Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0640/З |
Дугаар | 221/МА2024/0241 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0241
“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д*******, хариуцагч Х.С*******, А.У*******, Б.О*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х*******” ХХК
Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга
Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч И.Э*******, Х.С*******, улсын байцаагч А.У*******, Б.О*******, Т.Д*******
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар тушаалын холбогдох хэсэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагч нарын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ТҮЧГ/А-0004/01 тоот актын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А
Хариуцагч Х.С*******
Хариуцагч Б.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2019/0640/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, тус газрын дарга, Эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч Х.С*******, улсын байцаагч А.У*******, Б.О******* нарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар тушаалын холбогдох хэсэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагч нарын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ТҮЧГ/А-0004/01 тоот актын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр:
“1 дэх заалтаар “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6, 17.3.1, 17.3.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ТҮЧГ/А-0004/01 дугаар бүхий “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож”
2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас гаргасан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”
3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу нийт 176.550.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/112024/0046 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заасныг баримтлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн үндэслэлээ "..."ажлын хэсэг байгуулсан тушаал байх бөгөөд ...тухайн байгууллагын хувьд дотоод зохион байгуулалтын шинжтэй дотогшоо чиглэсэн баримт бичиг, нэхэмжлэгчид ямар нэг үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинж агуулаагүй” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн хувьд А/90 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хохироосон, сөрөг үр дагавар үүсгэсэн гэж үздэг бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарладаг.
“Бизнесийн өрсөлдөгч баримт материалыг үзэх шалгах, эрх зүйн байдлыг дордуулах зорилгоор төрийн бус хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж эхэлсэн”, “үйл ажиллагаа үйлчилгээний дата мэдээллийг хувийн цахим харилцаагаар шаардаж эхэлсэн”, “дэд даргаар томилогдсон Д.Н нь мэргэжлийн бус, төрийн хяналт шалгалтын бус, хууль дүрэм журамгүйгээр таамаглал дэвшүүлэн үндэслэлгүй нөхцөл байдлыг гарган тайлбарлаж, нэхэмжлэгч компанийг буруутгаж эхэлсэн ажил хэргийн нэр хүндийг унагааж дордуулсан”, “баримт материал үзээгүй байж таамаглалаар зөрчил тогтоож, яг энэ тогтоосон гэх зөрчил улсын байцаагч нарын актын үндэслэл болсон”, “А/90 тушаалыг үндэслэл болгон нэхэмжлэгч компанийг гэрээний үйл ажиллагааг зогсоосон”, “Гэрээний ажил үүргээ гүйцэтгэж, санхүүжилт авах эрхийг хязгаарлаж программд орох эрхийг хязгаарлаж зогсоосон”, “Ийнхүү хууль бус бүрэлдэхүүний этгээдийн хувийн ашиг сонирхол хэрэгжүүлэх, ашигтай давуу байдлыг өөртөө үүсгэж, манай компанийг хохиролтой байдалд оруулсан”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч А/90 тушаалын дагуу томилогдсон бүрэлдэхүүний тайлан, хяналт шалгалтаар тогтоосон гэх үндэслэл зөрчилтэй гэж тайлбарласаар хэргийг хэлэлцүүлсэн. Үндсэндээ шүүхэд 2 удаа хяналт шалгалтыг хийсэн гэж тайлбарладаг. Тухайн байгууллагын зохион байгуулалтын баримт бичиг гэж үзэх боломжгүй юм”, “Д.Н болон түүний хувийн хэвшлийн төлөөлөл, хамтран ажиллагсад бизнесийн хамтрагч, "Элэг төв"-ийн эмч зэрэг төлөөллүүд төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх бус өөрсдийн бизнесийн ач холбогдлын зорилгоор томилогдон оролцсон”, “2020 онд Д.Н нь "захиргааны шүүхээр хэргийг шийдвэрлээд “Х” ХХК-ийг буруутай гэж тогтоосон" гэж "О" гэсэн нэрээр хийдэг гэсэн мэдээллийн цахимаар тарааж байсан нь тэрээр бизнесийн зорилгоор Х лабораторийг “элэгний С,В вирусийг оношилгоо шинжилгээ хийлгэхгүй байх” санаатай байсан нь давхар батлагддаг.
Учир мэдэх хүнд манай компанийн нэр хүндийг дордуулах, элэгний В,С вирусийн оношилгоо шинжилгээний харилцаанаас гаргах арга хэмжээг авсан”, “А/90 тушаалыг буюу уг бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтанд манай лаборатори болон бусад хамрагдахаас өөр аргаггүй, эсэргүүцэх боломжгүй, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх ганц боломж нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж, ЭМЯ-ны сайдаар хянуулж, улмаар хүчингүй болж, дахин бүрэлдэхүүн томилсон.
Өөрөөр хэлбэл, А/90 тушаалыг үгүйсгэх, хамаарахгүй байх, манайд нөлөөлөхгүй, боломжгүй байсан ба төрийн хяналт шалгалтын хариуцлага хүлээлгэх үр дагаврыг тайлбарлаж байсан нь байцаагч нарын актын үндэслэлд зөрчил гэж тогтоож, шаардсан баримт бичгийн гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлийг шүүхээр хэлэлцүүлсэн. Үүгээр заавал биелэгдэх шинжтэй байсан юм. Байгууллагын дотоод зохион байгуулалтын баримт бичиг биш, хууль зөрчсөн маргаан бүхий акт болохыг ЭМЯ-ны хуулийн хэлтсийн дүгнэлтээр тайлбарлагддаг.
Мөн хариуцагч байгууллагын хуульч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байсан гэж тайлбарладаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авах үедээ мөн захиргааны акт мөн эсэхийг шалгаж байж хэргийг үүсгэж байсан. Эцэст нь дүгнэхэд Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга А/90 тушаалыг гаргаж, улмаар манай компанийг энэ олон жил санхүүжилтгүй зогсоох, үйл ажиллагааг зогсоох, хохиролд оруулах үр дагаврыг үүсгэсэн учир энэхүү хууль бус актын хохиролтой үр дагаврын дараагийн эрх зүйн асуудалд дүгнэгдэх учир зайлшгүй гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээр хянуулах шаардлагатай байна. Иймд шүүхийн шийдвэрийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/90 тушаалын холбогдох хэсэг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж, шийдвэрлэсэн хэсгийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Х.С*******, А.У*******, Б.О*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Тус хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн тайлбарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтойг шүүх үнэлж үзээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ” мөн зүйлийн 14.9 дэх хэсэгт “Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй” 14.9.7 дахь заалтад “эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж, 141.1 дэх хэсэг “Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна” гэж заажээ. Хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулаагүй буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 109.2-т заасан үндэслэлийг шүүгч дүгнээгүй байна.
4.2.Тус шүүхийн шийдвэрт “АВІ тоног төхөөрөмжийн танилцуулга гэх баримт нь интернэтээс хайлтын дүнд гарч ирсэн англи хэл дээр хэвлэгдсэн баримт бөгөөд түүний орчуулгад зөвхөн судалгааны зориулалттай гэсэн байх хэдий ч зөвхөн уг баримтыг үндэслэл судалгааны зориулалттай /IVD in vitro diagnostics/ сертификатгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийсэн гэж шууд үзэх нь учир дутагдалтай, энэ тохиолдолд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа хариуцагч нар нь мэргэжлийн эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан гэж шүүх дүгнэсэн байна.
Хэрэгт авсан баримтад нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгч 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэсний дагуу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйл Шүүх шинжилгээ хийх үндэслэл 6.1 дэх хэсэгт “Шүүх шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна.
Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна” гэсний дагуу Шүүхээс тус хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх этгээдийг тогтоох ажиллагааг дутуу хийсний улмаас хүсэлт гаргаснаас хойш 3-4 жилийн хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Захиргааны үйл ажиллагааны зарчим” 4.2.4 дэх хэсэгт заасан үр нөлөөтэй байх зарчмыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл “Шүүх нотлох зарчим” 7.1 дэх хэсэг “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасан зарчмыг дутуу хэрэгжүүлсний улмаас хэрэгт шаардлагатай нотлох баримт дутуу цугларсан шинжээчийн дүгнэлт гаргуулж чадаагүй нь зөвхөн нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан шалтгаанаар хэргийг сэргээж шинжээчийн дүгнэлтгүй хэргийг шийдсэн нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал 5.1 дэх хэсэг шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” 5.2 дахь хэсэг “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж тус тус заасан бөгөөд хэргийн хамрах хүрээ болон шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, нотолгооны эрэмбэ дараалал, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
4.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйл, Шүүх хуралдааны нийтлэг журамд заасны дагуу шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 30 минутад эхэлж 17 цаг 30 минутад шүүгч шийдвэрээ танилцуулан шүүх хуралдааныг хаасан бөгөөд нийт 7 цаг үргэлжилсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны бүх үе шатад Мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасан.
Уг мэтгэлцэх зарчим нь 6.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөрчиж хэргийн нөхцөл байдлыг нэг талаас тайлбарласан тайлбарыг тасралтгүй 6 цаг шүүх хуралд сонссон бөгөөд хариуцагч талаас шүүгчид хандаж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгт ач холбогдолгүй зүйлсийг ярьж, дахин дахин нэг зүйлээ давтаж асууж хариуцагч талаас хариулахыг тулган шаардаж, өмгөөлөгч нь өөрөө тавьсан асуултдаа өөрөө хариулж байгааг шүүгчид удаа дараа сануулсан боловч тус хуулийн 81 дүгээр зүйл “Шүүх хуралдааны даргалагчийн эрх, үүрэг”, 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасныг хэрэгжүүлээгүй шүүх хуралдаан өмгөөлөгчийн яриагаар 6 цаг үргэлжлэн явагдсанд харамсалтай байна.
Мөн нотлох баримт шинжлэн судлах үе шатанд манай байгууллага болон улсын байцаагч нарын зүгээс нотлох баримт шинжлэн судлах ажиллагаанд оролцох оролцоог шүүгч хангалгүй шүүх хурлын дэгийг урьдчилан сануулж, дэгийн дагуу удирдаж явуулаагүй.
Шүүх хуралдаанд хэт нэг талын эрхийг ханган үргэлжилсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэснийг шүүгч зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гэж үзэж байна. Дээрх дурдсан шүүх хуралдааны дэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явц Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 88.2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна...” гэсэнд тодорхой харагдана.
4.4.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаал нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээн болон бусад хуульд үндэслэн гарсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх үүрэг”-т 13.1.2-т “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах”, 13.1.4-т “даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх”, 13.1.6-т “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх, үүрэгтэй” хуульчилсан байна.
“Х” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/08 дугаартай Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай 12 дугаар тогтоолыг дагаж мөрдөхөөр заасан. Тус тогтоолоор батлагдсан гэрээний Зургаа дугаар зүйл Хариуцлага хэсгийн 6.1-т “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг дараах тохиолдолд түр зогсооно” гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн, 6.1.2-т “Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийг шалгах явцад алдаа, зөрчил илэрч, дахин нягтлан шалгах шаардлага гарсан тохиолдолд” гэсэн үндэслэл тогтоогдсон учраас санхүүжилтийг түр зогсоон байна. Уг тушаал нь шүүхийн шийдвэрт дурдагдсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалтай хамааралгүй юм.
Хэрэгт авагдсан баримтаас он сарын дарааллаар авч үзвэл
- А/90 дугаар тушаал 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
-А/102 дугаар тушаал 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
-А/107 дугаар тушаал 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
-ТҮЧГ/А-0004/01 дугаартай Улсын байцаагчийн акт 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус тус гарснаас харагдах бөгөөд гарсан шийдвэрүүдийн үндэслэл, цаашид авах арга хэмжээг мөн тус туст нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан байна. Дээрх цаг хугацааны дарааллаас харахад А/102 дугаар тушаал нь А/90 дугаар тушаалтай холбоотой болох нь харагдаж байх бөгөөд А/90 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрт захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/90 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндсэн шинжийг тодруулбал: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага" гэж заасан Төрийн захиргааны байгууллага юм. Уг тушаалаар Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд гепатитын вирусийн идэвхжилт тодорхойлох нарийвчилсан тоо шинжилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын 2017 оны 3 дугаар улирлаас хойш гүйцэтгэсэн шинжилгээний үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх мөн шинжилгээ хийж байгаа үйл ажиллагааны явцыг газар дээр нь сорил шинжилгээ хийлгэх замаар стандарт ажилбарын планы явцыг газар даргын нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий тодорхой нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэх зорилготой дахин давтан хэрэглэхгүй шинжтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1.3-т “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх”-д чиглэгдсэн бөгөөд Даатгалын гэрээ гэдэг нь тус хуулийн 3.1.8. “даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг ойлгох бөгөөд 3.1.3.-т “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгохоор хуульчилсан өөрөөр хэлбэл иргэн даатгуулагчийн өмнөөс тус лабораторитой гэрээ байгуулан даатгал төлөгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд энэ нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн гэж үзэхээр байна. Уг тушаалын үйлчлэл нь гэрээт лабораториудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, гадагш чиглэсэн шинжтэй тодруулбал, тухайн шийдвэрийн үйлчлэл захиргааны байгууллагын дотоод харилцааны хүрээнд бус, харин гуравдагч этгээдэд буюу байгууллагын дотоод харилцааны гадна орших хуулийн этгээдүүдэд чиглэсэн байна.
Тушаалын хавсралтаар батлагдсан лабораториудад шинжилгээний үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх мөн шинжилгээ хийж байгаа үйл ажиллагааны явцыг газар дээр нь сорил шинжилгээ хийлгэх замаар стандарт ажилбарын мөрдөлтийг шалган, чанарын нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөх үйл ажиллагааг явуулахад “Х” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тухай баримт хавтаст хэрэгт цугларсан бөгөөд ажлын хэсгийн ажлын үр дүнд буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж үүссэн нөхцөл байдалд үндэслэн хууль гэрээний дагуу А/102 дугаар тушаал гарсан гэж үзэхээр бөгөөд А/90 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан байна гэж үзэж байна.
4.5.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны сонгон шалгаруулалтад элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхээр мэдүүлсэн АНУ-ын Cepheid корпорацийн GeneXpert IV бүрэн автомат тоног төхөөрөмжөөр, 2018 онд зарласан сонгон шалгаруулалтад гепатитын В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг БНХАУ-ын S компанийн тоног төхөөрөмж, АНУ-ын Cepheid корпорацийн GeneXpert IV бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийхээр материал ирүүлэн тэнцэж, тус тус гэрээ байгуулсан бөгөөд GeneXpert аппаратаар хийхэд шаардлагатай урвалжийг худалдаж аваагүй, харин S компаниас 2017 оны 11 дүгээр сараас хойш 1260 иргэнд шинжилгээ хийх урвалж бодис худалдаж авсан байна.
Үүнээс харахад ихэнх даатгуулагчдад гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг ямар тоног төхөөрөмжөөр ямар урвалж бодис хэрэглэн хийсэн эсэх нь тодорхойгүй. 2017-2019 онуудад элэгний В, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн архивын баримтуудыг түүвэрлэн шалгахад даатгуулагчдад очсон шинжилгээний хариу "АВІ 7000" буюу зөвхөн судалгаанд ашиглах зориулалттай үйлдвэрлэгдсэн, хүний оношилгоонд ашиглахыг хориглосон тоног төхөөрөмжөөр хийгдсэнээр хүргэгдсэн байв. 2017-2019 онуудын баримтуудаас 26 ширхэг боть баримтыг түүвэрлэн авч хавтаст хэрэгт хүргүүлсэн. Мөн ажлын хэсэг тус лабораторийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан тоног төхөөрөмж дээр хадгалагдсан шинжилгээ өгсөн даатгуулагчдын цахим мэдээллийг шалгахад 90 хүнд шинжилгээ хийсэн мэдээлэл хадгалагдсан байсан. Шалгалтын үед ажлын хэсгээс хяналт шалгалтад шаардлагатай элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн оношлуурыг худалдан авсан санхүүгийн баримтыг ажлын хэсэгт гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгч шалгуулаагүй болно. Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас шаардлагатай баримт бичгийг асуудлын хүрээнд холбоотой баримт бичгийг гаргаж ирүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04/1111 дугаартай “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгээр өмнө нь ижил утгатай албан бичгийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлж байсныг дурдаад 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор холбогдох материалуудыг ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн ч холбогдох материалыг гаргаж өгөөгүй.
Иймд ажлын хэсэг "Х” ХХК-ий лабораторит хийгдсэн шинжилгээнд шаардлагатай худалдан авсан оношлуурын тоог Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба, “Л” ХХК-иас албан хүсэлт тавьж, авсан болно. Худалдан авсан оношлуурыг тооцож үзэхэд GeneXpert IV тоног төхөөрөмжөөр 99 даатгуулагчид элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг, "NATCH- S" тоног төхөөрөмжөөр 12636 даатгуулагчид элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх урвалж худалдан авсан байсан. Одоог хүртэл тус улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг төлснөөр Х лабораторид шинжилгээ өгсөн олон мянган Эрүүл мэндийн даатгал төлөгч, иргэн даатгуулагчид элэгний В, С вирусийн шинжилгээг дахин хийж, элэгний вирусийн халдвартай хүмүүст учирч болох эрсдэл болох элэгний хатуурал, хорт хавдар мөн эрүүл мэндийн улмаас үүсэх санхүүгийн эрсдэл зэргээс сэргийлэх боломжтой” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, маргааны үйл баримтыг буруугаар тайлбарласан, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, тухайлбал улсын байцаагчийн “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ТҮЧГ/0004/01 дүгээр акт хууль зүйн үндэслэлтэй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Актаар …2017 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд 8714 даатгуулагчид элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг IVD сертификатгүй, зөвхөн судалгааны зориулалттай “АВI 7000” тоног төхөөрөмжөөр хийсэн…” гэж дүгнэснийг шийдвэрт “…интернэтийн хайлтын үр дүнд гарч ирсэн англи хэл дээрх баримтын орчуулгад “зөвхөн судалгааны зориулалттай” гэсэн байх хэдий ч зөвхөн энэхүү баримтыг үндэслэн судалгааны зориулалттай, сертификатгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэж нэхэмжлэгчийг шууд буруутгах нь учир дутагдалтай, энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан…” гэжээ.
Гэтэл “Х” ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “…хавтаст хэрэгт авагдсан баримтаар “АBI 7000” төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын хэмжээнд энэхүү тоног төхөөрөмжийг хянаж үзээд шинжилгээ хийсэн төхөөрөмж нь “АВI 7000” биш, энэ талаар хариуцагч байгууллагатай тохиролцож байсан, бүрэн автоматаар оношилгоо хийдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж…” гэж тайлбарлаж байсан атлаа хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хариу бичгийн тайлбартаа “…2009 оноос элэгний вирусийн тоон шинжилгээг АВI 7000 төхөөрөмжийг ашиглан хийхээр холбогдох зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. …өнөөдрийг хүртэл Монгол Улсад энэхүү тоног төхөөрөмжийг хориглосон хууль, дүрэм байхгүй болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тодорхойлсон. …интернэтэд байгаа мэдээллийн орчуулгад зөвхөн судалгааны зориулалттай гэсэн утгыг заахаас өөр үндэслэл байдаггүй,…” гэх зэргээр өмнөхөөсөө өөр байр суурийг илэрхийлсэн, хэдийгээр энэ мэтчилэн нэхэмжлэгчийн тайлбар зөрүүтэй байгаа ч уг төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэж үзэх хангалттай нотлох баримт, тухайлбал нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдсэн шинжилгээний архивын баримтад даатгуулагчдын шинжилгээний хариу “АВI 7000” төхөөрөмжөөр хийгдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ботиор нотлогдоно.
Нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгэж маргаж буй үндэслэлдээ “…хяналт шалгалтын явцад холбогдох материалыг Д.Нын хувийн мэйлээр шаардсан тул өгөхгүй гэж татгалзсан, тухайн үед АВI 7000 байгаа эсэхийг ч тогтоогоогүй…” гэж маргасан боловч энэ тохиолдолд зайлшгүй шинжээч томилох шаардлагагүй юм.
2.Процессын хувьд нэхэмжлэгчээс энэ талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн захирамжаар хангаж, өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 жил гаруй хугацаанд түдгэлзүүлсэн, гэвч шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулж чадаагүй тул 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, үндсэндээ шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн атлаа зөвхөн “…шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан…” гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь хэт хийсвэр дүгнэлт.
Гэтэл нэхэмжлэгчээс 2017 оны сонгон шалгаруулалтад элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг АНУ-ын GeneXpet IV бүрэн автомат тоног төхөөрөмжөөр, 2018 сонгон шалгаруулалтад гепитатын В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг АНУ-ын GeneXpet бүрэн автомат тоног төхөөрөмжөөс гадна Хятадын S компанийн тоног төхөөрөмжөөр тус тус хийхээр санал гарган тэнцэж, гэрээ байгуулсан болох нь мөн л хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017, 2018 оны сонгон шалгаруулалтын 2 боть баримтаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/90, А/107 дугаар тушаалаар тус тус “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний гепатитын вирусийн идэвхжил тодорхойлох нарийвчилсан шинжилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг тус тус байгуулсан, эдгээр ажлын хэсгийн шалгалтын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн тайлан, 8 дугаар сарын 12-ны өдрийн танилцуулгын аль алинд “Х” ХХК-ийг дээрх сонгон шалгаруулалтад санал болгосон тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийгээгүй талаар, тухайлбал 2017-2019 онуудад хийгдсэн элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн архивын баримтуудыг түүвэрлэн шалгахад даатгуулагчдад очсон шинжилгээний хариу “АВI 7000” тоног төхөөрөмжөөр хийгдсэн талаар, 2017 онд нийт 8788 хүнд шинжилгээ хийсэн гэх боловч худалдан авсан оношлуур буюу урвалж нь GeneXpet төхөөрөмжийн хувьд 99 даатгуулагчид ногдохоор, мөн цахим бүртгэлд уг төхөөрөмжөөр 90 хүнд шинжилгээ хийсэн тухай мэдээлэл хадгалагдсан, өөрөөр хэлбэл үлдсэн 8689 даатгуулагчид энэхүү төхөөрөмжөөр шинжилгээ хийгээгүй болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн байхад улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэхгүй.
Түүнчлэн хяналт шалгалтын явцад тогтогдсон эдгээр бодит нөхцөл байдал нь зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн буюу шаардсан баримтын хүрээнд бус, харин элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн оношлуурыг худалдан авсан санхүүгийн баримт, тоног төхөөрөмжийн цахим бүртгэл, шинжилгээний бүртгэлийн журналыг өгөхөөс татгалзсантай холбогдуулан өөр нотлох баримтуудаар улсын байцаагчид тогтоосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шаардсан зарим баримтыг гаргаж өгөөгүй татгалзсан шалтгаанаа “баримт мэдээллийг Д.Нын хувь чатаар ирүүлэхийг шаардсантай холбоотой” гэж тайлбарлаж байхад шийдвэрт “…хяналт шалгалтын ажиллагаанд саад учруулж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээргүй байна…” гэж дүгнэсэн нь буруу. Учир нь хариуцагчдаас нэхэмжлэгчийг ямар ч баримт бичиг гаргаж өгөөгүй гэж буруутгаагүй, гагцхүү дээрх урвалжтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учраас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба, “Л” ХХК-иас хүсэлт тавьж авсан байгааг ялгаж, хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой талаас нь дүгнээгүй байна.
Иймд санал болгосон аппаратаас өөр, судалгааны зориулалттай аппаратаар хийгдсэн нийт шинжилгээний зардалд эрүүл мэндийн даатгалаас санхүүжигдсэн 876.7 сая төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн актыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-т “холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус төлбөртэй эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэсэнд нийцсэн гэж үзнэ.
Актад хуулийн дээрх заалтыг баримталсан, хяналт шалгалт 2017-2019 оныг хамарсан, нэхэмжлэгч санал болгосноосоо өөр тоног төхөөрөмжөөр шинжилгээ авч байсан нь архивын баримт, урвалж бодис худалдан авсан талаарх лавлагаа зэргээр тогтоогдож байхад шийдвэрт “…хэзээнээс хэдий хүртэлх хугацааг хамруулж байгаа нь тодорхойгүй, ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг хангалттай нотлоогүй, ямар хуулийн заалтын дагуу, ямар үндэслэлээр 876.7 сая төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй…” гэж хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтыг зөрчигдсөн байна.
3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах”, 13.1.4-т зааснаар “даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх”, 13.1.6-т зааснаар “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх” зэрэг эрх, үүрэгтэй, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх” чиг үүрэгтэй.
Түүнчлэн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 06/08 дугаар гэрээний 6.1-т эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг зогсоох тохиолдлыг заасан, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын маргаан бүхий 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/102 дугаар тушаалаар энэхүү гэрээний дагуу даатгалын сангаас олгох санхүүжилтийг мөн өдрөөс эхлэн түр зогсоосныг шийдвэрт хууль бус гэж дүгнэхдээ “…А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг өөрчилж Д.Ныг хасч өөр бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг …А/107 дугаар тушаалаар томилсон атлаа өмнөх ажлын хэсгийн тайлан, шалгалтын дүнг үндэслэж гарсан …тушаалыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм.
Учир нь өмнөх буюу А/90 дүгээр тушаалаар ажлын хэсгийн дэд даргаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, ШУ-ны доктор Д.Ныг баталсан төдийгүй бүрэлдэхүүнд дараагийн буюу А/107 дугаар ажлын хэсгийн дарга, гишүүдээс гадна улсын 1, 2, 3-р төв эмнэлгийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн, элэгний төвийн, нэр бүхий лабораторийн төлөөллийг оруулсан, өөрөөр хэлбэл тухайн үед Д.Н нь ажлын хэсгийн нэг л гишүүн байсан болохоос бус дангаараа ийм өргөн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг төлөөлөх эрхгүй, харин ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байсны хувьд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шалгалтын тайланд ажлын хэсгийн даргын хамт гарын үсэг зурснаар уг тайланг бүхэлдээ хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
4.Энэхүү тайланд ч нэхэмжлэгчийг анх сонгон шалгаруулалтад орохдоо санал болгосон тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийгээгүй болохыг, ийнхүү дүгнэхдээ GeneXpet бүрэн автомат тоног төхөөрөмжийн урвалж бодисыг худалдаж аваагүйг баримтаар тогтоосон энэ тохиолдолд шийдвэрт дүгнэсэнчлэн “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж Д.Ныг ажлын хэсэгт оруулсан…” гэсэн шалтгаанаар хяналт шалгалтаар илэрсэн бодит нөхцөл байдал үгүйсгэгдэхгүй.
Бүрэлдэхүүний хувьд дараагийн буюу А/107 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт ч дээр дурдсанчлан өмнө байсан ажлын хэсгийн дарга, гишүүд орсон, ийнхүү тухай тухай бүр байгуулагдсан ажлын хэсгийн явуулсан хяналт шалгалтын аль аль нь нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад санал болгосон тоног төхөөрөмжөөрөө шинжилгээ хийгээгүй болохыг тогтоосон энэ тохиолдолд зөвхөн ажлын хэсгийг дахин байгуулсантай холбогдуулан өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг үндэслэж гаргасан нэхэмжлэгчид даатгалын сангаас олгох санхүүжилтийг түр зогсоосон маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Магадгүй Д.Н тухайн үед өөрийн хувийн мэйл хаягаар нэхэмжлэгч байгууллагаас холбогдох баримт бичиг ирүүлэхийг шаардсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэж болох ч энэ нь сонгон шалгаруулалтад санал болгосноосоо өөр буюу “АВI 7000” төхөөрөмжөөр хийгдсэн шинжилгээг үгүйсгэх, цаашлаад маргаан бүхий тушаал, улсын байцаагчийн актыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үр дагаварт хүргэхгүй.
Архивын баримтаас түүвэрлэн авсан гэх “Х” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 2 дугаар ботид үдэгдсэн тус лабораторид элэгний С вирусийн PHX тоолох шинжилгээ өгсөн иргэд бүгд “ABI 7000” аппаратаар хийсэн болох нь тогтоогдож байна.
5.Харин шийдвэрт “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны А/90 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулахгүй талаар, тухайлбал байгууллагын дотоод зохион байгуулалтын, дотогшоо чиглэсэн, нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар үүсгээгүй гэж дүгнэсэн нь зөв, өөрөөр хэлбэл ажлын хэсэг байгуулсан нь бус харин тухайн ажлын хэсгээс гаргасан шийдвэр, түүнд үндэслэсэн актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үр дагавартай.
Тэр тусмаа нэхэмжлэлд дурдсанчлан “…өрсөлдөгч компанийн төлөөллийг ажлын хэсэгт оруулсан…” гэснээр дээрх тушаал захиргааны актад хамаарахгүй, иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн уг тушаалыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын үндэслэлээ Ажлын хэсгээс явуулсан хяналт шалгалттай илүүтэй холбогдуулан тайлбарлаж байгаа нь үүний хангалттай нотолгоо болно.
Захиргааны акт гаргах урьдач нөхцөл болсон ажлын хэсэг байгуулсан, эсхүл удирдамж баталсан зэрэг нь захиргааны актад хамаарахгүй, эдгээр нь зохион байгуулалтын шинжтэй баримт юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 16.1.5, 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” А/102 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн тус газрын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” ТҮЧГ/А-0004/01 дүгээр актыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН