Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/00618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Б хороолол 22 байр Д тоот “Ю” ХХК  

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Б хороолол 22 байр “Б” СӨХ

Хууль бус эзэмшигчийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б

                                   хариуцагчийн төлөөлөгч Г.Н

                                         нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хороолол 22 дугаар байр Д тоотын Ү-... улсын бүртгэлийн дугаартай 431,49 м.кв үйлчилгээний талбай нь манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Б СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбайнаас 5.31 м,кв хууль бусаар эзэмшиж байрны жижүүр байршуулан чөлөөлж өгөхгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд Б СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбай болох 5.31 м.кв талбайг өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжллийн шаардлага гаргаснаасаа өөрсдөө татгалзаж, 2017.02.14-ийн өдрийн ....... тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулан 2016.07.18-ны өдрийн 3407 тоот шинжээчийн дүгнэлтээр 5.31 м.кв талбай нь манай өмч болох нь тогтоогдсон. Иймд Б СӨХ-ноос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн талбай болох Б хороолол 22-р байрны Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь 2011 оны 3 сарын 24-ний өдөр “Б Х” ХХК-тай 22-1-D тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 давхрын Д блок буюу үйлчилгээний зориулалттай 231,49 м.кв талбай захиалж, гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлснөөр үйлчилгээний зориулалттай талбайг өөрийн өмчлөлд шилжүүлж Ү-... дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрийн өмчлөлийн талбайд багтсан 5,31 м.кв талбайтай жижүүрийн өрөөг хууль бусаар эзэмшсэн “Б ” СӨХ-ны эзэмшлээс чөлөөлж өгнө үү. “Ю” ХХК-ийн өмчлөлийн 231,49 м.кв талбайд маргаан бүхий жижүүрийн өрөөний 5,31 м.кв талбай багтсан. Уг талбайг “Ю” ХХК-ийн өмч болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 сарын 18-ны өдрийн 3407 тоот шинжээчийн дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний төв” компанийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн хэмжилтээр батлагдана. “Б ” СӨХ 2017 оны 1 сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд жижүүрийн өрөөг “Ю” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы үед “Б ” СӨХ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ....... дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Б ” СӨХ жижүүрийн өрөө бүхий талбайг өөрийн өмч гэж маргах эрхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс “Ю” ХХК-ийн өмчлөлийн талбайг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Барилгын захиалагч “Б Х” ХХК жижүүрийн талбайг “Ю” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Бусдын өмчлөлд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг захиалгын дагуу шилжүүлэхэд худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулахаар заасан. Дээрх заалтаар “Ю” ХХК жижүүрийн талбай худалдаж авсан. Орчин үеийн байрны 1 давхрууд бүгд үйлчилгээний зориулалттай байдаг. Үйлчилгээний талбай зургийн дагуу баригдсан болохыг холбогдох мэргэжлийн байгууллагууд нотлосон. Иймд жижүүрийн талбай үйлчилгээний талбайд зориулагдсан талбай юм. Байрны 1-16 давхар тэг чигтээ орон сууцны зориулалтаар баригдсан бол дундын өмчлөлд хамаарах нь зүйн хэрэг. Гэтэл барилгын 1 давхар тэг чигтээ үйлчилгээний зориулалттай баригдсан учраас 1 давхрын бүх талбай “Ю” ХХК-ийн өмч юм. Худалдаж авсан талбайг баталгаажуулж, “Ю” ХХК улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Шинжээчийн дүгнэлтээр “Ю” ХХК-ийн худалдаж авсан талбайд жижүүрийн өрөө багтсан болохыг тогтоосон. “Б ” СӨХ байгуулагдахаас өмнө 2011 оны 3 сард “Ю” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  “Ю” ХХК-ийн өмчлөлийн 231,49 м.кв талбайд байгаа жижүүрийн өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

Хариуцагч “Б” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Барилга байгууламж, нийтийн орон зориулалттай сууцанд галын аюулгүй байдлыг хангах зорилгоор галын дохиолол, гал унтраах систем бусад холбогдох багаж хэрэгсэл зэрэг нь заавал байдаг. Галын дохиолол, гал унтраах систем нь гал гарсан тохиолдолд өөрөө мэдэрч дохио өгдөг үүний нэгдсэн удирдлага дохиолол нь тусдаа зориулалтын өрөөнд байдаг. “ Ю” ХХК-ийн нэхэмжилж байгаа уг өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, орц, коридор, шат, шатны хонгил, 1-16 давхар бүрд байдаг гал унтраах систем, галын дохиололын төхөөрөмжүүдийг мэдэрдэг аюулын дохио өгдөг техникийн самбартай жижүүр харуулын өрөө юм. Мөн энэ өрөө нь 2007 оны 07 сард батлагдан үүний дагуу баригдсан 22-р барилгын анхны зураг төслийн 1-р давхрын байгуулалт хэсэгт жижүүрийн өрөө 6,40 м,кв, ариун цэврийн өөрөө 2,50 м,кв нийт 8,9 м,кв талбайтай өрөөний зураг тусгагдсан байна. энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 15.1, 15.1.1-т заасаны дагуу СӨХ-нд хамаарагдана. “Б ” хорооллын 22а байранд орцны жижүүр үйлчлэгчийн өрөөнд оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг хангах үүднээс орцны давхар бүрийн галын дохиоллын нэгдсэн самбар байршуулсан байна. Орцны жижүүр үйлчлэгч, харуул нь аюулгүйн ажиллагааг хангаж хяналт тавьж байх үүрэгтэй билээ. Мөн энэ өрөөнд СӨХ орцны хяналтын камер байршуулсан. СӨХ-ны өмнөх гүйцэтгэх захирал байсан Н.Эын гаргасан хууль ёсны нэхэмжлэлийн утга агуулгыг үзэхэд СӨХ-ны удирдах зөвлөлөөс болон гүйцэтгэх захирал Г Н миний зүгээс оршин суугчдын аюулгүй байдлыг хангах галын аюулгүй дохиоллын самбартай, жижүүр харуул хамгаалалтын өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэгт огт эргэлзээгүй байна. Харин тухайн үед нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцсон гэх Х.Н  нь “Б” СӨХ хууль ёсны гүйцэтгэх захирал биш бөгөөд уг хүнийг СӨХ-ны хуулийн 10 дугаар зүйл, 10.8.2 дахь заалтыг үндэслэн Сөх-ны удирдах зөвлөлийн хурлаас гарсан тогтоол шийдвэр байхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд уг этгээд нь өөрийгөө СӨХ-ны гүйцэтгэх захирал гэж өргөмжлөн СӨХ-ны нэрийн өмнөөс шүүх хуралд оролцсон нь хууль бус үйлдэл юм. Дараа нь Х.Н  өөрөө ч хууль ёсны СӨХ-ны дарга биш намайг томилсон ямар ч бичиг баримт байхгүй гэж 2018.05.25-ны өдөр өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ....... дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн шүүгч нар нь алдаа гаргаж хэргийн оролцогчдын баримт материалтай танилцаагүй, эсхүл байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг мэдсээр байж шүүх хурлын танхимд оруулан шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оруулсан нь Монгол Улсын хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн “Ю” ХХК-ийн захиалгаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь тодорхой байхад илт нэг талыг барьж, хоёр талыг байлцуулалгүй хууль бус шийдвэр гаргаж захиалагчийн талд үйлчилж өргөсөн тангаргаасаа няцаж, шүүгчийг шударгаар шийдэх үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд уг этгээдүүдийг хууль хяналтын байгууллага, авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргах болно гэдгийг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 22а байрыг барих барилгын захиалагч “Б Х” ХХК, 22а байрыг барьж гүйцэтгэсэн “Д” ХХК, энэ хоёр компани нь “Б ” хорооллын 22-р барилгыг барьж 2010 онд ашиглалтанд оруулан иргэд, аж ахуйн нэгжид худалдан борлуулсан. “Б ” СӨХ 22а байрыг барьж ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулах ямарч эрх зүйн үндэслэл байхгүйг сайн мэдсээр байж дутуу талбайгаа СӨХ-оос нэхэмжлэн дундын өмчлөлийн эд хөрөнгө талбайг дээрэмдэх оролдлого хийж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Харин талбай дутуу гэж үзэж байгаа бол энэ асуудлаа “Богд холдинг” ХХК, “Д” ХХК-д тавих нь зүй ёсны хэрэг гэвч нэхэмжлэгч тал дээрх хоёр компаниас нэхэмжлэхгүй СӨХ-ноос нэхэмжлэн оршин суугчдындундын өмчлөлийн эд хөрөнгийг улайн цайм дээрэмдэх, луйврын шинж чанартай үйлдэл гаргаж байгааг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын анхны зургийг үндэсний архивын газраас авч нягтлан үзэхэд “Ю” ХХК-нийн захирал Ц.Ба нь дураараа авирлаж жижүүрийн өрөөний ариун цэврийн өрөөг хуваан хана өрж тусгаарлан 3,59 м,кв талбайг нь өөрийн эзэмшилд авсан байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгч, дураараа авирлаж авсан 3,59 м.кв талбайг оруулан ариун цэврийн өөрөө 2.50 м.кв, жижүүрийн өрөө 6,40 м.кв, нийт 8,9 м.кв талбай бүхий орцны дохиоллын нэгдсэн самбар байршуулсан жижүүр өрөөг 22-р барилгын анхны зургийн дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөөр хэвээр үлдээх шийдвэр гаргаж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК үйлчилгээний талбай худалдаж авахдаа анхнаасаа дутуу талбай авсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг даалгавар, барилгын анхны зургаар тухайн байр жижүүрийн өрөөтэй баригдсан гэдгийг гэрч н.Идэнбаяр нотолсон. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр уг өрөөг жижүүр, үйлчлэгч, харуул хамгаалалтын өрөө байна, тухайн өрөө нь барилгын галын дохиоллыг хянах техникийн өрөө байна гэдгийг тогтоосон. Дохиолол ажилласнаар харуул аль давхарт гал гарсныг түргэн шуурхай мэдэж, арга хэмжээ авах зориулалтын дагуу энэ өрөө хийгдсэн. Нэхэмжлэгч тал Барилгын тухай хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд энэ талаар гомдол гаргаагүй. 2012 онд ашиглалтад орсон байрны талаар нэхэмжлэгч тал 5 жилийн дараа буюу 2018 онд шүүхэд хандаж байна. 2017 онд “Б ” СӨХ-ны дарга н.Э “Ю” ХХК-ийн хууль бус аргаар гаргуулсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч тухайн үед “Б ” СӨХ-ны албан ёсны дарга биш этгээд н.Н  “Ю” ХХК-ийн захирал Ц.Батэй хуйвалдан СӨХ-ны тамгыг хулгайлж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хэргийг хаалгасан байдаг. Нэг хүний эрх ашгаас 165 айлын 1000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Байрны оршин суугчид жижүүрийн өрөөнд харуул ажиллуулж, өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг юм. Гэрч н.Идэнбаяр Мэргэжлийн хяналтаас заавал жижүүрийн өрөөтэй байхыг заасан гэж мэдүүлсэн. “Б Х” ХХК ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, “Д” ХХК худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээг “Ю” ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч бол 5,31 м.кв нэхсэн, харин зургаар бол 8,31 м.кв гэж гарсан. Нэхэмжлэгч тал м.кв-ын зөрүү гаргаж, хууль бусаар бусдын өмчлөлийн хөрөнгө авах гэж байна. 2017 онд Захиргааны хэргийн шүүх дээр “Ю” ХХК-ийн захирал Ц.Ба жижүүрийн өрөөг “Б ” СӨХ-д өгөхийг зөвшөөрсөн. 2011 онд нэхэмжлэгч тал “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх, захиалгын гэрээ байгуулсан гэлээ. Яагаад м.кв хэмжихгүйгээр гэрээ байгуулдаг юм бэ. Талбайн хэмжээ тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Байрыг улсын комисс авахаас өмнө оршин суугчид 100 хувь орж, жижүүрийн өрөөнд жижүүр ажиллаж байсан. Түүнээс өмнө барилгын гүйцэтгэгч барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхдөө харуул хамгаалалт хариуцаж, жижүүрийн өрөөнд харуул хамгаалалт байсан. Жижүүрийн өрөө дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч, оршин суугчид дундын өмчлөлийн хөрөнгийг харж ханддаг. Нэхэмжлэгч талын жижүүр, харуул хамгаалалтын байрны зориулалтаар барьсан гээд байгаа байр зураг төсөлд тусгагдаагүй, “Ди Зэ Эйч” ХХК барилгын ажилчдаа түр байршуулахаар барьсан байрыг одоо болтол нураагаагүй байж байгаа. Байрны техникийн өрөө оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө. Дундын өмчлөлийн дээрх хөрөнгийг хэн нэгэн этгээд худалдан авч, өмчлөх эрхгүй. Нэг хүний эрх ашгаас 165 айлын 1000 орчим оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Байр 100 хувийн баталгаатай гэж үзвэл оршин суугчдын 95 хувь ипотекийн зээлтэй. Сууц өмчлөгчдийн тухай хуульд зааснаар жижүүрийн байр дундын өмчлөлд хамаарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Б ” СӨХ-нд холбогдуулан ...байрны Д тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 231,49м2 талбай бүхий үйлчилгээний талбайгаас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж байгаа гэх жижүүрийн 5,31м2 талбайг чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнө өмчлөлдөө шилжүүлэн авсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь “барилгын зураг төслөөр анхнаасаа жижүүрийн өрөө байхаар тусгагдсан, уг өрөө нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... байрны Д тоотод байршилтай 231,49м2 талбай бүхий үйлчилгээний талбайг “Ю” ХХК нь 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Б Х” ХХК болон “Д” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу өмчлөлдөө авахаар тохирсон байх ба уг гэрээний дагуу “Ю” ХХК төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад 231,49м2 талбайн өмчлөгчөөр “Ю” ХХК-ийг бүртгүүлэхээр “Б Х” ХХК болон “Ю” ХХК хэн аль нь хүсэлт гаргасны дагуу 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, тухайн үйлчилгээний талбайг өмчлөх эрхээ нэхэмжлэгч баталгаажуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагчийн хууль бусаар эзэмшиж байгаа гэх жижүүрийн өрөө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний талбайд хамаарагдаж байгаа эсэхийг тогтоохоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр “Ю” ХХК-ийн өмчлөлийн 231,49м2 талбайд жижүүр байрлаж буй өрөө багтсан болох нь тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй болно. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэвэл нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх бүхий этгээд гэж үзэхээр байна.

 

Энэхүү эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон хууль ёсны эзэмшигч байх бөгөөд эзэмших, өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх шаардлагатай. Харин шаардлагыг биелүүлэх үүрэгтэй этгээд нь эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй буюу хууль бусаар эзэмшиж байхыг шаардана.  

 

Хариуцагч нь жижүүрийн өрөөг анхнаасаа энэ зориулалтаар төлөвлөгдөж баригдсан, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж марган, уг байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилох хүсэлт гаргасан ба шүүх шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилжээ. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий жижүүрийн өрөө нь “Эдшил” ХХК-ийн боловсруулсан барилгын зураг төслөөр төлөвлөгдсөн, уг зургийн дагуу баригдсан, тухайн өрөөнд давхар бүрийн галын дохиоллын удирдлагын самбар байрлаж байх тул техникийн өрөө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Дээрх дүгнэлтийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй, эсрэг нотлох баримт гаргаагүй, үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний талбай байрлаж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Б хорооллын 22 дугаар байрыг “Эдшил” ХХК-ийн боловсруулсан барилгын зураг төслийн дагуу баригдсан гэж үзэн улсын комисс 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/15/2010 тоот актаар хүлээн авч ашиглалтад шилжүүлсэн зэрэг байдлуудыг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв бодит үнэнд нийцсэн гэж дүгнэв. Хариуцагчийн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргахдаа хавтас хэргийн 36-41 дүгээр талд авагдсан барилгын зураг төслийн дагуу баригдсан гэж тайлбарласан боловч Б хорооллын 22 дугаар байрны барилгыг “Эдшил” ХХК-ийн зураг төслөөр барьж, уг зураг төслийн дагуу баригдсан гэж үзэн улсын комисс хүлээн авсан байх тул шинжээчийн дүгнэлт шүүгчийн захирамжийн дагуу гарсан гэж үзлээ.   

 

Иймд маргаан бүхий жижүүрийн өрөөг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаар сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдов. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.” гэж зааснаар жижүүрийн өрөө байрлаж буй талбайг өмчлөх эрх хуулийн дагуу сууц өмчлөгчид үүссэн гэж ойлгоно.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэжээ. Хуулийн дээрх тодорхойлолтоос дүгнэвэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчийг сууц өмчлөгчдийн холбоо гэж үзэхээр байна. Иймд жижүүрийн өрөөг хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.  

 

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар эд хөрөнгө хамаарах болохыг хуулиар зохицуулсан тул тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо хэзээ байгуулагдсанаас үл хамааран уг эд хөрөнгийг хэн нэг этгээд ямар ч тохиолдолд өмчлөлдөө авах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Б ” СӨХ байгуулагдахаас өмнө үйлчилгээний талбайг хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авсан гэсэн тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар, ямар эд хөрөнгүүд хамаарагдах болохыг хуулиар тодорхойлсон байхад уг эд хөрөнгийг өмчлөлдөө авч болох эсэхийг мэдэх ёстой, мэдэх боломжтой ба ийнхүү хүлээн авсныг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэжээ.

Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.    

Нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээчийн ажлын хөлс хамаарах бөгөөд уг зардлыг улсын тэмдэгтийн хураамжийн адил хуваарилна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б ” СӨХ-нд холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Б хорооллын 22 дугаар байрны Д /D/ тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 231,49м2 талбай бүхий үйлчилгээний талбайгаас жижүүрийн 5,31м2 талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “Ю” ХХК-иас шинжээчийн зардал 119,500 төгрөгийг гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА