Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00911

 

   Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01029 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1371 дүгээр магадлалтай,

 Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулах, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баярцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 тоот шийдвэрээр Б.Баярцэцэгээс 14,622,080 төгрөг гаргуулж Боловсрол сан Орлёнок ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс 2005.01.28-ны өдөр тушаасан 4,800,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагчид олголгүйгээр өөрийн дансанд хууль бусаар байршуулж байна. Улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг 2005.06.26-ны өдөр гарган төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005.09.05-ны өдөр дуусгавар болгосон. Ийнхүү шийдвэрлэхдээ тус албаны дансанд тушаасан 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид олголгүй нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт суутгасан хэмээн ойлгуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан тогтоол гаргажээ. Б.Баярцэцэг 2005.05.26-ны өдөр өөрийн хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө төлбөрт тооцон өгснөөс хойш 4,800,000 төгрөг буцаан авах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2005.05.26-ны өдөр, 2005.06.15-ны өдөр, 2005.06.27-ны өдрүүдэд тус тус гаргасан ч уг мөнгийг эргүүлэн олгоогүй, нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт ч суутгаагүй, удаа дараагийн гаргасан хүсэлтийг нь ч хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 181\ШШ2017\02698 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Дээрх шийдвэр бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчийн гаргасан тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.15-ны өдрийн 210\МА2017\02538 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.04.10-ны өдрийн 001\ХТ2018\00559 тоот тогтоолуудад 4,800,000 төгрөгийг 2005.05.30-ны өдөр Б.Баярцэцэгт эргүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй тухай дүгнэлт хийж уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй болохыг зааж өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 4,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ч 2005.05.30-ны өдөр Б.Баярцэцэгт буцаан олгосон нь хууль зөрчөөгүй гэх хариуг 2018.11.06-ны өдөр 4/439 дугаар хариу мэдэгдэх хуудсаар өгсөн учир уг шийдвэрт гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх газраас 2019.01.29-ний өдрийн 4/165 дугаар тоотоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Б.Баярцэцэг хэрвээ эрх нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгснийг 2019.02.02-ны өдөр хүлээн авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр газар бусдын төлбөрт тооцон өгсөн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин дансандаа хууль бусаар байлган, гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид буцаан олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул төлбөр төлөгчөөс 2005.01.28-ны өдөр төлбөртөө тушаасан 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид 4,800,000 төгрөгийг хуульд заасны дагуу буцаан олголгүй эрхийг нь зөрчсөн болохыг тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2005.05.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын протоколыг хүчингүй болгож, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, Р.Азбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Баярцэцэгээс 14,622,080 төгрөгийг гаргуулж Боловсрол сан Орлёнок ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр Б.Баярцэцэгийн хамтран өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 хороо 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлүүлэн, албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид 2005.09.05-ны өдөр шилжүүлэн 2005.09.05-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон. Тус албаны кассанд Б.Баярцэцэгийн нөхөр О.Зоригтбаатарын 2005.01.28-ны өдөр тушаасан 4,800,000 төгрөгийг 2005.05.30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж байсан ч санхүүгийн баримт тусдаа байснаас бид шийдвэрээс хойно 2005.06.06-ны өдөр буцаан олгосон санхүүгийн баримтыг олж хэрэгт өгсөн. Б.Баярцэцэг нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг мэдэж байсан бөгөөд тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01029 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгохыг хүссэн Б.Баярцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1371 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 102/ШШ2020/01029 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1371 дүгээр магадлалыг хүлээн аваад зарим хэсгийг буюу төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 37 дугаар зүйл, 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн /2002 он/ 87 дугаар зүйл, 87.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйл, 82.4 дэх хэсэг, ШШГТХ-ийн 143 дугаар зүйлд /2002 он/ заасан заалтыг хэрэглэх ёстой байсан боловч энэ заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл,116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргасан болно. Давж заалдах шатны шүүх нь гомдлыг хянаж магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн гэж дүгнэсэн нь өөрөө илтэд үндэслэлгүй дүгнэлт байх бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйл, 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь өмнө нь НШШГГ буюу өмнөх нэршлээр НШГА-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэр, НИХДЗШШ-ийн 2017.12.15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.04.10-ны өдрийн 001/ХТ2018/00559 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь 4,800,000 төгрөгийг НШГА нь удаа дараагийн хүсэлт өргөдөл өгсөөр байхад нь Б.Баярцэцэгт буцаан олгоогүй болох тухай утгыг агуулсан дүгнэлтүүдийг хийсэн байх төдийгүй НИХДЗШШ болон УДШ нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 4.800.000 төгрөгийн тухайд шийдвэрлээгүй болох тухайг маш тодорхой магадлал, тогтоолдоо зааж тусгаж өгсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохыг шаардахгүй үйл баримт болох юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан 2020.06.26-ны өдрийн 1371 дүгээр магадлалд мөн дээрх эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын нэг адил ...Б.Баярцэцэг нь 2005.05.26-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зөвшөөрч, зөрүү төлбөрт 796,810 төгрөгийг 2005.06.09-ний өдөр буцаан авсан, төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан авахаар хүсэлтийг мөн өдрөө гаргасан байна. ШШГТХ-ийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш ,,,,хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэжээ. Хариуцагч нь 2005.05.30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд 4,800,000 төгрөгөө буцаан олгуулахаар хүсэлт гаргаж байжээ... гэж дүгнэсэн байна. Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь НШГА-д хандан 4,800,000 төгрөгөө буцаан авах хүсэлтийг гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд үүгээрээ нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийн тухайд ШШГТХ-ийн 143 дугаар зүйл, 143.1 дэх хэсгээр хуульчилсны дагуу хүсэлт өргөдөл гомдол гаргаж байсан болох нь тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн ШШГТХ-ийн 87 дугаар зүйл, 87.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байгаа болно. Мөн НШГА нь үйл ажиллагаандаа зөвхөн ШШГТХ-иас гадна мөн Төрийн албаны тухай хууль, мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль гэх мэт бусад хууль тогтоомжуудад шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа хэрхэн нийцэж явагдсан эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөх үүрэгтэй байсан боловч шүүх энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Төлбөр төлөгч Б.Баярцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдүүд болох Ж.Долгор, Г.Төмөр, Г.Дөлгөөн, О.Зоригтбаатар нарын 2005.05.26-ны өдрөөс 2005. 06.27-ны өдрийг хүртэл удаа дараа гаргасан өргөдөл гомдолд НШГА-аас ШШГТХ-ийн 143 дугаар зүйлд зааснаас гадна Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль-д заасны дагуу заавал хариу өгч гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай, хэрвээ гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол яагаад шийдвэрлэх боломжгүй тухайд НШГА нь үндэслэл бүхий хариуг өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү хариу өгөөгүй үйл баримт нь НШГА нь эс үйлдэхүйгээрээ төлбөр төлөгч Б.Баярцэцэгийн эрхийг зөрчсөн болохыг нотолж буй үйл баримт болох юм. Анхан шатны шүүх ...О.Зоригтбаатар 2005.01.28-ны өдөр төлбөр төлөгчийн төлбөрт 4,800,000 төгрөг тушаасан байна. ШШГТХ-ийн /2002 он/ 73 дугаар зүйлийн 73.1-д шийдвэр гүйцэтгэгч нь гаргуулсан төлбөрийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь дансанд бэлэн буюу бэлэн бусаар хийх ба дансны дугаар мэдэгдэхгүй бол уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд оруулна, 73.2-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт бэлнээр гаргуулсан мөнгийг хуулиар тогтоосон хугацааны дотор төлбөр авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд шилжүүлнэ, 74 дүгээр зүйлийн 74.1-д шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэжээ. Гэтэл төлбөр төлөгчийн өмнөөс түүний нөхөр төлбөрт нь 2005.01.28-ны өдөр тушаасан 4.800.000 төгрөгийг дээрх хуульд заасан хугацаанд хариуцагч нь төлбөр авагчид олгоогүй буруутай байх бөгөөд ийнхүү олгоогүйгээ няцааж чадаагүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын 2005.01.28-ны өдөр төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг НШГА нь төлбөр авагчид олгоогүй үйл баримтын тухай дүгнээд энэ дүгнэлтийн үндэслэл нь ШШГТХ-ийн 73 дугаар зүйл, 73.2, мөн хуулийн 74 дүгээр зүйл, 74.1 дэх хэсэг болохыг тодорхойлсон байна. Анхан шатны шүүх мөн ...Б.Баярцэцэг нь 2005.05.26-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зөвшөөрч, зөрүү төлбөрт 796,810 төгрөгийг 2005.06.09-ний өдөр буцаан авсан, төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан авахаар хүсэлтийг мөн өдрөө гаргажээ. Хариуцагч нь 2005.05.30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж тайлбарласан ч нэхэмжлэгчийн 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд 4,800,000 төгрөгөө буцаан олгуулахаар хүсэлт гаргаж байснаар үгүйсгэгдэж байна. ...Учир нь хэргийн үйл баримтаар 2005.05.26-ны өдөр буцаан олгох хүсэлт гаргасан, 2005.06.30-ны өдөр 960,000 төгрөгийг нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт үлдээхийг зөвшөөрсөн, 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд уг 4,800,000 төгрөгийг буцаан олгуулах тухай хүсэлтийг гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль-ийн 1-р зүйлд Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна гэж, 4 дүгээр зүйл, 4.1 дэх хэсэгт өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно гэж, 4 дүгээр зүйл, 4.5 дахь хэсэгт өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг гэж, 5 дугаар зүйл, 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй гэж, 6 дугаар зүйл, 6.2 дахь хэсэгт гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах гэж, 6 дугаар зүйл, 6.4 дэх хэсэгт өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах гэж 6 дугаар зүйл, 6.5 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх гэж, мөн хуулийн 7 дугаар зүйл, 7.3 дахь хэсэгт өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж мөн хуулийн 16 дугаар зүйл, 16.1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж, 16.2 дахь хэсэгт Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө гэж тус тус зааж хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх нэгэнт дүгнэлтдээ төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлээгүй буруутай болохыг нь үндэслэлтэй дүгнэсэн учир давж заалдах шатны шүүх НШГА-ны төлбөр төлөгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс гаргасан өргөдөл гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Б.Баярцэцэг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулах, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 1.   Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Баярцэцэгээс 14,622,080 төгрөгийг гаргуулж Боловсрол сан Орлёнок ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөгчийн нөхөр О.Зоригтбаатараас 2005.01.28-ны өдөр 4,800,000 төгрөгийг төлбөрт тушаасан, төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, 22 дугаар байрны 59 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй үндэслэлээр төлбөр авагчид санал болгосныг төлбөр авагч хүлээн зөвшөөрснөөр орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005.09.05-ны өдөр дуусгавар болгожээ.

 Нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.15-ны өдрийн 210/МА2017/02538 магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.04.10-ны өдрийн 001/ХТ2018/00559 тогтоолоор хууль хэрэглээний болон найруулгын талаар нэмэлт өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогджээ.

 2.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулах, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй.

 Шүүх дээрх шаардлагыг хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 3.   Харин ...төлбөр төлөгчөөс төлбөрт шилжүүлсэн 4,800,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчид шилжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 143 дугаар зүйлийг хэрэглээгүй, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүсчээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.-д шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж, 34 дүгээр зүйлийн 34.3.-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. ...Ахлах шийдвэр гүйцэтгэгч ...-ийн тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно... гэж тус тус заасан.

 Хэргийн 1 дүгээр хавтасны 103, 207 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь 2005.05.26-ны өдрийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Боловсрол сан Орлёнок ХЗХ-д төлөх 14,622,080 төгрөгийн төлбөрт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2-р 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцыг өгөхөөр зөвшөөрсөн хүсэлтийг гаргахдаа 2005.01.28-ны өдөр төлбөрт тушаасан 4,800,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргаж байжээ.

 Иймд нэхэмжлэгчийг 2005.01.28-нд тушаасан 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид олгоогүй болохыг тухайн үед мэдсэн атлаа шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар хуульд заасан хугацаанд холбогдох албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаагүй тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

 Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01029 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1371 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагаас 2020.08.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                            Г.БАНЗРАГЧ

                                             П.ЗОЛЗАЯА

                                                     Г.ЦАГААНЦООЖ

                                                    Х.ЭРДЭНЭСУВД