Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0431

 

 

 

“Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, өмгөөлөгч Т.Н*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК

Хариуцагч: “Э*******” Төрийн өмчит үйлдвэрийн газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Э*******” ТӨҮГ-ын Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил-ын гэрээг “Б*******” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э*******” ТӨҮГ-т даалгах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0027 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, Н.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2023/0030/З

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас “Э*******” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан “Э*******" ТӨҮГ-ын Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил-ын гэрээг “Б*******” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э*******” ТӨҮГ-т даалгах”-аар маргасан байна.

2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0027 дугаар шийдвэрээр: 

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн Э******* ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э******* ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э*******” ТӨҮГ-т даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, өмгөөлөгч Т.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т дахин тендер зарласныг зөвтгөх гэж дүгнэснийг эс зөвшөөрч буй тухайд:

Маргааны гол зүйл болох ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад хариуцагч нь уг ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерийг дахин зарлаад байна, үүнийг зогсоож өгөөч хэмээн Тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг энэхүү маргааныг анхан шатаар шийдвэрлэхээс өмнө  нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж байсан. 2024 оны 02 дугаар сард Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү хэргийг буцаасны дараа ч уг тендерийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан боловч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж өгөөгүй.

Тэгсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1, 30 дугаар зүйлийн 30.4... гэж зааснаар дахин тендер зарлахаар шийдвэрлэжээ” хэмээн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулна”, 42 дугаар зүйлийн 42.1-д “худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэсэн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүх харин эсрэгээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1-ийг мөн хуулийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно”, 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна” 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх”, уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэсэн заалтуудтай уялдуулан зөв хэрэглэсэн бол хариуцагчид гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж шийдэхээр байсан. Уг хуулийн заалтуудыг буруу хэрэглэснээр дараах үр дагаврыг үүсгэж байна. Үүнд:

- Гэрээ зурагдаад явж байхад шалтгаангүйгээр захиалагч тал өөрөө албаар хугацаагаа өнгөрүүлж, тендерийн хүчинтэй хугацаа өнгөрсөн гэдгээр дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 болон 42 дугаар зүйлийн 42.1.2-р заалтуудыг зөрчих,

- Үнэлгээний хороо аль хэдийн шийдвэр гаргасан байхад захиалагч талын эрх мэдэлтнүүд  дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 болон 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэгжүүлэхгүй байх зэргээр хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэдэг жишиг тогтож байна.

            3.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 11, 12-т дахин тендерт оролцсоныг буруутгаж дүгнэснийг эс зөвшөөрч буй тухайд:

            Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч талаас дахин зарласан тендерийг анхан шатны шүүх хурал болохоос өмнө актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсан боловч уг маргааныг анхан шатны журмаар эхний удаа шийдсэн Д.С шүүгч тендер зарласан тухай шийдвэрийн биелэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байхгүй байхад түдгэлзүүлээгүй. Ийнхүү уг маргаан анхан шатны шүүх хурлаар шийдэгдэхээс өмнө уг тендер шалгаруулалт дахин явагдсан тул нэхэмжлэгч оролцохоос өөр аргагүй болсон.

            “Б*******” ХХК тус тендерт дахин оролцоогүй бол тендерийн материалыг олж авч гомдол гаргаж, тендерийг зогсоож чадахгүй байсан төдийгүй тус тендерт оролцсон бусад хуулийн этгээдийг хамарсан бүр өргөн цар хүрээтэй шинэ маргаан үүсэхээс сэргийлж чадахгүй байсан. Ийнхүү “Б*******” ХХК-ийн нэгэнт шалгарчихсан тендерийг дахин зарлаад байгааг шүүх түдгэлзүүлж өгөөгүй учраас өөрийнхөө шалгарсан тендерт өөр этгээдийг шалгаруулах гэрээ байгуулахаас сэргийлж, дахин оролцохоос өөр арга үлдээгүй бөгөөд ингэж оролцсоноороо Сангийн яамны 2019 оны 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт шалгарах шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулах” гэж заасныг зогсоож чадсан.

            Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 11-т “... дахин зарласан тендерт... оролцож байгаагаас дүгнэхэд ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.”, 12-т “нэхэмжлэл гэж ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан өргөдлийг хэлнэ” хэмээн дүгнэж, шүүхээс анхнаасаа маргаан бүхий захиргааны акт буюу дахин зарласан тендертэй холбоотой нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн “Гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь” шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн заалтыг зөрчсөн байна.

            Мөн нэхэмжлэгчийн зүгээс тендерт хууль ёсоор шалгараад, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрээ авчихсан байхад захиалагч талаас тэр шийдвэрийг гэнэт хүчингүй болгож, одоо ч гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн дээрх хуульд заасан “гэрээ байгуулах эрх” зөрчигдөж, уг тендертэй холбоотой тоног төхөөрөмж авахаар гадаад улсын нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зөрчигдөхөд хүрч, их хэмжээний алдагдал хүлээж, бизнесийн нэр хүнд нь унаж, эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа дурдсан байдаг.

            Түүнчлэн хариуцагч тал уг тендерийг дахин зарлаж, БНХАУ-ын компанийг шалгаруулахдаа нэр бүхий албан тушаалтнууд тус компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа учраас уг тендер хүчингүй болж, нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой тухайгаа мөн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа бичсэн.

            Эцэст нь дурдахад уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0023 дугаартай Тогтоолын хянавал хэсгийн 16, 17, 19 дэх хэсэгт заасан дүгнэлтүүдийг өгч, анхаарах зүйлүүдийг анхаараагүй байна гэж үзэж байна.

            Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №119/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

 

            1.Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус зааснаар “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай тул шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой эсэхийг шийдвэр гаргахдаа анхаарах шаардлагатай.

 

            “Б*******” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг байгуулах эрх олгохоос татгалзсан “Э*******” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг хууль бус бөгөөд …гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан, гэтэл хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тендер шалгаруулалтыг 3 дахь удаагаа дахин зарлаж, уг тендер шалгаруулалтад нэхэмжлэгч оролцсон боловч үнийн саналаар БНХАУ-ын “Б*******” компанийг шалгаруулж, 4.330.000.000 төгрөгөөр зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 5/014-24 тоот гэрээг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан төдийгүй мөн оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээний 4.2.1-т заасны дагуу банкны баталгаа гаргаж 1.299.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Э*******” ТӨХК-ийн 2014 оны 0114/207 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгчээс энэхүү тендер шалгаруулалтын биелэлтийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хангахаас татгалзсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс дээрх тендер шалгаруулалттай маргаагүй, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* “…гэрээний хэрэгжилт 70 гаруй хувьтай явж байгаа, 7 дугаар сардаа багтаан нийлүүлээд, 8 дугаар сард зүгшрүүлэх ажлыг хийгээд бүрэн дуусгана…” гэсэн тайлбар гаргасан зэргээс тус тус үзэхэд эхний тендер шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

            2.Цаг хугацааны хувьд “Э*******” ТӨХК-иас “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг анх 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй зарлаж, нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосноо 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ХБ-134-12/3794 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 70 дугаар шийдвэрээр энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, харин гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “…тендер шалгаруулалт нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал, …дээрх актыг хүчингүй болгосноор гэрээ байгуулах үндэслэл үүснэ…” гэж дүгнэжээ. 

 

            Гэвч хариуцагчаас тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дахин тендер зарлаж, нэхэмжлэгч түүнд оролцсон, Үнэлгээний хорооны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар хурлаас “Б*******” компанийг шалгаруулах дүгнэлтийг захиалагчид хүргүүлж, захиалагчаас 31-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон боловч “Б*******” ХХК-иас энэхүү тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6701 албан бичгээр гэрээ байгуулах болон тендерт шалгараагүй талаарх мэдэгдлийг тус тус хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

 

            Шүүхийн бус журмаар нэхэмжлэгчийн гомдол хангагдсан энэ тохиолдолд “Б*******” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад шийдвэрт “…энэхүү тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаагүй…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, харин хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3 дахь удаагаа дахин тендерийн урилгыг нийтэд зарлан, тендерийн нээлтийг 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цагт зохион байгуулахаар товлосон, энэхүү тендерт мөн л нэхэмжлэгч оролцож, Үнэлгээний хорооны 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар хурлын дүгнэлтээр нэхэмжлэгчийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн боловч бага үнэ санал болгосон “Б*******” компанийг дахин шалгаруулсан, 2 болон 3 дахь удаагийн тендер шалгаруулалт шүүхэд захиргааны хэрэг үүссэнээс хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай зэрэгцэн хийгдэж байсан бөгөөд нэхэмжлэгчээс хамгийн сүүлийн тендер шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, зөвхөн тендер шалгаруулалтын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт л гаргажээ.

 

            Иймд нэгэнт санхүүжилт хийгдэж, гуравдагч этгээд гэрээний дагуу үүргээ биелүүлж байгаа энэ тохиолдолд, мөн нэхэмжлэгчээс 3 дахь тендер шалгаруулалттай маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, өмгөөлөгч Т.Н******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН