Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01074

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1137 дугаар магадлалтай,

Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бэлгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар захирамжаар би “Капитал банк” ХХК-д 105,559,622 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Миний санал албадан дуудлага худалдаанд оруулахад 205,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр авагч “Капитал банк” ХХК хэдээр үнэлсэн нь мэдэгдэхгүй, биднийг үнийн талаар тохиролцох үйл ажиллагаа хийгдээгүйгээр шууд шинжээчээр үнэлүүлсэн нь зах зээлийн ханшнаас илт доогуур болсон байна. Иймд шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00416 дугаар захирамжаар Н.А-аас 105,559,622 төгрөгийг гаргуулж “Капитал” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а дугаар байрны 40 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Ашидбилгүүн” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 87,225,435 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2020.01.08-ны өдрийн 3/510 дугаартай мэдэгдлээр Н.А-д гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а дугаар байрны 40 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2020/01615 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1137 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00588 тоот шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Миний зүгээс хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт ...анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Ашидбилгүүн” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулах unegui.mn зарын цахим хуудаснаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол судалгаа хийж, жишиг үнийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн байх тул зах зээлийн хандлагаас хямд үнээр үнэлсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан зах зээлийн бодит үнэд нийцэхгүй хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэсэн... гэжээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00416 дугаар захирамжаар 105,559,622 төгрөг гаргуулж “Капитал” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хөндлөнгийн “Ашидбилгүүн” ХХК шинжээчийн үнэлгээний тайлангаар тухайн объектыг 87,225,435 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн бодит үнэд нийцэхгүйгээр хэт доогуур үнэлсэн нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хангаж шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, хууль зүйн үйлчилгээ авах эрхээ эдлэх боломжийг олгосон байх тул оролцогчийн эрхийг шүүх хязгаарласан гэх үндэслэлгүй байна... гэжээ. Би өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч О.Баясгаланг шүүх хуралдаанд оролцуулах итгэмжлэл олгосон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоо муу байсан тул 2020.04.07-ны өдрийн шүүх хуралданд өөрөө биечлэн оролцож итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангаас татгалзаж, шүүх хуралдаанд эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авах өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Шүүх хуралдаан завсарлаж хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хэргийн материалтай танилцсан гэх баримтад гарын үсэг зуруулсан. Би хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд би өмгөөлөгчтэй оролцож хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь миний өмгөөлөгч авах хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулан эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчин хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.А нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а дугаар байрны 40 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Н.А-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а дугаар байрны 40 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоогдог.

Хариуцагч хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдсэн, төлбөр төлөгч Н.А 2019.12.11-ний өдөр 210,000,000 төгрөгөөр үнэлсэн, үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй, төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2019.12.26-ны өдрийн 12/32 дугаар тогтоолоор “Ашидбилгүүн” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2019.12.26-ны өдөр шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлож чадаагүй байна.

“Ашидбилгүүн” ХХК Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байхаас гадна тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог дурдсан байх тул зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй гэж үзэхгүй.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...зах зээлийн бодит үнэд нийцэхгүй хэт доогуур  үнэлсэн...” гэсэн гомдол үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрх, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгосон байх тул Н.А-ийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Шүүхээс Н.А-д 2020.02.20-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан, анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотлох баримттай танилцах эрх хангагдаагүй талаар хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Н.А-ийн гаргасан “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, ...хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн ...” гэх гомдол хангагдахгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1137 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Н.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                   Д.ЦОЛМОН