Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 193

 

Н.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дүгээр магадлалтай, Н.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн 1 дэх заалтын Н.Бадамсүрэнд холбогдох хэсэг, 2 дахь заалтын Н.Бадамсүрэнд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бадамсүрэнгийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0234 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн утга: Нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дугаар магадлалаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”.

Мөн хуулийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газрыг зөвхөн газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой байна. Гэтэл Ойрад хөгжимт жүжгийн театр нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй байх тул уг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй. Захиргааны байгууллагын буруугаас гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн байгууллага өөрөө 2013 онд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гарсан гэдгийг мэдэж байсан тул гэрээ байгуулж гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар эрх бүхий захиргааны байгууллагад хандан хүсэлт гаргах боломжтой байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаас харах юм бол хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглодог. Тиймээс уг маргаан бүхий газрыг Ойрад хөгжимт жүжгийн театрын газар гэж үзэх, мөн Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар тухайн байгууллагын газартай давхардуулан олгосон гэж үзэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”.

27.5-д “сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасан байна. Гэтэл сонсох ажиллагааны мэдэгдэл гэх Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 269 тоот албан бичгийг уг албан тоотод заасан сонсох ажиллагааны хугацаа дуусахын өмнөх өдөр иргэн Н.Бадамсүрэнд өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь санал тайлбараа гаргаж өгөөгүй болох нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлсэн тайлбарт тусгагдсан байгааг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харах боломжтой.

Мөн уг сонсох ажиллагааны мэдэгдэл гэх 269 тоот албан бичигт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан бусдын эзэмшлийн газартай давхцсан талаар ямар ч мэдээлэл тусгагдаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” -ийг сонсох ажиллагааны мэдэгдэл тусгахаар зохицуулсан байна. Гэтэл 269 тоот мэдэгдэлд энэ талаар тусгаагүй бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Бадамсүрэн 2013 оны захирамжийн талаар болон өөрийнх нь эзэмшлийн газрыг бусдын газартай давхцсан гэж үзэж хүчингүй болгосон гэдгийг мэдсэн. Энэ талаар захиргааны акт гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж тайлбар, саналаа гаргах боломжоор хангаагүй атлаа шүүхэд хариуцагч тал бусдын газартай давхардуулан олгосон гэж маргасан.

Нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Гандан хийдийн урд талд 1000 м.кв газар эзэмших тухай хүсэлт болон уг газрын тойм зургийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт анх гаргаж байсан байдаг. Энэ нь ч нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан байсныг шүүх хэрэгт нотлох баримтаар хавсаргаж авсан байдаг. Харин уг хүсэлт нь тухайн байгууллагын өргөдөл, хүсэлтийн дэвтэрт бүртгэлтэй байсан эсэх, хэнд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн талаар баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч тал ч энэ талаар баримт гаргаж өгөөгүй атлаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, хэнд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь тодорхойгүй гэж анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримт зааж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь заалтыг зөрчсөн, байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын үндэслэл болсон баримт хэрэгт авагдсан эсэхийг нягталж үзэхгүйгээр анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримт, үйл явдлын талаар дүгнэлт хийсэн.

Хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа бусдын эзэмшлийн газартай давхцсан тул хүчингүй болгосон гэдэг, төсөл сонгон шалгаруулалт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдэг дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй. Мөн дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллах нь захиргааны байгууллагад хуулиар хүлээлгэсэн үүрэг. Захиргаанд хандаад газар эзэмших хүсэлт гаргаж байгаа иргэн хүн тэр болгон хуулийн мэдлэгтэй байх, газрын хэмжээ ямар байх ёстой, ямар журмаар газар эзэмших эрх олгогдох ёстойг мэдэхгүй, гагцхүү өөрийн зүгээс шаардагдах бүх баримт бичгийг бүрдүүлэн өгч эрх бүхий байгууллага газар эзэмших эрх олгох боломжтой гэсний дагуу уг маргаан бүхий газрыг эзэмшиж авсан. Хууль бусаар уг газрыг авахаар хийсэн зүйл байхгүй.

Захиргааны байгууллагын хариуцлагагүй байдлаас болж захиргааны байгууллагад хандсан иргэн хүн тэдний тоглоом болж, эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь өөрийн эзэмшиж авсан газраа зориулалтын дагуу ашиглахаар барих орон сууцныхаа зураг төслийн ажлыг барилгын зураг төсөл хийдэг байгууллагаар хийлгэхээр гэрээ байгуулаад зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа. Захиргааны байгууллагын буруугаас болоод зураг төслийн ажил хийлгэхэд төлсөн хөлс, цаг хугацаа, хуулиар олгогдсон газар эзэмших эрх гээд иргэний эрх ашиг өнөөдөр юу ч биш болоод үлдэж байна.

Хэдий захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй боловч уг эрх нь бусдын эрхээр хязгаарлагдах ёстой. Хуулиар олгогдсон миний эрх гээд гаргасан шийдвэрээ хэсэг хугацааны дараа хүчингүй болгоод байвал үүнд итгэсэн энгийн иргэн хүний эрх ашиг юу болох билээ. Энэ бүхнээс болоод иргэд эдийн болон эдийн бус хохирол хүлээж, эрх нь зөрчигдөж байна. Захиргааны байгууллагад хандаж, итгэж байгаа иргэдийн итгэлийг хамгаалах ёстой.

Эрх бүхий захиргааны байгууллага газар эзэмших эрх олгох боломжтой гэж үзээд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож байхад иргэн хүн уг шийдвэрт захирагдахгүй, итгэхгүй гээд яах юм бэ. Захиргаа өөрөө үйл ажиллагаандаа хуулиа мөрдөж ажиллаагүй байж өнөөдөр хууль бус шийдвэр гаргасан байна, хүчингүй болгох эрхтэй гээд хүчингүй болгочихоор гарах үр дагавар, эрсдлийг нь төрдөө итгэсэн иргэд хүлээж байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн тунхагласан үндсэн хуулийн заалттай хир нийцэж байна бэ?

Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх журам зөрчиж нэхэмжлэгч Н.Бадамсүрэнд хууль бусаар давуу байдал бий болгосон гэж үзсэн гэтэл хэрэгт 2013 оны захирамжинд тусгагдсан газрууд нь 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар анхан шатны шүүхээс аймгийн ИТХ-ын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байгааг анхаарч үзээгүй. Мөн 2013 онд эрх олгосон захирамж гарсан боловч уг захирамж нь одоог хүртэл хэрэгжээгүй, биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс миний эрх ашгийг зөрчсөн гэж 2013 оны захирамжтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй, нэхэмжлэгчид хэдий эрх олгосон захирамж нь сүүлд буюу 2015 онд гарсан ч түрүүлж хэрэгжиж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж газрын хууль ёсны эзэмшигч болсон тул нэхэмжлэгч давуу эрхтэй байх ёстой. Захирамж хэрэгжсэнээр буюу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авсан өдрөөс хууль ёсны эзэмшигч болж эрх ашиг нь хуулийн дагуу хамгаалагдах ёстой. Ойрад хөгжимт жүжгийн театр одоог хүртэл гэрчилгээ аваагүй, эрх олгосон захирамж нь хэрэгжээгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг энэ бүхэнд буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар Н.Бадамсүрэнд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байршуулан 1000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Н.Бадамсүрэнд газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон, нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч “...бусдын эзэмшлийн газартай давхцаагүй, ... газрыг зориулалтын дагуу эзэмших хугацаа дуусаагүй байхад ... газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон нь ... хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... Н.Бадамсүрэнд олгосон газар нь Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлсэн газартай давхцсан, ... газар эзэмшүүлэх асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлээгүй ... хууль зөрчсөн, ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.

            Хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/286 дугаартай захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Дэчинравжаалан хийдийн зүүн талд байршуулан Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900м2 газрыг эзэмшүүлсэн, уг захирамж хүчинтэй байгаа, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.Бадамсүрэнд эзэмшүүлсэн 1000 м.кв газрын  630.6 м.кв талбайтай хэсэг нь дээрх захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрт өмнө эзэмшүүлсэн 9900м2 газартай давхцсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

            Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаас үзэхэд, Увс аймгийн Засаг дарга 2013 онд Ойрад хөгжимт жүжгийн театрт олгосон газартай давхцуулан 2015 онд иргэн Н.Бадамсүрэнд газар олгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж иргэн Н.Бадамсүрэнд газар эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаа аймгийн Засаг дарга өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...албан тушаалтан өөрийн шийдвэр ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ...-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг ... албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох”-оор, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “...хууль ...-иар хүчингүй болгохоор заасан /болон/ бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ... -д сөргөөр нөлөөлсөн /бол захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох”-оор заасантай тус тус нийцжээ.

            Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг дарга Ойрад хөгжимт жүжгийн театрт газар эзэмшүүлсэн захирамж хүчинтэй байхад байршлийг давхцуулан иргэн Н.Бадамсүрэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх тул түүнийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу “Ойрад хөгжимт жүжгийн театр нь газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй тул ... хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, Ойрад хөгжимт жүжгийн театрт “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй байсан” үйл баримт нь  Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүчин төгөлдөр А/286 дугаартай захирамжийг шүүхээс шууд “хүчингүй” гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

            Иймд, нэхэмжлэгчийн “... Ойрад хөгжимт жүжгийн театр нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй байх тул уг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй, ... давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Түүнчлэн, шүүхээс иргэн Н.Бадамсүрэнг “...хууль зөрчиж газар авсан” гэж буруутгаагүй, захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн, уг зөрчлийг арилгаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа, нэхэмжлэгч “... захиргааны байгууллагын буруугаас болж хохирол учирсан” асуудлаа харъяалах шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0234 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Бадамсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА