Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Ч.Шинэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 19-01 тоотод оршин суух, Хулан цувдаг овогт Чулуунбатын Шинэбаярын  /ПЭ88071467 нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Шинэбаяр түүний  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулах, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг тус цэцэрлэгийн арга зүйч М.Болорцэцэгээс гардан авсан. Уг тушаалыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг мэдээгүй болно.

Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 07/Б дугаар “ажилд түр авах тухай” тушаалаар нягтлан бодогчоор ажилд орсон. Би ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар эрхлэгч О.Тунгалагаас асуухад хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй юм тушаалаараа явдаг гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг нь 2019 оны 5 дугаар сарын цалин бодож олгоход зөвлөх багшаар ажиллаж байсан цалинг 320,000 төгрөгөөр бодож олгодог байсныг 500,000 төгрөгөөр бодож олго гэж надад үүрэг өгсөн. Би эрхлэгч О.Тунгалагт “ энэ хүмүүс чинь орон тооны ажилчид биш учраас сар бүр эдгээр хүмүүсийн цалинг бодож олгож болохгүй мөн тус цэцэрлэгт цалин хөлсний өр үүссэн байгаа бөгөөд цалинг нь үндэслэлгүйгээр нэмж олгох нь зохисгүй гэж танилцуулахад гадаад руу аялалд явах гэж байгаа мөнгө хэрэгтэй байгаа цалинг нь нэмж бодож олго гэж загнасаар байгаад цалинг 500,000 төгрөгөөр бодож олгож, нөгөө хоёр хүний цалинг олгоогүй.

Мөн 2019 оны 6 дугаар сард багш, ажилчдын амралт, ур чадвар, үр дүн олгосны дараа эрхлэгчийн ур чадварыг олгох тушаал Ховд аймгийн Засаг даргаас ирсэн бөгөөд байгууллагын цалин хөлсний ангилалд байгаа мөнгө хүрэлцэхгүй байсан тул эрхлэгчийн 5 сард авсан 1,000,000 төгрөгийн урьдчилгааг ур чадварын нэмэгдлээс нь суутган тооцож, үлдсэн мөнгийг олгохоор эрхлэгчид танилцуулахад уурлаж загнасаар байгаад урьдчилгаагаа суутгуулахгүй ур чадварын нэмэгдлээ авна гээд авсан. Мөн эрхлэгч О.Тунгалаг түлш халаалтын зардлаас урсгал засвар дээр 2,500,000 төгрөг тавиулсан байсан бөгөөд энэ мөнгийг намайг гарга гэж шаардсан. Би зохих журмын дагуу засварын материалыг авч байж мөнгийг өгөх нь зүйтэй гэж хэлсэнд уурлаж, чамайг ажлаас хална гэж байнга дарамталдаг байсан.

Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тушаах нь нягтлан бодогчийн албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын ажилчидтай таарамжгүй харьцаа үүсгэсэн Ч.Шинэбаярыг нягтлан бодогчийн түр тушаалаар ажиллаж байсан тул ажлаас чөлөөлсүгэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэжээ. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг надтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, мөн хуулийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 633 дугаар тогтоолын 15-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ч.Шинэбаярыг ажлаас чөлөөлж 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцүүлэхийг арга зүйч М.Болорцэцэгт даалгасан.

Манай цэцэрлэгийн арга зүйч М.Болорцэцэг, нярав Д.Дашпүрэв, жижүүр Ш.Одончимэг нар нь Ч.Шинэбаярын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээлцүүлж тухайн өдрөө дээрх тушаал болон нийгмийн даатгалын дэвтэр зэргийг эх хувиар нь Ч.Шинэбаярт гардуулан өгсөн.

Иймдээ ч Ч.Шинэбаяр нь ажлаас халсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Ч.Шинэбаяр нь ажлаас халсан тушаалыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гардан аваагүй бол уг тушаалын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж нэхэмжлэлдээ хавсаргах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр танай шүүхэд гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Ч.Шинэбаярын Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэрээр:”1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Шинэбаярыг Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Шинэбаярт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,955,481 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгээс гаргуулсугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 78238 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

Нэг: Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт “ хариуцагчаас нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хоорондоо эрх зүйн зөрчилтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасантай нийцэхгүй байна.

Учир нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг ажилтан гардан аваагүй тохиолдолд гомдол хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй. Хэрэв ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг ажилтан гардан авсан атлаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд уг хугацааг сэргээх боломжтой.

Хоёр: Зохигчийн маргаагүй, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн үйл баримт гэж байдаг. Уг үйл баримт нь энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус цэцэрлэгийн арга зүйч М.Болорцэцэгээс гардан авсан үйл явдал юм.

Уг үйл баримтыг зохигч талуудаас гадна ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн арга зүйч М.Болорцэцэг, нярав Б.Дашпүрэв нарын 2 удаагийн, жижүүр Б.Энхцэцэгийн 1 удаагийн мэдүүлгээр давхар батлагддаг.

Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардан аваагүй бол уг тушаалын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлж, нэхэмжлэлдээ хавсаргах боломжгүй юм.

Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

Гурав: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нэхэмжлэгч Ч.Шинэбаярын өмгөөлөгч Ж.Энхжаргалын хүсэлт болон хавсаргасан нотлох баримтууд нь гомдол гаргагч хүндээр өвчилж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан үйл баримтыг огтхон ч нотлохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр өөрөө болон хүү Ц.Ариунбатыг Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаториор 2019 оны 7 дугаар сарын 02 болон 16-ны өдрүүдэд үзлэг хийлгэсэн гэх үйл баримт нь гомдол гаргач хүндээр өвчилсөн ойлголтод хамаарахгүй нь илэрхий байна.

Эмнэлгийн амбулаториор үзлэг хийлгэхийг өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа гэж үзэхгүй. Ийм байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнд гомдолтой байна.

Дөрөв: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах шаардлагатай. Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь 2019 оны 12 дугаар сард Халдвар судлалын үндэсний төвд үзлэг хийлгэсэн гэх үйл баримт нь Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалд гомдол гаргах хугацаанаас хойш байна. Ийм байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна.

Тав: Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр гомдол гаргаж, тус салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар албан бичгээр хариу авсан нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, өргөдлийн карт, өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогддог.Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар гомдол гаргах хугацааны дотор хүндээр өвчилж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.Ийм байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна.

Зургаа: Нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн багш ажилтнуудын 2019 оны ээлжийн амралтын олговрыг буруу тооцож, нэр бүхий 8 багш, ажилтнуудын 2,483,047 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг илүү олгож, нэр бүхий 5 багш, ажилтанд 2,463,798 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг олгоогүй хохироосон зөрчил гаргасан.

Энэ нь Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн дүгнэлт, цалингийн цэс зэргээр тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ч.Шинэбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн багш ажилтнуудтай хэрүүл, маргаан хийж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчил үйлдэл гаргасан нь нэхэмжлэгчийн өргөдөл, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Ийм байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь хөтөлбөргүй тогтоогдсон нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөрчиж байна. Дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч  Ч.Шинэбаяр нь” Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх “ тухай  шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалагт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:   ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан ажилтныг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг судалбал    Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг удирдлага болгон нягтлан бодогч Ч.Шинэбаярыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлийг тусгажээ. Хэрэгт ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байна.

            Ажилтан Ч.Шинэбаяр нягтлан бодогчоор ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар эрхлэгч О.Тунгалагаас асуухад хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй юм, тушаалаараа явдаг гэж хэлсэн гэж тайлбарласан байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хуулиар ажил олгогчид ногдсон байх бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үр дагавар үүсгэдэг эрхийн акт учир үндэслэл бүхий байх шаардлагатай бөгөөд дээрх хуульд зааснаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагатай.

Гэтэл Ажил олгогч нь “нягтлан бодогчийн албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын ажилчидтай таарамжгүй харьцсан, маргаан үүсгэсэн” гэх үндэслэлээр ажилтан  Ч.Шинэбаярыг нягтлан бодогчийн ажил албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд түүний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаар тушаалд”заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтад нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан заалт юм.

Ажилтаныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа эрх зүйн үр дагаврын хувьд ижил байх тул ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Ажил олгогч нь ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тушаал гаргаагүй бөгөөд ажилтаныг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар ажил олгогчийн 2019  оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг  ажилтанд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрхлэгчийнхээ өрөөнд гардуулж өгсөн гэх гэрч М.Болорцэцэгийн мэдүүлгийг ажилтан үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авчээ. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэлээр сэргээснийг буруутгах боломжгүй байна. 

Анхан шатны шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг   хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч   ажилгүй байсан хугацааг яаж тооцсон нь ойлгомжгүй, ажилтанд олгох нөхөх олговрыг тооцохдоо буруу тооцсон, хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт “хэргийг” гэж бичсэн зэрэг техникийн зарим алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

             Ч.Шинэбаяр нь 2019 оны 06 дугаар сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 5 сар 19 хоног ажилгүй байжээ. Ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэр дэх 2019 оны 4, 5, 6 дугаар сарын бичилтийг үндэслэн тооцвол   нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 648947 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 30183 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ  /648947х5+30183х19/=3.244.735+573488=3.818.223 төгрөгийг Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж  Ч.Шинэбаяр олгох нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч  Ч.Шинэбаярт олгох  3.818.223 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн санхүүд   даалгах нь зүйтэй байна.

 Хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн 146241 (76041+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл үг үсгийн алдаатай байх ба шийдвэрийн зарим өгүүлбэр төгсгөлгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрт зарим үгийг дахин давтан бичсэн, зарим өгүүлбэр төгссөн эсэх нь ойлгомжгүй байгаа зэргийг цаашид анхаарвал зохино.

                                                               

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хэргийн” гэснийг “гомдол гарах” гэж, 2 дахь  заалтын “олговор 3.955.481 төгрөгийг “ гэснийг  “олговорт 3.818.223 төгрөгийг” гэж.”цэцэрлэгээс” гэснийг “цэцэрлэгийн санхүүгээс”  гэж, 5 дахь заалтын “78238 төгрөгийг” гэснийг “146241 төгрөгийг” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

                                                                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

 

                                                                                             Н.ТУЯА