Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0373

 

 

“Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа  

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ц*******” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд “Н*******” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Б*******т олгосон газраас орц, гарц хаасан хэсгийг хэсэгчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн “Н*******” ХХК-д шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 214 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, А.А*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2022/0977/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Б*******т олгосон газраас орц, гарц хаасан хэсгийг хэсэгчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн “Н*******” ХХК-д шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Б*******т олгосон газраас орц, гарц хаасан хэсгийг хэсэгчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн “Н*******” ХХК-д шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т "..., нийслэл, ... ийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 20.2.1-д "нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...-ийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах", 20.2.2-т .... зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах", 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна", 32 дугаар зүйлийн 32.5-д "Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна",

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 6.6-т "Энэхүү журмын 5.1.3 1-5.1.3.5-д заасан хүсэлтийг гаргасан тохиолдолд дор дурдсан судалгааг хийнэ", 6.6.4-т "Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягталж шалгах", 7.1-т "...хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ", 7.2.3-т "Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх" гэжээ.

Дээрх хууль, журамд зааснаар хариуцагчаас гуравдагч этгээд Л.Б*******ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, түүний хүсэлтэд дурдсан газар нь бусдын ашиглалтын газартай давхцалтай эсэхийг шалгаж, бусдын ашиглалт үүссэн газартай давхцалтай тохиолдолд энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгөхөөр байна. Гэвч хариуцагчийн зүгээс дээрх ажиллагааг хийлгүйгээр “Ц*******” ХХК-ийн орц гарцтай давхардуулан иргэн Л.Б*******т газар эзэмших эрх олгосон байхад уг үйл баримтыг шүүх дүгнэж үзээгүй байна.

3.2.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанчлан “эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч хууль ёсны дагуу ашиглаж байгаа газартай давхардуулан газар олгосон тул хүчингүй болгож өгнө үү” гэж маргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн орц гарцыг хууль ёсны дагуу ашиглаж байсан болохыг дүгнэсэн боловч мөн уг орц гарцтай давхардуулан олгосон гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг хууль ёсны гэж үзэж байгаа нь шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.3.Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-т “...нийслэлийн Засаг даргаас 10,815.6416 м.кв газар ашиглах, эзэмших эрхийг нэхэмжлэгч компанид олгоогүй, харин гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын шийдвэр" гэсэн нь нийслэлийн хилийн цэсэд хамаарах болсон нэхэмжлэгчийн газрыг гуравдагч этгээдэд олгосон гэж ойлгогдохоор худал үйл баримтыг дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчиж байна.

3.4.Газар ашиглах эрхийн тухайд “Ц*******” ХХК 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлал сайдын А-491 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Арцатын аманд "аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар 2011/158 дугаар гэрчилгээ олгосныг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Дахин сунгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахад “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг шинэчлэн тогтоохоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул тухайн хэсэг байрлах газарт шинээр газар ашиглах эрх олгох болон газрын эрхийг сунгах ажиллагааг түр зогсоосон” гэх хариуг өгсөн байдаг.

Уг ажлын хэсгийн дүгнэлтийг Газрын шинэтгэлийн Үндэсний хороогоор 2020 оны 10 дугаар сард хэлэлцүүлж тэмдэглэл гаргасан. Түүнийг дагаж мөрдөх асуудлын талаар Засгийн газраас 2 ч удаа ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд дээрх ажлын хэсгийн тодруулж зурагласан шинэчилсэн хилийн цэсийг танилцуулсны дагуу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоол, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолуудаар уг хилийн цэсийг мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан.

Улмаар уг асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн боловч нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгоогүй тул захиргааны хэргийн шүүхэд хандахад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 771 дугаар шийдвэрээр нийслэл Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Уг маргаанд хариуцагч нийслэлийн Засаг даргын зүгээс ““...Ц*******” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан 2 га газрын ашиглах эрх хүчин төгөлдөр байгаа учраас нийслэлийн Засаг даргын зүгээс газар олголт хийх боломжгүй байна. Хүчингүй болсон хойно нийслэлийн Засаг даргын өөрийн бүрэн эрхийг хэмжээнд тухайн жилийн газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмших эрхийг олгох бол боломжтой байдаг...” гэсэн тайлбарыг өгч байсан.

Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 тушаалаар “Ц*******” ХХК-ийн 2 га газраас нийслэлийн нутаг дэвсгэрт шилжсэн хэсэг буюу 10,797,1 м.кв газрыг цуцалж шийдвэрлэсэн.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 03 дугаар тогтоол болон Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1/2055 дугаар "Мэдээлэл хүргүүлэх" тухай албан бичгүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан (Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар үүнийг биелүүлсэн) боловч нийслэлийн Засаг даргын зүгээс өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрээд байна.

Дээрх нийслэлийн Засаг даргын эрх бүхий байгууллагын шийдвэр болон шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлэх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулахыг хүссэн ашиг сонирхол буюу өөрийн хөрөнгөөр барьсан орц гарцаа сэргээж, дахин ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж гуравдагч этгээдийн зүгээс барилгын ажил хийгдсэнээр нийслэлийн Засаг даргын зүгээс газар ашиглах эрхийг сунгах шийдвэр гарсан ч нэхэмжлэгчийн орц гарц бүрэн хаагдаж нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулахыг хүссэн эрх сэргээгдэхгүй нөхцөл байдалд хүрээд байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр гаргасны дараа нэхэмжлэгчийн эрх сэргээгдээгүй бол хохирлоо буруутай албан тушаалтнуудаас нэхэмжлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр шийдвэр хязгаарлахгүй” гэсэн нь хэнийг уг асуудалд буруутгасан нь тодорхой бус дүгнэлт хийж зүгээр л орхисон.

3.5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 тушаал нь газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай гэсэн хэдий боловч газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэст өөрчлөлт оруулсантай холбогдуулан нэг газар дээр хоёр захиргааны байгууллагын шийдвэрээр газар олгосон нөхцөл байдал үүсэхээс сэргийлж гаргасан шийдвэр болно.

Уг шийдвэрээр “Ц*******” ХХК-ийн нийслэлийн нутаг дэвсгэрт шилжсэн хэсэг буюу 10,797.1 м.кв газрын газар ашиглах эрхийг дуусгасан шийдвэр гэж үзэх боломжгүй юм. Харин уг газрын эрхийн асуудлыг шийдвэрлэх ёстой нийслэлийн Засаг даргын зүгээс уг үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг шүүхээс харгалзаж үзээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Маргаан бүхий газрын ашиглах эрх анх Байгаль орчин, ачлал жуулчлалын сайдын 2011 оны А/491 дүгээр тушаалаар “Ц*******” ХХК-д үүссэн, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төв замаас орох, гарах орц, гарцын зөвшөөрөл авсан талаарх үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн нэхэмжлэлийн гол үндэслэлийн талаар “…орц гарцыг гаргахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан, зураг төслийн дагуу тодорхой зардал гаргаж мэргэжлийн компаниар хийлгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна…” гэж дүгнэсэн атлаа “…тухайн орц, гарц байрлах газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон…” гэсэн нь энэ талаарх Сайдын тушаалын үндэслэл болон өмнө гарсан шүүхийн шийдвэрт нийцсэнгүй.

Учир нь Сайдын дээрх тушаалаар олгосон 2 га газрын хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар 19.954 м.кв болгож өөрчилж, улмаар үүний 10.797.1 м.кв нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хилийн цэсээс гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болсонтой холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар уг талбайг хэсэгчлэн цуцалж, нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын хэмжээг 9.169.3 м.кв байхаар шийдвэрлэсэн, энэхүү тушаал гаргахаас өмнө буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 771 дүгээр шийдвэрээр нийслэлд шилжсэн газрыг эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан атал хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг “…өнөөдрийг хүртэл биелүүлээгүй…” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

2.Нэхэмжлэгчээс зохих зөвшөөрлийн дагуу гаргасан орц, гарцыг хамруулан анх сайдын тушаалаар ашиглах эрх үүссэн, хилийн цэсийг шинэчилсэнтэй холбогдуулан  нийслэл рүү шилжсэн газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд харин нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухай бүр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа гэх үндэслэлээ:

-2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02-07/2843 дугаар албан бичгээр “…Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 7 дугаар тушаалаар Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулж, зураглан, хил заагийн хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын давхардлыг арилгах, байршил өөрчлөх, хил заагт дамнан олгогдсон иргэн, хуулийн этгээдийн газрын маргаан зөрчлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан тул ажлын хэсгийн шийдвэр гартал шийдвэрлэх боломжгүй…” гэж,

-2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 02-06/3039, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01-08/4969 дүгээр албан бичгээр “…Танай компанийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн иргэн Д.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй…” гэж,

-2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/6605, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/5764 дүгээр албан бичгээр “…Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн бүртгэж баталгаажуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргад хандаж ажлын хэсгийн зүгээс газрын зөрчлийг бүрэн шийдвэрлэх хүртэл “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг орчимд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох болон эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудад өөрчлөлт хийхгүй байх тухай албан бичиг ирүүлсэн тул ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй…” гэж тус тус тайлбарлаж байсан боловч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/977 дугаар захирамжаар 2163 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Б*******т эзэмшүүлж, улмаар 2023 оны А/253 дугаар захирамжаар уг газрыг “Н*******” ХХК-д шилжүүлэхдээ автомашины орц, гарц гарган ашиглаж байсан хэсгийг давхцуулан олгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Тухайлбал Сайдын тушаалаар газар ашиглах эрхтэй байх үед нь “Ц*******” ХХК-д Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 01/2408 дугаар албан бичгээр Авто зам, тохижилт ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журмын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын замд батлагдсан зураг төслийн дагуу орц, гарц гаргах зөвшөөрөл олгосон, “К*******” ХХК-ийн боловсруулсан замын орцын техникийн зураг төслийг ЗЦГ-ын техник хяналтын болон НАЗХГ-ын засвар, ашиглалын хяналтын хэлтсээс тус тус зөвшөөрсний үндсэн дээр 70 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр авто замын орц, гарцыг хийж гүйцэтгэсэн төдийгүй зориулалтын дагуу ашиглаж байхад эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасангүй.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалаар “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/676 дугаар захирамжийн иргэн Д.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Сайдын тушаалаар ашиглаж байсан газрын нийслэл рүү шилжсэн хэсгийг үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан 1 шалтгаан ийнхүү арилсан, түүнчлэн уг магадлалд “…Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төв замаас орох гарах орц, гарцын зөвшөөрөл авч ашиглалт үүссэн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хуульд заасан журмын дагуу дуусгавар болоогүй байсан талаар, мөн өмнөх газар ашиглах эрх хуулийн дагуу дуусгавар болж, уг газрыг хуульд заасан журмын дагуу бүрэн чөлөөлсний эцэст нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газарт бусдад газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах эрхтэй…” талаар тус тус дүгнэсэн байхад шийдвэрт “…орц, гарц гаргасан газрыг ашиглах, эзэмших эрхтэй гэж үзэхээргүй…” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай зөрчилджээ. 

Цаг хугацааны хувьд маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/977, 2023 оны А/253 дугаар захирамж гарах үед “Ц*******” ХХК-ийн газар ашиглах эрх хүчинтэй байсан, өөрөөр хэлбэл дээр дүгнэсэнчилэн хилийн заагийг шинэчилсэнтэй холбогдуулан нийслэлд шилжсэн 1.09 га газрын ашиглах эрхийг Сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцалсан, шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан баримтуудаар автомашины орц, гарц хийгдсэн болох нь хангалттай тогтоогдох бөгөөд Замын хөгжлийн газрын 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/433 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн орц, гарц бүхий хэсэг нь “Н******* ХХК-ийн эзэмшлийн 2163 м.кв газартай давхцалтай болох нь нотлогджээ.

Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” нь төрөөс газрын талаар баримтлах зарчим байхаар, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага байхаар тус тус зохицуулсан тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байх хугацаанд гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, мөн шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсоор бий болгосон автозамын орц, гарцтай давхцуулсан хэсгийг хууль бус гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Б*******т холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн орц, гарцтай давхцуулсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн “Н*******” ХХК-д холбогдох хэсгийн мөн нэхэмжлэгчийн орц, гарцтай давхцуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН