Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2020/02072/И |
Дугаар | 001/ХТ2021/01058 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01058
Б.Баттогтохын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлалтай,
Б.Баттогтохын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Баттогтохын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Баттогтох миний бие Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа ТӨБЗГ-ын 2017.10.17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор эгүүлэн томилогдсон юм. Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажлыг 2018.01.23-нд хүлээж аваад 2018.04.06-ны өдрийг дуустал контракт байгуулахгүй, цалин хөлс байхгүйгээр үүрэгт ажлаа хийсэн. Гэтэл ТӨБЗГ нь 2018.04.03-ны өдрийн хурлыг 72 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн томилсон 2017.10.17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн. Иргэний хувьд хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018.06.15-ны өдөр 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийг гаргаж ТӨБЗГ-ын 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018.07.20-ны өдөр 1681 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Улсын Дээд шүүхээс 2018.12.17-ны өдрийн 001/ХТ2018/01890 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн.
Миний зүгээс ТӨБЗГ-т удаа дараа түр хүлээлгэж өгсөн ажлаа эгүүлэн хүлээн авах хүсэлт гаргасан боловч, миний биеийг эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээж авах боломжоор хангахгүй, эрхийн зөрчил үргэлжилсээр байсан. Иймд би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг эрхэлж байсан ажил болох Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг ажил олгогч ТӨБЗГ-т даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020.03.23-ны өдөр 101/ШТ2020/00172 дугаартай тогтоолыг гаргаж нэхэмжлэгч Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, тус шийдвэрийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар биелүүлээгүй байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэрийг хариуцагч ТӨБЗГ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй гэж дүгнээд, миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд дээрх шийдвэрийн дагуу миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт гарган хандсан боловч тус газар нь 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өглөө. Энэ хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандад гомдол гаргасан боловч адилхан хүлээж авах боломжгүй гэсэн хариуг 2020.06.19-ний өдөр гарсныг 2020.06.22-нд хүлээж авлаа. Ийм учраас шүүхэд гомдол гаргаж байна. Иргэний хувьд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрын дунд асар ихээр хохирч байна.
Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тухай, энэ шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байна гэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.23-ны өдөр 101/ШТ2020/00172 дугаартай тогтоолоор дүгнэсэн, энэ тогтоол хүчин төгөлдөр байна.
Ийм учраас шийдвэр гүйцэтгэл нь дутуу болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан, Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015.01.07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015.03.19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор хариуцагч Төрийн өмчийн хорооноос Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эргүүлэх тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,910,000 төгрөг гаргуулан Б.Баттогтоход олгож, Б.Баттогтох болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Биокомбинат ТӨААТҮГ-т даатгаж, Төрийн өмчийн хорооны 2014.02.06-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 157,510 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн.
Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017.10.17-ны өдөр Б.Баттогтохыг үүрэгт ажилд нь буцаан томилох тухай 415 дугаар тогтоол, 2017 оны А/160 дугаар тушаалын дагуу Төрийн өмчийн хорооны ажил хүлээлцэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй хамтран 2018.01.23-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хүлээлцүүлж, Б.Баттогтохын ажил хүлээн авсан, гомдол саналгүй тухай тодорхойлолтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагчийн тодорхойлолтыг үндэслэн дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай Б.Баттогтохын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баттогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 85 дугаартай магадлалыг нийтэд илэрхий нотлох баримтыг дутуу үнэлснээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны магадлалд ажилд томилогдсон, ажлаас хууль бусаар түдгэлзүүлсэн өдрүүдийг сольж хольж ойлгомжгүй бичсэн байгааг энд эхлээд дурдах нь зүйтэй байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх Хуулийн дээрх заалтад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрийн шийдвэр гүйцэтгэл хийгдэж дууссан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал нотлох баримтуудыг бүрэн судлаагүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэл хийгдээгүй байна гэж буруу дүгнэн, үүнийгээ үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй магадлал болжээ.
Бодит байдал дээр миний ТӨБЗГ-ын хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлд БЗД-ийн шүүхийн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр гараад түүнийг НШШГГ биелүүлчихсэн. Энэ шийдвэр энэ хэрэгт ямар ч хамаагүй. Учир нь би одоо бол ТӨБЗГ-т эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг даалгах нэхэмжлэл гаргасантай холбоотой маргаан яваад байгаа юм.
Магадлал нь иргэний хэргийн нотлох баримтуудтай дутуу танилцаж, хуулийн үндэслэлээ буруу гаргаснаас бүхэлдээ хуульзүйн үндэслэлгүй болжээ.
НЭГ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дугаар хуудасны 2 дахь хэсэгт: ....Нэхэмжлэгч БЗД-ийн шүүхийн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна... Иймээс БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 101/Ш32020/03323 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн утгагүй болжээ.
ХАРИУЛТ: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний урьдны 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна, шүүхийн энэ шийдвэр биелэгдээгүй байна гэдэг хууль зүйн үндэслэлийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон. /БЗД-ийн шүүгчийн 2020.02.12-ны өдрийн 101/Ш32020/03323 дугаартай захирамжийн 5-р хуудас, БЗД-ийн шүүхийн 2020.03.23-ны өдрийн 101/ШТ2020/00172 тогтоол 4-р хуудас/
Мөн иргэн миний зүгээс 185.1.1.төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх заалтыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. НШШГГ-аас ТӨБЗГ-ын даргын нэр дээр шүүхийн шийдвэрийг биелүүлж хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгох мэдэгдэх хуудас явуулсан. НШШГГ-ын мэдэгдэлд ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат 2019.02.18-ны өдрийн А-1/388 дугаартай албан бичгээр 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ТӨБЗГ-ын 2018.04.03-ны өдрийн 72-р тогтоол хүчингүй болсныг албажуулан уламжилж хариуг өгсөн. Ингэж БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийн биелэлт нь НШШГГ-ын мэдэгдэлд ТӨБЗГ-аас албан бичгээр хариу өгснөөр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл явагдаж дуусгавар болсон. Миний зүгээс 2019 онд БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТӨБЗГ-т ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэл гаргахдаа ТӨБЗГ-ын А-1/388 дугаартай албан бичгийг нотлох баримтаар өгсөн байсан болно. Хэдийгээр дээрх баримт нь одоогийн миний энэ иргэний хэрэгт ямар ч хамааралгүй ч, Давж заалдах шатны шүүх харсан бол энэ тухай нотлох баримт нь хавтаст хэрэгт бас байгаа болно. Үүнийг давж заалдах шатны шүүгч уншаагүй байна. /Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.12-ны өдрийн 101/Ш32020/03323 дугаартай захирамжийн 5 дугаар хуудасны дээрээсээ 5 дахь хэсэгт дээрээсээ 22-26 дахь мөрүүд/
ХОЁР. Нийслэлийн давж заалдах шатны магадлалд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл .... 4139 дугаартай шийдвэрийн биелэлт дуусгавар болжээ. Харин БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаар шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна гэжээ. /Магадлалын 7-р хуудас 16-21 дэх мөрүүд/
ХАРИУЛТ: БЗД-ийн Шүүхийн 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийн гүйцэтгэл хийгдэж дууссаныг би дээр тодорхой бичсэн. Давж заалдах шатны шүүх үүнийг нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой байсан. Би жирийн иргэн хүн. Гэхдээ миний зүгээс урьд гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаагүй байж, эсвэл шийдвэр гүйцэтгэл хийгдээгүй байхад шүүхэд уг асуудлаараа дахин нэхэмжлэл гаргах тийм тэнэг хүн биш. Би 2018 онд ТӨБЗГ-ын хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, 2019 онд ТӨБЗГ-т ажилд эгүүлэн томилохыг даатгах тухай нэхэмжлэл гээд 2 өөр цаг үед, 2 өөр утга шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан болно.
ГУРАВ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: ...Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй шийдвэртэй холбоотойгоор өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэжээ.
ХАРИУЛТ: БЗД-ийн Шүүхийн 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийн гүйцэтгэл хийгдэж дууссан учраас давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт ямар ч үндэслэлгүй. Миний одоогийн энэ хэрэг нь 72-р тогтоол хүчингүй болсны дараа ТӨБЗГ-т эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг даатгах нэхэмжлэл гаргасантай холбоотой маргаан үргэлжлээд яваад байгаа юм.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс БЗД-ийн шүүгчийн 2020.02.12-ны өдрийн 101/Ш32020/03323 дугаартай захирамж, БЗД-ийн шүүхийн 2020.03.23-ны өдрийн 101/ШТ2020/00172 тогтоолын үндэслэлийн нэгэн адил 2014 оны 4133 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, тус шийдвэрийн ТӨБЗГ биелүүлээгүй байна гэж үзсэн.
ЧД-ийн шүүгч Т.Наранцогт шүүхийн шийдвэрээ тайлбарлахдаа таны урьд ажилд эгүүлэн тогтоосон 2014 оны 4139 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Ийм учраас дахин ажилд эгүүлэн томилох шийдвэр дахин гаргах шаардлагагүй. Иймээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг чинь хэрэгсэхгүй болголоо. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 05/85 дугаартай тогтоол хүчингүй болсноор таны шүүхийн шийдвэрээр ажлаа авах эрх нээгдэнэ гэж тайлбарлаж байсныг ч энд дурдах нь зүйтэй байна.
Иргэн Б.Баттогтох миний бие 2018 онд БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТӨБЗГ-ын ажлаас түр түдгэлзүүлсэн хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн ганцхан шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
Уг 72-р тогтоолыг хүчингүй болгосон БЗД-ийн шүүхийн 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийн гүйцэтгэл нь НШШГГ-ын мэдэгдэлд ТӨБЗГ-аас өгсөн А-1/388 албан бичгээр хүчингүй болж уг шүүхийн шийдвэр дуусгавар болсон.
Гэсэн ч ТӨБЗГ нь намайг ажлаа хүлээн авах боломжоор хангахгүй байсан тул би БЗД- ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн томилохыг даалгаж өгөхийг хүсэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 11-р сард гаргасан.
БЗД-ийн шүүхээс урьдны 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр чинь хүчин төгөлдөр байна, шийдвэр гүйцэтгэлд хандах эрхтэй гэж үзэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. НШШГГ-т хандахад манайх шийдвэрээ биелүүлсэн гэж үзэж миний хүсэлтийг хүлээж аваагүй учраас ЧД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх мөн 2014 оны 4139 дугаартай шийдвэр чинь биелэгдээгүй байна гэж үзэн НШШГГ-ын 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт огт хамааралгүй шийдвэр нь 2019 онд биелэгдсэн 2018.06.15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаартай шүүхийн шийдвэрийг энд авчран үндэслэл болгон ЧД-ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Жирийн иргэн миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, шүүхээс шүүх дамжин цаг хугацаа алдан асар ихээр хохирч байна. Жирийн иргэн миний нэхэмжлэлийг БЗД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр урьдны 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр, давж заалдах шатны шүүх дээр энэ хэрэгт холбоогүй, хаа хамаагүй шийдвэр нь биелэгдсэн шийдвэртэй холбож хэрэгсэхгүй болгож, иргэн миний нэхэмжлэх эрхийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хааж байна. Улсын Дээд шүүхээс ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хууль зүйн үндэслэлгүй магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Б.Баттогтох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх 02/85 тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, 02/85 тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын /цаашид ТӨБЗГ гэх/ 2017.10.17-ны өдрийн 415 тогтоолоор ажилдаа томилогдож, 2018.01.23-ны өдөр ажлаа хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгэж байхад ТӨБЗГ-ын 2018.04.03-ны 72 тогтоолоор 415 дугаартай тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн, ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 72 тогтоолыг хүчингүй болгосон боловч ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлээгүй тул ажилд эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгуулах нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.02.12-ны өдрийн 03323 дугаартай шүүгчийн захирамжаар ...Б.Баттогтохыг ажилд нь эгүүлэн тогтоосон 2014.09.29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа.. гэх үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон, дээрх захирамжийг хянасан 2020.03.23-ны өдрийн 172 тогтоолд ...ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй... гэсэн үндэслэл зааж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. ...Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн хариу өгч байна. ...иймд бүрэн биелэгдээгүй байхад дуусгавар болгосон 2018.02.05.-ны өдрийн 02/85 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2014.09.29-ний өдрийн 4139 шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2018.01.23-ны өдөр нэхэмжлэгчид Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хүлээлцүүлж, ажил хүлээн авсан тухай Б.Баттогтохыг ажил хүлээн авсан тухай тодорхойлолтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02/85 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэжээ.
Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон 2014 оны 4139 дугаартай шийдвэр биелэгдээгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тухайлбал, Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрийг ажил олгогч 2017.10.17-ны өдөр биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон 415 дугаартай тогтоол гаргасан боловч 2018.01.23-ны өдөр шийдвэр бодитоор биелэгдэж, Б.Баттогтох ажлаа хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.05-ны өдрийн 02/85 тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр биелэгдэж, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш 3 сарын дараа ажил олгогч буюу ТӨБЗГ-ын 2018.04.03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Б.Баттогтохыг ажилд томилсон 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлж, дээрх 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018.02.05-ны өдрийн 02/85 тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянана.
2018 оны 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх тогтоолын үр дагавар болох ажилтныг ажилд нь эгүүлэн томилохыг даалгах шаардлагад хамаарах боловч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлсэн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн 2018.06.15-ны өдрийн 02121 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул дээрх шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн магадлалын дүгнэлт хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018.02.05-ны өдрийн 02/85 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Баттогтохын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Баттогтохыг гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Баттогтохоос 2021.01.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД