Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 63

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00063

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, .... дугаарын регистртэй, Д овогтой Дийн Лы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00039/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цэцэг суманд Доржийн 3 дахь охин болон төрсөн. Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд 1971 онд 1 дүгээр ангид орж 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд 1981 оноос 1983 он хүртэл худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар ажиллаж байгаад 1983 оны 05 дугаар сарын 21-нд ханы материалын үйлдвэрт норомчноор, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төв 3 дугаар яслид туслах ажилчнаар, 1990 оны 08 дугаар сарын 06-наас эхлэн Буянт сумын Наранхайрхан багт өдийг хүртэл мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч худалдаа бэлтгэлийн трест, ханы материалын үйлдвэр, 3 дугаар яслид орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Л намайг 1981 оны 01 сарын 16-ны өдрөөс худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс ханы материалын үйлдвэрт норомчноор, 1985 оноос 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төв 3 дугаар яслид туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Л нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 01 сарын 16-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ханын барилга материалын үйлдвэрт норомчноор, 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн 3 дугаар яслид туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Л нь 1981 оны 01 сарын 16-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга материалын үйлдвэрт норомчноор, 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн 3 дугаар яслид туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 026451 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгуужуулсан хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56, 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 108, Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 77, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар тушаалуудын эх баримтын хуулбарууд,

Гэрч Ш.Цэрэндуламын “...Би 1967 оноос 1992 он хүртэл Авто засварын газар бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Д.Л нь 1981 оноос 1984 он хүртэл Авто засварын гуанзанд сав угаагчаар, 1984 оноос хойш Тоосгоны заводод ажиллаж байгаа гэж сонссон.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.Шуурайгийн “...Би 1982 оноос 1990 он хүртэл Барилгын материалын үйлдвэрлэлийн баазын харъяа Ханы материалын үйлдвэрт маркшейдэр инженерээр ажилладаг байсан. Д.Л нь 1983 оноос 1985 он хүртэл Ханын материалын үйлдвэрийн хэвлэх цехд норомчноор ажиллаж байсныг мэднэ... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Мөнхтөрийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дориг овогтой Доржийн Лыг 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ханын барилгын материалын үйлдвэрт норомчноор, 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн 3 дугаар яслид туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Лы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ