Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

                2018            01          19  

                                           210/МА2018/00226

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02131 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 828 944 төгрөг  гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.А миний бие Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 01 сарын 15-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрч, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2017 оны 09 сарын 18-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар ажилдаа томилогдсон болно. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн надад 2016 оны 01 сараас 2016 оны 06 сар хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгогдсон. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар би 2017 оны 09 сарын 18-ны өдөр ажилд томилогдсон ч намайг маргааш нь буюу 2017 оын 09 сарын 19-ний өдрийн мөн даргын тушаалаар ажлаас чөлөөлж, надтай зөвшилцөхгүйгээр намайг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар болсон талаар надад танилцуулсныг би зөвшөөрөөгүй. Би өмнөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахгүй намайг ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 828 944 төгрөг нэхэмжилж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Н.А нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн /хуучнаар/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлаасаа үндэслэлгүй халагдаж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгон Н.Аг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Манай байгууллага дээрх хүчин төгөлдөр шүүхийн шйидвэрийн дагуу Н.Агийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 224 896 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүхийн шйидвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн төлж барагдуулсан. Мөн Н.Агийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх мөн цалинг нь бууруулахгүйгээр харин ч нэмэгдүүлсэн албан тушаал буюу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаалыг санал болгож  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон. Гэтэл Н.А нь уг албан тушаалыг эс зөвшөөрч сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг биелүүлээгүй учир түүнийг ажилд томилсон дээрх тушаалаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/113 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Ийнхүү манай байгууллагын зүгээс гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэх үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаагүй, харин ч түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр албан тушаалын зэрэглэлийг дээшлүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх албан тушаалыг санал болгож байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлээгүй байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлйин 69.1-д заасан маргаан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүх хянан шийдвэрлэх маргаан бөгөөд хуулийн 129.1-д заасан маргаан шийдвэрлэх байгууллага гэдэгт шүүх хамаарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу Э газраас 3 213 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 615 594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Агийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сарын дундаж цалин болох 1 114 309 төгрөгөөс зохих хувиар бодон нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э газарт даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э газраас 66 364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй (2017 оны 06 сарын 22 өдрөөс 2017 оны 9 сарын 22 өдөр хүртэл), нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахгүй үлдээхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан (2016 оны 6 сараас 2017 оны 6 сарын 22 хүртэлх) гэж ялгавартай дүгнэжээ. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 69, 129 дүгээр зүйлийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 14 сарын дараа нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь ажил олгогчийн тушаал шийдвэр гарч ажилд нь эгүүлэн томилсон өдрөөс буюу 2017 оны 09 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцох нь хууль болон шудрага ёсны зарчимд нийцэх юм. Анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоосон хугацааг дан ганц захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр гэж тогтоосон нь учир дутагдалтай. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогчийн ажилд эгүүлэн авах тушаал, шийдвэр гарснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн. Хэрвээ анхан шатны шүүхийн дүгнэлтийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг зөрчихгүй байх ёстой гэвэл дээрх 14 сарын хугацаанд 3 cap тутамд буюу нийтдээ 5 удаа нэхэмжлэл гаргах байсан гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажилдаа орохын тулд өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж байсан бөгөөд хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 14 сарын хугацаанд ажилд эгүүлэн оруулахаар ажиллагаа хийж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Э газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 828 944 төгрөг  гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд гомдол гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 224 896 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Н.Аг шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд буюу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 224 896 төгрөг олгосон байна.

 

Энэ хугацаанд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг тус газрын Тамгын газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилсон боловч нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаал биш гэх үндэслэлээр уг ажлын байрыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хариуцагч нь уг тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болгосон үйл баримт тогтоогджээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацаанаас урагш тоолж 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан нь буруу байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн нэг сард авах цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн  2015 оны 10, 11 сар, 2016 оны 01 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход  нэг сарын цалинтай тэнцэх олговор 1 011 946 төгрөг байх ба 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх нийт 14 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 14 167 244 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02131 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Агийн ажилгүй байсан хугацааны олговорт 14 167 244 төгрөг хариуцагч Э газраас гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Э газарт даалгасугай” гэж,

шийдвэрийн  3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, 2 дахь заалтад "66 364" гэснийг "228 786" гэж өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                       А.МӨНХЗУЛ