Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Иргэдийн төлөөлөгч С.Цэдэвсүрэн

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Г.Төмөрбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав, Д.Оюунчимэг

Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэн овгийн Цэнд-Аюушийн Батхаан, Сартуул овгийн Мөнхцэцэгийн Галбадрах нарт холбогдох 201614000367 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Шүүгдэгч Сүрэн овгийн Цэнд-Аюушийн Батхаан, Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн 10-12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ФБ98062519.

2. Шүүгдэгч Сартуул овгийн Мөнхцэцэгийн Галбадрах, Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээж Д.Мөнхцэцэгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 23-03 тоотод оршин суух, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай,  /РД: ФБ97082890/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Нокиа маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар,

2. Шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрхи гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 1. Хохирогч Г.Төмөрбаатарын “2016 оны 06 сарын 20-ны орой гэртээ байж байтал хөдөөнөөс эхнэрийн дүү манай гэрт орж ирээд маргааш буцана ахаа сонин сэтгүүл байна уу гэхээр нь би эгчрүүгээ залгаад танайд сонин сэтгүүл гал асаахаар зүйл байна уу гэсэн чинь байгаа, байгаа ирээд авчих гэхээр нь за гэж хэлээд гэрээсээ ганцаараа гараад 5-11 дүгээр байранд байдаг эгчийндээ очоод сонин сэтгүүл аваад буцаад гарах гэсэн чинь бороо ороод ширүүсээд байхаар нь жоохон байж байгаад бороо гайгүй болохоор нь гаръя гэж бодоод кино үзээд сууж байтал эгч маань одоо 00 цаг болж байна одоо гэррүүгээ харих уу гэхээр нь тэгье тэгье гэж хэлээд эгчийнхээ гэрээс ганцаараа гараад гэррүүгээ алхаж яваад орцруугаа орох гэсэн чинь охин маань над руу залгаад “та яасан бэ ирж байна уу” гэхээр нь аав нь орцныхоо үүдэнд ирсэн байна гэсэн чинь “та түлхүүрээр онгойлгоод ороод ирээрэй” гэхээр нь “за” гэж хэлээд 4 давхарт гараад түлхүүрээ халааснаасаа гаргаж ирээд гэрээ онгойлгох гэтэл миний араас хүн хоолой боогоод багалзуурдсан. Би тухайн үед ухаан алдаад унасан юм. Би тэгээд 5-6 минутын дараа ухаан ороод байж байтал цагдаа нар орж ирээд юу болсон яасан бэ гэсэн. Тухайн үед намайг дээрэмдэн багалзуурдаж унагаасан хүнийг цагдаад дуудлага өгч бариулсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/

 

2. Гэрч Г.Долгормаагийн “Тухайн өдрийн 22 цагийн үед эгчийнхээ гэр рүү очиж сонин, сэтгүүл авч ирнэ гэж хэлээд гарсан. Тэр өдөр бороотой өдөр байсан. Би охинтойгоо гэртээ байж байтал 00 цаг өнгөрч байсан манай охин аавтайгаа ярьсан орцныхоо үүдэнд явж байна гэж хэлсэн тэгээд байж байтал гэрийн үүдэнд тар няр хийх чимээ гарахаар нь үүдээ онгойлгоод харсан чинь шатан дээр унасан байсан. Шатны уруу хүмүүс гүйлдээд доошоо буусан. Тэгээд нөхрийгөө охинтойгоо хамжиж гэр рүүгээ оруулаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд шат руу уруудаад буусан чинь нэг залуу нь баригдсан нөгөө залууг гаднаас барьж орж ирсэн юм. Хоёр залуу манай нөхрийн гар утсыг өмдний түдвэлээс тасдаж аваад цагдаагаас зугтааж байхдаа гээсэн гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37-р хуудас/

 

3. Гэрч М.Цогтбаатарын “Тэр өдөр би Булган аймгийн Хангал сумаас машинаар орж ирээд 6-19 дүгээр байрны урд буусан. Тэгээд гэр рүүгээ харихаар алхаад явж байтал 6-19 дүгээр байрнаас өндөр, нам нуруутай хоёр хүн гарч ирээд зугтаатал араас нь нэг эмэгтэй хүн хашгираад гараад ирсэн. Тэр хоёр залууг хэрэг хийгээд гараад ирж байна гэж бодоод 6-19 дүгээр байрны зүүн талаар тойрч хөөсөн. Тэгтэл араас хоёр цагдаа гүйж ирээд намхан нуруутай залуу бид хоёрыг барьж 6 дугаар микрийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд юу болсон талаар асуусан. Өндөр нуруутай залуу нь Мэнд-Амар худалдааны төвийн чигтээ гүйгээд алга болчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

4. Гэрч Л.Түвшинтөгсийн “2016 оны 06 сарын 21-ний шөнө 00 цаг цагийн үед 6 дугаар микрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд 6-19 дүгээр байрыг тойроод явж байтал нэг орцноос  2 хүүхэд гараад гүйчихээр нь араас нь хөөж 6-20 дугаар байрны орчим барьж авсан. Харин нөгөө залуу 5 дугаар микрийн чиглэл рүү гүйснийг араас нь манай олон нийтийн цагдаа хөөж барьж хэсгийн өрөөнд авч ирсэн. Тэгтэл энэ хүмүүст дээрэмдүүллээ гээд нэг ахимаг насны хүн өргөдөл авч ирж өгөхөөр нь хөдөлгөөнт эргүүлийг дуудаж төв цагдаагийн газар руу хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

5. Гэрч Б.Хунтхүүгийн “Төвшинтөгс над руу утасдаад дээрмийн хэрэг гараад нэг хүнийг барилаа, хэсгийн өрөөнд хүрээд ирээч гэж залгахаар нь машинтай яваад очтол хоёр залуу байсан. Нэг нь хамааралгүй, дээрмийн хэрэг хийсэн хүнийг хөөж байсан гэсэн. Хэрэгт хамааралгүй залуу нь миний зүс мэдэх хүн байсан. Удалгүй дээрэмдүүлсэн гэх ахимаг насны эрэгтэй ирээд өргөдлөө бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/

 

6. Гэрч Т.Ургамалын “24 цаг өнгөрч байхад би хүүхдээ унтуулчихаад аав руу залгаж ирэх болж байна уу гэхэд аав нь 6-15-р байрны урд явж байна. Удахгүй орлоо гэж хэлсэн. Тэгээд би унталгүй хүлээгээд байж байтал хаалганы тэнд орцонд пир пар хийх чимээ гарч хүн унах шиг болохоор нь сандарч гүйж очоод хаалгаа тайлтал шатны уруу өндөр нам хоёр залуу гүйгээд буучихсан. Тэгтэл шатан дээр нэг хүн уначихсан хөл нь гэрийн гэрэлд харагдахаар нь тонгойгоод хартал аав маань ухаан алдаад уначихсан байсан. Сандарсандаа наад хүмүүсээ бариад аваарай “хүн дээрэмдчихлээ” гэж орцоор нэг орилоод ээжийг дуудаж аавыг оруулсан. Орцонд гар утас байгаагүй, харин авч явсан сонин л уначихсан байсан. Тэр өдрөө цагдаа нар нөгөө хоёр залуугийн гүйсэн газраар гар чийдэн тусгаж гар утас хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

7. “Найдвар-Од” аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн “ алдагдсан гэх гар утас, тамхины асаагуур 120 400 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 52-р хуудас / болон шүүгдэгч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Төмөрбаатар мэдүүлэхдээ “Халааснаасаа түлхүүрээ авах гээд тонгойход дээрээс хүн бууж ирээд араас боосон. Тэгээд ухаан алдсан. Хохиролоо  барагдуулж авсан, гомдол саналгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батхаан мэдүүлэхдээ “Би халааснаас нь утсыг нь аваагүй. Шат руу унжсан байсан. Тэгэхээр авах гээд авч чадаагүй. Халаас руу нь гараа хийгээгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Галбадрах мэдүүлэхдээ “Орц руу дээшээ гараад Ц.Батхааныг явъя гэсэн чинь айгаад байна гэсэн. Тэгэхээр нь би дээшээ гараад энэ хүнийг дарж унагаасан. Доошоо буугаад ирэхэд Ц.Батхаан байхгүй байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Батхаан ямар ч буруугүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Батхааны өмгөөлөгч Д.Оюунчимэг мэтгэлцэхдээ “ Шүүхийн хэлэлцүүлэгээс өмнө зүйлчлэлийн хувьд мэтгэлцэх бодолтой байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр Батхаан энэ хэрэгт хамжигчаар оролцсон нь тогтоогдлоо гэж бодож байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал насанд хүрээгүй байхдаа бусдад уруу татагдан гэмт хэрэгт оролцсон зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч М.Галбадрахын өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Зүйлчлэлийн хувьд мэтгэлцэхгүй. Галбадрах нь урьд ял шийтгүүлсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тиймээс хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Нокиа маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120 400 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч Ц.Батхаан нь хүч хэрэглэхээр заналхийлэлд автсан, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч М.Галбадрах нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Шүүгдэгч М.Галбадрах нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь хэрэгсэхгүй болсон бөгөөд ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэсгүй байх тул түүнийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Батхаан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах зүйтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан тэдэнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг болно.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Сартуул овгийн Мөнхцэцэгийн Галбадрахыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм бруутайд, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Батхааныг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүгдэгч М.Галбадрахыг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1/нэг/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Ц.Батхааныг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батхаанд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                          ШҮҮГЧИД                                        Ж.БАЙГАЛМАА

                                                     Ц.АЛТАНГАДАС