Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/00977

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: НШШГГ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Х” ХХК

Хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19,457,502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э

        нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б

        хариуцагчийн төлөөлөгч Б.О

        гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Л

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 онд гуурсан хоолойн багтраа өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группэд орсон ба ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй, гадаа ч бараг гарч чаддаггүй байнга эм тариагаар амьсгалж, хүндэрсэн үедээ эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн тусламж авч байж босдог, 2 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. БГД-ийн шийдвэр гүйцэтгэгч нь иргэн А надаас үндэслэлгүйгээр өөрөөр хэлбэл 2007-09-03 гэхэд төлөөд дууссан болох нь ЧД-ийн шүүхийн 2011-03-28-ны өдрийн 86 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож улмаар энэ нь 2011-05-11-ний 352 тоот магадлал, 2011-09-14-ний өдрийн 376 тоот Дээд шүүхийн тогтоолуудаар тогтоогдсон. 19457502 төгрөгийг төлүүлэхээр хөөцөлдөж миний халамжийн тэтгэмжийг 2015 оноос эхлэн хаах зэргээр намайг хохироож байна. Миний бие иргэн Эгийн гуйлтаар ХХБ-ны тооцооны 3-р төвтэй 364 тоот зээлийн гэрээ хийж 15,0 сая төгрөгийг 3 %-ийн хүүтэй зээлдэж Эд өгсөн. Э авсан зээлээ төлж байх явцад ХХБ уг зээлийн барьцаа нь хуурамч болохыг тогтоож 2007 онд БГД-ийн шүүхэд нэхэмжлэл гарган 2007-01-12-нд 70 тоот эвлэрсэн захирамж гаргуулсан ба уг захирамжид "хуурамч болох нь тогтоогдсон тул" гэж тусгаж улмаар А надаас 19457502 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Гэвч ХХБ өөрснөө хүсэлт гарган хуурамч болох нь тогтоогдсон зээлийн гэрээнд эвлэрсэн захирамж гаргуулсан атлаа 2008 онд Этай намайг бүлэглэн залилан мэхэлсэн гэж дахин хүсэлт гарган цагдаад өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэж 2 жил шалгасны эцэст 2010-8-8-ны өдрийн 120 тоот тогтоолоор А надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй бопгож, харин Эг ХХБ-ыг залилсан гэж үзэж ял шийтгэсэн. Энэ нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн 74,4-д "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болсон. ХХБ-ны нэхэмжлэлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, нийт 3 хүний нэр дээр буюу Аын нэр дээр 15,0 сая төгрөг, Цэндсүрэнгийн нэр дээр 15,0 сая төгрөг, Эбын нэр дээр 25,0 сая төгрөг нийт 55,0 сая төгрөгийг ХХБ-наас авсан ба үндсэн зээлэнд 55,0 сая төгрөг, хүүнд 4979175 нийт 59979175 төгрөг болгон эргүүлэн төлсөн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нотлогдсоныг ЧД-ийн анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд уг хэргийг Эбын хамт үйлдсэн гэж үзэж "шүүгдэгч Э Эб нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ" гэж 2011-03-28-ны өдрийн 86 тоот шийтгэх тогтоолдоо заасан. Мөн уг тогтоолдоо "Мөн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй" гэж тодорхой заасан байдаг. Шүүхээс Эд ЭХ-ийн 148,3-д зааснаар 6 жил, Эбт 3,6 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2011-05-17 ны өдрийн 352 тоот магадлалаар Эгийн ялыг 3,8 жил болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн ба Улсын дээд шүүх 2011-09-14 ний өдрийн 376 тоот тогтоолдоо "Э Эб нар нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш иргэний хэргийн шийдвэрийн дагуу хохирлоо төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна" гэж дүгнээд шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн бөгөөд бусдад төлөх ямар нэг төлбөргүй болохыг тодорхой тусгаж өгсөн. Э нь хорих ялаа эдэлж байгаад 2012-10-18-ны өдрийн БЗД-ийн шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Ингээд ХХБ-тай холбоотой асуудал нэгмөсөн дууссан. Гэтэл ХХБ биднийг шалгагдаж байх явцад буюу 2010-11-05-ны өдөр БГД-ийн шүүхийн шүүгч Уранчимэгээр 70 тоот эвлэрлийн захирамжид 2010-11-5-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 6666 тоот захирамж гаргуулан 2010-11-09-ний     өдөр 821 тоот гүйцэтгэх хуудас бичүүлсэн байсан. Энэ тухайгаа түхайн үед бидэнд мэдэгдээгүй бөгөөд Эг суллагдаж гарсны дараа буюу 2014-1-р сард НШШГазраас дуудсанаар бид мэдсэн. Жич: ХХБ эрүү үүсгүүлэхээр 2008-08-03-ны өдөр 1982 тоот нэхэмжлэлийг ЧД-ийн цагдаагийн хэлтэст гаргасан ба энэ хэрэг 2011-03-28-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд нийт 7 удаа анхан шатны шүүх хурал болж байсан. Энэ бүхэнд ХХБ-ны төлөөлөгч оролцож байсан бөгөөд дээрх албадан гүйцэтгэх хуудасны тухай нэг ч ярьж хэлж байгаагүй болно. ХХБ 1. Энэ тухайгаа шүүхийн аль ч шатанд мэдэгдээгүй нуусан нь өөрөө шүүхийг залилан мэхэлсэн явдал болсон. Банк ийм захирамж гарсан тухайгаа хуралд мэдэгдэж энэ асуудлыг нэг мөр шийдүүлэх үүрэгтэй байсан. 2. Банкны энэ увайгүй үйлдэл нь ЭБШХ-ийн 115,3-д "эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно" болон ИХШХШ тухай хуулийн 17-р зүйлийн 17,3-т зааснаар "эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хянан хэлэлцэхгүй" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Банк шүүхийн бүх шатанд оролцож байсан ба төлөөлөгч нь "Ад холбоотой асуудлыг Эд хамааруулан Эгаас төлбөрийг гаргуулж өгнө үү" гэсэн зүйлийг хурал болгонд ярьж гаргаж байсан нь шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа. Шүүх ч энэ дагуу шийдвэрээ гаргасан. ХХБ эхлээд иргэний журмаар эвлэрсэн захирамж гаргуулсныгаа эрүүгийн хэрэг болгож цагдаад дахин өгч П.Эг олон жил шоронд суулгаж банкинд учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн атлаа өмнөх эвлэрсэн захирамжид хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх захирамж гаргуулан гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь хэрээс хэтэрсэн увайгүй явдал болж байна. Өөрөөр хэлбэл: "Иргэний журмаар шийдвэр гаргуулсан атлаа эрүүгийн болгоод өөрчлөөд шийдээд өг гэсэн ХХБ-ны хүсэлтийг шүүх ёсоор болгосон. Энэ дагуу шүүхийн шийдвэр биелэгдээд дуустал ХХБ эргээд одоо иргэний хэрэг болгоод шийдээд өг" гэсэн тулгалтыг шүүх болон ШШГазарт тавьж байна. Энэ асуудлаар БГД шүүхэд 2015 онд хандсан боловч хүлээн авахаас татгалзсан. Дараа нь албадан гүйцэтгэх захирамжийг сүүлд мэдсэн болохоор шинээр илэрсэн нөхцөл байдал гээд хандсан ч хүлээн авахаас татгалзсан. НШГАлбанд 2017-06-09-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.3 төлбөрөө бүрэн төлсөн, мөн 29.1.9-д заасан боломжгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлүүдээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээр шийдүүлэх ёстой гэсэн хариуг өгсөн. Энэ асуудал 2012-10 сард Эг суллагдснаас хойш шийдэгдэхгүй өнөөдрийг хүртэл 6 жил гаруй үргэлжилж байгаа нь миний болон Эгийн амьдралд хүндээр тусаж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохиролыг ихээр амсаж байна. Энэ олон жил шүүх, өмгөөлөгчийн, зөвлөлгөө авсны гэх мэт наад захын зардал маш их гарч байна. Иймд БГД-ийн шүүхийн 2007-01-12-ны өдрийн 70 тоот шүүгчийн эвлэрсэн захирамж болон түүнийг албадан биелүүлэх тухай 2010-11-05-ны өдрийн 6666 тоот захирамжид заасан Ааас гаргуулах 19 457 502 төгрөгний төлбөрийг 2011-03-28-ны өдрийн ЧД-ийн шүүхийн 86 тоот шийтгэх тогтоолоор Э төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байхад 2014-01-13-нд НШГАлбанд өгч Ааар дахин төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгааг хууль бус гэж үзэж байна. Ямар ч хуулинд хүнийг нэг хэргийн улмаас иргэний хуулиар, эрүүгийн хуулиар гэх мэт хууль болгоныг хэрэглэж тус тусад нь шийтгэнэ гэсэн заалт, зүйл анги байхгүй, харин нэгтгэн шийдэх тухай заалт байдаг. Гэтэл бид хэдий хууль бус үйлдэл гаргасан ч хууль бүрээр шийтгүүлж, шоронд орж ял эдлэх зэргээр гаргасан шүүхийн шийдвэр бүрийг биелүүлсэн. Өнөөдөр бид хэнийг ч хохироогоогүй, ямар нэг хохирол, өр төлбөргүй. Үүнийг бүх шатны шүүх бүрэн тогтоосон. Харин ХХБ өөрийн хүслээр шүүхээр хууль болгоныг хэрэглэн шийдвэр гаргуулж байгаа нь хуулинд хэр нийцтэй болохыг шүүх тунгааж өгөх байх гэж найдаж байна. Иймд НШШГАлбаны БГД-ийн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот шүүгчийн захирамжийн дагуу 2011-11-09-ний өдрийн 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19457502 төгрөгийн төлбөр нь бүрэн төлөгдсөн болохыг болон улмаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоож өгөхийг хүсье.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Атай холбоотой 70 тоот эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарч байсан. Уг захирамж хүчин төгөлдөр байгаа. Тэгээд захирамжийнхаа заалтын дагуу явах ёстой байтал Х захирамжийнхаа заалтыг зөрчиж, эрүүгийн цагдаад шалгуулахаар хандсан. Иргэн болон эрүүгийн аль нэг журмаар шалгагдах ёстой байтал хоёулангаар нь явж байгаад гайхаж байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа мөн л үлдэгдэл 14 сая төгрөгийг төлүүлж өгнө үү гэж гаргасан. Эрүүгийн хуулин дээр эрүүгийн хэрэг шийдэж байх үед иргэний нэхэмжлэлийг хамтад нь хэлэлцэнэ гэж заасан байгаа. Түүний дагуу хүсэлтийг нь хэлэлцээд уг төлбөр нь Б.Ад хамаагүй, П.Эд хамаатай гэж үргэлжилж яваад эцсийн байдлаар эрүүгийн журмаараа төлөгдсөн байна гэж тогтоогдож, шийдэгдсэн. Уг шийдвэрийг Улсын дээд шүүх баталгаажуулсан. Гэтэл эрүүгийн журмаараа шийдүүлчихээд одоо дахиад иргэний журмаараа шийдвэрлүүлнэ гэж байгаа чинь хуульд нийцэх үү. Энэ асуудал шийдэгдчихсэн. Х Улсын дээд шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. 2012 оны 5 дугаар сард асуудал шийдэгдчихсэн байхад 2014 оны 1 дүгээр сар хүртэл нэг ч удаа Х Б.Аыг дуудаж, 19 сая төгрөгийг төлөх тухай шаардлагыг тавьж байгаагүй. Би 2013 оны 11 дүгээр сард суллагдсан. Тухайн үед шийдсэн хэрэг дээр Х өөрсдөө гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй. Би 5 удаа шүүх хуралд орж байсан тэр үед Х 2010 онд гүйцэтгэх хуудас бичигдсэн байгаа, энэ гүйцэтгэх хуудасны дагуу хамтатгаж шийдэж өгнө үү гэдэг талаар нэг ч удаа санал тавьж байгаагүй. Бид нар сайн ч, муу ч хүн шүү дээ. Гэтэл хүний амьдралаар насан туршид нь тоглох гэж байгаа юм шиг хандлага гаргаж байгаад гомдолтой байна. Бид нарыг нэг ч удаа дуудаж уулзаж асууж байгаагүй. Эвлэрлийнхээ захирамжийн дагуу явсан бол энэ асуудал дуусах л байсан. Энэ асуудал дууссан учир дууссан чигээр л шийдэж өгнө үү гэж хүсэж байна.  

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ааас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар Бяманготовын Ааас 19559145 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс төлбөр төлөгдөөгүй, шүүхийн гүйцэтгэх хуудас, захирамж хүчингүй болоогүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар Б.Ааас 19,457,502 төгрөг гаргуулж Ханд  олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжид 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 821 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хамт Х НШШГГт 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн хамт гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 14250172 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Аын эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүдийг холбогдох эрх бүхий байгууллагаас нь тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Мөн Б.А төлбөр төлөх тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан. Мэдэгдлийн дагуу Б.Аын Төрийн банкин дахь харилцах дансыг хаасан байдаг. Б.Аын Төрийн банкны данс нь тэтгэмжийн данс байсан учир дансыг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг нь хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмжийн дансыг чөлөөлөх үндэслэлтэй байсан учир Б.Аын дансыг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П.Э, Б.А нараас энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тухай өргөдөл, гомдол удаа дараа гаргасан. Хүсэлтүүдийг хүлээн авч тухай бүрт нь хариу өгсөн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна, танаас ирүүлж байгаа баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтаар ажиллагааг хаах үндэслэл болохгүй байна, мөн уг баримтуудтай чинь холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн зохицуулалт байхгүй учир дуусгавар болгох боломжгүй, энэ гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкнаас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд Б.Ад холбогдуулан 19,457,502 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус шүүхээс талуудын эвлэрлийг баталсан 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамж гарсан. Б.А шүүгчийн захирамж гарснаас хойшхи хугацаанд Хны зээлийн 453072555 тоот дансанд 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 158000 төгрөг, 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 100000 төгрөг, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 50000 төгрөг, 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 50000 төгрөг, 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 40000 төгрөг, 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100000 төгрөг нийтдээ шүүхийн шийдвэр гарснаас хойш 498000 төгрөгийг төлсөн. Тус баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан Хны дансны хуулга болон орлогын ордер гэсэн баримтуудаар тогтоогдоно. Банкны зүгээс нэхэмжлэгч Б.Аыг хуурч, мэхлэх замаар хуурамч нотлох баримтаар зээл авсныг мэдсэн даруйдаа Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн 20840893 дугаартай хэрэгт үүсгэн шалгаж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хавтаст хэрэгт авагдсан Б.Атай холбоотой хэргээр Хны төлөөлөгч Ц.Ганбаярын өгсөн мэдүүлэг. Тэр мэдүүлэгт Б.Аын авсан зээлээс 2005 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 256000 төгрөг, хүүд 4007925 төгрөг, нийт 4062925 төгрөгийг төлөгдсөн. Одоо зээлийн үлдэгдэл нь 19061145 төгрөгийн өртэй байгаа гэсэн байдаг. Мөн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хны гаргаж өгсөн тооцоолол дээр Б.Аын төлөөгүй үүргийн гүйцэтгэл харагдаж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдүүд болох П.Э, П.Эб нарт холбогдуулан яллагдагчаар татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн Монгол улсын Дээд шүүхийн шийтгэх тогтоолд П.Э, П.Эб нар нь бусдад төлөх өр төлбөргүй гэж дурдсан. Түүнээс Б.А нь тус зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн зүйл огт байхгүй. Хны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гаргаж өгсөн дансны хуулга дээр 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч н.Цэндсүрэн, н.Эб нарын төлбөрт гээд 20 сая төгрөг хийсэн байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э нь бид нарын зүгээс 20 сая төгрөгийг Ханд өгсөн, үүгээр Б.Аын зээл хаагдсан гэж хэлдэг боловч уг 20 сая төгрөг нь н.Эб, н.Цэндсүрэн нарын төлөх ёстой зээлийн төлбөрт төлөгдсөн. Б.Ад холбогдох Баянгол дүүргийн шүүхийн  2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Зээлдэгч Б.Аыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан боловч түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19,457,502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагын үндэслэлээ “Хинд Б.Аын төлөх 19,457,502 төгрөгийн төлбөрийг П.Э төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг төлбөрийг төлсөн байхад дахин төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус” гэж тайлбарлаж байх ба хариуцагч тал “Б.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөөгүй, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас хүчингүй болоогүй” гэж маргаж байна.

Б.А нь 2005 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хнаас 15 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар барьцааны гэрээ байгуулжээ. Зээлдэгч Б.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч Х шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б.А нь 19,457,502 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа Х татгалзаж зохигчид эвлэрсэн болох нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар тогтоогдож байна. Дээрх захирамжийг Б.А биелүүлээгүйгээс Х шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаар захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн 821 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгож, Хны 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг ажиллагааны дагуу төлбөр төлөх мэдэгдэл өгч, төлбөр төлөх асуудлаар Б.Аын төлөөлөгч болон П.Э нартай уулзаж тэмдэглэл хөтөлсөн байх ба 19,457,205 төгрөгийг төлсөн үндэслэлээр төлбөр төлөгч Б.А болон түүний төлөөлөгч нарын гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй болсонд тооцуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн байна. Эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.1.9 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.А төлбөр төлөөгүй ба уг ажиллагааг явуулахдаа НШШГГ хууль зөрчөөгүй байна.

Харин Б.Аын дансны зарлагын гүйлгээг төлбөрийн хэмжээгээр зогсоож, данснаас хасалт хийх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/23599 тоот мэдэгдлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу Б.Аын авдаг тэтгэмжийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон нь хууль зөрчсөн хэдий ч уг ажиллагааг хүчингүй болгосон байх ба тухайн ажиллагаагаар тэтгэмжээс хасалт хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигчид маргаагүй болно.

Хнаас 2005 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Б.Атай байгуулсан зээлийн гэрээгээр 15 сая төгрөг, Ц.Цэндсүрэнтэй байгуулсан 2005 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 15 сая төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн П.Эбтай байгуулсан зээлийн гэрээгээр 25 сая төгрөг нийт 55 сая төгрөгийг П.Э, П.Эб нар бүлэглэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн банкинд барьцаалж, Б.А, Ц.Цэндсүрэн, П.Эб нарын нэрээр зээл авч байгаа мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж ашигласан болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор тогтоогдов. Тухайн гэмт хэргийн улмаас П.Э, П.Эб нарын Хинд учирсан шууд хохирлыг авсан зээлийн хэмжээгээр буюу 55 сая төгрөгөөр /хүү, нэмэгдүүлсэн хүү ороогүй/ тогтоож, Б.А, Ц.Цэндсүрэн, П.Эб нарын нэрээр авсан зээлийн төлбөрт 59,979,175 төгрөгийг төлж гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг барагдуулсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Б.А, Ц.Цэндсүрэн, П.Эб нарын нэрээр бодитоор авсан 55 сая төгрөгийг төлөгдсөн гэж үзсэн байх бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжийн дагуу Б.Аын төлөх 19,457,502 төгрөг /үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон/-ийг төлөгдсөн гэж дүгнээгүй, уг төлбөрийн асуудлаар Б.А, Хны маргааныг иргэний журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна гэж дүгнэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь тухайн эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, иргэний хариуцагчид хамааралтай ойлголт юм. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоос дүгнэвэл хохирогч Х нь Б.Аын Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 дугаар захирамжийн дагуу төлөх төлбөрийг П.Эгаас гаргуулахаар шаардсан боловч шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан шууд хохирлыг зээлийн үнийн дүнгээр тодорхойлж, тухайн эрүүгийн хэргийн хохирогч, шүүгдэгчийн хоорондох хохирлыг шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэнэ гэсний дагуу Б.Аын Хинд төлөх төлбөрийн асуудлыг П.Э төлснөөр шийдвэрлэж дуусгавар болгосон” гэсэн тайлбар үндэслэлгүй болно. Энэ тохиолдолд Б.А, Хны хооронд үүссэн үүргийн харилцаа Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болсон эсэхийг тогтоох ба уг үүргийн харилцаатай холбоотой маргааныг зээлийн гэрээний оролцогч биш этгээд болох НШШГГт холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй.   

Харин иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1-29.1.9 дэх хэсэгт заасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрхгүйгээс гадна Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолыг үндэслэн П.Эгийн төлсөн төлбөрийг төлбөр төлөгч Б.Аыг гүйцэтгэх баримт бичигт заасан 19,457,502 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Б.Аын гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлөх төлбөрийг П.Э, П.Эб нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг баримтлан төлөгдсөнд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ажиллагаа явуулаагүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруу биш байна.   

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19,457,502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА