Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 973

 

 

 

 

 

 

 

2019          9             26                                            2019/ДШМ/973

 

Н.Н, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Н, Б.Б нарт холбогдох 1804000300021 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Бы Б, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2687 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.4, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нийт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 capын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 2 сарын хорих ялаас хугацааны өмнө суллагдсан.

2. Б овгийн Нгийн Н, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ... хороонд түр оршин суудаг гэх /РД: .../;

урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 464 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгэн, 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 25 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нийт биечлэн эдлэх 7 жил 8 cap хорих ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

  1. Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө ... хорооны нутаг дэвсгэрт 42 дугаар байрны подвольд байрлах хохирогч Б.Сарантуяагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалгын газрын хаалганы цоожийг эвдэн, монгол дээлийн хурган дотор 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хантааз 2 ширхэг, биеийн тамирын өмд 3 ширхэг, эмэгтэй жинсэн өмд 1 ширхэг, эмэгтэй хүний улбар шар өнгийн даавуун өмд 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол,

1.2. 2017 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ... хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрын подвольд байрлах хохирогч Б.Батням, С.Хишигбаяр нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч С.Хишигбаярын эмэгтэй хүний драпан пальто 6 ширхэг, эмэгтэй хүний өвлийн куртик 7 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн эсгүүрийн машин 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг, хохирогч Б.Батнямын “Ай фоне-4” загварын гар утас, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол,

1.3. 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 70 дугаар байрны подвольд байрлах хохирогч Д.Оюунчулууны байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай гэрэл зургийн студид нэвтэрч “Никон” загварын гэрэл зургийн аппарат 1 ширхэг, “Сони” загварын гэрэл зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.450.000 төгрөгийн хохирол,

1.4. 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны подвольд байрлах хохирогч Т.Хишигмаагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт, мөнгөний дархны газарт нэвтэрч, мөнгөн аяга 17 ширхэг, мөнгөн аяганы ёроол 39 ширхэг, бор хүрэн өнгийн алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.655.000 төгрөгийн хохирол,

1.5. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-503 тоотод буюу хохирогч А.Мянганбаярын байнга амьдрах зориулалттай байшинд цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 731.000 төгрөгийн хохирол,

1.6. 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 30-ны хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 13-2 тоотод буюу хохирогч Ц.Ариунжаргалын байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, орчин үеийн домбо 2 ширхэг, хуучны домбо 2 ширхэг, Ноён сэврээ хийцийн их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, малгайн мөнгөн тоноглол 1 ширхэг, ширэн оруулгатай дээлийн мөнгөн бүс 1 ширхэг, жижиг төмөр сейф 1 ширхэг, “Лойд” брэндийн бугуйн цаг 1 ширхэг, “Ролекс” брэндийн бугуйн цаг 1 ширхэг, “Зегна” брэндийн арьсан цүнх 1 ширхэг, “Лексус-570”, “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслүүдийн түлхүүр тус бүр 1 ширхэг, брэндийн хувцаснууд, 200 доллар буюу 478.554 төгрөг, вакум цонх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 49.713.754 төгрөгийн хохирол,

1.7. 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны өргөтгөлд байрлах хохирогч А.Гансэлэмийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Оргинал” пүүзний засвар, худалдааны газрын цонхоор нь нэвтэрч 12 хос пүүз, гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.980.000 төгрөгийн хохирол,

1.8. Б.Б нь Г.Б, Д.Л нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 17 тоотод байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Нэмүүн Сант-Асар” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын байранд нэвтэрч гар утас 12 ширхэг, “Никон-Д90” мэргэжлийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг, монетон кулон 2 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж, кулон 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, зөөврийн компьютерын цүнх 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 11.609.450 төгрөгийн хохирол,

1.9. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр баг 141 дүгээр байрны 02 тоотод буюу хохирогч Б.Баярцогтын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Эйч Пи” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Хайк” брэндийн “Кэбра” эрэгтэй пүүз 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол,

1.10. 2018 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын 103 дугаар байрны подвольд байрлах хохирогч Ц.Эрдэнэбаатарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт мөнгөний дархны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг үндсэн тагш, 8 лан аяганы мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм цэвэр алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф 1 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, сийлбэртэй мэлхий 1 ширхэг, 700 грамм мөнгө зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 14.058.000 төгрөгийн хохирол,

1.11. Б.Б, Н.Н нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Хуучин хорооллын 22 дугаар байрны подвольд байрлах хохирогч Т.Болдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Загвар гоёл” алт мөнгөний газрын хаалгыг эвдэн нэвтэрч 4 лан мөнгө, даваа толгойтой, мөнгөн нуухтай манан хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 280.000 төгрөгийн хохирол,

1.12. 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20/4 байрны “Ихэр могой” худалдааны төвийн дунд вагончикт байрлах хохирогч Л.Бгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт мөнгөний дархан, гутал засварын газрын байранд хаалгыг нь эвдэн нэвтэрч эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг, чонын мөнгөлөөгүй соёо 1 ширхэг, чонын мөнгөлсөн шагай 1 ширхэг, чонын мөнгөлөөгүй шагай 1 ширхэг, байгалийн гаралтай хос ээмэг, сувдан бугуйвч, хүзүүний зүүлтийн хослол, бөгж сунгах зориулалттай төмөр 1 ширхэг зэрэг эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.640.000 төгрөгийн хохирол,

1.13. 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, 15 дугаар байранд байрлах хохирогч Г.Соёлмаагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Хүрд Сүт” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг нь эвдэн нэвтэрч, 67 ширхэг гар утас, “Асер Айе-7” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 10.523.000 төгрөгийн хохирол,

1.14. 2018 оны 5 дугаар сарын 01-ний шөнө Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 17 дугаар баг, 15 дугаар байранд хохирогч Д.Ням-Эрдэнийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай цахим тоглоомын газрын хаалгыг эвдэн нэвтэрч, бэлэн 110.000 төгрөг, 250 гегабайтын багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг, зөөврийн компьютерын хар өнгийн цүнх 1 ширхэг, төмөр сейф болон модон хаалганы цоожны гол 2 ширхэг цоож, зүүдэг том цоож зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол,

1.15. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Амарсанаагийн байнга үйл ажиллагаа явуулдаг “Хорго” барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, жижиг сейф 1 ширхэг, гэрэл зургийн аппарат 1 ширхэг, товчлууртай гар утас 1 ширхэг, түрийвч 2 ширхэг, “Самсунг” загварын дэлгэдэг гар утас 2 ширхэг, “Айфоне-3” загварын гар утас 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг зэрэг эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 320.000 төгрөгийн хохирол,

1.16. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Шүрэнхүүгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Дэгжин” барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч жинсэн өмд 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 110.000 төгрөгийн хохирол,

1.17. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Я.Сээсрэгжавын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Гурванбулаг” хүнс, барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, кассын процессор 1 ширхэг, “Самсунг Жи-2” загварын гар утас 1 ширхэг, “Кока кола” ундаа 1 ширхэг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.152.000 төгрөгийн хохирол,

1.18. 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах хохирогч С.Соёлбадрах, Ц.Буянхүү нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай "Жаргалан" дэлгүүрт нэвтэрч, 3 ширхэг эрэгтэй монетон гинж, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй монетон бөгж 9 ширхэг, унждаг хар шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг 10 ширхэг, 11 ширхэг мөнгөн аяга, зэс аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 10 ширхэг, эрэгтэй хүний 8 ширхэг мөнгөн кулон, мөнгөн хослол, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг, даваа толгойтой Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой бага гарын манан хөөрөг 6 ширхэг, эрэгтэй 8 ширхэг мөнгөн гинж, 10 хос мөнгөн бөгж, 1 ширхэг сурагч цүнх, хяналтын камерын бичигч төхөөрөмж 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 18.016.140 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад их хэмжээний буюу нийт 121.708.344 төгрөгийн хохирол учруулсан;

2.1. Шүүгдэгч Н.Н нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцны подвольд байрлах хохирогч Ш.Эрдэнэсувдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалга, гоо сайхны салонд нэвтэрч, гелэн лак 50 ширхэг, хумсны суурь лак 3 ширхэг, хатаагч аппарат 1 ширхэг, хумсны топ бэхжүүлэг лак 3 ширхэг, лак арилгагч 1 ширхэг, хумсны топ 3 ширхэг, хумсны саа 3 ширхэг, ДиВиДи тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 599.000 төгрөгийн хохирол,

2.2. 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны 38 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод байрлах хохирогч Н.Санчингарав, Б.Ундрах нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мужааны цехийн хаалгыг эвдэн нэвтэрч, хохирогч Н.Санчингаравын “Кен” брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг, “Лейяа” брэндийн батарейтай дрилл 1 ширхэг, “Кен” брэндийн таслагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, шинэ далд цоож 1 ширхэг, хохирогч Б.Ундрахын Сийлбэрийн машин 2 ширхэг, дрилл 1 ширхэг, тастагч 1 ширхэг, хуучин Солонгос цоож зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч, 874.200 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 34.874.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар, Н.Нандин-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Бы Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад тус тус заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Нгийн Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Б, Н.Нандин-Эрдэн нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 384 хоног, Н.Нандин-Эрдэнийн цагдан хоригдсон 357 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отверка 1 ширхэг, отверкны иш 1 ширхэг, эвдэрсэн бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 см урттай төмөр 1 ширхгийг хохирогч Л.Бд, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.Соёлбадрахад, 1 ширхэг цагаан өнгийн чулуутай хөөргийг Ш.Батбаярт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бэс нийт 83.517.806 төгрөгийг гаргуулан хохирогч З.Оюун-Эрдэнэд 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Эрдэнэбаатарт 2.599.333 төгрөг, хохирогч Б.Баярцогтод 160.000 төгрөг, хохирогч Т.Болдод 140.000 төгрөгийг, хохирогч Л.Бд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 1.410.000 төгрөг, хохирогч Б.Батнямд 1.105.000 төгрөг, хохирогч С.Хишигбаярт 125.000 төгрөг, хохирогч А.Мянганбаярын 731.000 төгрөг, хохирогч А.Гансэлэмийн 1.980.000 төгрөг, хохирогч Т.Хишигмаад 5.655.000 төгрөг, хохирогч Д.Оюунчулуунд 1.450.000 төгрөг, хохирогч Ц.Ариунжаргалд 49.713.754 төгрөгийг олгож, шүүгдэгч Н.Нэс нийт 16.758.770 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Болдод 140.000 төгрөг, хохирогч Л.Бд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Ш.Эрдэнэсувдын 599.000 төгрөг, хохирогч Н.Санчингаравт 296.000 төгрөг, хохирогч Б.Ундрахад 578.200 төгрөгийг тус тус  олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Туул нь хохирогч Ц.Ариунжаргалд танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд тэр үеэс хойш дахин албан ёсоор ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гарсан талаар хохирогчид мэдэгдээгүй. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол үйлдсэн өдрөө “Дамно” ХХК-ний 708 тоот Хөрөнгийн үнэлгээний тайланг үйлдэж, хохирогчийн хохирлын нийт үнэлгээг 49.235.200 төгрөгөөр тогтоож, хэрэгт хавсаргасан байдаг. Хохирогч Ц.Ариунжаргалын хувьд өөрийн эд зүйлсийг зах зээлийн үнэ ханшийг үндэслэн нийт 121.490.000 төгрөгийн эд зүйл алдагдсан талаар үнэн бодит мэдүүлсэн. Хэрэв хохирлын тооцоо буюу үнэлгээ харьцангуй бага гарсан талаар хохирогчид тухайн цаг үед нь мэдэгдсэн бол өөрийн эрх ашгийг хамгаалж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар санал хүсэлтээ гаргах байсан. Мөн Ц.Ариунжаргал “Мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Б.Егор гэх хүнтэй нэг ч удаа уулзаж мэдүүлэг, тайлбар өгч байгаагүй атал 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” үйлдэж, миний гарын үсгийг дуурайлган бичсэн байна. Уг хэрэгт хамгийн их хохиролтой хохирогч нь би байсаар байтал хууль зөрчиж өгөөгүй мэдүүлгийг өгсөн мэтээр бичиж хэргийг нэг талыг барьж, хохирогч миний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн тайлбарладаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй. Үүнд, яллагдагч Б.Б мэдүүлэгтээ хохирогч Ц.Ариунжаргалын гэрээс хулгайлан авсан үнэ бүхий 2 цагийг “бага байхдаа амьдардаг байсан ах болох Н.Ганболдод “Самсунг Гранд-2” загварын гар утсаар сольж авсан” гэж мэдүүлсээр байтал уг цагийг илрүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, хэрэв энэ мэдүүлгийн дагуу холбогдох ажиллагааг тухайн цаг үед нь хийсэн бол хохирлын хамгийн их дүнтэй эд зүйл болох 64.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ролекс” брэндийн бугуйн цагийг буцаан олж авах боломжтой байсан эсэх, түүнчлэн яллагдагч Б.Б мэдүүлэгтээ хулгайн эд зүйлээ 3 дугаар цахилгаан станцын хажуу талд амьдардаг Өвөрмонгол иргэнд худалдан борлуулдаг талаар мэдүүлсээр байтал дээрх иргэнийг олж, илрүүлж хариуцлага тооцох ажиллагааг хийгээгүй, учир нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж удаа дараа дээрх этгээдүүдээс үнэ бүхий зүйлсийг хямд үнээр олж авч байсан нь харагддаг. Дээрх байдлуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааг дутуу дулимаг хийсэн нь ил харагддаг. Мөн шүүхийн шатанд Б.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хохирогч Ц.Ариунжаргалд 2 сарын дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гардуулснаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар мэдсэн байдаг. Дээрх хугацаанд шүүхээс хуралдааныг товлон зарлаад хохирогчид хурлын товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” хэмээн хуульд заасан байтал хохирогчид шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч Б.Бат-Эрдэний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хохирогчид нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй, хохирол барагдуулах талаар ямар ч санаачилга гаргаагүй байхад хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт шилжүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн дагуу үндэслэлтэй гарсан. Хохирогч хэргийн материалтай танилцсан гээд гарын үсэг зурсан бол бүх материалтай танилцсан гэж л үзнэ. Шүүгдэгч Б.Бд анхан шатны шүүхээс харьцангуй бага ял оноосон. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ц.Ариунжаргалын гэрээс би ганцаараа хулгай хийгээгүй, Шаагаа Батбаяр гэх хүнтэй хамт хулгай хийсэн гэдгээ удаа дараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн. Бүх хохирлыг би төлөх болчихоод байна. Батбаяр гэх хүний хэргийг прокурор мөрдөн байцаалтын шатанд шууд хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнд гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагны тухайд хохирогч Ц.Ариунжаргал хоёр өөр үнийг хэлж мэдүүлсэн байдаг. Тухайн цагныхаа талаарх баримтыг бүрдүүлээд үнэлгээг гаргуулах боломж нь байсан. Хохирогч Ц.Ариунжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг талаас идэвхтэй оролцоогүй гэж үзэж байна. Шинжилгээг шаардлагатай бол анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагны сертификат зэргийг гаргаж өгөөд дахин үнэлүүлэх боломжтой. Дахин байцаалтыг өгөөгүй гэж байна. Хавчаарны асуудал уг мэдүүлэгт хөндөгдсөн “хавчаараа сүүлд нь олсон” гэдэг зүйл тэмдэглэгдсэн байдаг. Хавчаарны асуудал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдаагүй байна. Тэгэхээр уг мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгөгдсөн дүр зураг харагдаж байна. Мөн хэргийн материалтай танилцуулаад явсан байдаг. Шаардлагатай бол хохирогчийн дахин өгсөн мэдүүлгийг шүүх үнэлэхгүй байх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Уг мэдүүлэгт “хавчаараа олсон” гэж мэдүүлснээс өөр ач холбогдолтой зүйл байхгүй. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хохирогч нарын эрх ашгийг зөрчиж шүүх хуралд оролцуулаагүй гэдэг дээр санал нэг байна. Иймд хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Тодруулбал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан атал анхан шатны шүүх хэргийн оролцогчдод буюу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.14 дүгээр зүйлд заасан “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн...өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэсэн зарчмуудыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд “Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох...” зэрэг эрхүүдийг эдлэх талаар тодорхой тусгасан байхад шүүх хуралдаанд оролцох хохирогчийн эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа учир хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад онцгой анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиар тогтоосон нийтлэг зарчим нэг бүрийн шалгуур үзүүлэлтүүдийг бүх талаас нь харьцуулан дүгнэх замаар  үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх учиртай.

Б.Б, Н.Н нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзэх шаардлагатай.

Энэ ч үүднээс мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б, Н.Н нарын удаа дараагийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг бүх талаас нь дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинжид хамаарах эсэхийг нарийн шалган тодруулж, тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаагийн гаргасан “...хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...үнэлгээний тайлантай хохирогч танилцаж гарын үсэг зураагүй байхад хуурамчаар гарын үсэг зурсан байна. ...”Ролекс” брэндийн бугуйн цагийн үнэлгээтэй холбоотой ажиллагаа болон түүнийг олох мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. ...анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан хэлэлцсэн. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өнгө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж, гомдолд дурдсан асуудал, хохиролтой холбоотой баримтуудыг болон шүүгдэгч Б.Бат-Эрдэний шүүх хуралдаанд гаргасан “... Ц.Ариунжаргалын гэрт хулгай хийхдээ ганцаараа хийгээгүй гэдгийг мэдүүлж байсан. Гэтэл би ганцаараа хохирлыг төлөх болж байгаад гомдолтой. Зарим хэргүүдийг би үйлдээгүй...” гэх хүсэлтийг нэг мөр шалгах нь зүйтэй байна.            

Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ