Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 28

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              М.Сайнзаяа

         Шүүгдэгч                                             Г.Б түүний өмгөөлөгч

                                                                    Э.Алтан-Уяа

         Нарийн бичгийн дарга                         Ц.Чагнаадорж нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ108 дугаар цагаатгах тогтоолтой Г.Б-т холбогдох 181500389247 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Б.

Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Хар нүдэн гэх газраас иргэн Б.Н-н 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/108 дугаар цагаатгах тогтоолоор:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т  овогт Г.Б ыг цагаатгаж, 

2. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй хохирогч П.Н-д 5500000 төгрөг  төлсөн болохыг тус тус дурьдаж,

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэлдээ: “...Булган аймаг дахь Сум дундыи Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 108 дугаартай цагаатгах тогтоолыг хянавал:  

1. Хохирогч Б.Н "Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэрээсээ хонио бэлчээхдээ хонио тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан юм. Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өглөө 0900 цагийн үед намайг гэрийнхээ гадаа хонио бэлчээгээд байж байтал манай гэрийн зүүн урд зүгээс хар халзан зүсмийн нэг хурга гүйгээд ирэхээр нь хартал манай имтэй хурга байхаар нь тэр хургыг хониндоо нийлүүлээд явуулсан юм. Тэгээд орой нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой хонио тоолоод үзтэл манай хониноос 47 тоны хонь байхгүй болчихсон байсан... 47 тооны хонь бүгд буруу талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй, зөв талын чих нь имгүй хонинууд байсан юм" гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34/ ...Г.Б-н ээж болох Х надтай уулзаад таны 47 тооны хонины хохирол хэдэн төгрөг болох юм бэ би таны хохирлыг бүрэн барагдуулах гэсэн юм гэж надад хэлэхээр нь би хулгайд алдсан 47 тооны хонио 5500000 төгрөгөөр үнэлэх байх даа гэж хэлсэн... Х 2018 оны 09 дүгээр сарын дундуур 5300000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 200000 төгрөгийг манай гэрт авчирч өгсөн... Б хулгай хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Г.Б- ээж Х надад мөнгө авчирч өгөөд явахдаа манай хүүхдийг харж үзээрэй гэж хэлж байсан гэх мэдүүлэг, /ХХ-ийн 35-36/ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгт  ухсан нүхэнд манай 17 тооны хонь үхсэн байдалтай байсан... манай хонь Г.Б-н хоньтой нийлж байгаагүй" гэх мэдүүлэг, ... Гэхдээ манайх хонио байнга дагаад байдаггүй ба хонио бэлчээчихээд гэрээсээ хараад байх үе бас байдаг... манай хонийг Г.Б-н хоньтой шүргэх үед Г.Б манай хониноос тасалж өөрийнхөө хоньтой нийлүүлээд аваад явсан байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг. /ХХ-37-39/

2. Гэрч С.Х-н "Манай ээжийн хулгайд алдсан 47 тооны хонь бүгд буруу талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй зөв талын чих нь имгүй хонинууд байсан... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой хонь ямаагаа дахин тоолж шүүхэд 47 тооны хонь дутсан... Манай хонь уг нь байнгын хариулга маллагаатай байдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд ээж бид 2 гэртээ байсан ба би хонио гэрээсээ дурангаар харчихаад гэртээ байж байсан.. Манай хонь Г.Б гэдэг айлын хоньтой нийлсэн байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг, /ХХ-51-52/

3. Гэрч Т.М-н "эмээ бид хоёр очиж үзэхэд тэр газар 17 тооны хонь үхсэн байдалтай байсан юм. Эмээ бид хоёр тоолж үзсэн. Би 2000 оноос хойш одоог хүртэл эмээгийндээ мал маллаж байгаа юм. Би эмээгийн хонь, ямааг хараад танина. Би тэр 17 тооны хонийг им болон зүсээр нь хараад таньж байгаа юм... Манай хонь уг нь хариулга маллагаатай байдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд хариулга маллагаатай байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би тухайн өдрүүдэд Улаанбаатар хотод байсан юм... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө 17 тооны хонийг үхсэн байдалтай олсон бөгөөд үлдсзн 30 тооны хонио эрж хайгаад олоогүй" гэх мэдүүлэг /ХХ-53-55/

4. Гэрч Г.У-н "...би Б-н машины ачаан дээр ачиж явсан хонинууд газарт үхсэн байдалтай хэвтэж байхаар нь нохой шувуу ирж цуглараад замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд саад болж магадгүй гээд өөрийнхөө машин дээр ачаад замын хажууд байх кариерын нүх рүү бүгдийг нь аваачиж хаясан... Амьд мал байгаагүй, тоолж үзээгүй гэх мэдүүлэ: /ХХ-56-57/

5. Гэрч Ж.С-н "..Б-с мэдүүлэг авахад тооромз ажлаагүйгээс болж осол болсон. Ганцаараа явж байсан дээрхи малнуудыг өөрийнхөө мал, хулгайн мал биш, Эмээлт орж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б нь дандаа хонь ачиж явсан" гэх мэдүүлэг /ХХ-61-62/ ...Осол болсон газраас зайтай тогтоол усанд үхсэн хонины сэг зэм хаясан байдалтай байсан... Зам тээврийн ослоор уг зөрчлийг материалжуулан шалгасан болохоор тухайн үхсэн хонинуудын гэрэл зургийг зөрчлийн материалд хавсаргаагүй. Одоо миний "CAT" брендийн төхөөрөмж дээр үхсэн хонины зургийг авсан 3 кадр гэрэл зураг байгаа" гэх мэдүүлэг /ХХ-185-186/

6. Гэрч Л.Б-н "Б.Н надтай уулзаад хонь сураглаж байсан... Малаа хариулаад явж байхад холоос дурангаар харахад Г.Б-н гэрийн гаднаас хүн мал ачиж байгаа бололтой харагдсан.." гэх мэдүүлэг, /ХХ-67-69/

7. Гэрч Б.Ж-н “2018 оны 09 дүгээр сард намайг адуугаа туугаад явж байхад замын хажуугийн карьерт тогтоол усан дотор 6-7 тооны үхсэн хонины сэг зэм харагдсан. Би нэг хонины зүсийг харсан шар халзан халзан зүсмийн хонь харагдсан. Морин дээрээсээ харахад тэгж харагдсан. Кариер луу ойртож бол хараагүй" гэх мэдүүлэг, /ХХ-ийн 175/

8. Гэрч Н.Г-н "засмал замаас ачааны бонго машин гарч унасан байсан. Намайг машин дээр очиход дотор нь хүнгүй байсан Тэгээд би Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. Гэрийн зүг хонио хариулаад явсан. Явж байсан чинь засмал замын урд талд осол болсон газраас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 300-400 орчим метрийн зайд кариер дотор 7 тооны хонины сэг зэм харагдсан. Шаварт хутгалдсан сэг зэмийг харахад хар халзан зүсмийн хонины сэг харагдсан" гэх мэдүүлэг, /ХХ-н 175-176/

9. Гэрч Л.Г-н "...осол болсноос хойш 3-4 хоногийн дараа Норжинпил гуайн хонины сэг зэм байсан кариер луу хамт очсон Очиход кариер доторх тогтоол усанд яг хэдэн хонь гэдгийг нь мэдэхгүй байна, хэд хэдэн хонины сэг зэмийг шувуу идсэн байсан. Тогтоол уснаас хар халзан зүсмийн нэг хонийг би татаж гаргасан. Тэгээд нөгөө хонины бүтэн сэг зэмийг үзээд миний хонь байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг, /ХХ-м 177-178/

10. Гэрч Б.Б- "Н-н ач М ажил дээр ирээд Б  7-н давааны цаана осол хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Мөн өөрийнхөө хониноос алга болсон талаар ярьж байсан. Тэгээд Мөөнөө надад Б осол хийсэн газарт очиж үзэхэд манай алга болсон хонины им тамгатай таарч байх шиг байна. Осол гарсан өглөө Төв аймгийн Лүн сумын цагдаа ослын үед авсан зураг бололтой хэдэн хонины толгойны норсон, шавартай зураг харагдаж байсан. Энхболд төлөөлөгч, Мөөнөө бид хэд Төв аймгийн Лүн сумын нутаг осол болсон газарт очиж үзсэн. Тэгэхэд ослын газар малын ноос ус тархсан байсан. Тэгээд хонийг зөөж хийсэн кариерт очиж үзэхэд хэдэн хоиины сэг зэм харагдаж байсан... Хэд хоногийн дараа Б*г гэртээ ирснийг мэдээд Энхболд ахмад бид хоёр Норжинпилийн хамт Б ыг гэрээс нь авч цаашаа Лүн сум руу явсан тэгээд Энхболд ахмад Б-тай уулзсан" гэх мэдүүлэг, /ХХ-н 179-181/

11. Гэрч Э.Э-н "..Б-т зургийг үзүүлсэн, үзүүлэхэд энэ хэний хонь вэ гэж асуухад Б  дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Б-с өөрийнхөө хонины имийг мэдэх үү? гэж асуухад мэднэ гэж надад хэлсэн" гэх мэдүүлэг, /ХХ-н 182-184/

12. Г-н хонинд үзлэг хийсэн Н-н хонины имтэй адил хонь байгаагүй, мөн Норжинпил ослын дараа Г.хонинд хонио шүүхэд манай хонь байгаагүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн зэргээр Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг "Хар нүдэн" гэх газраас иргэн Б.Н-н 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б нь манай аавынх олон тооны имтэй хонь байдаг би малын им мэдэхгүй, хонио танихгүй гэж мэдүүлж байх боловч Г.Б нь аав, ээж малчин тул багаасаа мал дээр байж ээж, аавдаа тусалдаг байсан, мөн аав, ээжийн эзгүйд малаа харж хяналт тавьдаг гэж мэдүүлдэг ба биеийн байцаалтаар эрхэлдэг ажил малчин гэж мэдүүлсэн байдаг. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 7.1.4-т малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авч, нэг бүрчилсэн бүртгэлийг гэрээнд хавсаргах" талаар заасан байтал Г.Б нь Баяннуур сумаас Улаанбаатарын чиглэлд Эмээлт зах оруулж хонь зарж, ачиж явахдаа гарал үүслийн гэрчилгээ аваагүй тээвэрлэсэн нь дээрхи хуулийг зөрчсөн төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах санаа зорилго агуулсан гэж дүгнэж байна. "Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг өөрийн үзэмжээр захиран зарцуупах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл. зохих байгууллага албан гушаалтанд мэдэгдээгүй эс үйлдэхүйгэзр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж тухайн малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлсэн шууд санаатай үйлдэл байдаг ба Г.Б-н үйлдэлд энэ шинжүүд нотлогдож тогтоогдоогүй байна" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Н-н хонь өрийн эзэмшил ашиглалтаас гарч, байнга идээшиж бэлчдэг газартаа байхгүй, сүргээсээ тасарч салсан, өөр хүний хонь, бэлчээрт шилжиж байршсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Г.хотонд байсан. Шүүгдэгч Г.Б нь аав Г.хоттой хониноос Норжинпилийн хонийг бүгдийг ачиж Улаанбаагар хот оруулж зарж борлуулж ашиглаж, завших гэсэн зорилготой идэвхитэй, санаатай үйлдэл хийсэн байхад шүүгдэгчийн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн дагуу гэм буруугаа хүлээхгүй байгаатай эвлэрч Г.Б-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, нотлогдож тогтоогдоогүй, таамаглалд үндэслэж хэргийн байдлыг тогтоох боломжгүй, шүүгдэгчийн  гэм  буруутай эсэхэд эргэлзээ  гарвал  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй этгээд болох шүүгдэгч Г.Б-н би малаа танихгүй, мэдэхгүй гэх мэдүүлэгт хэт хөтлөгдөж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийхгүйгээр таамагдалд үндэслэж хэргийн байдлыг тогтоох боломжгүй гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж цагаатгасан гэж үзлээ. Тухайлбал гэрч Хишигээ манай хүүгийн ачиж явсан 16 тооны хонины 9 тооны хонь нь Б.Н-н хонь байсан. Тэгээд би тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа хүү Г.Б-тай хамт Б.Н-тэй уулзаад манай хүү таны 9 тооны хонийг танилгүй өөрийнхөө хоньтой андуураад ачиж явсан байна гэж хэлтэл Б.Н надад манай хониноос одоо нийт 47 тооны хонь дутсан талаар ярьсан. Тэгэхээр нь би хүүгээ зам тээврийн осолд ороод амьд гарсанд нь баярлаад мөн Б.Н-н 9 тооны хонь манай хүүгийн ачиж явсан 16 тооны хонинд байсан учраас Б.Н-д 47 тооны хонины хохирол болох 5500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Б-тай ярилцсан тэмдэглэлд "би тухайн үед Б.Н-д миний тээвэрлэж явсан хониноос таны 9 тооны хонь байсан шүү дээ гэж хэлтэл Б.Н надад миний хониноос 47 тооны хонь дутсан юм гэж хэлэхээр нь ээж бид хоёр хүнийг хохироож болохгүй гэж ярилцаад 5500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/" Тэгээд ч ер нь Б.Н-н 47 гооны хонийг аваагүй байсан ч Б.Н-н 47 тооны хонины хохирлыг төлөх нь зөв байна гэж бодсон" гэх, шүүгдэгч өөрийн ачиж явсан хониноос 9 тооны хонь хохирогч Б.Н-н хонь байсныг хэлж мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлыг 47 тооны хониор тооцож 5500000 төгрөгийг төлсөн гэтэл шинжээчийн дүгнэлтээр нийт хохирол 5100000 төгрөгөөр тогтоосон байдал, Т.Б-н ээж Х надад мөнгө авчирч өгөөд явахдаа манай хүүхдийг харж үзээрэй гэж хэлж байсан" гэх хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.Энхболдын зургийг үзүүлсэн, үзүүлэхэд энэ хэний хонь вэ гэж асуухад Б дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Б-с еөрийнхөө хонины имийг мэдэх үү? гэж асуухад мэднэ гэж надад хэлсэн" гэх мэдүүлэг зэргийг анхаарч, үнэлж дүгнээгүй. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг баримтлан Прокурорын зсэргүүцэл бичив...” гэжээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                                          

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Хар нүдэн гэх газраас иргэн Б.Н-н 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б-г цагаатгасныг эс зөвшөөрч прокурор М.Сайнзаяа прокурорын эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцэлийг хүлээн авч тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

Г.Б 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Хар нүдэн гэх газраас иргэн Б.Н-н 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь

хохирогч Б.Н, гэрч Ж.С, С.Х, Т.М, Г.У, Л.Б, Б.Жу, Н.Г, Л.Г, Б.Булгантамир  нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуульд заасан Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Прокурор М.Сайнзаяа нь “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг гаргасан боловч

Шүүгдэгч Г.Б-н “...Хонийг нь авсан зүйл байхгүй, би мал танихгүйдээ ачсан. Өөрийнхөө хонины имийг ялгаж мэддэггүй. Миний тээвэрлэж явсан 16 тооны хонины 9 тооны хонь нь Б.Н-н хонь байсан гэдгийг мэдээгүй. ...Тэгээд ээж бид хоёр Б.Н-тэй очиж уулзахад манай хониноос 47 тооны хонь дутсан байгаа, 47 тооны хонины 5 500 000 төгрөгийн хохирол төл гэхээр нь ээж бид хоёр ярилцаж байгаад аваар ослоос үүдэн хэл аманд орно мөн өөрийгөө санаандгүй буруутай үйлдэл гаргасан гэдгээ ойлгоод 5 500 000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.С-н өгсөн: “... Г.Б-с мэдүүлэг авахад тоормоз ажлаагүйгээс болж осол болсон, ганцаараа явж байсан, дээрх малнуудыг өөрийнхөө мал, хулгайн мал биш, Эмээлт орж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б нь дандаа хонь ачиж явсан гэх мэдүүлэг,

Гэрч С.Х-н өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд ээж бид 2 гэртээ байсан ба би хонио гэрээсээ дурангаар харчихаад гэртээ байж байсан... манай хонь Г.Б гэдэг айлын хоньтой нийлсэн байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг,

Гэрч Г.У-н өгсөн: “....Би Б-н машины ачаан дээр ачиж явсан хонинууд газарт үхсэн байдалтай хэвтэж байхаар нь нохой шувуу ирж цуглараад замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд саад болж магадгүй гээд өөрийнхөө машин дээр ачаад замын хажууд байх карерын нүх рүү бүгдийг нь аваачиж хаясан. .... амьд мал байгаагүй. Тоолж үзээгүй гэх мэдүүлэг,

Гэрч Л.Г-н өгсөн: “.... осол болсноос хойш 3-4 хоногийн дараа Н гуайн хамт хонины сэг зэм байсан кариер луу хамт очсон. Очиход кариер доторх тогтоол усанд яг хэдэн хонь гэдгийг нь мэдэхгүй байна хэд хэдэн хонины сэг зэмийг шувуу идсэн байсан. Тогтоол уснаас хар халзан зүсмийн нэг хониныг би татаж гаргасан. Тэгээд нөгөө хонины бүтэн сэг зэмийг үзээд миний хонь байна гэж хэлсэн”  Би тэр хонины бүтэн сэгийг яг ямар шинж, тэмдэг имээр нь өөрийнх болохыг мэдсэн гэдгийг мэдээгүй, им тэмдэггүй байсан гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б-г иргэн Б.Н-н 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Иймд прокуорор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуорор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Б-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                 ШҮҮГЧ                                    Т.ГАНБАТ                                                  

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН