Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00916

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дүгээр магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.22-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01774 захирамжаар Ж.Пүрэвдулам бид хоёроос нийт 41,273,358 төгрөгийг гаргуулан Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар 2017.11.14-ний өдрийн 1847 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж 2018.01.12-ны өдрийн 18260223 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд бидний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоот хаягт байрлалтай Ү-2204005684 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авч, Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээчин 53,438,600 төгрөгөөр үнэлсэн. Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоот орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш нь 60-аас 65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж 2020.04.17-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ болох 53,438,600 төгрөгийн 70 хувь буюу 37,407,020 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.22-ны өдрийн 1774 дүгээр захирамжаар Ж.Пүрэвдулам, ******* нараас 41,273,358 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Пүрэвдулам, ******* нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 16 дугаар байрны 38 тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг 2018.10.31-ний өдрийн 18260223/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.01.28-ны өдрийн 18260223/04 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч *******, өмчлөгч Б.Баярмаа, Д.Оюунцэцэг нар барьцаанд байгаа орон сууцаа 80,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Ж.Пүрэвдулам төлбөр авагч Төрийн банк нар шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилон Баян Модот ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 53,438,600 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2020.02.17-ны өдрийн 4/5439, 4/5440, дугаартай мэдэгдлийг гардуулан өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 37,407,020 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020.04.02-ны өдрийн 4/11250, 4/11251 дугаартай мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 26,719,300 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020.05.15-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020.04.30-ны өдрийн 4/16166, 4/16167 дугаартай мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.11-ний өдрийн 9460 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний бие Ж.Пүрэвдуламын хамт "Төрийн банк" ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй , 24 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд зээлээ төлж чадаагүй тул Төрийн банк ХХК-иас Ж.Пүрэвдулам бид хоёрт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017.05.22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар захирамжаар бид нараас нийт 41,273,358 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2017.11.14-ний өдрийн 1847 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд бидний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол,16-р байрны 38 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авч Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээчин 53,438,600 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл тухайн үед тус орон сууцны зах зээлийн ханш 60-65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж 2020.04.14-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ болох 53,438,600 төгрөгийн 70 хувь болох 37,407,020 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа зарлагдсанаар байраа алдахад хүрээд байна. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох гомдлыг гаргасан боловч хүлээн аваагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан боловч шүүх хэрэглэвэл зохих хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.22-ны өдрийн №01774 дугаартай шүүгчийн захирамжаар Төрийн банк ХХК-д зээлийн төлбөрт 41,273,358.13 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.Пүрэвдулам, ******* нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны 38 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 53,438,600 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тус орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш 60-65 сая орчим төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэн, ...улмаар анхны албадан дуудлага худалдаанд дээрх үнийн 70 хувь буюу 37,407,020 төгрөгөөр зарлагдсанд гомдолтой байна. ...үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

 

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн өмчлөгчөөс мэдээлэл авч, зах зээлийн мэдээлэл цуглуулан, Үнэлгээний олон улсын стандартын дагуу, үнэлгээний зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний арга, орлогын хандлагын аргыг баримтлан үнэлгээг хийсэн болох нь үнэлгээний тайланд тусгагджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугласан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

 

2.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв боловч үнэлгээний талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байна.

 

Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэж, 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

 

Хуулийн дээрх заалтаар, талууд үүргийн гүйцэтгэлд хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл уг үнэлгээг тогтоосон дүгнэлтийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар байна.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдсэн хугацаанаас хойш үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг тооцож, гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан талаар дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн дээрх зөрчил магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, залруулах боломжтой тул тэмдэглэх нь зүйтэй. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3.   Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...тухайн орон сууц зах зээлийн ханшаар 60-65 орчим сая төгрөгийн үнэтэй байхад шинжээч хэт доогуур үнэлсэн, ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч Баян модот ХХК зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзсэн үндэслэл, тухайн орон сууц 60-65 сая төгрөгийн үнэтэй байгаа талаарх тайлбараа баримтаар нотлоогүй тул хоёр шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүх хэргийг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэхэд хамаарах, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй талаар гомдолд дурдаагүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.08.31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД