Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 183/2020/02820/И |
Дугаар | 001/ХТ2021/01113 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01113
С.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаар магадлалтай,
С.Д–ийн нэхэмжлэлтэй,
“А б б” НҮТББ-т холбогдох
Цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 1,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2019.09.01-ний өдрөөс эхлэн 2020.04 дүгээр сар хүртэл “А б б” цэцэрлэгт бүлгийн багшаар ажилласан. Тус цэцэрлэгийн захирал н.Ануцэнд нь ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Тухайн үе нь хорио, цээрийн үе буюу 2-3 сар байсан. 3 сард цалингүй байсан учир 4 сараас өөр ажилд орсон. Хорио, цээрийн үед ажлаас халж болохгүй учир ажилласан хугацаанд дутуу олгосон цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн миний нийгмийн даатгалын дэвтрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул дэвтрээ гаргуулахаар шаардлага гаргасан. Харин 2 сард 420,000 төгрөгийн цалин олгосон. Миний хувьд ажлаас чөлөөлсөн тушаалд маргахгүй бөгөөд 2020.2, 3 сарын цалинг 400,000 төгрөгөөр тооцож, үүн дээр амралтын мөнгийг 1,000,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2020.09 сард цалин 200,000 төгрөг орсон. Утсаар холбогдох гэсэн боловч захирал н.Ануцэнд нь миний утас болон мессэнжерийг блоколсон, холбогдож чадаагүй. Тухайн байгууллагад 5 сарын эхээр очиж цалин болон амралтын мөнгөө авах талаар өргөдөл өгсөн боловч өргөдлөө зас гэхээс өөр ямар нэг хариу өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд “А б б” цэцэрлэгээс нийт 1,400,000 төгрөг болон нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А б б” цэцэрлэгт С.Даариймаа нь 2019.09 сард бүлгийн багшийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүний ажлаас гарах хүсэлтийн дагуу 2020.04.09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”, гэж мөн Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт ...хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тус тус заажээ. Иймд С.Д нь ажлаас гарах хүсэлтээ гаргасан тул тэрээр цалин болон амралтын мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын 7.9-т байгууллагад 11 сар ажиллаагүй тул амралтын мөнгийг тооцон олгох боломжгүй, ажилласан хугацааны цалинг олгосон тул зөвшөөрөхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн байгаа” гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А б б” цэцэрлэг НҮТББ-аас ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө 1 154,719 төгрөгийг гаргуулан С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245,281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д–ийн ажилласан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийж, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг “А б б” цэцэрлэг НҮТББ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “А б б” цэцэрлэг НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 32,850 төгрөгийг гаргуулж С.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа 2019.09.01-ний өдрөөс 2020.01.27-ны өдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Гэтэл шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий дахинд хурдацтай тархсанаас болж Засгийн газрын хуралдаан болон Улсын Онцгой комиссын 2020.01.24-ний өдрийн хуралдаанаас өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020.01.27-ны өдрөөс мөн оны 03.02-ныг хүртэл зогсоох шийдвэр, 2020.04.14-ний өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 09.01-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүний улмаас цэцэрлэгийн зүгээс ажилчдынхаа цалинг олгож чадахгүйд хүрсэн боловч ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. С.Даариймаа нь 4 сард ажлаас гарах хүсэлтээ гаргасан тул түүнийг 2020.04.09-ний өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан бөгөөд 4 сар хүртэл ажилласан болохоо нэхэмжлэгч ажлаас гарах өргөдөлдөө бичсэн байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2020.04.09-ний өдрөөс 07.09-ний дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой байтал уг хугацааг хэтрүүлж буюу 07.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 2020.06.29-ний өдөр гаргасан, хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана." гэж заасан зохицуулалтаас үзэхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргана гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргахыг хэлдэг бөгөөд хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Гэтэл нэхэмжлэгчийн 2020.06.29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг шүүх анхаарсангүй. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2020.04.09-ний өдрөөс 07.09-ний дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой байтал уг хугацааг хэтрүүлж, 07.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын удирдлагад 2020.02 сараас хойш хандсаныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ulemj гэх хаяг нь хариуцагч байгууллагын ажилтан болохоос удирдах албан тушаалтан буюу шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Даариймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Д нь “А б б” цэцэрлэг НҮТББ-т холбогдуулан ажилласан хугацааны цалин 400,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,000,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч цалин, ээлжийн амралтын олговрыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, тэдгээрийн маргааны үйл баримт, нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацаанд эдэлсэн эсэхэд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
“А б б” цэцэрлэг НҮТББ-ын тэргүүний 2019.09.01-ний өдрийн 09 дүгээр тушаалаар С.Д-г тус цэцэрлэгийн бүлгийн багшийн албан тушаалд томилжээ.
Улмаар гүйцэтгэх захирлын 2020.04.09-ний өдрийн 20/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгож, С.Д-г ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч “А б б” цэцэрлэг НҮТББ, С.Д нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, С.Д-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2020.10.09-ний өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаас дүгнэвэл Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас “А б б” цэцэрлэг НҮТББ багш нарын цалинг сард 420,000 төгрөг байхаар тогтоосон, талууд уг асуудлаар маргаагүй болно.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч “А б б”цэцэрлэг НҮТББ нь ажилтанд тохирсон цалин хөлсийг олгох үүргээс чөлөөлөгдөхгүй.
Ажил олгогч “А б б” цэцэрлэг НҮТББ нь С.Д-г 2020.03.01-ний өдрөөс 2020.04.09-ний өдөр хүртэлх хугацааны тохирсон цалинг олгох үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь 2020.09 дүгээр сард 200,000 төгрөгийн цалинг С.Д-д олгосон талаар талууд маргаагүй тул үлдэх цалинг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх “А б б” цэцэрлэг НҮТББ-аас цалин 337,210 төгрөгийг С.Д-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно”, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ээлжийн амралт олгох зааврын 15-д “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ” гэж тус тус заасны дагуу С.Д-ийн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг тооцож, “А б б” цэцэрлэг НҮТББ-аас 817,509 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
С.Д 2020.06.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч дахин шүүхэд 2020.07.21-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасныг зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02861 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ