Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00986

 

   

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2264 дүгээр магадлалтай,

 

*******ы нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангагдсанд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг *******т даалгах тухай,

 

Гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн *******д холбогдуулж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,214,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Баяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүхийн шийдвэрээр *******аас 218,150,000 төгрөгийг гаргуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрийг буруугаар ойлгон тайлбарлаж, албадан шийдвэр биелүүлэх ажиллагааг хууль бусаар явуулж, миний эрхийг зөрчсөн. Миний барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 байрыг хэт үнэгүйдүүлж, бусдад бага хэмжээний мөнгөөр борлуулж, шүүгчийн захирамжид заасан үнийн дүнд хүрээгүй гэх нэхэмжлэгч талын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж байгаад миний зүгээс гомдолтой байна.

Учир нь ******* миний бие Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 218,150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэв тогтоосон хугацаа болох 2015.07.05-ны өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11а байрны 23 тоот, Ү220028723 улсын бүртгэлийн дугаартай, 000287560 тоот гэрчилгээтэй 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 116 байрны 69 тоот, Ү2203028728 улсын бүртгэлийн дугаартай, 000287562 тоот гэрчилгээтэй 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11а байрны 16 тоот, Ү2203028724 улсын бүртгэлийн дугаартай, 00287561 тоот гэрчилгээтэй 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ориент инвест ББСБ ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрсэн тул анхан шатны шүүхээс эвлэрлийг баталж 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дагуу 2015.07.20-ны өдрийн 1963 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.

Шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 239,150,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгөөс татгалзаж, 218,150,000 төгрөгийг 2015.07.05-ны өдөр бүрэн төлөх, хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа орон сууцуудаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 орон сууцыг хуулийн дагуу үнэлгээ хийлгүүлж, дуудлага худалдааг 2 удаа зохион байгуулж, бусдад худалдаж, худалдсан үнийг нэхэмжлэгч тал болох Ориент инвест ББСБ ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйгээр гардаг тул энэ асуудлаар Ориент инвест ББСБ ХХК шүүхэд хандсан талаар миний хувьд мэдээгүй ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж, миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бол төлбөр төлөгчийн барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагааг эд хөрөнгө байгаа газар үзлэг нэгжлэг хийж тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, бусад этгээдэд хадгалуулах болон худалдан борлуулах ажиллагаа явуулна гэж заасан атал төлбөр авагчид барьцаа эд хөрөнгийг санал болгох, мөн заавал албадан дуудлага худалдаа явуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бууруулахгүй байх арга замыг шийдвэр гүйцэтгэгч сонгон явуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжид заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга замыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Тухайн үед миний бие мөнгөний боломжгүйгээс төлбөрөөс бэлнээр хийж чадаагүй ба шийдвэр гүйцэтгэгчид барьцаа хөрөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг шийдвэр гүйцэтгэгч утсаар мэдээлсэн тул төлбөр дууссан гэж ойлгож өнөөдрийг хүрсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байх үед төлбөр авагч талаас төлбөрийг барагдуулахыг шаардаж Шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр олон удаа хүсэлтийг гаргасан байдаг хэрнээ барьцаа хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдаа явагдсан ажиллагаа дээр ямар нэгэн гомдол гаргаагүйгээс харахад тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамжийг хуулийн дагуу бүрэн хийж дуусгаагүй ба миний өөрийн өмчлөлийн 2 өрөө бүхий 3 орон сууцаар тухайн төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, төлбөр төлөгч миний эрхийг зөрчиж байгаа учир барьцаа хөрөнгө болох 23, 69, 16 тоот 3 ширхэг 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан байхад Ориент инвест ББСБ ХХК нь дахин төлбөр нэхэмжилж, шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж, миний өөр бусад хөрөнгөд халдах болон өмчлөх эрхийг минь зөрчиж байна. Тухайн үед Ориент инвест ББСБ ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу барьцаа хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар төлбөр барагдуулах эрх нь байхад түүнийгээ хэрэгжүүлээгүй, мөн хөрөнгийн үнэлгээ, дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй байдаг ба миний зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд барьцаа хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаа явуулсан талаар тухай бүр гомдол гаргаж байсан болно.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар 2017.04.19-ний өдөр төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулсан үндэслэлээр дуусгавар болгосон тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаартай шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байдаг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүхийн шүүгчийн захирамжаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заасан байдаг ба 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй байдаг.

Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа /2017.06.09-ний өдөр батлагдсан/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах тохиолдлыг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолоо гаргаснаар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар урамшууллын гэрээгээ байгуулж, урамшууллаа авсан байдаг зэрэг байдлуудыг харгалзан үзэх мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэн, эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангуулж өгөхийг хүсэж байна.

Иймд миний 2 өрөө 3 орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, миний өмчлөх эрхэд халдахгүй байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хүсэж байгаа ба шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн 2 дугаар шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.06.29-ний өдрийн 4198 дугаар шийдвэрээр *******аас 219.398.700 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2015.07.22-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч *******д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан шүүхийн шийдвэрт заагдсан дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгө тус бүр 93.989.900 төгрөгөөр үнэлэгдэж, үнэлсэн үнэлгээний 70 хувь болох 65.792.930 төгрөгөөр 2016.01.22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлсэн үнэлгээний 50 хувь болох 46.994.950 төгрөгөөр 2016.02.19-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад өмчлөгч ******* нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өөрийн өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаар шийдвэрээр албадан дуудлага худалдаа явуулах анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Үүний дараа тус газраас дээрх орон сууцнуудыг 2016.12.28-ны өдөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Б.Оргил дуудлага худалдааны ялагч болж тус бүрийг 49.000.000 төгрөгөөр нийт 147.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсны дагуу уг төлбөрийг төлбөр авагчид шилжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож талуудад мэдэгдэхэд төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6-д заасны дагуу шүүхийн шийдвэртэй төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 71.485.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөрийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхээс 2017.09.20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2017.04.18-ны өдрийн 17/140 тоот тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэгдээгүй үлдсэн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж гаргуулахыг *******т даалгаж шийдвэрлэсний дагуу тус газраас төлбөр төлөгч *******ы өмчлөл эзэмшлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.07.20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. 2 тал тохиролцсон учраас эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Эд хөрөнгүүд нийт 93,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөс манайд төлөх үлдэгдэл төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь үндэслэлтэй. Манай байгууллагад өгөх төлбөрийн оронд үл хөдлөх өг, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг борлуулаад илүү гарсан мөнгийг ав гэсэн зүйл огт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх талаар заасан байгаа. Нас барсан, ямар нэгэн байдлаар гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх асуудлыг хуульчилсан. Шүүхийн шийдвэрээр баталгаажсан учир энэ тохиолдол хуулийн 30 дугаар зүйлд хамааралгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг нэхэмжлэгч ярьж байна. Тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргахаар захирамжид төлбөр төлөгчөөс мөнгө гаргуул гэж дурдсан. Түүнээс эд хөрөнгө гаргаж төлбөр авагчид олго гэж шийдвэрлээгүй. Эд хөрөнгийг гаргуулахаар заасан гэж шийдвэрийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байхгүй. 2015.11.14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг 93,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 96,000,000 төгрөгөөр үнэлсэн. 2 сая гаран төгрөгийн зөрүү байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.4-т зааснаар эд хөрөнгийг үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэгүйдүүлж төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж борлуулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Би даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Баяр шүүхэд гаргасан шаардлагадаа: *******аас тус ББСБ-д нийт 218,150,000 төгрөгийг oлгохоор 102/ШШ2015/04198 дугаарт шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул тус ББСБ нь хариуцагчтай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Тус ББСБ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасныг үндэслэн хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах төлбөрт 2,205,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. *******ы буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагчид төлсөн урамшууллын төлбөр болох 2,205,000 төгрөгийг тус ББСБ-д учруулсан гэм хор гэж үзэж 2018.02.06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* нь 2019.09.26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул тус ББСБ дараах байдлаар бие даасан шаардлага гаргаж байна.

******* нь тус ББСБ-тай байгуулсан 2014.04.17-ны өдрийн 14/2071 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д Энэхүү гэрээний дагуу ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарсан аливаа зардал болон урамшууллын төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг ******* нь сайн дураар эс биелүүлснээс тус ББСБ-д учирсан гэм хор болох 2,205,000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,214,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрээр 218,150,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн төлбөрөө төлбөр авагчаас гаргуулдаг байсан тул *******аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Одоо үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авах талаар зохицуулалт байхгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагаа явуулахад урамшууллын зардал гэж байдаг байсан. Түүнийг төлбөр төлөгч төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг баримтлан *******т холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас гэрээнээс үүссэн хохиролд 2,214,000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******аас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, бие даасан шаардлагатай холбогдуулан Ориент инвест ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 50,374 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас шинжээчийн зардалд 200,000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2264 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.08-ны өдрийн 184/ШШ2020/02691 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2264 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ******* миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл нь магадлалыг 2020.12.04-ний өдөр шуудангаар гардаж авсан болно. /Монгол улсад Ковид буюу цар тахал өвчин гарсан тул шүүхэд очиж авах боломжгүй болсон болно./ Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн заасан эрхийнхээ хүрээнд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д ...барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхийн тухай зааснаас бус мөнгөн төлбөрийн үүргийг барьцааны зүйлээр хангуулах, солих, тооцуулах тухай ойлголт бус юм гэж дурдсан байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан арга хэмжээ авахыг төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлд санал гаргасан, барьцаа хөрөнгүүд нь төлбөрийг барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний байхад хэт үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаа явуулж, барьцаа хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлснээс болоод төлбөр төлөгч хохирч өнөөдрийн ийм байдал үүсээд байгаа болно.

Магадлалын хянавал хэсэгт: ...2015.12.14-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар үл хөдлөх хөрөнгөнүүдийн үнийг тус бүрийн үнийг 93,989,900 төгрөг, ...2020.07.22-ны өдрийн 262 тоот шинжээчийн дүгнэлтээр тус орон сууцнуудыг тус бүрийн зах зээлийн үнийг 96,360,000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан бөгөөд харьцуулалт хийж дүгнээгүй гэх миний гомдлыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Бид анхан шатны шүүхэд хүсэлт гаргаад барьцаа хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгосон ба барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 орон сууц нь нэг бүрийн үнэ 96,360,000 төгрөг, нийт 289,080,000 төгрөгийн үнэлгээ гарсан ба төлбөрт төлөхөөр гарсан 218,150,000 төгрөгийг хангалттай төлөх хэмжээний үнэлгээтэй гарсан хэдий ч анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ энэ талаар дурдаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдаж битүүмжлэгдсэн барьцаа хөрөнгийг үнэлсэн 2 хөрөнгөний үнэлгээний компанийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүйд гомдолтой байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Баяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.11.09-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2264 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалын 10-р нүүрний 2-р догол мөрөнд ...анхан шатны шүүх гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2,214,000 төгрөгийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд /2017 он/ урамшууллын талаар тусгаагүй байх тул энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна... гэж дурджээ.

******* Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс тус ББСБ нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан. ИХШХШТХуулийн 11-р зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчиж, ******* шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдэн тус ББСБ нь НШШГГазарт хандаж, ШШГАжиллагааг гүйцэтгүүлэхээр урамшууллын төлбөрийг төлж хохирсон. Иймээс СХД-ийн ИХАШШүүх Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасныг баримтлан тус ББСБ-д учирсан хохирлыг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Гэтэл НИХДЗШШүүх нь Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг баримталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар хуулийн заалтыг үндэслэн хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй байна.

2017 онд батлагдсан ШШГТХууль нь 2017.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус ББСБ нь *******д холбогдох урамшууллын төлбөрийг 2017.01.12-ны өдөр НШШГГазарт төлсөн. *******д холбогдох урамшууллын төлбөрийн асуудал нь 2017 онд батлагдсан хууль хэрэгжсэний дараа бус хэрэгжихээс өмнө болсон үйл явдал юм. Иймээс 2002 онд батлагдсан ШШГТХуулийн 83-р зүйлд зааснаар НШШГГазарт төлсөн урамшууллын төлбөр болох хохирлоо гаргуулахаар тус ББСБ нь шаардлага гаргасан.

Шүүх урамшууллын төлбөрийн талаарх асуудал хуульд тусгагдаагүй гэж дүгнэж байгаа бол тус ББСБ, ******* нарын хооронд байгуулсан 14/2071 дугаарт Зээлийн гэрээний 3.2-т ******* нь дараах үүрэгтэй. Үүнд:, энэ гэрээний 3.2.6-д Энэхүү гэрээний дагуу ББСБ-аас гарсан аливаа зардал болон урамшуулльт төлбөрийг төлөх. гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой хэмээн тус ББСБ нь үзэж байна. НИХДЗШШүүх хуралд ******* нь нэхэмжлэгчээр, Ориент Инвест ББСБ ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон юм. Дээрхээс харахад нэхэмжлэгч болох *******ы урамшууллын төлбөртэй холбоотой гомдлыг хангах боломжгүй гэх боловч тогтоох хэсэгтээ тус ББСБ-ын гаргасан урамшууллын төлбөр нэхэмжилсэн шаардлагыг хүчингүй болгож, *******ы гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

СХД-ийн ИХАШШүүхийн 2020.09.08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг баримтлан урамшууллын төлбөр 2,214,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 50,370 төгрөгийг гаргуулан тус ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. ******* нь НИХДЗШШүүхэд гомдол гаргаснаар зөвхөн тус ББСБ-ын шаардлага болох урамшууллын төлбөр олгох тухай заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хэрэв НИХДЗШШүүхээс тус ББСБ-ын шаардлагыг хүчингүй болгож байгаа бол *******аас тус ББСБ-д олгуулахаар болсон улсын тэмдэгтийн хураамж олгох тухай заалтыг мөн адил хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. ИХШХШТХуульд улсын тэмдэгтийн хураамжийг эхлээд нэхэмжлэл, шаардлага гаргаж буй этгээд төлөөд хэрэг шийдвэрлэгдсэний дараагаар буруутай тал нь нөхөн төлдөг.

Гэтэл СХД-ийн ИХАШШүүхийн 184/ШШ2020/02693 дугаарт шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас гэрээнээс үүссэн хохиролд 2,214,000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-д олгосугай, 3-т ...улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,3 74 төгрөгийг ... нэхэмжлэгч *******аас ... гаргуулан гуравдагч этгээд Ориент Инвест ББСБ ХХК-д олгосугай... гэсэн байна. Харин НИХДЗШШүүх 184/ШШ2020/02693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж ... өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. гэж 3 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснээс үзвэл хэргийг гүйцэд хянаж тогтоолгүйгээр зөрчилтэй шийдвэр гаргасан нь нотлогдож байна.

Иймд 2020.09.08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

******* *******т холбогдуулан сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангагдсанд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг *******т даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн, гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК нэхэмжлэгч *******аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,214,000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн Ориент инвест ББСБ ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгосон байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

1.   Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамжаар ******* нь тохирсон хугацаанд Ориент инвест ББСБ ХХК-д 218,150,000 төгрөгийг төлөх, төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, шүүхийн шийдвэрт заагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11а байрны 23 тоот, 16 тоот, 11б байрны 69 тоот, тус бүр 58.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээч томилж үнэлгээг тогтоолгоход тус бүрийг 93,989,900 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70% болох 65,792,930 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үнэлгээний 50% болох 46,994,950 төгрөгөөр оруулахад худалдан авагч тодорч, орон сууц тус бүрийг 49,000,000 төгрөгөөр, нийт 147,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлбөр авагчид шилжүүлснээр 2017.04.18-ны өдрийн 17/140 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Төлбөр төлөгдөж дуусаагүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар төлбөр авагч шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаартай шийдвэрээр 17/140 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, төлөгдөөгүй үлдсэн 71,485,000 төгрөгийг *******аас гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэгч үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр төлбөр төлөгчийн үлдэгдэл 71,485,000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэхээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангагдсанд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2.   Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хоорондоо зөрүүтэй байхад дүгнэлт хийгээгүй, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүйгээс төлбөр төлөгч хохирч байна... гэжээ.

 

2.а/ Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэг бүрийг нь Итгэлт Эстимэйт ХХК 2015 онд 93,989,900 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн 2016.11.01-ний өдрийн 001/ХТ2016/01134 тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үнэлгээнд үндэслэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийг 2020 онд үнэлсэн үнэлгээтэй харьцуулах боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

2.б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. 62.2.-т хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч ...өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно, ...шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд ...1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэжээ.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан тул хөрөнгийг бие даан худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

3.   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах төлбөрт 2,205,000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд 9,000 төгрөг төлж, нийт 2,214,000 төгрөгийн хохирол учирсан... гэжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрт заасан үүргийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 83 дугаар зүйлд заасны дагуу 2015.07.22-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, бодитойгоор гүйцэтгэгдсэн төлбөрийн үнийн дүнгээс 1.5%-иар тооцож урамшуулал олгохоор харилцан тохиролцжээ. /1 дүгээр хавтас, хх-42/

 

Гэрээний дагуу 2017.01.11-ний өдөр төлбөр төлөгчөөс төлбөрт төлсөн 147,000,000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын зардал 2,205,000 төгрөгийг суутган авсан, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар нотариатын зардалд 9,000 төгрөгийг тушаасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон үндэслэлээр анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх шийдлийг хүчингүй болгохдоо ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуульд урамшууллын талаар тусгаагүй... гэх үндэслэл заасан нь ойлгомжгүй, хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчлагдсан ба нэхэмжлэлийн шаардлага 2002 онд батлагдсан хуулийн хүрээнд хэрэгжиж байсан үйлдэлд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.2.-т хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, шинээр батлагдсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж, гүйцэтгэгдсэн төлбөрийн үнийн дүнгээс урамшууллын зардлыг суутгуулсан ба энэ хэмжээгээр хохирсон гэж үзэж үүрэг гүйцэтгэгчээс өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөрчөөгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаарх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2264 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэлийн гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Баярын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэлээс 2020.12.17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-иас 2020.12.08-ны өдөр төлсөн 50,374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД