Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/00987

 

 

У.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2231 дүгээр магадлалтай,

 

У.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.30-ны өдрийн дугаар 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар *******эс 107,999,999 төгрөгийг гаргуулж Их түмэн инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг гүйцэтгэх ажиллагааг ******* явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* миний өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Шинжээч эд хөрөнгийг 359.830.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэж байна. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдахаар хуульд заасан. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийж буй этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч ******* нь дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хөрөнгө үнэлгээний тухай 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Гэтэл үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн. Үнэлгээчин нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 1 м.кв 4.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө юм. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байр, 29 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359.830.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.30-ны өдрийн 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар *******эс 108.463.049 төгрөгийг гаргуулж Их түмэн инвест ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 25 дугаар байрны 29 тоотод байршилтай, 139.5 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206012627 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020.02.28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290421 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч У.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 25 дугаар байрны 29 тоотод байршилтай, 139.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг 2020.04.14-ний өдөр 20290421/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.06.16-ны өдрийн 20290421/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2020.06.17-ны өдрийн 4-179/23538 дугаар албан бичгээр *******д баталгаат шуудангаар, 2020.06.26-ны өдрийн 4-179/24328, 2020.06.29-ний өдрийн 4-179/24389 дугаар албан бичгээр биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Их түмэн инвест ББСБ ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020.07.07-ны өдрийн 7/358 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Файн Эстимэйт ХХК нь 359.830.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020.07.16-ны өдрийн 4-137/27058 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******д 2020.07.17-ны өдөр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй атлаа шинжээчийн үнэлгээнд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаа зорилго харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч У.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2231 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.04-ний өдрийн 2231 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Магадлалд зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан гэжээ. Гэтэл хэрхэн ямар зах зээлийн үнэлгээний жишиг аргыг хэрэглэсэн талаарх баримт байхгүй байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ба ямар хуульд үндэслэн дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй байна.

Магадлалд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасанд нийцсэн гэжээ. Гэтэл шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулахдаа Эрүүгийн хууль болон бусад хуулийг сануулах ёстой байтал ямар хуулийг хэрхэн сануулж байгаа нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэмээн дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан үүргийн гүйцэтгэлд битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч ******* үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ...шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, ...шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэхгүй... гэж тайлбарлажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.30-ны өдрийн 00025 дугаартай шүүгчийн захирамжаар Их түмэн инвест ББСБ ХХК-д 107,999,999 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2020.01.15-ны өдөр төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, барьцааны хөрөнгө болох У.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махатма Гандигийн гудамж, 15 дугаар байрны 29 тоот 139.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчаас шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон, шинжээч Файн эстимэйт ХХК хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 359,830,000 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн ...үнийг ...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн ...хувиар тогтооно... гэж тус тус зохицуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид хугацаа заан мэдэгдсэн боловч төлбөр төлөгч саналаа ирүүлээгүй, төлбөр авагч хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн талууд үнийг тохиролцоогүй гэж үзэн, хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Мөн шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

2.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэгт баримт авагдаагүй байхад ...үнэлгээг зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж гаргасан... гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, ...шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулахдаа ямар хуулийг хэрхэн сануулж байгаа нь тодорхойгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн... гэх үндэслэл заажээ.

 

Хэрэгт авагдсан Файн эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар /хх-76-79/ шинжээч нь үнэлэгдэж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Стадион Оргил, Махатма Гандигийн гудалмж 25 дугаар байрны 29 тоот орон сууцыг байршлын хувьд ойр, ижил хийцээр баригдаж, ойролцоо онд ашиглалтад орсон, мөн ижил зориулалтаар ашиглагдаж байгаа Модерн таун хотхон, Рапид харш хорооллын хойно байрлалтай орон сууцтай харьцуулан жишиж, жишиг орон сууцны зах зээлийн судалгаа хийж, зах зээлийн жишиг үнээрх үнэ цэнийг тодорхойлсон талаар тусгагдсан, дээрх дүгнэлт, судалгааг хууль зөрчиж гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул ...үнэлгээг зах зээлийн харьцуулан жиших аргаар үнэлсэн тухай баримтгүй байхад шүүх дүгнэлт хийсэн... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хэргийн 65 дугаар талд авагдсан Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлд Н.Цолмонгэрэлийг шинжээчээр оролцуулахтай холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1., 43.4. дэх заалтуудыг тус тус танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн талаар тэмдэглэгдсэн, тус тэмдэглэлд шинжээч гарын үсэг зуржээ.

 

Дээрх баримтыг тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй, тус ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчсөн нь баримтаар тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг засаж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2231 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...122 дугаар зүйлийн 122.4. дэх хэсэгт... гэснийг ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс 2020.12.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД