Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00930

 

  

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1962 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 12 тоот орон сууцыг худалдан борлуулсан 2020.06.12-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байрны 12 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулсан. Энэ байр нь гурван эзэмшигчтэй, нэг эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан ******* гэх хүн юм.

******* нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн хууль ёсны эзэмшигч юм. *******гийн эзэмшдэг байрыг овог нэгтэй түүний ах Н.Содгэрэл гэх хүн барьцаанд тавьж улмаар өр төлбөрөө төлөөгүй. Байрыг хураагдаж, битүүмжлэгдээд худалдан борлуулах гэж байгаа талаар *******д давхар мэдэгдэхгүйгээр худалдан борлуулж *******гийн өмчлөх эрхэд ноцтой халдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дуудлага худалдаа явуулахдаа эзэмшигч нарт мэдэгдэнэ гэж заасан. Эзэмшигчид мэдэгдсэнээр дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс өөрийн эзэмшиж, ашиглах, ногдох хувь хэмжээг нэхэмжилж гаргуулж авах зэрэг эрхтэй.

Дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан байна. Иймд дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.17-ны өдрийн 01376 дугаар шүүгчийн захирамжаар Н.Содгэрэлээс 112,165,118 төгрөгийг гаргуулж Ландорф Финанс ББСБ ХХК-д олгох, хариуцагч гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Н.Содгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгө эстимэйт ХХК-д шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 139,920,400 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Талуудад үнэлгээг 2019.09.02-ны өдрийн мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Талуудаас гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж байгаад 2020.06.12-ны өдөр шинжээчийн үнэлсэн 139,920,400 төгрөгийн 70 хувь буюу 97,944,280 төгрөгөөр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2020.06.03-ны өдрийн 4/22423, 4/22424 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдэж, мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар 110.944.280 төгрөгөөр худалдан борлогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т заасны дагуу 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1962 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 181/ШШ2020/01994 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 1962 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв... Хариуцагч байгууллагаас 2020.06.03-ны өдрийн 4/22424 дугаартай мэдэгдлээр *******д орон сууцны анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 139,920,400 төгрөгийн 70 хувь буюу 97,944,280 төгрөгөөр тогтоон, дуудлага худалдаанд оруулах болсныг баталгаат шуудангаар 2020.06.04-ний өдөр хүргүүлсэн байна. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт бүртгэлтэй талаарх хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан, мөн төрсөн ах Н.Содгэрэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тэмдэглэгдсэнээр бусад өмчлөгч нарт үнэлгээ болон үнэлгээний тайлангийн талаар дамжуулан хэлэх талаар тусгагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

******* нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 146 байрны 60 тоотод амьдран сууж байгаа. 2020 оны Улсын Их Хурлын сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон 2020 оны хавар хүүхэд төрүүлснээс болж хаягийн бүртгэлээ солиулж чадаагүй байсан болно. Иргэн ******* нь барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн талаар төрсөн ах Н.Содгэрэлээс мэдэж байсан боловч дуудлага худалдаа болох өдрийг албан ёсоор мэдээгүй тул түүнд оролцож эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дуудан ирүүлээгүй, утсаар биечлэн мэдэгдээгүй зөвхөн шууданд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэдэг нь өмчлөгч нарт мэдэгдсэн гэх хангалттай үндэслэл болж чадахгүй гэж дүгнэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот орон сууцыг худалдан борлуулсан 2020.06.12-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.17-ны өдрийн 01376 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Содгэрэл нь Ландфорд финанс ББСБ ХХК-д 111,776,290 төгрөгийг тохирсон хугацаанд төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-р хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнэлгээг тогтоож, 2020.05.26-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/55 тогтоолоор ...төлбөр төлөгч Н.Содгэрэлийн өмчлөлийн, төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй, ...орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 139,920,400 төгрөгийн 70 хувиар тооцон, 97,944,280 төгрөгөөр 2020.06.12-ны өдөр анхны албадан худалдаагаар худалдан борлуулах...-аар шийдвэрлэсэн, дээрх хөрөнгө дуудлага худалдаагаар 110,944,280 төгрөгөөр худалдан борлогдсон үйл баримт тогтоогджээ.

 

Төлбөрт хураагдан, борлогдсон үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Норслой, Н.Содгэрэл, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгч ******* тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шаардлага гаргах эрх бүхий этгээд болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хөрөнгийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, ...Албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан тул хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж, 14.3.-т мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, 63 дугаар зүйлийн 63.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол ...хөрөнгийг түүний үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор, ...бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж, 70 дугаар зүйлийн 70.1.-д дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдэгдэнэ гэж зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл үүргийн гүйцэтгэлд хураагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019.09.02-ны үнэлгээг өмчлөгч Д.Норслоо эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.26-ны өдрийн 10551 захирамжаар шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

2020.01.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.02.25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2.-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа буюу 2020.06.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболд Анхны албадан дуудлага худалдаа явуулах 6/55 тогтоол гаргаж, 2020.06.13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг, тогтоолын хамт баталгаат шуудангаар, өмчлөгчийн хаягаар хүргүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар Үндэсний шуудан сонины 2020.05.28-ны өдрийн дугаарт зарласан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба маргаантай үйл баримтад холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

3.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... ******* нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 146 дугаар байрны 60 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдран суудаг, 2020 оны Улсын Их Хурлын сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон, 2020 оны хавар хүүхэд төрүүлснээс хаягийн бүртгэлээ солиулж чадаагүй байсан, ...дуудлага худалдааг албан ёсоор мэдэгдээгүй тул түүнд оролцож эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй, ...шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу дуудан ирүүлээгүй, утсаар болон биечлэн мэдэгдээгүй, зөвхөн шууданд хүргүүлснээр мэдэгдсэн гэх нь хангалттай үндэслэл болж чадахгүй, шүүх хуулийг буруу тайлбарласан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Н.Содгэрэлтэй нэг хаягт бүртгэлтэй байсан, шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах, шинжээчийн тогтоосон үнэлгээг мэдэгдэх зэрэг ажиллагааг түүний бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар явуулж, өмчлөгч *******д мэдэгдэхийг төлбөр төлөгчид даалгаж байсанд гомдол гаргаж байгаагүй байна.

 

Эрх ашиг нь хөндөгдөж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүйгээс түүний байнгын оршин байсан хаягаар албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрт тодорхой бичээгүй, тухайлбал, ямар хөрөнгийг худалдан борлуулах, хэдэн сарын хэдний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага гаргасныг бичилгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс засаагүй тул нэхэмжлэлийг шаардлагыг тодруулж бичих байдлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1962 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д зааснаар *******т холбогдох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 12 тоот орон сууцыг худалдан борлуулсан 2020.06.12-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас 2020.10.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД