| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0021/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 34
П.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч П.Т,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний хариуцагч Ж.А давж заалдах гомдлоор П.Т-д холбогдох 1828001740182 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай,...,
Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр, 5000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36а таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ял
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, П.Т
П.Т нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний үед Өмнөговь аймаг, Даланзадгад суманд оршин суух Х.С-ын гэрээс нууцаар, хууль бусаар хөөрөг, даалин зэрэг эд зүйл хулгайлж нийт 5970000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А нь П.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч П.Т хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар П.Т-с 2985000 төгрөгийг, Иргэний хариуцагч Ж.А-с 2985000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч Ж.А давж заалдах гомдолдоо: “... “Ашид билгүүн” ХХК-ийн ӨМА 246 үнэлгээний дугаартай, үнэлгээ тогтоосон баримтанд даваа толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг нь 5500000 төгрөг гэж үнэлсэн. Энэ нь хуульд заасан, хөөрөгний бодит байдлыг тал бүрээс нь үнэлээгүй нь иргэн намайг хохироож байна.
Тухайн хөөргийг 50000 төгрөгөөр П.Т нь надад зарж үнэ тохирч авсан нь үнэн болно.
П.Т-ын хувийн байдал нь амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.
Хохирогч Х.С нь гэрчийн мэдүүлэгтээ Ж.А нь Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулсан, охин А.У нь 900000 төгрөгөөр хүнд зарсан, эргэж хүнээ олоогүй гэж хүн гүтгэсэн. Энэ хөөрөг нь ямар ч үед 5500000 төгрөг хүрэхгүй тул гомдол гаргаж байна” гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ж.А гуай үнэн бодит байдлыг өөрөө мэдсээр байж зориуд гуйвуулж, мэдэн будилж бусдыг төөрөгдүүлэх үйл сэдэлтэй байна гэж үзэж байна.
Хөөрөг мэддэггүй гэсэн хүн маань хөөргийг өндөр үнэлсэн байна гээд байдаг. Орчин үеийн хөөрөг өвөг дээдсээс залгамжилж ирсэн хөөрөг хоёрын үнийн ялгааг Ж. мэдэж байгаа байх.
Сүүлийн үеийн жижиг хөөргийг олон бага малаар солино гээд Булган суманд явж байсан хүн. П.Т ярихдаа тэр хөөргийг охиндоо сургалтын төлбөртөө хэрэглэ гээд өгөөд явуулсан” гэжээ.
Прокурор Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний хувьд иргэний хариуцагч Ж.А давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.Т-д холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу давж заалдах шатны шүүх хуралдаанаар хорих ялын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж суллагдах хүртэл 1 сар 6 хоног цагдан хоригдсон. Хорих ялын үлдсэн хугацаа буюу 4 сар 24 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр цагдан хорих саналтай байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй учраас хохирлын талаарх энэ тайлбарыг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хуваарилсан хэмжээгээр хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч П.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А ах хохирлын мөнгийг төлөхгүй гээд би тус мөнгийг төлөхөөр болсон. Би хавар 3 сард мянган малтай айлд 1 малыг 1000 төгрөгөөр маллаж байгаад 5 сард шуурганаар ихэнх малаа алдаж, би өөрөө осгоод миний бие нэлээн дордсон. Би Х.С-тай холбогдоход биеэ сайн эмчлүүл. Бие эрүүл байхад мөнгө болох байлгүй гэсэн. Би биеэ сайн эмчлүүлээд 11 сар гэхэд хохирол төлбөрөө барагдуулна гэж эрхэм шүүгч нарт амлаж байна. Энэ байдлыг харгалзаж үзээд хөнгөн шийтгэл оноож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.Аяахүүгийн бичсэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Т нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний үед Өмнөговь аймаг, Даланзадгад суманд оршин суух Х.С хөөрөг, даалин зэрэг эд зүйл хулгайлж 5970000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хохирогч Х.С “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө уул руу явж 19 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ очоод хөөргөө хартал миний хөөрөг алга болчихсон байсан...би хажуу айлын П.Т-тай уулзахаар гэрт нь ороод ... хөөрөг алга байна, хөөрөг авсан гэсэн чинь П.Т би юу гэж авч байдаг юм та надтай тамхилахаар нь би буцаагаад өгсөн. Та цааш нь тавьсан шүү дээ гэсэн. Би буцаад гэртээ ороод хайгаад олдоогүй...тэр цагаас хойш П.Т гэртээ харагдахаа болиод 2018 оны 7 дугаар сарын 10-ны үеэр гэр лүүгээ орж байгаа харагдахаар нь би гэр лүү нь ороод хөөрөг яачив гэхэд Ж.А гээд өвгөнд зараад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй гэсэн. Би маргааш нь П.Т-ыг дагуулаад Ж.А гэж өвгөнийд очиж уулзахад Ж.А нь П.Т хөөрөг аваад ирэхээр би 50000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн...хөөрөг хаана байгаа талаар асуухад ...Улаанбаатар хот руу оюутан охиндоо өгөөд явуулсан манай охин 900000 төгрөгөөр хүнд зарсан гэсэн...” /хх-10/,
Иргэний нэхэмжлэгч Х.С “...П.Т миний хөөргийг Ж.А зарсан гэдгээ ярьсан, .. би хөөргөө 10000000 төгрөгөөр үнэлж байна...” /хх16-17/,
Гэрч Ж.А “...П.Т надад 2017 оны 7 байна уу 8 сард байна уу гэрт очоод 50000 төгрөгөөр зарна гээд .. би 50000 төгрөгөөр даалинтай нь худалдаж авсан...удалгүй П.Т ирээд даалингаа авлаа гээд авсан, ...Тэр хөөргийг оюутан ач охин Уянгадаа мөнгөний хэрэг болоод гэхээр нь би өгөөд хот явуулчихсан. Манай охин хотод очоод 60000 төгрөгөөр зарсан гэсэн. ”/хх-21/,
Гэрч Э.У “...2017 оны зун 8 дугаар сард надад мөнгөний хэрэг болоод манай өвөө Ж.А надад нэг хөөрөг 50000 төгрөгөөр авсан энэ хөөргийг зараад мөнгө болгоорой гэсэн. Тэгэхээр нь би тухайн хөөргийг Нарантуул зах дээр 60000 төгрөгөөр хүнд зарсан”/хх-23/ гэх зэрэг мэдүүлгүүд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар судлагдан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Т хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэн дүгнэсэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхээс П.Т оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл иргэний хариуцагч гэдэгт гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш, хуулиар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцах үүрэг хүлээсэн өөр хүн, хуулийн этгээд хамаарахаар байна.
Гэтэл шүүх иргэний хариуцагч Ж.А, шүүгдэгч П.Т нарт хохирлыг хувь тэнцүүлэн хуваарилж хуулийг буруу хэрэглэснээс гадна иргэний хариуцагч Ж.А эрх зүйн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хохирлыг хариуцах этгээдийг зөв тогтоогоогүй байна.
Мөрдөгчийн “иргэний хариуцагчаар татах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолд иргэн Ж.А хуульд заасан ямар үндэслэлээр эд зүйл хулгайд алдагдсан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих иргэн гэж үзэн иргэний хариуцагчаар татах болсон үндэслэлээ тодорхойлж бичээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гомдол гаргах” эрхийг тусгалгүй иргэний хариуцагч Ж.А шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлажээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1-д заасан иргэн хамаарч болохоор байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Ж.А хариуцан арилгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэний хариуцагч Ж.А-ын “хохирлыг төлөхгүй тухай” давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирогч Ж.С-д учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч П.Т-аас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар заалтын 1 дэх хэсгийг бүхэлд нь баримталж бичсэн атлаа тогтоох хэсгийн заалтуудад дээрх хуулийн заалтуудыг давхардуулан дахин бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Т-ыг гэм буруутайд тооцож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн дугаартай өмнөх магадлал гарах хүртэл цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хариуцагч Ж.А-ийн “хохирлыг төлөхгүй тухай” давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-аас 5970000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С-т олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар”, 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар” гэснийг тус тус хасаж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Т-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч П.Т-д 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ