Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/02197/и |
Дугаар | 156 |
Огноо | 2018-01-10 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 156
2018.01.10 МАГАДЛАЛ 156
“Т з” ХХК, Д.Т нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02197 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Т з” ХХК, Д.Т нарын нэхэмжлэлтэй,
Албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 83 311 845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ш,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь 2005 оноос хойш "Т з" ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Д.Т-ыг захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 5 сарын 22-ны өдөр УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс "Т з" ХХК нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа 2012 оны 4 сараас 2013 оны 6 сар хүртэл СХД, 21 хороо, "Ж" тосгоны орчмоос түгээмэл тархацтай уулын дайргыг хууль бусаар олборлож, байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэж Д.Тыг "Т з" ХХК-ийн захирлынх нь хувьд гэмт хэрэгт татан шалгаж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас ЭХТА-ийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ДЭХАШШ-ы шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 1263 дугаар шийтгэх тогтоолоор намайг хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ЭХТА-ийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил хорих ялаар шийтгэж, 21.063.845 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгож манай "Т з" ХХК-ийн эзэмшлийн 60-49 УББ улсын дугаартай "Камаз-5511" маркийн самосмал автомашин, мөн 61-44 УБ улсын дугаартай ДЭУ-130 маркийн "Даевоо" Солар 3001-С -V маркийн дугуйт эксковатор автомашинуудыг тус тус хураан улсын орлого болохоор шийдвэрлэсэн билээ. Шүүгдэгч нар тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1036 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, байцаалтын явцад "Т з" ХХК-ийн захирал Д.Т-ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нь тогтоогдож Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 5 сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг ЭБШХ-ийн 24.1.1, 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. "Т з" ХХК-ийг ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа уулын дайргыг хууль бусаар олборлож байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэж "Т з" ХХК-ийн захирал Д.Т-ыг мөрдөн шалгаж, шийтгэж, цагдан хоригдсоноос компанийн ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учирсанаас гадна иргэн Д.Т-ын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497.1, 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу "Т з" ХХК-д учирсан дараах хохирлууд болох нийт 58.863.845 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү. Дээр дурьдсан шийтгэх тогтоолд заасны дагуу "Т з" ХХК-иас 2014 оны 11 сарын 25-ны өдөр "Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар"-т 21.063.845 төгрөгийг шилжүүлсэн хохирлыг гаргуулах, "Т з" ХХК нь З Ц э о хүртэлх 7,0 км авто замын барилга угсралтын ажлыг 2014 оны 5 сарын 26-наас 2014 оны 10 сарын 1-нийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр 02/2014 дугаартай гэрээг байгуулан, манай "Т з" ХХК-ийн эзэмшлийн 60-49 УББ улсын дугаартай "Камаз-5511" маркийн самосмал автомашин, мөн 61-44 УБ улсын дугаартай ДЭУ-130 маркийн "Даевоо" автомашинуудыг ашиглаж байсан. Гэтэл 2014 оны 6 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол"-оор дээрх автомашинуудыг битүүмжилсний улмаас дээрх ажилдаа ашиглаж чадалгүй "Б ө" ХХК-иас гэрээ байгуулан машин механизм, техник түрээслэж ажиллуулж 27.800.000 төгрөгийн зардал гаргасныг гаргуулах, Манай "Т з" ХХК нь 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж өөрийн гэсэн ажил хэргийн нэр хүндийг олсон байсан. Гэтэл "Т з" ХХК-ийг ашигт малтмал хайх, олборлох, ашиглахтусгай зөвшөөрөлгүй атлаа уулын дайргыг хууль бусаар олборлож байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэж "Т з" ХХК-ийн захирал Д.Т-ыг гэмт хэрэгт татаж, хорих ял шийтгүүлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон удаа цацаж, энэ мэдээлэл нь өнөөдрийг хүртэл олон нийтийн сүлжээнд байгаа. Энэ мэдээлэл цацагдсаны улмаас манай "Т з" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд сэв сууж цаашид харилцагч байгууллагуудтайгаа хамтран ажиллахад хүндрэлтэй болсон. Тухайн үед "Хөшигтийн хөндийн авто замын хучилтын тендер"-т шалгарсан компанийн 1 нь манайх байсныг мэдээлэл тарснаар тендерийн шалгаруулалтаас хассан. Түүнчлэн маш олон тендерт энэхүү мэдээллийн улмаас хасагдаж байсан. Манай компани авто зам гүүрийн барилгын ажлаас гадна авто замд ашиглагддаг машин механизм, техник түрээсийн үйлчилгээ явуулдаг. Гэтэл Авто замын салбарт манай компанийн ажил хэргийн нэр хүнд унасны улмаас түрээсийн гэрээний үнэ тохиролцох үед манай компанийг хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж үнээ хямдруулахыг шаардах зэргээр ил, далд хэлбэрээр манай компанийг дорд үзэх болсон. Иймд "Т з" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг 10 сая төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Д.Т-т учирсан дараах хохирлууд болох 25.538.188 төгрөгийг МУ-ын ЗГ-ын нөөц сангаас гаргуулж өгнө үү. Д.Т нь ДЭХАШ-ы 2 дугаар шүүхийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор 2014 оны 10 сарын 15-ны өдрөөс2014 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 44 хоног цагдан хоригдсоныг тухайн үед үйлчилж байсан ЭХ-ийн59.3-т "цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно" гэж заасны дагуу Д.Т-ын цагдан хоригдсон 44 хоногийг 2013 оны 4 сарын 11-ний өдрийн 07 дугаар бүхий Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор батлагдаж, 2013 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож, 8448000 /44x192.000/ төгрөгийн хохирлыг гаргуулах, Дээрх шийтгэх тогтоолоор 44 хоног цагдан хоригдсоноос Д.Т-ын эрүүл мэндийн байдал эрс муудаж Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас Япон улсад очиж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэхэд 1.090.188 төгрөгийн хохирлыг гаргуулах, гэмт хэрэгт холбогдсоноос Д.Т нь 3 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Ж.Б-д 4 сая төгрөг, Г.Б-д 5 сая төгрөг, Ж.Э-д 2 сая төгрөг төлсөн нийт 11 сая төгрөгийн хохирлыг гаргуулах, 2014 оны 5 сарын 22-ны өдөр Д.Т-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас ЭХТА-ийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ДЭХАШШ-ы 2 дугаар шүүх 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил хорих ялаар шийтгэж, 21.063.845 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгож манай "Т з" ХХК-ийн эзэмшлийн 60-49 УББ улсын дугаартай "Камаз-5511" маркийн самосмал автомашин, мөн 61-44 УБ улсын дугаартай ДЭУ-130 маркийн "Даевоо" Солар 300ЮЛ/ маркийн дугуйт эксковатор автомашинуудыг хураан улсын орлого болохоор шийдвэрлэсний дагуу 2014 оны 10 сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Д.Т нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 44 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 1036 дугаартай магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 5 сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл Д.Т нь бүтэн 1 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж, шийтгүүлж, хоригдож, сэтгэл санааны хүнд дарамтанд байсан ба өнөөдрийг хүртэл олон нийтийн сүлжээнд /интернетэд/ Д.Т-т 2 жилийн ял оноосон Шийтгэх тогтоол болон бусад мэдээллүүд байсаар байгаа тул нэр төрийг 2.500.000 төгрөг, алдар хүндийг 2.500.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийг тухайн үед үйлчилж байсан хууль нь хүчингүй болсноор хэрэгсэхгүй болгосон. Шийтгэх тогтоолоор төлөгдсөн 21.863.845 төгрөгийг зөвшөөрнө, автомашин, техник түрээслэн үйл ажиллагаа явуулсан гэж өгсөн баримт нь огноогүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул зөвшөөрөхгүй, тендерт оролцож чадаагүй талаараа өгсөн баримтгүй, нотлогдохгүй байна. Нийтэд болсон үйл явдлын талаар мэдээлсэн тул хохирлыг төр хариуцахгүй юм. Д.Т-г гэм хэрэгт холбогдуулан шалгахад зайлшгүй хорих шаардлагатай байсан тул цагдан хоригдсоны хохирлыг зөвшөөрөхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар ноцтой хохирсон, зайлшгүй эмчлүүлэх нь тогтоогдохгүй байна. Харин өмгөөлөгчид төлсөн 11 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Шүүх: Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 53.863.845 төгрөг гаргуулан "Т з" ХХК-д 21 948.000 төгрөг гаргуулан Ойгоны орхид овогтой Д-н Т-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.590.188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар төрөө тэмдэгтийн хураамжид 537.009 төгрөг гаргуулан орлогод оруулж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхэд ирүүлсэн материалд “Б ө" ХХК-тай байгуулсан гэрээ огноо байхгүй тус дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг ажил гүйцэтгэх гэрээнд заагаагүй, эрүүгийн хэрэг шалгагдах явцад эд мөрийн баримтаар зайлшгүй тооцох шаардлагатай байсан тул уг тээврийн хэрэгслээр ашиг олох боломжтой байсан гэж 27.800.000 төгрөг гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүх Д.Т-ын цагдан хоригдсон 44 хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож 8.448.000 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. "Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол"-оор нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр, 1 цагийн үнэлгээг 1142.85 төгрөгөөр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулиар хүн өдөрт 8 цагаас илүүгүй хөдөлмөрлөх ёстой гэж заасан. Иймд дээрх тогтоолоор тогтоосон 1 цагийн хөлс 1142.85 төгрөгөөр тооцоход нэг хоногийн хөлс 9142.80 төгрөг болно. Нэхэмжлэгч Д.Т нь тухайн үед хөдөлмөр эрхэлж байсан боловч цалин хөлс нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгт бодон нэхэмжилсэн байдаг. Шүүх үндэслэлгүй хоригдсон 1 хоногийг нэг өдрийн үнэлгээ болох 9142.80 төгрөгөөр үнэлэхэд 402.283.02 төгрөгийг Д.Т-т олгох ёстой байтал 8.448.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг баримтлан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "тусгай харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно." гэсэн заалтыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
"Т з" ХХК болон "Т з" ХХК-ийн захирал Д.Т-ыг гэмт хэрэгт татаж, хорих ял шийтгүүлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж олон нийтийн сүлжээнд байрлуулсан үйлдэл нь хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тухайн үед захирал Д.Т-ыг тус эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлага байсан. Түүнчлэн уг мэдээллийн улмаас "Хөшигтийн хөндийн авто замын хучилтын тендер"-т шалгарсан мөн маш олон тендерт энэхүү мэдээллийн улмаас хасагдсан, бусад байгууллагуудтай түрээсийн гэрээ хийх үед хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж үнэ хямдруулахыг шаарддаг зэргээр ил, далд хэлбэрээр дорд үзэх болсон гэж нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт огт байхгүй байхад нэхэмжлэлийн хэмжээг 50 хуваир тооцон олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Т з” ХХК, Д.Т нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 83 311 845 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ. Уг хүсэлтийг шийдвэрлэхэд 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах эрхийг зохицуулсан боловч онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх талаар зохицуулагдаагүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан ба нэхэмжлэгч нь хууль бусаар баривчлагдаж цагдан хоригдсон тул мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Хуулиар тогтоосон ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох байтал нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлоогүй нөхцөлд шүүхээс Засгийн газрын нөөц сангаас буюу тодорхой бус хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулсан нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар прокурорын байгууллага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн байдалтайгаар оролцож байгааг тодруулах шаардлагатай байна.
Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг бүрдүүлэн, үнэлэх журам, явуулах ажиллагаа нь ердийн журмаар гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээс ялгаатай бөгөөд талууд нэхэмжлэл, татгалзлаа гарган, харилцан няцаах зэргээр мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх учиртай.
Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байдлаар шийдвэрлэхэд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
М.НАРАНЦЭЦЭГ