Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02539

 

2020 09 22 183/ШШ2020/02539

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, ................... тоотод оршин суух А овогт У.М /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ............. өөрийн байранд байрлах НШШГГ /РД:00000000/-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, .............. тоот хаягт байрлах И ББСБ /000000000/,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 183/ШШ2020/00025 тоот шүүгчийн захирамжаар иргэн У.Мэс 107.999.999 төгрөгийг гаргуулж И ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад У.М миний өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...........  тоот хаягт байрлах 139,5 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Шинжээч нь миний эд хөрөнгийг 359.830.000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдахаар хуульд заасан. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийж буй этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч НШШГГ нь дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шудрага ёсонд нийцэхгүй байна. Хөрөнгө үнэлгээний тухай 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Гэтэл үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн. Үнэлгээчин нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Миний үл хөдлөх эд хөрөнгө нь 1 м.кв 4,5 сая төгрөгөөс 5 сая төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. НШШГГ нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 4-137/27058 тоот хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргав. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасан байна. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд НШШГГт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 183/ШШ2020/00025 тоот шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа/-ны явцад У.М миний өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ......... тоот хаягт байрлах 139,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359.830.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Товчоор хэлбэл хэт доогуур үнэлсэн, бас шинжээч н.Цолмонгэрэлд эрүүгийн хууль тайлбарлаагүй тул шүүх шинжилгээний хуульд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар У.Мэс 108.463.049 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн ........... тоотод байршилтай, 139,5 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290421 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч У.Мд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч У.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .................. тоотод байршилтай, 139,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20290421/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20290421/03 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4-179/23538 дугаар албан бичгээр У.Мд баталгаат шуудангаар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-179/24328, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 4-179/24389 дугаар албан бичгээр биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч И ББСБ ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/358 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Ф ХХК нь 359.830.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4-137/27058 дугаар албан бичгээр төлбөр төлөгч У.Мд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үнийн саналаа хүргүүлсэн мөртлөө одоо ийм гомдол яривал болох байх, хэдээр үнэлэгдэх байснаа ч мэдэхгүй байж бага үнэлсэн гээд байгаа нь үндэслэлгүй, зүгээр л шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаа зорилго харагдаж байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан  Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тухайн эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, шинжээчид Эрүүгийн хуульд заасан хариуцлагын талаар тайлбарлаагүй, хөрөнгийн үнэлгээг өртгийн болоод орлогын хандлагыг хэрэглэлгүйгээр зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэсэн гэж тайлбарлав.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/0025 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, 107 999 999 төгрөгийг У.Мэс гаргуулж, И ББСБ-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч У.М нь 107 999 999 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч У.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............. тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20290421/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20290421/03 тоот тогтоолоор тус тус хураасан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэхээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4-179/23538  дугаар албан бичгээр төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх, ийнхүү саналаа ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгохыг мэдэгдэх ажиллагааг хийсэн байна.

Нэхэмжлэгч нь үнийн саналыг ирүүлээгүйгээс хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу Ф ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 359 830 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 04-137/27058 дугаар албан бичгээр У.Мд мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

  Түүнчлэн хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Тодруулбал 2020.07.07-ны өдрийн 7/358 дугаартай Шинжээч томилох тогтоолын 3 дах хэсэгт шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч Н.Цд сануулсан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд хариуцагчийн шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч У.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                     О.ЧУЛУУНЧИМЭГ