Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 128

 

МАГАДЛАЛ

 

2018.01.05                                                     Дугаар 128                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ч нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дугаар сарын 01-ны өдрийн 182/ШШ2017/02086 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Э-т холбогдох,

Гэрээний үүрэгт 61 983 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ж, Г.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ч нь 2004-2013 онуудад хариуцагч Т.Э хамтран БНХАУ-аас эм, эмийн сангийн бараа, түүхий эд, эмийн сав баглаа, боодол нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч нь итгэлцлэлийн үндсэн дээр хариуцагчийн захиалсан бараа бүтээгдхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч худалдан борлуулж байсан. Талууд 2016 оны 03 дугаар сарын 02-нд тооцоо нийлж, 2013 оноос хойш худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 117 845.7 юанийг Т.Э төлөх ёстой тооцоо гарч төлбөр барагдуулах гэрээ байгуулан хугацаагаа 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд барагдуулах, энэ хугацаанд төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа байдаггүй гээд түүнийг эрэн сурвалжлуулсны дүнд 2017 оны 05 дугаар сард хаяг нь тогтоогдож нэхэмжлэлээ гаргасан юм. Өмгөөлөгч миний бие энэ хугацаанд хариуцагч Т.Э уулзаж төлбөрийн талаар ярилцахад мөнгийг нь би төлнө, төлөх боломжтой, гагцхүү хугацаа өгөөч гэсэн тайлбар хэлдэг. Иймд төлбөрийн үлдэгдэл 117 845.7 юань, алданги 88 350 юань болсон ба нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 350,65 төгрөгөөр тооцож нийтдээ 61 983 891 төгрөг нэхэмжилж байна. Барааг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Т.Э нь эндээс утсаар холбогдоод бараагаа захиалдаг, уг барааг нь аваад хариуцагчид болон түүний жолоочид хүлээлгэн өгдөг байсан юм билээ. Ч нь Эрээн хотод байрлах эмийн компанитай, эм импортлох зөвшөөрөлтэй гэсэн. Гаалийн газраас ирүүлсэн мэдүүлгүүдэд дурдсан компаниуд нь Ч компани биш. Гаалийн ерөнхий газраас баримтууд ирсний дараа барааг би аваагүй, мөнгө төлөхгүй гэсэн тайлбар гаргасан. Талуудын хооронд бүр 2005 оноос эхэлж харилцаа үүссэн, төлбөр тооцоо байсан талаар гэрч мэдүүлсэн. Нотлох баримт байхгүй гэдгээр бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө 117 845.7 юанийн төлбөрийг төлнө гээд гэрээ хийгээд зөвшөөрөөд гарын үсгээ зурсан, үүнийгээ баталгаажуулаад дахин тэмдэглэл үйлдээд гарын үсэг зурсан. Энэ бүх ажиллагаанд өмгөөлөгч би байсан, уулзалтыг зохион байгуулж байсан юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд уг хугацаа өнгөрсөн боловч үүрэг гүйцэтгэгч үүргийг хүлээн зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс үл хамааран үүргийг биелүүлнэ гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан. Хариуцагч төлбөрийг төлөхөөс татгалзах эрх байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Т.Э нь гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг, төлбөр барагдуулах хэлцэл дээр гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ч нь монгол хамтрагчдаа үзүүлэх гэсэн, ийм өр төлбөртэй гэдэг байдлаар гэрээ байгуулаад өгөөч гээд өөрөө гуйсан учир төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан гэдэг. Төлбөр барагдуулах хэлцлээс харахад эмийн сангийн бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, ачаа тээшний төлбөр гэж заасан байдаг. Эм, эмийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд худалдах эрхтэй. Нэхэмжлэгчид ийм эрх байхгүй учир талуудын хооронд эм худалдах, худалдан авах тухай харилцаа үүсээгүй, үүсэх ч боломжгүй байна. Харин хариуцагч нь эм импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниудаас эм, эмийн түүхий эд худалдан авч байсан нь гаалийн мэдүүлгүүдээс харагддаг. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 02-нд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь ямар нэг үр дүнд хүрэх хүсэл зориг байхгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Т.Э нь өөрөө эм үйлдвэрлэдэг эмийн Т гэдэг ХХК-тай ба тус компани нь 2013 оноос хойш Ч бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй. Харин түүнээс өмнөх хугацаанд бол харилцаж байсан, уг тооцоо үлдээгүй дууссан гэдэг юм билээ. Хариуцагч Т.Э Ч-д ямар ч өр төлбөргүй, тооцоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э 61 983 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч /Ch/-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлбөр барагдуулах гэрээ, ярилцлагын тэмдэглэл зэргээс хариуцагч нь нэхэмжлэгчид 117,845,7 юанийн үлдэгдэлтэй энэхүү төлбөрөө төлөх үүрэгтэй болох нь хангалттай тогтоогдож байгаа болно. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, ярилцлагын тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүтээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журамын дагуу үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр барагдуулах гэрээг Ч нь Монгол хамтрагчдаа үзүүлэх гэсэн, ийм өр төлбөртэй гэдэг байдлаар гэрээ байгуулаад өгөөч гээд өөрөө гуйсан учир төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Үнэхээр хариуцагчийн тайлбар үнэн болох нэхэмжлэгч нь хариуцагчийг бүтэн жилийн турш эрэн сурвалжлуулах, хайх ямарч шаардлага байхгүй, хэрэв төлбөр барагдуулах гэрээг хуурамчаар байгуулсан бол дахин уулзаж ярилцлагын тэмдэглэл үйлдэхгүй байсан гэдэг нь ойлгомжтой юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Т.Э-т холбогдуулан гэрээний үүрэгт 61 983 891 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь худалдан авсан эм, эм үйлдвэрлэх түүхий эд, бусад бараа бүтээгдэхүүн худалдан авсан үнэ, ачаа тээшний үлдэгдэл төлбөр 117 845,7 юаныг төлөөгүй, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр тооцоо нийлсэн мөнгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчийн гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан тул дүр үзүүлсэн хэлцэл, төлбөрийг төлөхгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохигчид “Төлбөр барагдуулах гэрээ” гэх бичгийн баримт үйлдсэн байх ба Т.Э нь 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи эмийн сангийн бүтээгдэхүүн, ачаа тээш, хэвийн төлбөр болох нийт 117 845,7 юаныг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцох, төлбөрийг юаниар төлөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээг хариуцагч нь “нэхэмжлэгчийн гуйлтаар үйлдсэн баримт” гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хугацаа өнгөрснөөс хойш буюу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохигчид болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Н.Б нар байлцсан ярилцлагын тэмдэглэлд хариуцагч Т.Э нь төлбөрийн хэмжээнд маргаагүй байх ба “... 2017 оны 6 сард төлбөрийн 50%, 2017 оны 7 дугаар сард үлдэх 50%-ийн төлбөрийг төлж барагдуулах санал гаргасан, хүлээн авсан зүйлийн үнийг төлж барагдуулна гэдгээ зөвшөөрч байна...” гэсэн нь тусгагдсан, ярилцлагын тэмдэглэлд оролцогч талууд гарын үсэг зурсан байна.

Талууд эм, эм үйлдвэрлэх бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байсан тухайд маргаагүй.

“Төлбөр барагдуулах гэрээ”-нд нэхэмжлэгчийн гуйлтаар гарын үсэг зурсан гэх хариуцагчийн тайлбар нь дээрх ярилцлагын тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Т.Э төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э 61 983 891 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч /Ch/ олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагч Т.Э 467 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 467 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                    

                       ШҮҮГЧИД                                                           А.ОТГОНЦЭЦЭГ                                 

 

                                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ