Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/01994

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 срын 04 өдөр

                            181/ШШ2020/01994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.С - ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Н Ш Ш Г Г т  холбогдох

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н Ш Ш Г Г  Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байрны 12 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулсан. Энэ байр нь гурван эзэмшигчтэй, нэг эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан Н.С  гэх хүн юм.

Н.С  нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн хууль ёсны эзэмшигч юм. Н.С гийн эзэмшдэг байрыг овог нэгтэй түүний ах Н.Содгэрэл гэх хүн барьцаанд тавьж улмаар өр төлбөрөө төлөөгүй. Байрыг хураагдаж, битүүмжлэгдээд худалдан борлуулах гэж байгаа талаар Н.С д давхар мэдэгдэхгүйгээр худалдан борлуулж Н.С гийн өмчлөх эрхэд ноцтой халдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дуудлага худалдаа явуулахдаа эзэмшигч нарт мэдэгдэнэ гэж заасан. Эзэмшигчид мэдэгдсэнээр дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс өөрийн эзэмшиж, ашиглах, ногдох хувь хэмжээг нэхэмжилж гаргуулж авах зэрэг эрхтэй.

Дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан байна. Иймд дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01376 дугаар шүүгчийн захирамжаар Н.Содгэрэлээс 112,165,118 төгрөгийг гаргуулж Ландорф Финанс ББСБ ХХК- д олгох, хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Н.Содгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгосон.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгө эстимэйт ХХК-д шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 139,920,400 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Талуудад үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Талуудаас гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж байгаад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шинжээчийн үнэлсэн 139,920,400 төгрөгийн 70 хувь буюу 97,944,280 төгрөгөөр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/22423, 4/22424 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдэж, мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т заасны дагуу 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.С гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.С  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар шийдвэрээр Н.Содгэрэлээс 111,776,290 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ландорф финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр олгосон 770 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17/08-15 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцааны зүйл буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай /Ү-2203008398/ үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17280778/02 тоот тогтоолоор хураан авчээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 225 дугаар тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай /Ү-2203008398/ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 139,920,400 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай /Ү-2203008398/ үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Н.Содгэрэл нь 180,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч нь шинжээчээр үнэлгээ тогтоолгох саналыг гаргасан болох нь баримтаар нотлогдож байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаар магадлалын хянавал хэсэгт “Н Ш Ш Г Г  нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотой албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/21 тоот тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4/20131 мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч Н.Содгэрэл, барьцааны хөрөнгийг хамтран өмчлөгч Д.Норслоо, Н.С  нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ” гэж дүгнэсэн байдлаас үзэхэд үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүргэсэн гэж үзэх ба үнэлгээтэй холбоотой үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.” гэж заажээ.

 

Бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд Д.Норслоо нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн үйл баримт нь Н.С гийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 4/22424 дугаартай “Мэдэгдэл”-ийг Н.С д хүргүүлж, уг мэдэгдэлд “...70 хувиар тооцон 97,944,280 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдье” гэж дурьдсан мэдэгдлийг Н.С д баталгаат шуудангаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлж, утсаар холбогдож мэдэгдсэн болох тогтоогдож байна.

 

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/55 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-оор Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай /Ү-2203008398/ үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагаас зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Н.С д мэдэгдээгүй, баталгаат шууданг гардаж аваагүй” гэж тайлбарлах боловч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаят бүртгэлтэй оршин суудаг талаар хорооны засаг дарга тодорхойлсон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэж заасан ба уг мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар мэдэгдэх хуудсыг шууданд хийсэн хугацаанаас мэдэгдсэн гэж үзэх хуулийн зохицуулалттай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны албадан дуудлага худалдаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР