол ганц ч төгрөг өгөөгүй. У.Сэлэнгэ, С.Э нар гомдол гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019.11.20-ны өдрийн 400 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019.12.05-ны өдрийн тайлангаар тогтоосон Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн С.Э, У.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1918 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талуудын эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн юм. С.Э, Э.Сэлэнгэ нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “4/28022” дугаар мэдэгдэлтэй 2019.12.05-ны өдөр танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан 7 хоногийн хугацаанд буюу 2019.12.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32019/14412 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үндэслэлдээ холбогдох баримтыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудыг тус тус тодорхойлон нэхэмжлэлд бичсэн байх боловч нэг хариуцагчийн хаягийг тусгаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/11132019/14412 дугаар захирамжид заасны дагуу нэхэмжлэгч нарын зүгээс 2020.01.22-ны өдөр захирамжид дурдсан хариуцагчийн хаяг, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулан дахин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/11132020/01690 дугаартай шүүгчийн захирамжид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2 удаагийн захирамж гарсан юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.05-ны өдрийн 4/28022 дугаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоног буюу 2019.12.12-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ харьяалал зөрчиж гомдол гаргаж байгаа нь гомдол гаргах хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг дурдсан боловч энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчин болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Э, У.С нар “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019.12.05-ны өдрийн тайлангаар тогтоосон Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууц, 39.2 м.кв тайлбайтай гараашийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.
Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2019.11.20-ны өдөр шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.
3. Хариуцагч хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд 2019.11.11-ний өдрийн 4/25250, 2019.11.18-ны өдрийн 4/25876 тоот албан бичгүүдээр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч талаас үнийн санал өгөөгүй, төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2019.11.20-ны өдрийн 400 дүгээр тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.
“Мөнх-Оргил трейд” ХХК Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцанд үнэлгээ тогтоосон бөгөөд 39.2 м.кв тайлбайтай гараашийг төлбөр төлөгч нар түлхүүргүй гэх шалтгааны улмаас үнэлж чадаагүй гэжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулсан байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, худалдахаар санал болгож байгаа орон сууцны үнэтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг өнөөгийн бодит нөхцөл байдалд огт нийцэхгүй, зах зээлийн бодит үнээс даруй хэд дахин бага үнэлсэн гэсэн тайлбараа баримтаар нотлож чадаагүй байна.
“Мөнх-Оргил трейд” ХХК үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байхаас гадна тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог дурдсан байх тул нэхэмжлэгчийн ...зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, хамгийн бага үнэтэй 3 байрыг сонгоод харьцуулалтын арга хэргэлэсэн... гэх тайлбар тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.19-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, 2020.01.29-ний өдөр шүүхийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.19-ний өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш 2019.01.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан хэдий ч уг шүүгчийн захирамжийг хэдийд хүлээж авсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг дурдсан боловч энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэсэн гомдлыг хангахгүй.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1918 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогнямын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД