Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01072

 

 

                               Ч.А, Э.О нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1728 дугаар магадлалтай,

Ч.А, Э.О нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 тоот шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 тоот шийдвэрээр Э.Одхүү,   нараас 240,418,515 төгрөгийг гаргуулж “Жи эс би капитал” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг явуулж байх үедээ төлбөр төлөгч Э.Одхүүгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах, үйчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Баян модот” ХХК-иар үнэлгээ гаргуулсан бөгөөд тус байгууллага 209,232,200 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш одоогийн байдлаар 750,000,000-800,000,000 төгрөг хүрэх байтал хэт доогуур, бодит үнээс 4 дахин багаар үнэлсэн. Хариуцагч байгууллага “Жи эс би капитал ББСБ” ХХК-д илт давуу байдал олгохыг завдсанд гомдолтой байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө маань байршил, чанар байдал, ашиглах зориулалтын хувьд бидний өгсөн үнийн санал болох 800,000,000 төгрөгийн үнэд дүйцэхүйц хэмжээний үл хөдлөх хөрөнгө байсан. Иймд 2020.01.13-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаартай шийдвэрээр Ч.А, Э.О нараас 240,418,515 төгрөгийг гаргуулж “Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Одхүүгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарт удаа дараа шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч шийдвэрийг биелүүлээгүй тул дээрх хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч Э.Одхүү, Ч.А нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020.01.03-ны өдрөөс өмнө ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг баталгаат шуудангаар 2019.12.30-ны өдөр хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК-ийг 2020.01.13-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор томилоход 209,332,200 төгрөгөөр үнэлсэн.

Шинжээчийн үнэлгээний талаарх тайланг 2020.01.23-ны өдрийн 4/1240 дугаартай албан бичгээр Ч.А-д биечлэн, мөн Э.Одхүүд дамжуулан өгөхөөр хүлээн авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.23-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тусгай мэдлэг, ур чадвар шаардагдсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчийг томилсон. Тухайн томилогдсон шинжээчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуваарилдаг тул хуваарийн дагуу энэ үнэлгээн дээр “Баян модот” ХХК таарсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Одхүү, Ч.А нар манай компанитай 2017.09.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нар төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Одхүү, Ч.А нараас 238,995,388 төгрөг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 13291 Да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019.09.17-ны өдөр ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцож чадаагүй тул хуульд заасан журмын дагуу 2020.01.13-ны өдөр 56 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч С.Цэвээнролом нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн шинжээч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд тус эд хөрөнгийг 209,232,200 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийн зах зээлийн ханшийг 800,000,000 төгрөг гэж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдөр хүртэл төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шинжээч томилсон 2020.01.13-ны өдрийн 56 дугаартай тогтоол, “Баян модот” ХХК-ийн 2020.01.22-ны өдрийн тайлангаар тогтоосон Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэгдсэн, 180 м.кв талбайтай, үйчилгээ зориулалттай, зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.А, Э.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02657 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1728 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх ёстой байсан боловч энэ заалтыг хэрэглээгүй нь мөн 2020.04.09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргасан болно. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэхдээ Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанчлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, мөн хэрэгт авагдсан шинжээч томилсон, төлбөр төлөгч нараас үнийн санал авах ажиллагааг илтэд хууль бус гүйцэтгэсэн байхад хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх үүргээ биелүүлээгүй нь дээр дурдагдсан хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гэж үзэж байгаа тухайд маш дэлгэрэнгүй гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй тухайд давж заалдах журмаар гомдол гаргахдаа маш тодорхой дурдсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт “...үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.13-ны өдрийн 56 дугаартай тогтоолыг мөн хүчингүйд тооцуулахаар нэмэгдүүлэн шаардсан байна” гэсэн атлаа уг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байсан.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 62 дугаар зүйлийн 62.4, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгүүдийг тус тус тайлбарласантай холбоотой шүүхийн шийдвэр ойлгомжгүй байгаа тухайд гомдолдоо тодорхой дурдаж өгсөн. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг баримталсан нь илт үндэслэлгүй шийдвэр болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дээрх хэсэгт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь илт хууль бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх язгуур эрх ашиг нь хөндөгдсөн. Гомдолд дурдсан энэ байдлууд нь дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болохыг нотлож байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадалыг эс зөвшөөрч гомдол гаргах үндэслэл болж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.А, Э.О нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шинжээч томилсон 2020.01.13-ны өдрийн 56 дугаартай тогтоол, “Баян модот” ХХК-ийн 2020.01.22-ны өдрийн тайлангаар тогтоосон Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэгдсэн, 180 м.кв талбайтай, үйчилгээ зориулалттай, зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь Ч.А, Э.О нараас төлбөр гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэгдсэн, 180 м.кв талбайтай, үйчилгээ зориулалттай, зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

1. Хариуцагч 2019.12.30-ны өдрийн 4/29148 тоот албан бичгээр хураагдсан үл хөдлөх хөрөнгөд анхны дуудлага худалдаагаар худалдах доод үнийн санал ирүүлэх хугацааг тогтоож талуудад мэдэгдсэн бөгөөд үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй, төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2020.01.13-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлож чадаагүй байна.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж, шинжээч томилсон 2020.01.13-ны өдрийн 56 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2. Шүүх нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлага болох “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шинжээч томилсон 2020.01.13-ны өдрийн 56 дугаартай тогтоол”-ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан “...анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй...” гэх утгатай гомдол хангагдахгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1728 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...70,200...” гэснийг “...140,400...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД