Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 102/2019/02375/И |
Дугаар | 001/ХТ2021/01140 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01140
Ө.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02847 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар магадлалтай,
Ө.С-ын нэхэмжлэлтэй
Б.Б-т холбогдох
Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21,333,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Б-ийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-тэй 2018.11.05-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах, үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхарын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Б нь дээрх үйлчилгээний төвийн 2 давхарыг Ч.Отгонтуяа гэх хүнд түрээслэсэн байсан ба түрээсийн гэрээний хугацаа 2019.06.20-ны өдөр дуусна. Цаашид Ч.Отгонтуяад түрээслэхгүй надад түрээсэлнэ гэж хэлж гэрээний урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөгийг 2018.11.07-ны өдөр авсан. Би Б.Б-ийн дээрх саналыг үндэслэн 2 давхарыг чөлөөлж өгөх хүртэл 1 давхарын талбайд засвар үйлчилгээ хийж, тохижуулаад буудлын зориулалттайгаар ашиглаж байхаар болсон. Ч.Отгонтуяатай байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа түрээслүүлэгчид объектыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн. Гэвч түрээслүүлэгч Б.Б нь Ч.Отгонтуяатай байгуулсан гэрээгээ сунгасан тул 2 давхарын объектыг чөлөөлж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Ийнхүү түрээслүүлэгч нь гэрээгээр тохиролцсон 2 давхарын объектыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Миний бие гэрээгээр тохиролцсоны дагуу үйлчилгээний төвийн 1, 2 давхарын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээсэлнэ гэж төлөвлөөд засвар үйлчилгээний зардал гаргаж хохироод байна. Анх Б.Б–тэй зарын дагуу очиж уулзахад үйлчилгээний төвийн 1 давхарын талбай нь нэг өрөөтэй хоосон талбай байсан. Мөн дээрх үйлчилгээний төв нь буудлын тусгай зөвшөөрөлтэй гэсэн боловч ямар ч тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Иймээс би нэг давхарын талбайг нийтдээ 5 өрөө болгон засварлаад буудлын тусгай зөвшөөрөл авахаар Нийслэлийн аялал, жуулчлалын мэргэжилтэнд хандахад камераа солих, тохижуулалт, засвар үйлчилгээ хийх шаардлага тавьсан. Аялал, жуулчлалын мэргэжилтний дээрх шаардлагын дагуу шинээр камер суурилуулан, засвар үйлчилгээ хийж, тохижуулан 2018.12.20-ны өдөр буудлын тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл түрээслүүлэгч Б.Б нь гэрээгээр хүлээсэн 2 давхарын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөний улмаас миний дээрх засвар, үйлчилгээ, тохижуулалтад хийсэн зардал нь ямар ч үр дүнгүй болж байна. Хэрвээ би зөвхөн нэг давхарын объектыг түрээслэх байсан бол 20,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Түрээслүүлэгч 2 давхарын объектыг нэгэнт чөлөөлж өгөх боломжгүй тул 1 давхарын талбайг үргэлжлүүлээд түрээслээд буудлын үйл ажиллагаагаа явуулах талаар хэлсэн. Гэвч нэг давхарын талбай нийтдээ 5 өрөөтэй ба 5 өрөөг буудлын зориулалтаар ашиглахад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь ямар ч ашиггүй байх юм. Иймд талуудын хооронд буудлын зориулалтаар объект түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу түрээслүүлэгч нь Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1, 2 давхарын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 давхарын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг түрээслүүлэгчээс шаардсан боловч нэгэнт өөр хүнтэй гэрээгээ сунгасан тул үүргээ биелүүлэх боломжгүй. Иймд хариуцагч тал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд буудлын засвар үйлчилгээ хийсний зардал 17,333,400 төгрөг, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн мөнгө 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 21,333,400 төгрөгийг Б.Б-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Ө.С-тай 5 жилийн хугацаанд 2 давхар объект түрээслэхээр тохирсон зүйл огт байхгүй. Харин 2018.12.27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн “Коко” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах 6 өрөөг буудлын зориулалтаар 2018.12.20-ны өдрөөс 2019.06.20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд сарын 2,400,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Түрээслэгч цахилгааныг тоолуурын заалтаар, хог сард 45,000, дулаанд 150,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслэгч Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бүтэн төлөхгүй, шаардуулж цувуулж өгдөг, гэрэл цахилгаан, хог, дулааны мөнгийг төлөхгүй чирэгдүүлж нэхүүлж байж өгдөг байсан. Мөн буудлын бүх өрөөний цонхонд өнгөгүй хуулга нааж, битүү нөхцөлд үйл ажиллагаа явуулж, буудлын зориулалтыг зөрчиж миний оффисын өрөөнд мөрийтэй тоглоом буюу покер тоглуулж, зодоон цохион үүсгэж байсан төдийгүй үйлчлэгч авч ажиллуулдаггүй байсны улмаас ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бохир заваан орчин бий болгосон. Түрээслүүлэгч миний зөвшөөрөлгүй хана өрөмдөх, оффисын өрөөнд үлдээсэн буйдан, зурагтын тавиур, 2 ширхэг сандлыг эвдсэн байсан зэргээс цаашид түрээсийн гэрээг сунгах боломжгүй байсан тул түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эд зүйлээ авч явахыг санал болгосон. Түрээсийн хугацаа дуусахаас 5-6 хоногийн өмнөөс гэрээг цаашид сунгахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Түрээсийн гэрээнээс татгалзсан зүйл байхгүй гэрээний хугацаа дуусгавар болсон. Буудлын засвар үйлчилгээ хийсний зардалд 17,333,400 төгрөг гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Буудалд 17,333,400 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээгүй. Энэ их хэмжээний мөнгөөр хийгдсэн засвар огт байхгүй. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт түрээслэгч засвар, тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэх заалтаар засвар үйлчилгээ хийсэн байсан ч нэхэмжлэхгүй хэмээн гэрээний талууд тохиролцсон байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.С-тай 2018.12.27-ны өдөр 6 сарын хугацаатайгаар буюу 2019.06.20-ны өдөр хүртэлх хугацаагаар сард 2,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн цахилгаан, дулааны мөнгийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах, үйлчилгээний төвийн 1 давхарын объектыг буудлын зориулалтаар түрээслүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь түрээсийн байранд учир битүүлэг үйл ажиллагаа явуулж, өрөөний цонхнуудыг өнгөгүй хуулгаар битүү нааж, буудалд цэвэрлэгээ хийхгүй байсан учраас түрээсийн гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөхийг мэдэгдэж, түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл түрээслэгч нь эд зүйлээ авахгүй доог тохуу хийж, 2019.07.21-ний өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд буудлыг түгжсэн тул хорооны цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн хоёр этгээдийг байлцуулан өрөөнүүдийг суллан авч, вьетнамчуудын ажлын байранд 2019.07.21-ний өдрийн 30,000 төгрөгөөр хадгалуулж, хадгалалтын төлбөр нь 1,800,000 төгрөг болсон. Тиймээс 2019.07.21-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг, хадгалалтын зардалд 1,800,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг түрээслэгч Ө.С-аас нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2019.07.21-ний өдөр хүртэл түрээслэгч эд зүйлээ аваагүй тул 1 сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн өрөөнд эд зүйлээ түгжиж үлдээсэн нь түрээслэж байгаа гэсэн үг биш түрээсийн гэрээ 2019.06.20-ны өдөр дууссан. Иймд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Вьетнамчуудын ажлын байранд эд зүйлийг өдрийн 30,000 төгрөгөөр хадгалуулаад нийт 1,800,000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь тухайн үед дөрвөн ширхэг орыг үлдээсэн байдаг. Тухайн үлдээсэн эд зүйлээ буцааж авахаар удаа дараа хариуцагчид холбогдож байсан боловч хариуцагч нь утсаа авахгүй. Буцааж өгөхгүй хэл амаар доромжилж байсан. Мөн вьетнам засварын газарт өдрийн 30,000 төгрөгөөр 4 ширхэг орыг хадгалах боломжгүй. Энэ талаар хадгалалтын гэрээ байгуулсан байдаг боловч энэ гэрээгээ өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тухайн эд хөрөнгийг хадгалсан хадгалалтын гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эд зүйлийг хадгалуулахаар хадгалалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг хангаагүй байна. Хариуцагчийн овог нэр, холбогдох хаяг байхгүй. Мөн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, хавсаргасан нотлох баримт байхгүй. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02847 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 19,333,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.С-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.С-аас 2,280,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,920,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,617 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 51,430 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт 306,047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Б хяналтын гомдолдоо: “Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “…нэхэмжлэгч нь түрээсийн байранд засвар тохижилт хийсний зардлыг хохиролд тооцож гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа засвар тохижилт огт хийгдээгүй, угаасаа 4 өрөө байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч түрээсийн байрыг хэдэн өрөө, ямар тохижилттойгоор хүлээлгэн өгсөн баримтгүй байна” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б миний хувьд буудлын зориулалтаар 4 өрөөг 2011 онд ашиглаж байснаа нотлохоор архивын газраас гаргуулан өгсөн 2011.10.21-ний 02 дугаартай ажлын байрны түрээсийн гэрээгээр нотлогдож байгаа болно. Гэтэл шүүх 2011 оныг 2001 болгон бичиж уг баримтыг зохигчийн маргаанд хамааралгүй гэж дурдсаныг зөвшөөрөхгүй байна. Уг 2011.10.22-ны 02 дугаартай гэрээнд 162 м.кв 4 өрөө, өрөөнд байрлах эд хогшил зэргийг хүлээлгэн өгсөн актаар 4 өрөө ашиглаж байсан нь давхар нотлогдоно. Ө.С-тай 2018.12.27-нд байгуулсан түрээсийн гэрээний 1.1 дэх заалтад “үйлчилгээний төвийн 1 давхар 6 өрөө бүхий 162 м.кв талбайг түрээслүүлэх” гэж тодорхой зааснаар 4 өрөө байсан нь батлагдана. Эдгээр баримтаар 4 өрөөг 2011 оноос хойш ашиглаж, буудлын зориулалтаар түрээслэж байснаа нотолсон тул давж заалдах шүүх нотлоогүй гэснийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч 4 өрөөг засвар үйлчилгээ хийж түрээслэсэн гэснээ ямар нэг байдлаар буюу засвар хийсэн гэх баримтаар болон байрыг хүлээн авсан, засварын дараа хүлээлгэн өгсөн гэх акт баримт, фото зураг зэргээр огт нотлоогүй, эдгээр баримт байдаггүй тул нэхэмжлэгчийг 4 өрөө засч тохижуулсан гэх боломжгүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүйг дурдахаас аргагүй.
Магадлалд “Нэхэмжлэгч 2018.12.27-ны өдөр бичгээр гэрээ байгуулахаас өмнө засварыг хийсэн гэж тайлбарласан, мөн гэрчүүд энэ талаар мэдүүлсэн байхад шүүх хэргийн энэ нөхцөл байдлыг тодруулалгүй, нэхэмжлэгчээс гаргасан зарлагын баримтууд нь түрээсийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2018 оны 11, 12 дугаар саруудынх байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг хянах боломжгүй хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасанд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гарган өгсөн зарлагын баримтууд нь худалдан авагчийн нэр огт байхгүй, худалдан авагчийн гарын үсэггүй, барааны үнийн дүн засвартай, дүнтэйгээ таарахгүй буюу нотлох баримтын шаардлага огт хангахгүй байдаг бөгөөд гэрчээр оролцсон С.Батсайхан нь засвар хийсэн талаар болон засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг авсан гэдгээ ч 4 өрөө юу 5 өрөө зассан гэж нотолж чадаагүй тул засвар 17,333,400 төгрөгт хийсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч түрээсийн гэрээг 5 жилийн хугацаагаар 1, 2 давхараар түрээслэхээр тохирсон гэдэг боловч гэрч Ч.Отгонтуяа нь 5 жилээр түрээслэнэ гэснийг нотлоогүй төдийгүй нэхэмжлэгч түрээсийн гэрээний 2.1 дэх заалтаар 2018.12.27-ноос 2019.06.20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай түрээслэсэн нь нэхэмжлэгч 17,000,000 гаруй төгрөг зарцуулан их хэмжээний засвар хийсэн гэдгийг үгүйсгэдэг. Гэрээний 3.4-т “түрээслэгч засвар тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ” гэх заалтаар нэхэмжлэгч засвар тохижилт хийсэн байсан ч зардлыг нэхэмжлэхгүй гэж тохиролцсон нь нотлогддог тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ө.С нь Б.Б-т холбогдуулан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21,333,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, 4,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ө.С-аас 2,280,000 төгрөг гаргуулан Б.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд хариуцагч Б.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.
Ө.С, Б.Б нар 2018.12.27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м.кв талбайг 6 сарын хугацаатайгаар, сарын 2,400,000 төгрөгөөр зочид буудлын зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ.
Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч 2018.12.27-ны өдөр бичгээр гэрээ байгуулахаас өмнө түрээсийн байранд засвар, тохижилт хийсний зардлыг нэхэмжилсэн гэж тайлбарласан, гэрчүүд энэ талаар мэдүүлсэн байхад шүүх хэргийн энэ нөхцөл байдлыг тодруулалгүй, үйлчилгээний талбайд засан сайжруулсан гэх нэхэмжлэгчээс гаргасан зарлагын баримтууд нь түрээсийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2018 оны 11, 12 дугаар саруудынх байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ” гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД