Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00644

 

2019 оны 03 сарын 19 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00644

         Улаанбаатар хот

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Б  овогт Т  Б  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, З  овогт Ц  Б /РД:.../-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 350 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , хариуцагч *******, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Б  миний бие Ц.Б  Их тэнгэр дунд талд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5.5 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байдаг гэдгийг хүнээс олж мэдээд *******тай уулзаж уг газрыг худалдаж авах хүсэлттэй байгаа тухайгаа хэлэхэд Ц.Б нь надад тийм газар байгаа гэхдээ нэр нь манай эхнэрийн дүү болох Б.С  гэдэг хүний нэр дээр байдаг уул газар нь миний юм байгаа юм гэж хэлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 20-нд надад 5.5 га газрыг худалдахаар болсон. Уг газрын төлбөрт “Хөрш З ” хотхонд байрлах 3 өрөө байр, бэлнээр 350 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Бид 350 000 000 төгрөгийн 280 000 000 төгрөгт нь ******* улсын дугаартай Range Rover маркын машин өгөх, үлдсэн 70 000 000 төгрөгийг нь бэлнээр тохиролцсон.

Миний бие уг газрын төлбөрт “Хөрш З ” хотхонд байрлах 3 өрөө байр, 280 000 000 төгрөгийн үнэ бүхий ******* улсын дугаартай Range Rover маркын машин болон               70 000 000 /өөрийн River Garden хотхонд байрлах байрны гадаа Ц.Б нь эхнэрийн хамт ирж авсан/ төгрөгийг бэлнээр Ц.Б  шилжүүлж өгсөн. Гэвч Ц.Б нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй удсан тул яагаад шилжүүлэхгүй байгааг нь асуухад бичиг баримт шилжүүлэх асуудал удаан шийдэгддэг гэх хариултыг өгч байсан. Гэвч худалдаж авахаар тохирсон 5.5 га газрын гэрчилгээ нь өөр этгээдийн нэр дээр давхардаж олгогдсон байсан учир миний нэр дээр шилжүүлж чадахгүй байсан гэдгийг нь би сүүлд мэдсэн. Уг газрыг худалдаж авахаа больж газрын төлбөрт өгсөн 3 өрөө байраа буцааж авсан ба үлдсэн 350 000 000 төгрөгийг Ц.Б З аас буцаан авах гээд өгч чадахгүй байсаар байсан. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ц.Б нь намайг залилан тухай өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.

Хэргийг шалгах явцад Ц.Б нь надаас цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахыг удаа дараа гуйж байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ц.Б нь 350 000 000 төгрөгийн төлбөрөө 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор сарын 2.5 хувийн хүүтэйгээр надад төлж барагдуулах тухай өөрийн гарын үсэг бүхий баримт үйлдэж өгсөн тул миний бие гомдлоо татаж авсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 26 тоот тогтоолоор уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэлээр *******ы уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагавар болох 350 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч Т.Б  нь Ц.Б надад холбогдуулан газрын төлбөрт өгсөн 350 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Т.Б , Д.Б  нар 2014 оны 3 дугаар сард манай гэр бүлийн зуслан болох “Өгөөмөр” зусланг худалдан авья гэсэн санал тавиад очиж үзсэн байдаг бөгөөд уг зусланг 2.5 тэрбумаар худалдахаар болж амаар тохиролцоод дээрх мөнгөндөө “Хөрш З ” хотхонд байрлах 6 байр мөн автомашин өгөхөөр болсон. Гэтэл Т.Б  Зайсан Их тэнгэрийн аманд байрлах манай эхнэрийн дүүргийн нэр дээр байх 5.5 га газрын талаар мэдэж, уг газрын талаар надаас тодруулж асуухад нь тэр газрын гэрчилгээ нь над дээр байсан тул үзүүлээд дүү С тай уулзуулахад бид “Өгөөмөр” зусланг чинь авахаа больё, харин дүүгийн чинь нэр дээр байгаа газрыг авья гээд бичиг баримтыг нь авч яваад Их тэнгэрийн аманд байрлах газрын үнэнд Хөрш З  хотхонд байрлах 3 өрөө нэг байр, бэлнээр 70 000 000 төгрөг, ******* дугаартай Ренж ровер маркын автомашин өгье гэсэн саналыг 2014 оны 12 дугаар сард тавьсан. Тэгээд бид харилцан тохиролцоод дээрх санал тавьсан зүйлсийг миний бие хүлээн авсан. Ингээд дээрх 3 өрөө байрыг аваад хүү Тэмүүлэндээ шилжүүлсэн бөгөөд байрыг нь 200 000 000 төгрөгт үнэлсэн байсан тул өөрийн дүү С т бэлэн мөнгө болох 70 000 000 төгрөгийг нэмээд нийт 270 000 000 төгрөгийг өгсөн. Харин автомашины хувьд японоос ирэх хүртлэх хугацаанд та хэрэглэж бай гэсэн тул би захиран зарцуулж байсан. Үнэ хөлсөө тохироод газраа худалдсан гэж ойлгож байсан учраас тухайн газар дээр хашаа баригдсан байхаар нь Д.Б  л ажлаа эхэлсэн юм байна гэж бодоод нэг тараахдаа танайх барилгаа эхэлж байгаа юм уу гэтэл үгүй ш дээ очиж амжаагүй байна гэсэн. Тэгэхээр нь юун хашаа баригдаад байгаа талаар лавлахад “*******” ХХК гэх компани хашаа барьсан байдаг бөгөөд энэ компанид гэрчилгээг давхцуулан өгсөн байсныг мэдээд “Дархан цаазат Богд уулын захиргаа”-нд хүсэлт гаргаж үйл ажиллагааг нь зогсоолгосон байгаа болно.

Энэ асуудлыг Д.Б , Т.Б  нар маш сайн мэдэж байсан тул уг газрынхаа асуудлыг өөрсдөө шийдэхээр боллоо гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч ерөөсөө ажил хэрэг болгоогүй байсан, харин ч намайг эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаад гарч ирэх үеэр дээрх гар бичмэлийг хийлгэсэн бөгөөд газрын асуудлыг та хөөцөлдөөд бүтчих юм бол энэ мөнгөний асуудлаа зогсооё гэхээр нь би уг газартай холбоотойгоор БОАЖЯ-д урьдчилан шийдвэрлүүлэх үндэслэлээр дүүгийн нэрээр гомдол гаргасан байгаа болно. Дээрх газрын асуудал биднээс үл хамаарах үндэслэлээр маргаан үүссэн учраас газартай холбоотой маргаан нь нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтойг мэдээд ер нь бид гомдол саналаа татья гээд 2016 оны 9, 10 сарын үед Д.Б  намайг дуудаад манай эхнэртэй хамт уулзая танд баримт гаргаж өгье гээд эхнэрийнх нь студи дээр очиж баталгаа гэх баримтыг авсан. Дээрхи баталгаагаар дахин энэ асуудлаар мөнгө төгрөг, машин тэрэг нэхэхгүй талаар өөрсдөө сайн дураар бичиж өгч улмаар Б гийн гаргасан гомдолтой надад холбогдох үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болсон. Иймд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б  хариуцагч Б.Б  холбогдуулан                                             “Их тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалттай 5,5 га ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 350 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч Б.Б нь худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжтой, газрын маргаантай холбоотой суудлыг Б.Б  хариуцахаар тохирсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2014 оны 11 сарын 20-ны өдөр талуудын хооронд “Их тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалттай 5,5 га газрыг 550,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч, хэлэлцэн тохирсон үнэд “Хөрш З ” хотхонд байрлах 3 өрөө орон сууц, Range Rover маркийн машин оролцуулан үлдэх төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

 

Гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь газрын үнэд “Хөрш З ” хотхонд байрлах 3 өрөө орон сууц, Range Rover маркийн автомашиныг 280 000 000 төгрөгт тооцож, бэлнээр 70 000 000 төгрөгийг хариуагчид шилжүүлсэн үйл баримт болон эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгчийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний зүйл болох “Их тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалттай 5,5 га ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар нь иргэн Б.С ын нэр дээрх ашиглах эрхийн гэрчилгээтэйн дээр “М Ти Эс” ХХК-д тухайн газрыг давхардуулан олгосон, маргаан үүссэн, эрхийн зөрчилтэй хөрөнгө  болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 716 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-78, 160-161/

 

Хариуцагч Б.Б тус газрыг захиран зарцуулах эрхтэй гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан Б.С аас хариуцагч Б.Б   газартай холбоотой хэлцэл хийх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл нь 2010 оны 10 сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаанд олгосон байна. /хх-179/

 

Түүнчлэн хариуцагч газартай холбоотой маргаантай асуудлыг худалдан авагч өөрөө зохицуулахаар тохиролцсон, худалдан авагчийн үүрэг гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж “баталгаа” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Тухайн баримтын агуулга нь “...газрын асуудал шийдэгдэж харилцан тохиролцсон тул УБЯ ******* улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин болон бэлнээр өгсөн 70,000,000 төгрөгийг буцаан авахгүйгээр тохирч, улмаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолоосоо татгалзаж байна...” Бидний хооронд хийгдсэн энэхүү тохиролцоо хэн нэгний нөлөөнд автаагүй өөрийн хүслээр бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч “...газрын маргаантай асуудал шийдэгдсэн, худалдан авагч өөрөө газартай холбоотой маргаантай асуудлыг зохицуулах үүрэг хүлээхээр тохиролцсон...” гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан үр дагавар үүсэх тул хариуцагч Б.Б нь 350 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б  350 000 000 /гурван зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж, Т.Б д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 950  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б  улсын тэмдэгтийн хураамжинд 1 907 950  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ